Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 10

 

2019 оны 05 сарын 15-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/10                           Баруун-Урт

 

Д.Жд холбогдох эрүүгийн 

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх  даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Д.Байгалмаа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Г.Сүрэн

хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн давж заалдах гомдлоор  шүүгдэгч Д.Жд холбогдох эрүүгийн 1830003230253 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 онд Сүхаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, 4-401 тоотод оршин суух, “М” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Ж. /РД:ЛЮ75092478/

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Б” дотуур байрны өрөөнд амарч байсан Ч.Аг шалны гишгүүрээр цохих, хогийн сав авч чулуудах, мөн орноос нь татаж унаган зодох зэргээр эрүүл мэндэд нь зүүн гарын 5 дугаар хурууны цуурсан гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар  зүйлийн  1  дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жд холбогдох  1830003230253 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Жыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Жд  урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч Ч.Агийн  шүүгдэгч Д.Жаас  эмчилгээний зардал болон бусад зардалд 1334020 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг     хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ж  нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Сугар эсэргүүцэлдээ:  Анхан шатны шүүх Д.Жд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхдээ хохирогчийн  анх удаа өгсөн мэдүүлэг болон хохирогчтой хамт байсан гэрчүүд нь хохирогч, гэрч нарыг хэн хэн нь таньдаг, нэг нутаг усны, нэг намынх гэдгээсээ болж ямар өнцгөөс мэдүүлэг өгөв гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээс харж болохоор байна. 

Шүүх хуралдаанд хохирогчийг буруутгаж, хэрэгт авагдаагүй, шалгагдаагүй зүйлээр гэрчүүд мэдүүлэг гаргасан нь өмгөөлөх талын хүсэлт орсонтой холбоотой бөгөөд энэ бүхий л байдалд дүгнэлт хийж шийдвэр гаргах ёстой байсан. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 552 дугаартай дүгнэлт нь хохирогч Ч.Агийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон баримт бөгөөд хэргийн үйл явдал болоод гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг нотолсон баримт биш гэж шүүх дүгнэсэн боловч шинжээчийн дүгнэлт хэн гэмтэл учруулсан гэдгийг тогтоох баримт биш гэдгийг мэдэх ёстой атал шүүгдэгч Д.Жд холбогдох хэргийг цагаатгахдаа дурдсан нь буруу байна.  Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг хангаагүй, нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, хэргийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн давж заалдах гомдолдоо: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А,  гэрч Н.Бгийн 2018 оны 10 дугаар сарын 14, 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, гэрч Цэцэгсайхан, Б.Эрдэнэтуул нарын мэдүүлгүүд, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 552 дугаар дүгнэлт зэргээр шүүгдэгч Д.Ж гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Д.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн давж заалдах гомдлоор  хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж  хийсэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Д.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх  шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцжээ.

Гэтэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнийн аав Ц.Хүрэлбаатар нь шүүгч Д.Сугарын хадам ах нь байна. Үүнээс үзэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүгчтэйгээ /бэр эгч/ төрөл, садангийн холбоотой  байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “энэ хуулийн 10.1 ... дүгээр зүйлд заасан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарах”  гэж, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... дараахь үндэслэл байвал эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж, энэ хэсгийн 1.2 дахь заалтад: “тухайн хэргийн ...оролцогчийн ... төрөл, садангийн хүн бол” гэж, энэ зүйлийн 4 дэх хэсэгт: “... энэ зүйлийн ... 1.2-т, ... заасан үндэслэлийг мэдмэгц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу  тухайн хэрэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцохоос татгалзан гарах тухай үүргээ биелүүлээгүй байна. Үүний улмаас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “... уг үүргээ биелүүлээгүй бол гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно” гэж, энэ хуулийн  1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ... энэ хууль ... заалтыг чанд сахина” гэж заасныг зөрчиж, тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал: эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймээс энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Энэ удаагийн шүүх хуралдаанаар улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Жд холбогдох эрүүгийн 1830003230253 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         О.БААТАРСҮХ 

 

   ШҮҮГЧИД          Б.СҮХГОМБО      

 

                                         Д.БАЙГАЛМАА