Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 182/2019/00586/и |
Дугаар | 001/ХТ2021/01011 |
Огноо | 2021-09-14 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01011
“....................................” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01531 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1995 дугаар магадлалтай,
“....................................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
...................................-т холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 252,400,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд: Манай компани нь Хөрөнгө оруулалтын газар /хуучин нэр/-тай 2015.5.08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хэнтий аймаг, Биндэр сумын Онон гол дээр баригдах гүүрийн хайгуул, зураг төслийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 252,400,109 төгрөг, ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 3 сар, гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах, хэрэв концесс эзэмшигч нэг жилийн дотор тодроогүй тохиолдолд дээрх үнийг улсын төсөвт суулгуулж, олгуулах гэж гол нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд манай компани гэрээний хугацаанд буюу 2015.8.13-ны өдөр зураг төсөл хүлээлцсэн актаар Хэнтий аймгийн Биндэр суманд Онон гол дээр баригдах 201.08 у/м төмөр бетон гүүрийн нарийвчилсан зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэж өгсөн. Энэ ажил нь Засгийн газрын тогтоолд зураг төсөл барих, шилжүүлэх гэсэн хэлбэрээр тусгагдсан байдаг. Уг зураг төслийн ажилд тухайн үеийн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас концесс зарлаж байсан байх боловч концесс эзэмшигч шалгараагүй, хүчингүй болж байсан, энэ ажиллагаанд манай байгууллага оролцож байсан байна. Хамгийн сүүлд 2015.01.27-ны өдрийн А/05 тоот Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гарсан байх бөгөөд уг тушаалд бидний хийсэн ажилтай холбоотойгоор шууд гэрээ байгуулах эрх бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тушаалын хүрээнд бид Хөрөнгө оруулалтын газартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь Концессын тухай хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Бид гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж хариуцагчтай удаа дараа ярилцаж, албан бичиг хүргүүлж байсан, хариуцагч байгууллагаас ажлын хөлсийг улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авна гэсэн хариу өгдөг. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар хариуцагч ..................-аас ажлын хөлс болох 252,400,109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газар нь нэхэмжлэгч “....................................” ХХК-тай 2015.5.08-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Онон гол дээр баригдах гүүрийн хайгуул зураг төсөл хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр талууд ажил гүйцэтгэх хугацааг 2015.5.20-ны өдрөөс 2015.8.20-ны өдрийн хооронд буюу 3 сараар тогтож гэрээний үнийн дүнг 252,400,109 төгрөг байхаар тохиролцсон байна. Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлд ажлын хөлсийг дараах байдлаар төлөхөөр тохирчээ. Үүнд, гэрээний 3.2 дахь хэсэгт ажлыг гүйцэтгэгч нь ажлыг өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд зураг төслөөр баталгаажсан ажлын тоо хэмжээнд тулгуурлан уг замыг концессоор хэрэгжүүлэх хэлэлцээрт зураг төслийг хүлээлгэн өгсний дараа Концессын гэрээний хэлэлцээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлнэ, 3.3 дахь хэсэгт гүйцэтгэгчид замыг концессоор олгох эрх олгогдсон тохиолдолд захиалагч нь зураг төслийн үнийг тусгайлан төлөхгүй бөгөөд энэхүү үнэ нь концессоор гүйцэтгэх ажлын үнэд тусгагдана. Харин гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах бөгөөд хэрэв концесс эзэмшигч 1 жилийн дотор тодроогүй тохиолдолд дээрх үнийг улсын төсөвт суулгаж олгуулна гэжээ. Дээр дурдсан Хэнтий аймгийн Биндэр сумын Ононгийн гүүрийг шинэчлэх төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоолоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлтээр орсон байдаг. Ингэхдээ тус төслийг уралдаант шалгаруулалт явуулж концессын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр заасан боловч концесс эзэмшигч шалгараагүй байна. 2015 онд Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гарч энэ концесстой холбоотойгоор шууд гэрээ байгуулах эрхтэй ажлын хэсэг байгуулж, үүний дагуу “....................................” ХХК-тай гэрээ байгуулагдсан гэж харагдаж байна. Ер нь Концессын тухай хуулиар зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх ажлыг нэг л байгууллага шалгарч хийх ёстой цогц асуудал байдаг боловч үүнийг салгаж болохгүй гэсэн хориглосон зүйл байхгүй. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарлагдсан концесс байхгүй. Манай байгууллага нэхэмжлэгчийн хийсэн ажлыг хүлээн авсан талаар, мөн ажлын хөлсний талаар маргахгүй байгаа. Гагцхүү улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авахуулахаар Сангийн яаманд уламжилдаг боловч Сангийн яам шийдвэрлэхгүй байгаа учир бидэнд өөр боломж байхгүй, энэ талаар ч нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01531 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг баримтлан хариуцагч ....................-аас 252,400,109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “....................................” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “....................................” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,951 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ........................-аас 1,419,951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “....................................” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1995 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.29-ний өдрийн 1995 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр, дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт ”...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг бөгөөд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгч буй бичгийн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхыг шаарддаг. Хариуцагч талаас тус шүүхийн шүүгчийн 2019.06.18-ны өдрийн 182/Ш32019/05188 дугаар захирамжийн дагуу нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөхдөө өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж өгчээ... Шүүх уг алдааг залруулж, нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн авалгүйгээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов...” гэжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн шүүх хурлын явцад шүүх “нэмэлт нотлох баримт шаардлагатай” гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хурлыг нэг удаа хойшлуулсан. Энэ нь нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар шүүхийн эрх хэмжээ, түүний явуулах ажиллагаатай холбоотой зохицуулалт бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэнтэй нийцнэ. Нэгэнт шүүхийн санаачлагаар тухайн ажиллагаа хийгдсэн учир .................... газар нь өөрийн архив, албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр дагаж мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбар үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсэг зурсан нь” нотлох баримт нь эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар” байх шаардлагагүй юм. Харин хэргийн оролцогчийн тухайд шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн бол заавал эх хувь, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар байхыг шаардана. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Давж заалдах шатны шүүхийн “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна... Хариуцагч талаас тус шүүхийн шүүгчийн 2019.06.18-ны өдрийн 182/ШЗ2019/05188 дугаар захирамжийн дагуу нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөхдөө өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж өгчээ... Шүүх уг алдааг залруулж, нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн авалгүйгээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн нь хэргийн оролцогч бус хөндлөнгийн этгээдээс гаргаж өгсөн нотлох баримттай холбоотой заалт бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.“Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй...” гэсэн заалт нь хэргийн оролцогчоос гаргаж буй нотлох баримтад хамааралтай, өөрөөр хэлбэл, тухайн нотлох баримтыг хэргийн оролцогч өөрийн санаачилгаар өгсөн, эсхүл шүүгчийн санаачилгаар /захирамжаар/ гаргуулсан эсэхээс үл хамааран хуулийн уг зохицуулалт үйлчилнэ.
Иймд, “давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-ыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Нэгэнт хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж буй учир шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2, 3.3 дахь заалтыг талууд хэрхэн ойлгож хэрэгжүүлснийг тодруулах, тухайн гэрээ нь Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.2-т заасантай нийцэж буй эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1995 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 1,419,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ