Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2018/01184/И |
Дугаар | 135/ШШ2019/00137 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2019/00137
2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 135/ШШ2019/00137 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/01184/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг,*******-д холбогдох
Дулааны төлбөр 4 064 485 төгрөг гаргуулах,
Хариуцагчийн дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9 507 550 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэрэглэгч ******* дэлгүүрийн захирал ******* нь 2013 оноос Дархан-Уул аймаг, Дархан сум, *******давхар байрны нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба энэхүү хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөө огт төлөхгүй байгаа тул түүнээс 2013-2018 онуудын дулааны үндсэн төлбөр 4 064 485 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Дархан сумын 16 дугаар багт байрладаг 16 дугаар байрны дулааны шугам гэмтснээс оршин суугчид дулаан авч чадахгүй, тус байрны дулааны шугам, хоолой хөлдөх ноцтой, хүнд байдалд орсон. 16 дугаар байрны 0 давхарт бохирын лагаар дүүрч дулааны шугамын засвар, үйлчилгээг ******* хийх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захирагчийн алба болон ******* ТӨХК-аас 0 давхрын дулааны шугамыг ашиглахгүйгээр нэг давхарт байрладаг аж ахуй нэгжүүдийн талбайд суурилуулах санал тавьсан. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн алба, ******* ТӨХК болон 16 дугаар байрны нэг давхрын аж ахуйн нэгжүүдтэй олон удаагийн уулзалт хэлэлцээр зохион байгуулсан бөгөөд тус аж, ахуй нэгжүүдийг төлөөлж иргэн *******хэлэлцээр хийсэн. Тус уулзалт хэлэлцээрийн үр дүнд дараах шийдэлд хүрсэн. Аж ахуй нэгжүүдийн талбайд дулааны гол шугам байрлуулна. Дулааны шугамд гэмтэл гарсан үед ******* засварын ажлыг хариуцана. Тус барилгын 1 давхрын аж ахуйн нэгжүүдийг дулааны төлбөрөөс чөлөөлнө. Дулааны шугам тавьснаас хойш том магистрал шугамын гэмтэл, эрсдлийг хариуцаагүй. Өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжүүд гэмтэл засварыг хийж байна. Дулааны төлбөрөөс чөлөөлсөн байхад төлбөр нэхэмжилсэн. Иймд ******* дээрх хэлэлцээрийн дагуу үүргээ гүйцэтгээгүй бөгөөд дулааны төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм гэв.
Хариуцагч ******* ХХК- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг тус тус үндэслэн Монгол улсын иргэний эрхээ хамгаалуулах зорилгоор дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах
Дулааны өндөр даралтын төв шугамтай холбогдох засварын ажлыг өөрсдийн зардлаар тухай бүр засвар хийж байсан. Одоогийн байдлаар нийт 4 618 750 төгрөгийн засварын ажлыг хийсэн тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг үндэслэн засварын төлбөр болох 4 618 750 төгрөгийг төлөх. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан тул сүүлийн 5 жилд дэлгүүрийн ашигтай талбайны 9.7 м кв талбайг ******* ТӨХК-ийн талбайг дулааны өндөр даралтын төв шугам ашиглаж байсан тул нийт 4 888 800 төгрөг, /9.7 мкв2*8000 төгрөг /сарын түрээс 1 мкв2/*63 сар /ашигтайн талбайн нийт сар/. Иймд нөхөх олговрын нийт 9 507 550 төгрөгийг нэхэмжилж байна. Дархан-Уул аймаг дахь 12 дугаар багт байрладаг 16 дугаар байрны дулааны шугам гэмтэж засвар хийх шаардлагатай болсон. Тус байрны дулааны шугам, цахилгаан шугам байрладаг 0 давхарт ус алдалт болон эдэлгээний гэмтлээс болж цахилгааны монтажууд масстай болсон тул дулааны шугамыг засах боломжгүй болсон тул нэг давхарт байрладаг аж ахуй нэгжүүдийн талбайд дулааны гол шугам байршуулах саналыг Дархан-Уул аймгийн Захиргаа болон ******* ТӨХК-аас тавьсан.
Дулааны шугам гэмтэл гарсан үед ******* ТӨХК засварын ажлыг хариуцна. Тус барилгын 1 давхрын аж, ахуй нэгжүүдийг дулааны төлбөрөөс чөлөөлнө.
Дулааны шугам тавьснаас хойш ******* нь үүргээ биелүүлээгүй учраас дараах хохирол учраад байна. Дулааны өндөр даралтын төв шугамыг 1 давхрын аж ахуй нэгжүүдийн талбайд байршуулсан нь *******-д ашигтай нөхцөл бүрдүүлж, аж ахуй нэгжүүдийн хувьд байнгын хараа, хяналттай болгосон. Засварын ажлыг ******* хариуцахаар шийдсэн ч хариуцаагүй. Тиймээс тодорхой хэмжээний элэгдэл учирсан тохиолдолд өөрсдийн зардлаар засвар үйлчилгээг хийж байгаа. Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй нийт 4 618 750 төгрөгийн засварын ажил хийгдсэн. Манай дэлгүүрийн ашигтай талбай 90 м2 , үүний 9.7 м2 талбайг дулааны шугам эзэмших болсон. Хэрэв энэхүү талбайг зах зээлийн ханшийн доод жишгээр тооцвол 1 м2 ыг 8000 төгрөгөөр гэж үнэлвэл сард 77 600 төгрөг, жилд 931 200 төгрөг болно. Дулааны өндөр даралтын төв шугамыг тавихад дэлгүүрийн үйл ажиллагааг 3 хоног зогсоож, шугам тавьсан. Энэ нь дэлгүүрийн өдөр тутмын орлогот нөлөөлөөд зогсохгүй тэнд ажиллаж буй хүмүүсийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлсөн. Дулааны өндөр даралтын төв шугам байршуулснаар хавар, намрын улиралд хэт халуун агаараас болж хүнсний бүтээгдэхүүнд
сөрөг нөлөө үзүүлдэг. Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй нийт 4 618 750 төгрөгийн засварын ажил хийгдсэн. Уг шугамыг буцаан байршуулах зорилгоор зоорийн давхрыг цэвэрлэх, засварлах, засварын ажилд тусалж, хүнсний бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлсэн. 2ф80-ын трубаг /15-20 м урттай/ зааланд оруулах гэж 3 м 10 см ханыг цөмлөсөн боловч зааланд оруулаагүй тул хана хэрэггүй цөмлөсөн. Цөмлөсөн ханыг засаж өгөөгүй. Тэр оруулж ирэх гэж байсан 2ф 80-ын трубаг нь одоо хүртэл 16 дугаар байрны 1 дүгээр давхарт нийтийн эзэмшлийн талбайд /коридор/ ямар ч хамгаалалтгүй байгаа бөгөөд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаагүй. Труба цоорох тохиолдол гарвал оршин суугчид 1 давхарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ихээхэн аюул, хохирол учирна. *******-д хандаж тус дулааны шугамыг буцаан 16 дугаар давхрын 0 давхарт байршуулах тухай өргөдөл тухай бүрт өгч байсан боловч огт хариу өгөөгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй засварын 4 618 750 төгрөг нэхэмжилсэн байна. Уг засварыг мэргэжлийн ямар аж ахуй нэгж байгууллагаар засвар хийлгэсэн болох. Ямар шугам хоолойг хаанаас ямар үнэ өртгөөр авсан талаар ямар ч баримт нотолгоо байхгүй. .... талбайгаас 9.7 м квадрат талбайг эзэлсэн шугам хоолой байгаа тул 9 507 550 төгрөг мөн нэхэмжилсэн. Хэргийн материалд нотолгоо байхгүй байгаагаас гадна шугам хоолой байснаар ямар хохирол учирсан болох, хэрвээ байхгүй байсан бол ямар хэмжээний ашиг орлого нэмэгдэх олох байсныг нотлох. Ямар хуулийн зүйл заалтыг баримтлаад байгааг тодорхой бичээгүй байна. Дулааны шугам хоолойг гаргасан нь 16 давхрын 180 өрх айлын 700 гаруй иргэдийн эрх ашгийн үүднээс Аймгийн Засаг даргын захирагчийн албатай хамтран удаа дараа ярьж, эцэстээ энэ шийдвэрт арга буюу хүрсэн байдаг. Түүнээс *******-д ямар ч алдаа байхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
16 давхар орон сууц байр нь эд өвлийн үед халаалт нь зогсож тэр чигээрээ хөлдөх аюултай болоод оршин суугчид Дархан Уул аймгийн Засаг даргын тамгын газарт засаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу Дархан Уул аймгийн Захирагчийн албанаас манай байгууллагад хандаж үүрэг даалгавар өгсөн байдаг.Үүний дагуу манай байгууллага доор подьвалд байсан дулааны шугам сүлжээг 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг 3 албан байгууллагатай ярилцаад, *******й эзэмшлийн талбайгаар дулааны шугам хоолой явуулахгүй бол доор засвар үйлчилгээ хийх боломжгүй болчлоо гэж хэлж тохиролцоод 3 аж ахуй нэгжийн ханыг цоолоод шугам сүлжээ явуулсан байдаг. Энэ асуудал дээрээ хоорондоо ярилцаад дулааны төлбөр авахгүй байх талаар ярилцсан байдаг .Тэрнээс гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй байдаг. 2011 оны 7 дугаар сарын хурлын тэмдэглэл дээр энэ жилдээ дулааны төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Хуралд оролцсон хүн нь гэрчээр ирсэн байгаа.Гэтэл тухайн байгууллага нь дулааны төлбөрөө өгөхгүй асуудал үүсгэж 2013-2018 он хүртэлх дулааны төлбөрөө өгөөгүй учир манай байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байгаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Бүхэл бүтэн 170 айл буюу 16 давхрыг халааж байгаа дулааны шугам нь манай нэг давхраар гараад ирсэн болохоор манайх халуун байдаг. Анх болохоор Б.Жаргалсайхан гэдэг хүнтэй гэрээ хэлцэл хийсэн байдаг.Гэтэл ******* гэдэг хүний дараа өөр удирдлага гарч ирээд манай байгууллагаас дулааны төлбөр авна гээд дулааны төлбөр бичээд эхэлсэн байдаг.Дулааны төлбөр өгөхгүй байх шалтгаан нь болохоороо нэгэнт гэрээ хийсэн, дулааны шугам нь байж байгаа тохиолдолд дулааны төлбөр авахгүй гэж Дулааны шугам сүлжээ, Захирагчийн алба, ажлын албаны хүмүүс байхад тохиролцсон байдаг. Одоо манай байгууллага төлбөр огт төлөхгүй биш төлнө.Харин манай эзэмшлийн газраар явуулсан шугам сүлжээгээ доошоогоо оруулчихвал төлбөр төлөхөд асуудалгүй гэж үзэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч ******* хүнсний дэлгүүрт холбогдуулан 2014-2018 оны дулааны төлбөр 4 064 485 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж хариуцагчаар ******* ХХК-аас гаргуулахаар, хариуцагч нь дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9 507 550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч ******* ХХК нь 0 давхрын дулааны шугамыг ашиглахгүйгээр нэг давхарт байрладаг аж ахуй нэгжүүдийн талбайд суурилуулах саналыг нэг давхарт байрлах аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрч дулааны төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон тул дулааны төлбөрийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байгаа болно.
Хариуцагч ******* ХХК нь ******* өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байрны 1 давхарт байрлах 60,0 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцанд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь ******* ТӨХК, Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, 16 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн байгууллагууд харилцан тохиролцож 16 дугаар байрны 0 давхарт байрлаж байсан дулааны шугмыг 1 давхарт гарган байршуулах, дулааны шугамд гэмтэл гарсан үед ******* ТӨХК хариуцахаар, аж ахуйн нэгжүүд дулааны төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тохирсон гэж нотлох баримтаар 2011 оны 7 дугаар сарын 19-ны өдөр иргэн*******эзэмшлийн 16-н давхарын 1 давхарт байрлах бөс барааны дэлгүүрээр дулааны төв шугам дамжин өнгөрүүлэх тухай тэмдэглэл,*******дээрх асуудлаар төлөөлж хэлэлцээр хийсэн нь үнэн гэсэн тодорхойлолтыг ирүүлжээ. / хх-ийн 19-20 дахь тал/,
Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зориулалттай, эсхүл зориулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь дулаан түгээх зориулалттай үндсэн чиг үүрэгтэй, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд мөн байх бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч ******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь дулааны төлбөрийн талаар харилцан тохиролцсон гэж маргаж байгаа боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч ******* ... Би тухай үед бөс барааны *******гэдэг хүнтэй харицаж тэр тухайн жилдээ буюу 2009 онд төлбөрөөс чөлөөлье, бусад гэмтэл дулааны шугам дээр гарсан асуудлыг засварлана гэж тохиролцоод гарын үсэг зурсан гэсэн мэдүүлэг, гэрч ******* ... 2009 онд 16 давхарт гэмтэл гараад Дулааны шугам зохицуулах боломжгүй зоорийн давхар нь бохир лагаар дүүрсэн байсан гэсэн.Тийм болохоор доогуур явуулах боломжгүй болоод 1 давхраар явуулах шийдэлд хүрсэн байдаг. Энийг *******, 1 давхрын үйлчилгээний газрууд мөн Захирагчийн албатай хамтран тохироод төсөв мөнгийг Орон нутгийн төсвөөс гаргаад хийсэн байдаг юм байна лээ гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан иргэн*******эзэмшлийн 16-н давхарын 1 давхарт байрлах бөс барааны дэлгүүрээр дулааны төв шугам
дамжин өнгөрүүлэх тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дулааны шугмыг подвалаас шилжүүлэх ажлын зардлыг аймгийн Захирагчийн алба гаргаж, гүйцэтгэх ажлыг ******* ХХК хариуцаж, аж ахуйн нэгжүүдийн 2009 оны дулааны төлбөрийг чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн дулааны төлбөрөөс чөлөөлсөн тул шаардах эрхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 4 064 485 төгрөгийн төлбөр шаардсан байх бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх мөн хөөн хэлэлцэх хугацаатай байна гэснээр нэхэмжлэгч нь дулааны төлбөр шаардаж байсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно, 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 22 хүртэл дулааны төлбөр шаардах эрхгүй байна.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч *******ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх дулааны төлбөр 2 969 897,63 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож, 1 094 587,37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч ******* ХХК нь дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9 507 550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дулааны төв шугамыг 1 давхарт шалан дээр байрлуулснаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашиг хөндөгдөж байна, мөн хэт халууны улмаас хүнсний бараа муудах эрсдэл бий болсон, өөрсдийн зардлаар 4 618 750 төгрөгийн засвар хийсны зардал гаргуулах, Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан тул сүүлийн 5 жилд дэлгүүрийн ашигтай талбайны 9.7 м кв талбайг ******* ТӨХК-ийн талбайг дулааны өндөр даралтын төв шугам ашиглаж байсан тул нөхөн олговор 4 888 800 төгрөг нийт 9 507 550 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон болно.
Хариуцагч ******* ХХК нь засварын зардалтай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар зарлагын баримтууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, гэрэл зургуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 44-74 дэх тал/,
Хариуцагч ******* ХХК нь дулааны шугамыг 0 давхараас 1 давхарт гаргаж байршуулахдаа нэг давхарын аж ахуйн нэгжүүдтэй харилцан тохиролцсон гэж тайлбарлаж нотлох баримт ирүүлсэн боловч буцааж 0 давхарт байршуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дан ганц аж ахуйн нэгжийн хүсэлтээр буцаах боломжгүй нөхцөл байх бөгөөд бусад этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үндэслэлдээ дурьдсан боловч тэднийг төлөөлөх эрх олгогдсон талаар нотлох баримт ирүүлээгүй, Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан тул сүүлийн 5 жилд дэлгүүрийн ашигтай талбайны 9.7 м кв талбайг ******* ТӨХК-ийн талбайг дулааны өндөр даралтын төв шугам ашиглаж байсан тул нийт 4 888 800 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагчийн өөрийнх нь нотлох баримтаар гаргаж өгсөн баримтаар талууд тохиролцсон болох нь тогтоогдож дайчлан авсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн
15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0,00 тэмдэгээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу сууц өмчлөгчдийн холбоонд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 5.8-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам шүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан тул дулааны өндөр даралтын төв шугамтай холбогдох засварын зардлыг нэхэмжлэгч ******* ТӨХК хариуцах үндэслэлгүй байна.
Иймд ******* ХХК -ны дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9 507 550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 2 969 897,63 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, 1 094 587,37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9 507 550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 79981 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 237371 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62468 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА