Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02892

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10             05                                                   102/ШШ2020/02892    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Рнэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Нт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                                                                                                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.14-ний өдрийн 102\ШШ2019\00489 дүгээр захирамжаар надаас 35.790.483 төгрөг гаргуулж “Жи би си си ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 хороо, 17 байр, 50 тоот, 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж 70.372.400 төгрөгөөр үнэлж энэ тухай 2020.04.20-ны өдрийн 4\14630 дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг 2020.04.23-ны өдөр хүлээн авсан. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 70.372.400 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 35-ны өдрийн 102/ШШ2019/00489 дүгээр шийдвэрээр Р.Баас 35.385.406 төгрөгийг гаргуулж “Жи би си си ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Р.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 хороо, 17 байр, 50 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.10.22-ны өдрийн 19250771-1 тоот тогтоолоор битүүмжилж 2020.03.26-ны өдрийн 19250771/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 2020.03.30-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж уг үл хөдлөх хөрөнгийн үнийг 150.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч талд танилцуулахад харилцан тохиролцох боломжгүй талаар мэдэгдэж, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2020.03.30-ны өдөр тус газарт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2020.04.02-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян Модот” ХХК-иар тогтоолгоход 70.372.400 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн 89818799 дугаарын утсанд 2020.04.20-ны өдрийн 18.14 цагт мэдэгдэж үнэлгээг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.Б нь Нт холбогдуулан “Баян модот” ХХК-ийн 2020.04.17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн 2019.02.14-ний өдрийн 102\ШШ2019\00489 дугаар шийдвэрээр Р.Баас 35,790,483 төгрөг гаргуулж “Жи би си си ББСБ” ХХК-д олгож, дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 хороо, 17 байр, 50 тоот, 30 м.кв талбайтай, Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг 2019.10.22-ны өдрийн 19250771-1 тоот тогтоолоор битүүмжилж 2020.03.26-ны өдрийн 19250771/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020.04.02-ны өдрийн 4/176 тоот тогтоолоор шинжээч томилж, “Баян Модот” ХХК нь уг орон сууцыг 70.372.400 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг нэхэмжлэгчид 2020.04.23-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Төлбөр төлөгч нь үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа шинжээч зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлаж, шүүхэд хүсэлт гаргаснаар томилогдсон шинжээч нь уг орон сууцыг 69,872,500 төгрөгөөр үнэлжээ.

     

Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн нь гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 хороо, 17 байр, 50 тоот, 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,372,400 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2020.04.17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Р.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ