Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0001

 

 

 

 

 

 

“Х АЗЗА” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1079 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х АЗЗА ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б, С.Ө, Т.Ч нарт холбогдох улсын байцаагчийн актын төлбөр 52 212 120 / тавин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Х АЗЗА” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 8 аас 10 сард Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Х АЗЗА” ТӨХК-ийн 2011 оноос 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд тухайн шалгалтаар удирдах албан тушаалтан Н.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Ө, нярав Ч нар нь тухайн байгууллагыг удирдан ажиллаж байхдаа хууль, дүрэм, журамд заасан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас байгууллагад их хэмжээний дутагдал үүсгэж хохироосон болохыг тогтоож, буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахуулахаар нийт 15 төрлийн актаар төлбөр ногдуулсан. Хариуцагч нарын эдгээр хууль бус үйлдлийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хариуцагч нар компанид учруулсан хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагч нар сайн дураар улсын байцаагчийн гаргасан актын төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагч Н.Б, С.Ө нараас мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/429 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 5 000 000 төгрөг, 23-08-036/430 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 10 923 000 төгрөг, 23-08-036/431 тоот актаар  төлүүлэхээр тогтоосон 6 391 000 төгрөг, 23-08-036/433 тоот актаар  төлүүлэхээр тогтоосон 6 000 000 төгрөг, нийт 33 695 000 /гучин гурван сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч Н.Б-с мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/435 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 7 043 000 төгрөг, хариуцагч С.Ө-с 23-08-036/426  тоот актаар төлүүлэхээр тогтоосон 39 120 төгрөг, 23-08-036/428  тоот актаар төлүүлэхээр тогтоосон 594 000 төгрөг, 23-08-036/434 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 1 550 000 төгрөг, нийт 9 250 120 /есөн сая хоёр зуун тавин мянга нэг зуун хорь/ төгрөгийг, хариуцагч С.Ө, Т.Ч нараас 23-08-036/427 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 2 224 000 / хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, дээрх 3 хариуцагчаас гаргуулбал зохих нийт төлбөр 52.212.120 /тавин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2013 онд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж урьд нь манай байгууллагад ажиллаж байсан захирал Н.Б, нягтлан бодогч С.Ө, нярав Т.Ч нар байгууллагад их хэмжээний дутагдал үүсгэж хохироосон болохыг тогтоож, буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахуулахаар нийт 15 төрлийн актаар төлбөр ногдуулсан байсан. Үүнээс улсын байцаагчийн 10 актанд төлбөр төлөх Н.Б, С.Ө, Т.Ч нарын нэрсийг тодорхой дурдсан байдаг учир байгууллагад учирсан хохирлыг эдгээр хүмүүс төлж барагдуулах ёстой. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байхдаа төлбөрийг төлнө гэсэн байдаг. Манай байгууллагаас нэхэмжилж байгаа 52 212 120 төгрөг нь татварын өр төлбөртэй ямар ч хамааралгүй. Зөвхөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан акттай холбоотой байгууллагад хохирол учруулсан асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. ... Харин С.Ө-с актын төлбөр 594 000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Иймд нэхэмжлэлд заасан төлбөрийн хэмжээгээр Н.Б, С.Ө, Т.Ч нараас улсын байцаагчийн актын төлбөрийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дээрх төрлийн 15 акт нь байгууллага дээр гарсан акт байдаг тул үүнийг хувь хүмүүсээс нэхэмжлэх эрхгүй. Эдгээр улсын байцаагчийн акттай холбогдуулан “Хөвсгөл АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани 87 645 900 төгрөгийг Н.Б, С.Ө, Т.Ч нараас гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан бөгөөд энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Гэтэл шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, өмнөх нэхэмжлэлийн шаардлагын утга агуулгыг өөрчилсөн гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Учир нь татварын өр төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжлээд байгаа ч юм шиг, эсхүл татварын өр төлбөр болох 212 207 983 төгрөгөөс хасаад 52 212 120 төгрөг нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд улсын байцаагчийн актын төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, татварын өр төлбөр болох 212 212 120 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний А-8 тоот дүгнэлтээр 2011 оны касс харилцах шатахууны тайланг баримт материалтай тулган үзэхэд 2011 оны 5 сард 949 800 төгрөг, 6 сард 1 074 600 төгрөг, 8 сард 200 000 төгрөгийн шатахуун касс бэлэн мөнгөөр гаргаж “Шунхлай” шатахуун түгээх станцаас жагсаалтаар авсан нь тайланд тусгагдсан. Энэ шатахууныг жолооч нарт олгож тооцоо бодогдсон тул зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлт гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1079 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Б-с 15 738 500 /арван таван сая долоон зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг, хариуцагч С.Ө-с 11 357 500 /арван нэгэн сая гурван зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг, хариуцагч Т.Ч-с 1 112 000 /нэг сая нэг зуун арван хоёр мянга/ төгрөг, бүгд 28 208 000 /хорин найман сая хоёр зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөвсгөл АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 004 120 /хорин дөрвөн сая дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Б-с улсын тэмдэгтийн хураамж 236 642 төгрөг, хариуцагч С.Ө-с улсын тэмдэгтийн хураамж 196 670 төгрөг, хариуцагч Т.Ч-с улсын тэмдэгтийн хураамж 31 238 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчээс ирүүлсэн 23-08-036/434 тоот акт, 23-08-036/430 актуудад төлүүлэхээр заасан хохирлыг хариуцагч нар учруулсан гэх үндэслэлгүй байна. Учир нь дээрх актуудад заасан зөрчлийг дахин шалгуулах, эс биелбэл захирал, нягтлан бодогчоор төлүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага тухайн тооцоог дахин шалгуулсан эсэх талаар тодорхой бус, нотлогдохгүй байна... “ гэж дүгнэсэн.

Гэтэл манай өмгөөлөгчийн зүгээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.О-н 2013-10-30-ны өдрийн актуудыг /дахин шалгах, эс биелбэл төлүүлэх/ тодруулах зайлшгүй шаардлагатай учир гэрч асуулгах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн боловч гэрчийг асуулгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүх хуралдаанд манай итгэмжлэгдсэн төлөөлөгч компаний ажилтан оролцсон боловч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах, гэрч асуулгах нь ямар эрх зүйн ач холбогдолтой эсэхийг шүүх хуралдаан дээр тулгамдаж, учир холбогдлыг ойлгоогүй асуултанд хариулсан байдаг.

... Нэхэмжлэгч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК нь хариуцагч нарын гэм буруутай үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд тухайн актуудыг мөн шалгуулсан боловч хариуцагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлж өгөхөө баталж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлэсэн нотлох баримтыг анхан шатны шүүх бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж чадаагүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдлыг үнэлж дүгнэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ө давж заалдах гомдолдоо: ... Шударга шүүхээр шийдвэрлүүлэх нэг арга нь шүүгчийг, хэд хэдэн шүүгчийг, эсхүл тухайн шатны шүүхийн шүүгчийг бүгдийг бүхэлд нь татгалзаж болох тухай заалт юм. 2017 оны 11 сарын 9-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Хөвсгөл” АЗЗА компанийн нэхэмжлэлтэй татвартай холбоотой 212 207 983 төгрөгийг хариуцагч Н.Б, С.Ө нараар төлүүлэх, аймгийн Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар тогтоогдсон гэх 52 212 120 төгрөгийг Н.Б, С.Ө, Т.Ч нараас гаргуулах хэргийг шийдвэрлэхдээ энэ шүүх хуралдаанд хариуцагч талаас тухайн шатны бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Энэ нь ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Татгалзсантай холбоотой асуудлыг тухайн шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх, ингэхдээ тухайн шүүхийн ерөнхий шүүгч нь зарлан хуралдуулах байсан боловч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шүүгчдийн зөвлөгөөн хийж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 9-ний өдрийн 1079 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татгалзлыг тухайн шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх ингэхдээ тухайн ерөнхий шүүгч нь зарлан хуралдуулж асуудлыг шийдэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б-ын  гаргасан “... тухайн шатны бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ шүүх хуралдааны дундуур буюу хуралдааны завсарлагааанаар   шүүгчдийн зөвлөгөөн хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Шүүх хүсэлт шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр  зүйлийн 9.2-д  “Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч  шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй”, 92 дугаар зүйлийн 92.8-д “...тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэснийг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр  шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох үндэслэл болж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд шүүгчдийн зөвлөгөөн товлох, хуралдах, хуралдааны дэг зэргийг тодорхой тусгасан байхад дээрх журмыг  зөрчиж, шүүгчдийн зөвлөгөөн хийжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Ө-н давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1079 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Ө-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Т.ГАНБАТ