Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2019/00028/И |
Дугаар | 96 |
Огноо | 2019-02-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч В.У, гэрч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Т нь 2017 оны 12 сараас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын манаачийн орон тоонд хөдөлмөрийн гэрээгээр томилогдон ажилласан. Тухайн албан тушаалд томилогдон ажилласнаас хойш ажлын байрандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажилласаар ирсэн болно. 2018 оны 11 сарын 25-ны өдөр буюу Ням гарагт гэртээ амарч байхад нярав дуудсан. Тэр өдөр 14 цагт дуудахад нь очиж хүлээж байгаад 17 цаг 30 минутад гараад явсан. Найз таарч төрсөн өдөр гэхээр нь 100 грамм татсан байсан. Тэгээд гэрлүүгээ харих гээд явж байтал нярав дуудаж сандал зөө гэхээр нь өдөржин хүлээлээ цагтаа ирэхэд яадаг юм гэж би ууралсан. Мөн одоо чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд 18 цаг болж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагт Тамгын дарга өрөөндөө дуудаад чамд сахилгын арга хэмжээ авна гээд мэдэгдэл өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Засаг дарга дуудаж уучлалт гуйсан өргөдөл бичиж өг. Би Тамгын дарга дээр авч орно гэсэн. Өргөдөл бичиж өгсөний маргааш 2018 оны 12 сарын 04-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. Халагдсан тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Би тухайн үед ажлын байранд архи уугаагүй. Үүнээс болж ажлаас халах үндэслэл болсон. Иймд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Н би тус сумын Б багийн иргэн Б.Т-н 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн хүрээнд дараах тайлбарыг хүргүүлж байна.
2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллага “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулахаар төлөвлөсөн тул тус зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангаж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан хаагч нар ажилласан.
Энэ өдөр ажиллах талаар 11 дүгээр сарын 21-нд хуралдсан хамт олны хурал дээр албан хаагч нарт танилцуулсан. Мөн манаач нарт зөвлөгөөнд хэрэглэгдэх сандалыг Иргэний танхимаас Соёлын төв рүү зөөлгүүлэхээр 11 сарын 25-ны өдрийн 14:00 цагт ир гэж нярваар хэлүүлсэн.
Манаач нар цагтаа ирсэн тул тэд нараар дэлгүүрээс зөвлөгөөнд хэрэглэгдэх эд зүйлсийг зөөлгөж өрөөндөө авчруулсан.
Манай бусад ажилчид зөвлөгөөний бэлтгэл ажлаа хийж дуусаад Соёлын төв рүү ороход манаач нар сандалаа зөөгөөгүй байсан тул нярваар дуудуулсан. Гэтэл манаач Б.Т нь согтуу орж ирээд нярав болон намайг хэл үгээр дайрч зодох гэж хөөсөн.
Би Б.Т-н дээрхи үйлдлийг нь үндэслэж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж ажпаас халсан.
Хэдийгээр 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нь амралтын өдөр байсан хэдий ч манаач Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-т “Ажилтан шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллана”, 7.1.4-т ажил олгогч нь “Ажил олгогчийн санаачлагаар зохион байгуулж буй тухайн ажилтанд шууд хамааралтай болон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд татан оролцуулах” эрхтэй” гэж тус тус заасан, түүнчлэн энэ талаар хамт олны хурал дээр удаа дараа танилцуулсан тул Б.Т-г ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглээд зогсохгүй бусдыг хэл үгээр дайрч доромжилсон, хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 6.2.7-д заасан үүргүүдээ биелүүлээгүй гэж үзсэн.
Иймээс Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7. -д “...төрийн байгууллагын байр, ажпын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох", байгууллагын дотоод журмын 10.1.7-д “Ажпын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох”, 12.1.1- т “Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцох”, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2.3-т ажил /үргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах оодис хэрэглэхийг хатуу хориглох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн ажпаас халсан.
Иймээс Б.Т-н нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 02 сарын 02-нд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар галч манаачаар ажилд орсон. 14 цагт ажил дээд ирэхэд манаач С, Д хоёр түлээ хагалж байсан. Б байхгүй байсан. Тэр орой манай эхнэр гэрийн өрхний оосор тасарчихлаа гэж манай ажил дээр ирсэн. Би энхэртэйгээ харих гээд явж байтал таньдаг хүн тааралдаад архинаас нь 2 удаа уусан. Тэгээд харих явж байтал Б над руу утасаар залгаад одоо та хоёр хүрээд ир сандалаа зөөнө гэхээр нь өдөр 14 цаг гэчихээд одоо орой болсон хойно дуудаад байхдаа яадаг юм гэсэн гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сарын 26-ны өдөр амралтын өдөр байсан. Засаг даргын захирамжаар малчдын зөвөлгөөн зохион байгуулах засаг даргын захирамж гарч хүн тус бүрт үүрэгт ажлыг даалгасан. Тухайн үед гэрэлтүүлгийн шон унасан гэсэн дуудлага ирсэн. Сандал зөөх үүрэг даалгаварыг манаач нарт үүрэг болгосон. Гэтэл энэ үүрэг даалгавраа биелүүлээгүй. Би соёлын төвд урлагын номер бэлдэж байсан. Гэтэл Б гаднаас айсан байдалтай орж ирээд миний хажууд суусан. Удалгүй Т араас нь ууртай орж ирээд Б-г зохих гэж дайрсан. Бид боль юу болж байгаа юм бэ? гэхэд Төмөрхуяг би та нарт загнуулах болоогүй шүү гэж хэлсэн. Тэр үед Т ирээгүй. Амралтын хугацаа байсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хэлж байна. 2018 оны 11 сарын 25-ны өдөр тамгын газрын ажилчид бүгд ажилтай байсан. 11 сарын 28-ны өдөр Т-г дуудсан ирээгүй. Т 11 сарын 29-нд ирсэн. Тэр үед ирэхээр нь 25-нд юу болсон тухайгаа өөрөө бичиж өг гэсэн. Энэ нь Т өөрөө архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа зүйл юм гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/44 дугаартай тушаалыг үндэслэлгүй хэмээн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргасан болно.
Нэхэмжлэгч Б.Т Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт манаачаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 12 сарын 04-ний өдрийн б/44 дугаартай “Б.Т-г ажлаас халах тухай” тушаал, нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Сахилгын шийтгэл оногдуулж байгаа ажил олгогчийн тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа учир ажилтанг ажлаас халсан тушаал нь эрхзүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг заавал баримтлах ёстой.
Иймд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 12 сарын 04-ний өдрийн б/44 тушаалаар нэхэмжлэгч Б.Төмөрхуягийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Т-г Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Т-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-г Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН