Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 329

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/00329

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02329 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 3 463 965 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Халиунаа

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Даваажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А- нь “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-т эдийн засагч албан тушаалд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн ажилласан.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон.

Улмаар ЭХҮҮТП ОНӨААТҮГ-ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын маркетингийн менежер албан тушаалд ажилд эгүүлэн орсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх цалин хөлс, олговорыг гаргуулах хүсэлт гаргасан боловч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-ын захирал олгох боломжгүй, гэдгийг илэрхийлсэн.

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд цалин хөлс олговорт ажлын 81 хоногийн цалин болох 3 463 965 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А-ийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 103 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрт тусгагдсан үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн засагчийн ажлын байр нь байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт орж цомхтгогдсон тул С.А-т маркетингийн мэргэжилтэн эсхүл барилгын инженер албан тушаалд ажиллах саналыг хүргүүлэн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний төсөлтэй танилцан өөрийн саналаа өгөхийг хүссэн.

Шүүхийн тогтоол гарснаас хойш С.А-ийг маркетингийн мэргэжилтнээр ажилд орох саналыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш удаа дараа тавьж, байгууллагадаа эргэн орж ажиллах хүсэлтэй байгаа эсэх талаар байнга асуусан боловч тэрээр өөрөө ирж уулзахгүй төлөөлөгчөөр дамжуулан албан бичгээр та нартай харилцана хэмээн байгууллагын тавьсан саналыг үл ойшоон байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж, төрийн албан хаагчид баймааргүй ёс зүй гаргаж дураар авирлан тодорхой хариу өгөлгүй, элдэв шаардлага тавьж, шалтаг тоочин алга болж санаатайгаар хугацаа хойшлуулсаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд орохыг зөвшөөрч ажилд томилогдсон тул ажиллаагүй хугацааны цалин хөлсийг байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй болно.

Мөн С.А- нь ажилгүй байх хугацаандаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмжийг авч байсан байна. Иймд С.А-ийн нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул С.А-ийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг түүний үндсэн цалин 750 000 төгрөгөөр тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 3 463 965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-ийн үндсэн цалин 750 000 төгрөгөөс тооцон, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-т үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 70 400 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ нь анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 тоот шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өмнөх ажил, албан тушаал нь орон тоо хасагдсан тул адил чанарын өөр албан тушаал санал болгож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэглэхдээ иргэний хуульд заасан хугацаа тоолох журам, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал байгаа эсэхийг нягтлан хууль хэрэглэх атал дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан, албадан гүйцэтгэсэн үйл баримтыг авч үзэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.3, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

“ЭХҮҮТП” ОНӨААТҮГ нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэснээр энэ хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч С.А-ийн эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл, С.А-ийн ажилгүй байсан хугацааны олговорыг шүүх хуралдаан хүртэл шүүхийн шийдвэрт тусгагдсан, талууд аль аль нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Иймд эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч С.А- нь удаа дараа “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-т ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах талаар хандаж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хариу тайлбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хариу тайлбар, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хариу тайлбар, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2 хуудас хүсэлт, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэх хуудас, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажилгааг үүсгэх тухай тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг анхан шатны шүүх үнэлээгүй болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 3 463 965 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.А-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1 625 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч байгууллага 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилолгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Уг үүргийг биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эрхийн зөрчил үргэлжилсээр байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын даргын 2017 оны 08 оны 16-ны өдрийн Б/22 тоот тушаалаар С.А-ийг ажилд эгүүлэн тогтоосон байдал, талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагч байгууллагын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 103, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 148, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 153, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 158, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 174, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 190 тоот албан бичгүүд, тэдгээрт нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, хүсэлт, талуудын хооронд уулзалт хийсэн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 125/22 тоот тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд болон талуудын тайлбараар /хх 8-17, 29-47, 55, 87-91, 108, 110, 120, 121, 126, 129-132, 150, 206-222/ тогтоогдож байна. Иймд ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

            Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаагаар тоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй үзнэ.

 

            Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00823 дугаар шийдвэр гарсан ч хариуцагч байгууллага ажилд нь бодитой томилоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр халсан зөрчил үргэлжилсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.А-ийг ажилд нь эгүүлэн томилсон буюу эрхийн зөрчил арилсан үеэс шаардлага гаргах хугацааг тоолж эхэлнэ. Иймд нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож, хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-аас 3 463 965 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-аас 3 463 965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай” гэж,

3 дахь заалтын  “...олгосугай” гэснийг “...олгож, хариуцагч “ЭХҮҮТП” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 373 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 70 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА