Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2020/0028/З |
Дугаар | 123/ШШ2021/0032 |
Огноо | 2021-09-22 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 123/ШШ2021/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЦМЭЭ ” ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Нэхэмжлэгч: “ЦХ” ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б, БЖ сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч: “БТ” ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б, БЖ сумын Засаг дарга нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн Б сум, БЖ сумын Засаг даргуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.М, иргэдийн төлөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, “БТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай “ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК, “БТ” ХХК нь Төв аймгийн Б, БЖ сумын нутагт байрлах MV-0203428, MV-017187, MV-006453, MV-020355, MV-020388, MV-017188, MV-017535 дугаартай хүрэн нүүрсний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын нэгдмэл төсөл” хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Бид дээрх төслийн хүрээнд уурхайн хөрс хуулалтын ажлыг 2017 оны 07 сард эхлүүлсэн. Төслийн хүрээнд эрчим хүчний нүүрсний ил уурхай, 70 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор ОХУ болон БНХАУ-аас импортоор авч буй эрчим хүчнээс хямд өртгөөр эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлэх боломж бүрдэх юм.
Манай төслийн Төв аймгийн Б суман дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий “ЦМЭЭ ” ХХК-ийн MV-0203428 MV-017187 дугаартай нийт 334.13 га талбайгаас өнөөдрийн байдлаар MV-017187 дугаартай талбайн 191.91 га талбайг ашиглаж байгаа бөгөөд 142.22 га талбайгаа одоогийн байдлаар ашиглаагүй байна. Мөн “ЦХ” ХХК-ийн Б, БЖ суман дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий MV-006453, MV-020355, MV-020388, MV-017188 дугаартай нийт 1881.15 га талбайгаас өнөөдрийн байдлаар MV-020355 дугаартай талбайн Б суманд ногдож буй 132.088 га талбайг ашиглаж байгаа бөгөөд 1749.062 га талбайгаа одоогийн байдлаар огт ашиглаагүй, хөндөөгүй байна. “БТ” ХХК-ийн Б, БЖ суман дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий MV-017536 дугаартай 7489.86 га талбайгаа одоогийн байдлаар огт ашиглаагүй, хөндөөгүй байна. Эдгээр хөндөгдөөгүй газрын гадаргуу болон хэвлий хэсэг огт ашиглагдаагүй байгаа болно.
Төв аймгийн Б, БЖ сумын нутагт байрлах манай компанийн MV-006453, MV-020355, MV-020388, MV-017188, MV-0203428, MV-017187, MV-017535 дугаартай хүрэн нүүрсний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн ашиглагдаагүй талбай дээр давхцуулан орон нутгаас газар эзэмших эрх авах, газар эзэмших гэрээ байгуулах шаардлага тавьсны улмаас 2019 онд Төв аймгийн Б сумын Засаг даргатай газар эзэмших гэрээ байгуулсан.
Манай компани нь хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс авч жил бүр талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байгаа болно. Мөн уурхайн эдэлбэр газраас бодитойгоор ашиглаж уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг буюу уурхайн кэмп, үйлдвэрийн барилга хөрс хуулсан талбай, овоолго, зам гэсэн хэсгүүдэд орон нутгийн байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан төлбөр төлөн ажиллаж байна.
Гэтэл орон нутгаас тавьсан шаардлагын дагуу бидний зүгээс өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай зайлшгүй газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх нөхцөл бий болсон. Манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газраас авсан тусгай зөвшөөрлийн төлбөрийг эзэмшиж буй талбайн хэмжээгээр жил бүр төлдөг тул тухайн талбайн ашиглаагүй хэсэгт давхцуулан дахин газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд манай компани өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай газар эзэмших гэрээ байгуулах хуулийн шаардлага байхгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б сумын Засаг даргад гаргасан. Гэтэл Төв аймгийн Б сумын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариуг хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Төв аймгийн Б сумын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш, чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актад хамаарч байна.
Иймд Төв аймгийн Б сумын Засаг даргын гаргасан захиргааны акт нь манай байгууллагын Газрын тухай хуулийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болгох эрхийг үндэслэлгүй хязгаарласнаар цаашид газрын төлбөр төлж хууль ёсны эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсгэж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Төв аймгийн Б сумын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгаж өгнө үү, Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн БЖ сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “БТ” ХХК-ийн хувьд Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаартай хариу ирүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үндэслэлээ захиргааны байгууллагаас, нэхэмжлэгч байгууллагын ашиглагдаагүй лицензийн талаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Цаашид нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилж хууль ёсны эрхийг нь зөрчих үр дагавар үүсэж байна. Мөн Төв аймгийн Б сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоож өгнө үү. Энэ эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн өргөдөл гомдлоо хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу 2020 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй “БТ” ХХК-ийн ашиглагдаагүй газар эзэмших эрх гэрээ сунгаагүй болохоор дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16, 4.1.18, 4.1.19, 35.3.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн “уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрээ байгуулах” хуулийн үндэслэлтэй байна. Хариуцагч тал лицензийн бүх талбайг эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байр суурьтай байдаг.
“ЦМЭЭ ” ХХК-ийн хувьд Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож өгнө үү. Үндэслэл нь Газрын тухай хуулийн 39.1.1-д заасны дагуу 2020 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй “ЦМЭЭ ” ХХК-ийн ашиглагдаагүй газар эзэмших эрх дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16, 4.1.18, 4.1.19, 35.3.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн “уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрээ байгуулах” хуулийн үндэслэлтэй байна.
“ЦХ” ХХК-ийн хувьд “БТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл адилхан байгаа. Бид нэг зүйл дээр эсрэг байр суурьтай байдаг. Юу вэ гэхээр нэхэмжлэгч 3 компани нь хоорондоо нэгдмэл сонирхолтой байгууллага юм. Яагаад гэвэл Төв аймгийн Б, БЖ суманд цахилгаан станц барих гээд 10 000 орчим га газар, хүрэн нүүрсний лицензтэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй юм. Хүрэн нүүрс нь зөвхөн цахилгаан станцад ашиглагдах боломжтой, экспортод гардаггүй, илчлэг багатай нүүрс байдаг. Бусад үнэт металтай харьцуулахад харьцангуй хайгуул болон ашиглалтын талбай нь өргөн хүрээг хамардаг. Хариуцагч болон бидний хоорондох үл ойлголцол юу вэ гэхээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгсөн байгаа. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар уурхайн эдэлбэр тайлбай дээр, газар, ус ашиглах гэрээ байгуулах хуулийн зохицуулалтай. Өөрөөр хэлбэл бид Ашигт малтмалын тухай хуулиар анх лиценз, хайгуулын талбай авахаас эхлээд орон нутгаас шүүлгээд талбай давхцалгүй гэдэг зүйлээ хуулийн дагуу авсан. Бид төлбөрөө лиценз эзэмшиж байгаа болохоор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст жил болгон төлдөг. Гэтэл давхар лицензийнхээ нийт талбай дээр газар эзэмших, ашиглах стандарт гэрээ хийсэн. Тэгэхээр Төрийн захиргааны төв байгууллагадаа лицензийн төлбөр төлчхөөд, орон нутгийн байгууллагад дахин газрын төлбөр төлж байна. Хуулийн зохицуулалтаа харахаар яг бодитойгоор ашиглаж байгаа газар, усны хувьд газар ус ашиглах гэрээ гэж байгуулах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7 дээр газар ашиглах гэрээг уурхайд заавал байлгах баримт бичгийн жагсаалтад байгаа. Өөрөөр хэлбэл эзэмших, ашиглах гэрээ байгуулах боломжгүй. Энэ тал дээр дээд шүүхийн тогтоол дээр дүгнэлт өгсөн байгаа. Уурхайн эдэлбэрийн газарт газар, ус ашиглах гэрээ байгуулна. Гэтэл хариуцагч тал эзэмших эрхийн гэрээ байгуулсан байна гэдэг дүгнэлт өгсөн. Бидний гол үл ойлголцол юунд үүсэж байна вэ гэрээр хариуцагч тал нийт лицензийн талбай дээр бүхэлд нь эзэмших эрхийн гэрээ байгуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Лицензийн талбайг хуульд зааснаар тэгш өнцөгтөөр олгодог. Дунд нь нөөц нь энд тэнд байдаг. Энэ ашиглах талбайг 60 жилээр олгож байгаа. Манайх жижиг талбай ашигладаг. Бидний үзэж байгаагаар энэ талбай дээр газар ашиглах гэрээ байгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч бүхэлд нь байх ёстой гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тогтоол дээр уурхайн эдэлбэр газар, уурхайн талбайн талаар дүгнэлт өгсөн байдаг. Түүнд уурхайн эдэлбэр гэхээр ашиглаж байгаа бодитой хэсгийг хэлнэ гэсэн байдаг. Уурхайн талбайд давхацсан гэдэг нь дотор нь орсон байгааг хэлж байгаа юм. Эдэлбэр газар дээрээ ашиглалтын гэрээ байгуулах талаар мөн дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн тогтоол бидний үзэж байгаагаар яг нэг газар, усаа бодитой ашиглаж байгаа эсэх дээр эзэмших биш, ашиглалтын гэрээ байгуулаад явах ёстой. Гэтэл нэхэмжлэгч бүхэлд нь эзэмших гэрээ хийсэн байна гэдэг. Бидний хувьд маргаж байгаа хэсэг нь 2020 онд гарчхаад гэрээгээ сунгаагүй, тэгэхээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар автоматаар газар эзэмших эрх дуусгавар болсон юм. Үүнд дээд шүүх дүгнэлт өгөөгүй гэж бичсэн байна. Энэ юу гэж үзэж байна вэ гэхээр нэгэнт дуусгавар болсон газар дээр маргаж байна гэсэн утгатай дүгнэлт өгсөн. Бид үүнийг зөвшөөрч байна. Газар эзэмших эрх дуусгавар болсон учраас төлбөр нэхэмжлэхгүй. Гэхдээ бид орон нутгийн байгууллагатай хамтарч ажиллана. Яагаад гэвэл бидний Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах гээд олон чиг үүрэгтэй оролцдог. Гэтэл бид сая 800 000 000 сая төгрөгийн газрын төлбөр үүссэн. Газрын лицензийн төлбөрөөс өндөр үүсэж байна. Шалтгаан нь юу вэ гэхээр сумын наадам болоод, орон нутгийн зам явдаг, мал бэлчдэг, бид тэр том талбайг ашиглаагүй, 5 жил болоод сунгаад явдаг. Тэр талбайгаас газрын төлбөр тооцоод эхлэхээр ийм их хэмжээний өрөнд ороод байна. Бид цаашдаа 10 000 га газар дээр гэрээ хийхгүй. Гэхдээ бид хуулиа хүндэтгэж үзээд газар ашиглах, ус ашиглах гэрээгээ хийх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд уурхайн талбай, ашиглалтын талбай, уурхайн эдэлбэрийг тодорхойлсон байдаг. Уурхай гэхээр хариуцагч юу гэж ойлгоод байна вэ гэхээр лицензийн бүх талбайг ойлгоод байна. Бид уурхай гэж яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа, олборлож байгаа хэсгээ ойлгодог. Энэ ойлголтын зөрүүгээс маргаан гараад байна. Манай эрх яаж зөрчигдөж байна вэ гэдэг асуудал байна. Газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон учраас 2020 оноос хойш манайх хөндөгдөхгүй. Яагаад гэвэл бид гэрээгээ сунгаагүй. Гэхдээ орон нутгийн байгууллага ийм байр суурь, хууль зөрчсөн тайлбарыг албан тоотоор илэрхийлээд байгааг нь бид шүүхээр тогтоолгомоор байна. Тодруулбал үл ойлголцлоо шүүхээр арилгуулах гээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариу хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй бол Иргэдээс төрийн байгууллагад гомдол өргөдөл гаргах тухай хуульд заасан хугацаандаа өгөөгүй учир гомдол гаргаж байгаа гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга М.М, БЖ сумын Засаг дарга Ө.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох гэж сум дүүргийн Засаг даргын эрхийг тодорхойлсон. Ийм эдэлбэр газар олгох тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн, эрх бүхий ажилтан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Газарын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 тоот албан бичгээр хариу хүргүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйл “хуулийн зорилт” энэ хуулийн зорилт нь, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч тул мөн хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн хэмжээгээр газрын гэрээ байгуулж төлбөр төлөхөөс биш, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсгийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоно гэсэн заалт биш. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан байна. Иймд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 тоот албан бичиг нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Б, БЖ сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт заасан хуулийн заалтын үндэслэлээр эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тайлбай дээр эдэлбэр газар авсан байдаг. Энэ хуульд зааснаар Засаг даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Тэгэхээр 3 компанийн нийт талбай дээр манайх Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт зааснаар эдэлбэр газар олгоод эдэлбэр газар олгосон үндэслэлээрээ гэрээ, гэрчилгээ олгож эзэмшүүлээд явж байгаа. Яагаад эзэмшүүлж байна вэ гэхээр дотоодын хөрөнгө оруулалттай компани хуульдаа эзэмших гэрээ байгуулж, эзэмших захирамж гаргадаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байх юм бол ашиглах гэрээ, гэрчилгээ гардаг. Мөн лицензийн төлбөр, газрын төлбөрийг давхцуулж төлөөд байна гэсэн тайлбар хэлж байна. Лицензийн төлбөрийг эрх бүхий байгууллагад нь тухайн лицензийг хүчин төгөлдөр байгаа үед төлдөг. Газрын төлбөрийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.4 дэх хэсэгт зааснаар эдэлбэр газраа олгочхоод эдэлбэр газар олгосон тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ хийгээд явдаг. Үүний дагуу эзэмшлийн захирамж гараад гэрээ хийгээд явж байгаа юм. Үүнийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1.3-аар хүчингүй болгуулах хүсэлт ирсэн боловч хүчингүй болгохгүй байна гэж нэхэмжлэгч тал хэлж байгаа. Энэ хуулийн заалт нь өөрөө иргэн, аж ахуй нэгж байгууллагын гэр бүлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн газар дээр 39.1.3, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг хэрэглэж явахгүй бол лицензтэй талбай дээр 39.1.3-д заасан хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүхэд тайлбараа өгч байсан. Өнөөдөр мөн тайлбараа хэлье. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэл муу байна. Энэ асуудал дээр нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл байр сууриа нэг болгож чадахгүй байгаа юм. Хоёр албан бичиг нь ижил утгатай албан бичгийг хоёр сумын Засаг дарга нарт өгсөн. Яг энэ албан бичгийн хувьд энэ асуудлыг шийдэх боломжгүй. Үүнийгээ эс үйлдэхүй хууль бус гэж тайлбарлаад байна. Бид төлбөрийн асуудал яриагүй. Газрын төлбөртэй холбоотой асуудал, ашиглалтын талбайн хэмжээгээрээ асуудлаа хөндөх ёстой юу гэвэл тийм байх. Яг өнөөдрийн нэхэмжлэлийн хувьд түүнийгээ хөндөөгүй. Иймд энэ асуудал явахгүй байна. Хэрэг анхан шатны шүүхэд ирэхэд нэхэмжлэгч тал дахин нэг ч материал нэмж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага ч хэвээрээ байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгохоор заасан. Иймд Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр лицензтэй болсон, газар олгож өгнө үү гэсэн хүсэлтүүдийг нь үндэслэн шийдвэрээ гаргасан. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй. Газрын тухай хуулийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар манайх сунгах хүсэлт өгөөгүй гэж байна. Энэ асуудлыг 39.1.1 дэх хэсэгт зааснаар шийдэх боломжгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмших эрхийг зохицуулсан байгаа. Энэ заалтад зааснаар нэхэмжлэгч компанид энэ асуудлыг олгоогүй. Газрын тухай хуулийн 2.2 дахь хэсэгт Газрын хэвлий, баялгийг ашиглах зохицуулах талаар заасан. Энэ нь Газрын хэвлий баялгийг ашиглахтай холбоотой асуудлыг газрын тухай хуулиар зохицуулахгүй. Гэтэл нэхэмжлэгч тал 39.1.1 дэх хэсэгт зааснаар энэ газрыг цуцалж өгнө үү гэсэн. Иймд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч манайх ийм газар эзэмшиж байгаа, одоо бид энэ газрынхаа ашиглаж байгаа энэ талбай дээрээ газрын төлбөр төлөхөөр бичиг өгч тэрэнд нь ямар нэгэн эс үйлдэхүй гарсан бол асуудал ондоо байна. Өнөөдрийн энэ маргаан дээр зөвхөн газрыг хүчингүй болгоод өг гэж орж ирээд байна. Үүнийг шүүх шийдвэрлэхэд хэцүү байдалтай байна. Яг нэхэмжлэлийн албан бичигт бичсэнээр нь ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь харагдахгүй байна. Яриагаараа бол цаашдаа төлбөр нэхэх байх гэсэн зүйл хэлж байна. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн үнэхээр тусгай зөвшөөрөлтэй газраа буцаах асуудал байгаа бол Ашигт малтмалын тухай хуульд зохицуулсан байгаа. Тэгэхээр сумын Засаг даргын эрх хэмжээнд байхгүй асуудлыг хөндөж тавиад байна. Бид хуулийн дагуу лицензтэй талбайгаар нь олгосон. Тэгэхээр нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Иймд 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч хариуцагч хоорондоо зөвшилцөөд болох юм байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК, “БТ” ХХК-иудаас “Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаартай хариу хүргүүлэх албан бичгээр “...ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, МҮ-006453 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011383 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, МҮ-020388 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011381 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, МҮ-017188 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, МҮ-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000316562 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, МҮ-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000315079 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, МҮ-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011392 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг даалгах,
“Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МҮ-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, МҮ-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297893 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.[1]
Нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” албан бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дахин тодруулж, “БТ” ХХК, “ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК-ийн “Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
“БТ” ХХК, “ЦХ” ХХК-ийн “Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар үндэслэл, маргааны үйл баримтад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “БТ” ХХК, “ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК-ийн “Төв аймгийн Б сумын 2020 оны 85 дугаартай албан бичгээр өгсөн хариу хууль бус болохыг тогоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд нь Ашигт малтмалын газраас эрх олгосны дагуу тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байх ба тус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2016 оноос хойш тухайн тусгай зөвшөөрөлд заасан талбайн хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байжээ. [2]
Харин 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “ЦМЭЭ ” ХХК-ийн 16/20 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээ төлөөлөн Төв аймгийн Б сумын Засаг даргад хандан “...“ЦМЭЭ ” ХХК нь өөрийн хамаарал бүхий “ЦХ”ХХК, “БТ” ХХК-ийн хамтаар Төв аймгийн Б сумын нутагт орших Бөөрөлжүүтиййн тал гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. ... тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн талбай дээр онцгой давуу эрхээр газар, газрын хэвлийг ашиглах эрх эдэлдэг зохицуулалт үйлчилж байна. Түүнчлэн манай байгууллага тусгай зөвшөөрлийн төлбөрийг эзэмшиж буй талбайн хэмжээгээр жил бүр төлдөг тул тухайн талбайн ашиглаагүй хэсэгт давхцуулан дахин газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ... уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт газар эзэмших гэрээ байгуулан төлбөр төлөн ажиллахад татгалзах зүйлгүй. ... тусгай зөвшөөрлийн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай газар эзэмших гэрээ байгуулах шаардлага байхгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү”[3] гэсэн хүсэлтийг гаргасан байх ба хариуцагч Б сумын Засаг даргаас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10, 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг мэдэгджээ.[4]
Үүнд нэхэмжлэгчээс “... Холбогдох хууль болон Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгээр уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт газрын төлбөрийг төлөхөөр байгаа. Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр 2019 онд байгуулсан газар эзэмших гэрээ дуусгавар болоогүй гэж үзэж байна. Цаашид нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээгээр буюу уурхайн ашиглаагүй талбайн хэмжээгээр, үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчих үр дагавар үүсэж байгаа тул Засаг даргын “... газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэж бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү“. Мөн “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад нь жил бүр төлдөг, орон нутгийн байгууллагад тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр дахин төлбөр төлж байна. Хуулийн зохицуулалт харахаар яг бодитой ашиглаж байгаа газар, усны хувьд газар ус ашиглах гэрээ гэж байгуулах ёстой байна. Хариуцагч тал газар эзэмших гэрээ байгуулсан байгаа, хуулинд газар ус ашиглах л гэрээ байгуулж, уурхайд заавал байлгах бичиг баримтад оруулсан. Уурхайн эдэлбэр газар буюу ашиглалт явуулж байгаа газарт ашиглах гэрээ байгуулах байтал хариуцагч тал тусгай зөвшөөрлийн талбай дээр бүхэлд нь газар эзэмших гэрээ байгуулах ёстой гэсэн байр суурьтай байна” гэж үндэслэлээ тайлбарласан.
Харин хариуцагчаас “...хууль, журмын дагуу тусгай зөвшөөрлийн талбайд газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгоод явж байгаа. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлээгүй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмшүүлсэн болохоор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг нь дуусгавар болгох боломжгүй байгаа. Гэтэл энэ маргаанд газар эзэмших эрхийг дуусгавар болгоод өг гээд байна. Уурхайн үйл ажиллагаа явж газар, газрын хэвлий ашиглаад, төлбөр нэхэмжилж эрхийг нь зөрчинө гэсэн бодит үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад байна” гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд нь сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр[5] тус тус “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан, Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус 15 жилийн хугацаагаар бичүүлж авсан[6] байх бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа хэдий ч хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаанд, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтээ хариуцагч Засаг даргад гаргажээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 –д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор хуульчилсан байхад тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайн газар ашиглах асуудлаар хуульд заагаагүй үндэслэл дурдан газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс хариуцагч Засаг даргад гаргасан хүсэлтэд дурдсан агуулгад, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тайлбарласан “тусгай зөвшөөрлийн талбайн нийт хэмжээгээр бус ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг, бусад хэсэгт хамаарах газрын төлбөрийн асуудлыг ялган тодорхойлж газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрлийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах” гэсэн зүйл байх хэдий ч тухайн хүсэлтийг тодорхойлж гаргаагүй, зөвхөн “дуусгавар болгуулах” гэсэн хүсэлтээр, орон нутгийн зүгээс газар эзэмшүүлснийг үгүйсгэх байдлаар, өмнөх гэрээгээ дүгнэлтгүй асуудалд хандаад, түүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу өгсөнд нь маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаас авч үзвэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “тайлбараар бол нэхэмжлэгч нар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй, хуульд зааснаар газар эзэмших, ашиглах гэрээ хийгдэх ёстой тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн нь үндэслэлтэй буюу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж заасан сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хариу өгчээ.
Иймд нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс шүүхэд гаргасан “Төв аймгийн Б сумын 2020 оны 85 дугаартай албан бичгээр өгсөн хариу хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлагын хүрээнд, цаашид нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээгээр буюу уурхайн ашиглаагүй талбайн хэмжээгээр, үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчих үр дагавар үүснэ гэж нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн зүгээс одоо эзэмшиж байгаа газрын хэмжээ, түүний дотор гэрээгээр төлбөр ногдуулах гэсэн газрын хэмжээ, ямар үндэслэл шалтгаанаар хэрхэн байдлаар өөрчлөлт оруулах гэсэн тодорхой санал, улмаар гэрээгээ шинэчилж хийх агуулгаа тодорхой тусгасан хүсэлт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх байдлаар гаргасан хүсэлтэд хариуцагчийн албан бичгээр өгсөн энэ хариуны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөхөөргүй байна.
Нэхэмжлэгчийн хууль бус гэж маргаж буй Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар албан бичгийг хүчингүй болгуулснаар, Төв аймгийн БЖ сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоолгосноор нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг сэргэх нь тодорхойгүй байна.
2. Нэхэмжлэгч “БТ” ХХК, “ЦХ” ХХК-ийн “Төв аймгийн БЖ сумын Засаг даргад хандсан 2020 оны №03/20 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс “...хариуцагч хуульд зааснаар хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй, нэхэмжлэгч нар өргөдөл, гомдлоо хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна” гэж,
хариуцагчаас “...нэхэмжлэгч нарт тухайн 2019 оны гэрээгээ дүгнээд, дараагийн асуудлыг шийдвэрлэх талаар тухайн үед амаар хариу өгсөн“, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “Хоёр Засаг даргад ижил утгатай албан бичиг өгсөн, Энэ албан бичгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгээ хариу өгсөн. Ашиглалтын талбайн хэмжээгээр төлбөрийн асуудлаа хөндөх ёстой бол тэр талаар тодорхой хандаагүй, энэ талаар шүүхэд ч тайлбар өгч байна. Тус хүсэлтэд хариу өгснөөр нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь одоо ч тодорхойгүй байна” гэж тус тус маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл иргэн хуулийн этгээд өргөдөл гаргаснаас хойш захиргааны байгууллага хариу үйлдэл хийлгүй хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхыг ойлгохоор байна.
Гэвч бодит байдалд нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт Төв аймгийн БЖ сумын Засаг дарга “ЦХ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 тоот албан бичигтэй танилцаад “өмнөх оны гэрээг дүгнэж, газрын төлбөр төлсний дараа асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн хариуг амаар өгсөн[7].
Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тодруулахад нэхэмжлэгч компаниудын дундын уурхайн инженер Г.Эхлэнбаяр “...өмнө жилийн төлбөрийг төлөөд, гэрээгээ дүгнүүлсний дараа энэ асуудлыг ярилцъя гэж хариу өгсөн ...” гэж мэдүүлсэн зэргээр дээрх хариуцагчийн амаар өгсөн хариу шийдвэр нотлогдож байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан хуульд заасан “эс үйлдэхүй” тогтоогдохгүй байхын сацуу нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд хариуцагчийн дээрх амаар өгсөн өөрсдийг нь үйлдэл хийхийг санал болгосон хариуг аваад ямар нэгэн үйлдэл хийж, өмнөх оны гэрээг дүгнэх, улмаар газар эзэмших, ашиглах хэмжээ, түүний үндэслэлийн талаар санал гаргаагүй байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд нь тус орон нутагт газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулан ажиллаж байсан ба үүнээс нэхэмжлэгч нар болон хариуцагч, түүний алба нь гэрээний үүргийн харилцаанд орсон, гэрээний оролцогч талаас гэрээний агуулгад холбогдох асуудлаар хүсэлт гаргасныг нь үзвэл гэрээнд холбогдох санал гэж үзэхээр байна. Хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгчид өмнөх оны гэрээг дүгнүүлэх шаардлага тавьж, ингэснээр дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэе гэж хариу өгсөн нь нотлогдож байх тул хүсэлт, саналыг хэлэлцэхэд хамаарах асуудлаар хариу өгсөн гэж үзэхээр байна. Үүнд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах буюу энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмаар хариу өгнө” гэсэн бөгөөд уг зүйлийн 4 дахь хэсэгт нь “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж зааснаар хариу өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хариу өгсөн талаар тэмдэглэл үйлдээгүй гэх хариуцагчийн үйлдлийн улмаас, хариу өгсөн үйлдлийг үгүйсгэх, хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэлийг хангах үндэслэл үгүй байна.
Нөгөөтээгүүр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс үйлдэхүй байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх хөндөгдөн зөрчигдсөн болох, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд ямар эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ гаргахдаа “нэхэмжлэгч хариуцагч хоорондоо зөвшилцөх шаардлагатай” гэсэн буюу нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ зохих асуудлаар дахин гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Дээрхээс, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ газрын төлбөрийн асуудлыг хөндөн тайлбар хийсэн боловч маргааны үндэслэл болгож буй хариуцагч Засаг дарга нарт гаргасан хүсэлтийг энэ асуудлаар тодорхой гаргаагүй байхад, харин ирээдүйд үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилж хууль ёсны эрхийг зөрчих үр дагавар үүсгэж байна гэж дурдсан нь нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь газар эзэмших эрхийн гэрээний зүйлийг өөрчлөх, зөвтгөх шууд үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнээд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан дээрх хүсэлтийн үндсэн дээр хариуцагч нарын өгсөн хариуны улмаас шууд зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЦМЭЭ ” ХХК, “ЦХ” ХХК, “БТ” ХХК-иудын “Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,
“ЦХ” ХХК, “БТ” ХХК-иудын “Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгөөс 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч аж ахуй нэгжүүдэд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ