Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00964

 

2021           09            09                                          001/ХТ2021/00964

 

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00875 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1670 дугаар магадлалтай,

 

.........ын нэхэмжлэлтэй

.........т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч .........ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ......... нь 2019.02.01-ний өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Хаан банк ХХК-д 48,163,209 төгрөгийг төлөх болсон. Гэвч нэхэмжлэгч нь санхүүгийн хүндрэлтэй байсан учраас уг мөнгийг төлж чадаагүй байж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс барьцаанд байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр 14 тоот 25 м.кв талбай 2 өрөө орон сууцыг үнэ тохироогүй учраас үнэлгээ хийлгэсэн. Миний бие ......... улсын бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр, 14 тоот, 25 м.кв 2 өрөө байрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнэ болох 145,032,000 төгрөгийн 50 хувь болох 72,516,000 төгрөгөөр доод үнийг тогтоосон Шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 145,042,000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч нь үүнийг багаар үнэлсэн байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Дуудлага худалдаа нь эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлдэг. Уг байр нь хотын А зэрэглэлийн бүсэд байдаг бөгөөд супер засвар хийсэн, сан техникийн бүх тоноглолууд нь Итали улсаас ирүүлж хийсэн байхад бодит байдлаас багаар үнэлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дүгээр захирамжаар .........аас 48,163,209 төгрөг гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019.10.09-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна. Төлбөр төлөгч ......... нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн ......... дугаартай 25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч .........ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 145,032,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00875 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан .........т холбогдох, ......... ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар .........ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1670 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Оюунчжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, МУ-ын зах зээлд тухайн объект ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагүй” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, түүний аргачлалын талаар шүүхэд маргаж мэтгэлцсэн билээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр …хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг хэрэгжүүлээгүй болно. Шинжээч үнэлгээ гаргахдаа харьцуулах объектыг оновчтой сонгоогүйгээс үнэлгээ бодитой гаргаагүй тул шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч .........т холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

......... нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дугаар захирамжийн дагуу Хаан банкинд 48,163,209 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул уг захирамж, түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, барьцааны зүйлээс үүргийг хангуулах ажиллагааг явуулах явцад талууд орон сууцны үнийг тохиролцоогүй тул шинжээч томилсон, барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15-р байр, 14 тоот 25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 145,032,000 төгрөгөөр үнэлсэн .........ХХК-ийн 2019.12.24-ний өдрийн үнэлгээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргасан тайландаа үнэлгээ хийхэд баримталсан  зарчим, аргачлалыг тодорхой зааж, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ байрлалын болон чанар хийцийн итгэлцүүрийг ашиглаж, ижил төстэй байрлал, хийц, насжилт бүхий орон сууцны тухайн үеийн зарлагдсан үнийг харьцуулснаас гадна зардлын хандлага, орлогын хандлагын аргыг хэрэглэж үнэлсэн талаар тусгасан байх ба “үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах баримт, нотолгоо хэрэгт байхгүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00875 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1670 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 

                                  ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                     П.ЗОЛЗАЯА  

                 

                                                                                                     Х.СОНИНБАЯР

 

                                                                                                     Д.ЦОЛМОН