Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2019/00047/и |
Дугаар | 77 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 77
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт В-ын Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК-д холбогдох,
Увс аймгийн “А” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, хариуцагч Увс аймгийн “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, гэрч З, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймгийн “А” ХХК-д эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажилладаг. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл Увс “А” ХХК-ийн захирал нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Би 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Тэс, Хяргас, Малчин сумдын 0.4 кв-н шугамын шинэчлэлийн ажлыг хүлээн авах техникийн комисст ажилласан. Ажил хүлээн авах комисс хуралдаж дүгнэлтээ гаргахад би зарим ажлууд зөрчил дутагдалтай байгааг санал авах хуудсаар бичиж зөрчил арилсны дараа ажлыг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Тэгээд маргааш өглөө нь захирал намайг өрөөндөө дуудаж “Чи юу яриад яваад байгаа юм” гэх мэтээр намайг загнасан. Би ажлын хэсэгт ажилласан талаараа тайлбарлах гэсэн боловч чамаас тайлбар сонсохгүй гэж загнаад гаргасан. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Б-ийг авч яваагүй гэж буруутгасан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичиг хэргийн ажилтан Т сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсан гэдгийг надад танилцуулсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6-д заасныг баримталсан ба би эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Миний хувьд удирлагаас ажлын хэсэгт ажиллахдаа ажлыг шууд хүлээж авах үүрэг аваагүй болно. Иймд Увс аймгийн “А” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ч-ийн тус шүүхэд гаргасан Увс аймгийн “А” ХХК-ийн захирлын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн Б\161 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд ИХШХШТХуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тухай хариу тайлбар гаргаж байна. Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн...” гэжээ. Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, тасралтгүй явуулах, ялангуяа яаралтай ажил үйлчилгээг иргэд байгууллагад аль болох түргэн шуурхай үзүүлэхэд нэг хүний санал бодлоос үл шалтгаалах ёстой. Байгууллагын удирдлагаас өгсөн цаг хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлэхээсээ өмнө эсэргүүцэж тайлбар тавьж хамгаалах нь ажилтны эрх үүрэгт хамаарахгүй. Манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас аймаг орон нутагт нөхөшгүй хүнд гарз хохирол үүсдэг онцлогтой, онцгой байгууллага билээ. Байгууллагын нэг ажилтны үг, үйлдлээс шалтгаалан бүхэл бүтэн байгууллагын ажил үйлчилгээ тасалдах учиргүй, тийм ч учраас байгууллагын дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтуудаар зохицуулж өгсөн байдаг. Эрчим хүчний төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №318 тоот тушаалаар ЭХХТөв ТӨААТҮГ-н Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга А, ЭХХТөв ТӨААТҮГ зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э, ЭХХТөв ТӨААТҮГ-н төсвийн хяналтын албаны дарга О, ЭХХТөв ТӨААТҮГ-н захиалагч хяналтын хэлтсийн инженер О, ЭХХТөв ТӨААТҮГ-н ахлах мэргэжилтэн Э, “Шугам Увс” ХХК-ийн Ерөнхий инженер Ч, ЭХХТөв ТӨААТҮГ-н цахилгаан тоноглол хяналтын инженер Б, Увс “ЦТС” ХХК-ийн Ерөнхий инженер Б, Увс “ЦТС” ХХК-ийн Ашиглалтын инженер Н, Увс “ЦТС” ХХК-ийн Техник хяналтын инженер Б нарыг комисст ажиллуулахаар томилсон боловч Эрчим хүч хэмнэлтийн менежер Ч дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг зөрчиж үндсэн комиссын гишүүн Техник хяналтын инженер Б-ийг орхиж явсан. Энэ нь хамт ажиллаж байгаа ажилтнаа үл хүндэтгэн нэр хүндийг нь гутаасан нь Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б\161 дүгээр тушаал нь ажилдаа хувийн ашиг сонирхлоор хандаж, ажилтны нэр хүндийг гутаах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй эсэргүүцэж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн Ч-т сахилгын хариуцлага тооцож, захирлын эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. Ч-ийн нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон арга хэмжээ гэж үзэж байна. Иймд Ч-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Увс аймгийн “А” ХХК-нд холбогдуулан Увс аймгийн “А” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч нь Увс аймгийн “А” ХХК-нд эрчим хүчний хэмнэлтийн менежерээр ажиллаж байгаад Увс аймгийн “А” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар эсэргүүцэж, бусдыг үл хүндэтгэж харьцсан Эрчим хүч хэмнэлтийн менежер Ч-ийн цалинг 1 сарын 20%-иар бууруулах арга хэмжээ авагджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6-д “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлгах сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол”, Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6-д “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол” сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгчийн тайлбар, гэрч З, Б нарын нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар эсэргүүцэж, бусдыг үл хүндэтгэж харьцсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн “А” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Увс аймгийн “А” ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн “А” ХХК-иас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР