Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00965

 

 

............................-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/02892 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2270 дугаар магадлалтай,

............................-ын нэхэмжлэлтэй,

.............................-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.14-ний өдрийн 102/ШШ2019/00489 дүгээр захирамжаар ................-аас 35,790,483 төгрөг гаргуулж “..............................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22............... дугаарт бүртгэлтэй, ............. дүүргийн 12 хороо, 17 байр, ................ тоот, 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж 70,372,400 төгрөгөөр үнэлж энэ тухай 2020.04.20-ны өдрийн 4/14630 тоот мэдэгдлээр мэдэгдсэнийг 2020.04.23-ны өдөр хүлээн авсан. Миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22............... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  102/ШШ2019/00489 дүгээр шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ............................-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22............ дугаарт бүртгэлтэй, ................ дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байр, .............. тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019.10.22-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2020.03.26-ны өдрийн тогтоолоор хурааж төлбөр төлөгчөөс үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнийг 150,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч талд танилцуулахад харилцан тохиролцох боломжгүй, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг үндэслэн 2020.04.02-ны өдөр “.....................” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч 70,372,400 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээг төлбөр төлөгчийн 89818799 дугаарын утсанд 2020.04.20-ны өдөр мэдэгдэж үнэлгээг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/02892 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22............. дугаарт бүртгэлтэй, ................ дүүргийн 12 хороо, 17 байр, ............. тоот, 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,372,400 төгрөгөөр үнэлсэн “.....................” ХХК-ийн 2020.04.17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ............ овогтой ................ ....................-ын /РД:............../ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2270 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ............................-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 102/ШШ2020/02892 дугаар шийдвэрээр ............................-ын гаргасан ............ дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны ..............тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 70,372,400 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22............... дугаарт бүртгэлтэй ............... дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны ............ тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 70,372,400 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэнд гомдолтой. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна  гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч “...миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22........... дугаарт бүртгэлтэй .............. дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны ......... тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 70,372,400 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэнд гомдолтой...” гэснээс өөрөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн энэ үндэслэлээ нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан ч, хяналтын шатны шүүхээс хянах гомдлын үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ямар хуулийг яаж буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой ямар хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам хэрхэн зөрчигдсөн талаар тайлбарлаагүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед хэн аль нь “төлбөрөө төлсөн” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/02892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2270 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                 Б.УНДРАХ