Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2021/0240/З |
Дугаар | 128/ШШ2021/0531 |
Огноо | 2021-08-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2021/0531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э ХХК, /РД:... /,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16 дугаарт Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 1.4 га газар ашигладаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 35, 36, 37 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу дээрх байршилд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/22 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалтын Нутгийн удирдлагын газраас тухайн нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/448 дугаартай гэрчилгээ /хавсралтаар гэрчилгээгээр олгогдсон талбайн булангийн цэгүүдийн солбицлуудыг тусган/ олгогдож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон Э ХХК-ийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан.
Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлсээр ирсэн.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зохицуулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж манай компанийн газар ашиглах гэрчилгээ, гэрээтэй дээрх байршил дахь 1.4 га газрын эрхийг цуцалж хүчингүй болгон тус компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироолоо.
Манай компанийн хувьд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчөөгүй тул дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүс нь дэд бүтэц муу, түүний дотор дулааны шугам сүлжээнд холбогдоогүй учир аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж барьж байгуулахад хамгийн хүндрэлтэй байдаг тул манай компанийн хувьд 1.4 га газраа ашиглахын тулд компаниудтай хамтарсан хөрөнгө оруулалт хийж дулааны шугам сүлжээг татсан.
Энэ ажил нь нүсэр бөгөөд хүн хүч, цаг хугацаа шаардсан ажил байдаг нь нийтэд илэрхий асуудал, мөн манай компани нь газар дээрээ хашаагаа барьж хуучин байгууламжуудыг нураах үйл ажиллагааг хийсээр байхад газар дээр нь үзэж нягтлан шалгахгүйгээр манай компанийн 1.4 га газрын эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн гаргасан шийдвэр хуулийн болон шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Иймд дээрх байдлаар нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16 дугаарт Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16 дугаарт Э ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг
Гэтэл нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасны дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, мөн зүйл хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11из/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7476 тоот албан бичгээр Э ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дүгээр тушаалаар Зайсангийн аманд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан байх бөгөөд[2] уг тушаалыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 2016/448 тоот газар ашиглах гэрчилгээг олгожээ[3].
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг ашиглах эрх нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байжээ.
Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ[4].
Дээрх маргаан бүхий тушаалын хавсралтын 16 дугаарт нэхэмжлэгч Э ХХК-ийн нэр бичигдсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.
Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Э ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017/24 тоот гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээг тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталж, баталгаажуулсан байна[5].
Нэхэмжлэгч Э ХХК нь дээрх гэрээг байгуулснаас хойш 1 жил 6 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр И.Х ХХК-иар дамжуулан Д ХХК-тай Дулааны шугам татах, огтлогоо хийх гэрээ-г байгуулан 150,000,000.0 / нэг зуун тавин сая/ төгрөгөөр дулааны шугам татах ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдож байна[6].
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Э ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зөрчлийг гаргаагүй байхад хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглах гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотроо тухайн газартаа дулааны шугамыг татах ажлыг хийж гүйцэтгүүлсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 16 дугаарт бичигдсэн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[1] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 44-46 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 47 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 31-32 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 63-66 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 12-18 дугаар хуудас