Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2020/00638/и |
Дугаар | 001/ХТ2021/00949 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/00949
2021 09 07 001/ХТ2021/00949
.........ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00894 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1089 дүгээр магадлалтай,
.........ын нэхэмжлэлтэй
.........т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч .........ын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг оролцов.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаартай шийдвэрээр .........аар 90,420,000 төгрөгийг гаргуулж .........энд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд Д.Батболд ......... хоёрын өмчлөлд байдаг, .........дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/ Их Монгол улсын гудамж 801 дүгээр байр 1403 тоот хаягт байршилтай 111.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, өр төлбөрийг барагдуулах ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагч ......... нь ......... хандсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 268,898,437 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд .........ын хувьд үүнийг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг 268,898,437 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020.01.17-ны өдрийн 4/1776 тоот албан бичгээр гаргасныг .........д 2020.02.04-ний өдөр гардуулж өгсөн. Д.Батболд, ......... нарын өмчлөлийн .........дугаарт бүртгэлтэй, 117.75 м.кв талбайтай орон сууц нь наран талруу харсан цонхтой, дулаан зогсоолтой, гадаа машины зогсоол ихтэй, хотын утаагүй бөгөөд түгжрэл багатай хэсэгт байрлалтай. Гэтэл тус газраас томилон ажиллуулсан үнэлгээчин нь олон давуу талыг харгалзаж үзээгүй. Мөн тухайн бүс нутаг дахь үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шийдвэрээр .........аас 91,030,000 төгрөгийг гаргуулж .........эд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.07.19-ний өдрийн 19261469 дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч .........д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1403 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг 2019.11.29-ний өдрийн 19261469/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019.12.20-ны өдрийн 19261469/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч ......... мэдэгдлийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч ......... шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020.01.14-ний өдрийн 60 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход орон сууц 268,898,437 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020.01.17-ны өдрийн 4/1776 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00894 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч .........т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111.75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1089 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ......... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэрийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаартай шийдвэрээр .........аас 90,420,000 төгрөгийг гаргуулж .........эд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд Д.Батболд, ......... нарын өмчлөлд байдаг, .........дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/ Их монгол улсын гудамж 801 дүгээр байр 1403 тоот хаягт байршилтай 111.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлбөр авагч ......... нь ......... хандсан. Улмаар НШШГГ-аас шинжээч томилон барьцаа хөрөнгийг 268,898,437 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч нь тухайн бүс нутаг дах үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд үнэлгээ хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч ......... нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн орон сууцны үнэлгээг зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ба хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шийдвэрийн дагуу ......... нь 90,420,000 төгрөгийг .........эд төлөх үүргээ биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, шийдвэр гүйцэтгэгч ........., Д.Батболд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Кристалл таун, 801-р байр 1403 тоот 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан байх ба төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй учир шинжээч томилсон, ......... ХХК үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 2020.01.17-ны өдрийн байдлаар 268,898,437 төгрөгөөр тогтоосон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй байна.
.........д үнэлгээний мэдэгдлийг 2020.01.20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад 2020.02.10-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчжээ. /хх 1-2,/
Харин дээрх орон сууц барьцааны зүйл мөн эсэх талаарх баримт хэрэгт байхгүй, барьцааны зүйлээс үүргийг хангуулах шийдвэр гараагүй тул барьцаа хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд төлбөр төлөгчийн ногдох хэсэг үүргийг хангах зүйл болох эсэх, хамтран өмчлөгчийн эрх хөндөгдөх эсэхийг хариуцагч анхаарах шаардлагатайг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00894 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1089 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Б.УНДРАХ