Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 2019          9             26                                              2019/ДШМ/962                                              

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

хохирогч Д.Бы өмгөөлөгч Т.Даваажав,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Самал,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1905001820611 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....... Б, 1970 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ....... ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын байранд иргэн Д.Бы эд хөрөнгийг буюу “Huawei P20 pro” загварын гар утсыг шидэж дэлгэцийг нь хагалан, бусдын эд хөрөнгийг гэмтээн, 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...... Бг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгээс 490.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг “Huawei P20 pro” загварын гар утсыг хохирогч Д.Бд буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт хохирогч Д.Бы утсыг Д.Б авч шидсэнээс болж эвдэрсэн байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хавтас хэргийн 22 дугаар хуудаст хохирогч Д.Б мэдүүлэхдээ “...Б гар утсыг над руу аваад шидсэн. Тэр үед миний утас хэвийн ажиллаж байсан. Дараа нь Бгийн өрөөнд ороход тэрээр миний утсыг шидэж эвдэлсэн...” гэж мэдүүлсэн. Нотлох баримт болох CD бичлэгийн 9:32 минутад утас шидэгдсэний дараа Б утсаа аваад дахин бичлэг хийж байгаа нөхцөл байдал, мөн Бы мэдүүлгээс харахад утас тухайн моментод эвдрээгүй нь нотлогдож байна. Өрөөнд ороод намайг утсыг нь дахин шидэж эвдэлсэн гэх боловч тодорхой баримт алга байна. Хэрэг гарах шалтгаан нь захиргааны хууль бус ажиллагаа юм. Тодруулбал, хэрэг болсон өдөр надад танилцуулсан “а/79” дугаартай тушаал хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг шүүх тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн б/26 дугаартай тушаалаар “а/79” тушаалыг хүчингүй болгосон. Захирал М.Түмэнжаргалын хууль бус шийдвэрийг ажилтанд танилцуулахдаа гар утсаар бичлэг хийх үйлдлийг Захиргаа, удирдлагын албаны дарга Цанлигрэнчин зохион байгуулж, хүний нөөцийн мэргэжилтэн Анхтуяа хамжиж, нягтлан бодогч Б үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, CD бичлэгээс харагддаг. Бусдын хууль бус довтолгооны эсрэг хүчин мөхөс байгаагаа мэдэрч би өрөөнд ганцаараа үлдэхдээ хаалгаа дотроос нь түгжиж өөрийгөө хамгаалж байсан нь СD бичлэгээс харагддаг. CD бичлэгийн 8:42 минутыг зогсоож харахад Б, Анхтуяа нар өрөөнд хүчээр дайрч орж байгаа нь харагддаг бөгөөд Анхтуяа, Б нар өрөөний хаалганы гадна бариулаас тус тусын баруун гараараа давхар зуурч, Б баруун хөлөөрөө хаалгыг хаалгахгүй тээглүүлсэн учраас би хаалгаа хааж чадахгүй ноцолдож байгаа харагддаг. Б гар утсаа бичлэгийн горимд урьдчилан тохируулж, зөвшөөрөлгүй бичлэг хийж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Иймд шүүх хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ш.Самал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд утасны дэлгэцийг хагалж, хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогдсон гэж дүгнэсэн. Тухайн утсыг эд мөрийн баримтаар хурааж авсан бөгөөд утасны дэлгэц бага зэргийн цуурснаас биш, хагарч, бутран унасан зүйл огт байдаггүй. Хавтас хэргийн 47 дугаар хуудаст утасны гэмтлийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн хариу ирсэн. Тэгэхээр утас нь гэмтсэн эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч Д.Б тухайн утсыг шидсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч утсыг аваад үргэлжлүүлээд бичлэг хийж байсан нь камерийн бичлэгээс харагддаг. Шүүгдэгчийн үйлдлээс болж тухайн хүний гар утас гэмтэж, устаж үгүй болсон нөхцөл байдал огт тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Бы өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б 204 тоот өрөөний гадна талын зааланд Бы утсыг авч шидэж байгаа нь бичлэгээс харагддаг. Дараа нь дахин өөрийнхөө өрөө болох 402 тоотод хохирогчийн гар утсыг шидсэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр шүүгч утсыг гаргаж ирээд ямар цууралт үүссэн талаар харуулсан бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин миний үйлчлүүлэгч утасны төлбөр болох 2.286.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхээс дэлгэц засварлах үнэ буюу 490.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй маргахгүй байгаа. Хохирлыг барагдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын байранд иргэн Д.Бы “Huawei P20 pro” загварын гар утсыг авч шидэн дэлгэцийг нь хагалан, бусдын эд хөрөнгийг гэмтээн, 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Бы “...Би Анхтуяагийн хамт 4 давхрын 402 тоот Бгийн ажлын өрөө рүү орох гэхэд урдаас түлхэж гаргаад хаалгаа хаагаад түгжчихсэн...буцаж гарч ирээд хаалгыг нь тогшиход Б хаалгаа онгойлгосон ба “танд тушаал танилцуулаад, бичлэг хийж баримтжуулж авна” гэдгээ хэлэхэд миний гар утсыг аваад над руу шидчихсэн. ... Бгийн өрөөнд дахин ороход миний гар утсыг шидээд дэлгэц нь эвдэрчихсэн. ...” /хх 21-23/,

гэрч Ц.Анхтуяагийн “...нягтлан бодогч Бтай хамт тушаал танилцуулахаар дахин хаалгыг нь тогшиход Д.Б хаалгаа нээж өгөөд “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би “тушаал танилцуулах гэж байна” гэж хэлэхэд Д.Б нь Д.Бы зүүн чих рүү гараараа цохиод гарт нь байсан гар утсыг булааж аваад шал руу шидсэн. ...” /хх 26-28/,

гэрч Ш.Сарантуяагийн “...сахилгын шийтгэл танилцуулахын өмнө зөрчлийн маягтыг танилцуулж гарын үсэг зуруулахаар орсон боловч Д.Б өөрийгөө “зөрчил гаргаагүй, би наад маягтан дээр чинь зурахгүй” гэж хэлээд шууд урчихсан. ...Тэгээд миний танилцуулах ёстой байсан маягтыг Бд танилцуул гэж дарга тушаал өгсөн байсныг дараа нь мэдсэн. ...Быг бичлэг хийлээ гэж утсыг нь авч шидээд хагалсан гэж сонссон. ...” /хх 32-33/,

Д.Бгийн яллагдагчаар өгсөн “...надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Б миний өөдөөс хэл амаар доромжлоод бичлэг хийгээд байсан учраас би маш их уурлаж, бухимдан Бтай ноцолдоод гар утсыг нь унагаачихсан юм шиг байна...хуулийн дагуу үнэлгээгээр гарсан төлбөрийг төлөхөд бэлэн байгаа. ...” /хх 63-69/ гэх мэдүүлгүүд,

СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-17/, эд зүйлийн үнэлгээ /хх 44-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Д.Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн шүүгдэгч Д.Бгийн хохирогч Д.Быг өрөөнд нь орж ирэн бичлэг хийлээ гэж уурлан түүний “Huawei P20 pro” загварын гар утсыг авч шидэн дэлгэцийг нь хагалан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Б “...Д.Бы гар утсыг авч шидсэний дараа тэрээр утсаа аваад дахин бичлэг хийж байсан тул тухайн цаг хугацаанд эвдэрч, гэмтээгүй...мөн тэд өөрсдөө хууль бус үйлдэл хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Д.Бы “...Д.Б миний гар утсыг авч шидээд дэлгэц нь эвдэрчихсэн...” гэж хэргийн талаар өгсөн мэдүүлгээс гадна тухайн үед хамт байсан Д.Анхтуяагийн “...Д.Б Д.Бы зүүн чих рүү гараараа цохиод гарт нь байсан гар утсыг булааж аваад шал руу шидсэн...” гэж дээрх мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлэг, шүүгдэгч Д.Бгийн “...надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “...Б зүүн гартаа гар утсаа барьчихсан байдалтай харагдаж байх ба 08:53 цагт Б хохирогч Быг хоёр удаа өшиглөж, нэг удаа түлхээд 08:55 цагт Бы гараас гар утсыг нь булааж аваад шидэж байв...” гэх СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийж, дэлгэцийн дунд орчмоор хэд хэдэн зураасан хугарлууд үүссэн байгаа байдлыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Бгийн “...хохирогч зөвшөөрөлгүй бичлэг хийж өөрөө хууль бус үйлдэл гаргасан...намайг шидэхэд утас эвдрээгүй...” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, түүнээс үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоохдоо “Huawei P20 pro” загварын гар утсыг бүхэлд нь үнэлэхгүйгээр, түүний дэлгэцийг засах зардлын үнээр тооцон, шүүгдэгчээс 490.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН