Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2018/00091/И |
Дугаар | 141/ШШ2018/00141 |
Огноо | 2018-05-14 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 141/ШШ2018/00141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нэхэмжлэгч Г.С,
Хариуцагч М.Д, В.С,
Иргэдийн төлөөлөгч Д.В нарыг оролцуулан,
Нарийн бичгийн дарга Б.Энхриймаагаар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Г.Сын нэхэмжлэлтэй, М.Д, В.С нарт холбогдох “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хөрш болох Д, С нар манайд хөрш болоод орохоосоо өмнө маш өндөр хашаа барьж, гэрэл хааж, ус авах, дэлгүүр орох зам хаасан. Учирлаж хэлсэн ч ер ойлгохгүй хэл амаар доромжлон үүдэнд хог хаях, угаадас, шээс цацах, цоож эвдлэн мушгих зэргээр дарамталж мөн иргэн С нөхөртэйгөө харддаг гэсэн яриа сонссон ч анзаарахгүй явсан. Гэтэл иргэн М-ийг оруулж утсаа өгч бичлэг хийлгэх, цонх хагалах, үүдний дотор цоож эвдлэх, зэрэг хорон үйлдэл байнга гарган сэтгэл санааны, эдийн засгийн хямралыг үргэлж бий болгодог. Сүүлдээ бүүр олон нийтийн хэрэгсэлд бичлэг цацаж дэндүү овилгогүй хүн чанаргүй үйлдэл гаргаж байгаад туйлын гомдолтой байна. 3 үеэрээ сэхээтэн хийж буй боловч сургууль, багш нар, сурагчдад тэр ч байтугай дэлхий даяар энэ бичлэг цацагдаж улам ч ажил хийхэд бэрхшээлтэй болсонд маш их гомдож энэ нөхдөөр нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хямралыг ойлголцох үндсэн дээр шүүхэд хандаж байна. Ер нь гэртээ ч тайван байхгүй, амь нас ч баталгаагүй, эрүүл мэнд ч тун хохирч байна. Иймээс энэ хүмүүст зохих хэмжээний ёс зүйтэй байхыг ойлгуулмаар байна. Иймд нэр төрөө сэргээлгэх, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч М.Д, В.С нар нь Г.Сын нэхэмжлэлийг
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гардан аваад В.С нь 2018 оны 4 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.Сын нэхэмжлэлдээ дурдсан асуудлууд бүгд ор үндэслэлгүй зүйл ба харин ч эсрэгээрээ өвөлжингөө манай хашаа руу угаадсаа асгаж, хэрэглэсэн нойлын цаас, уусан архины шилээ давуулан хаяж, шидэж өвөлжсөн. Энэ талаар ярьж хэлэх гэхээр хүний үг огт авдаггүй байсан тул фейсбүүкдээ энэ тухай зурагтай нь нийтэлсэн. Миний зүгээс энэ хүний гаргаж байгаа үйлдлийг нотлох баримттай нийтэлсэн бөгөөд ямар нэгэн байдлаар гүтгэх, доромжлох, нэр төрд нь халдах санаа зорилго байгаагүй, тийм үйлдэл гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд хэргийн оролцогч нь нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй нь уг нэхэмжлэл үндэслэлгүй болохыг давхар нотолж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ. Мөн М.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С-ын нэхэмжлэлд бичсэн хашаа барих шалтгаан нь уг айлд ирдэг согтуу хөлчүү, бүтэх бүтэхгүй хүмүүсээс өөрийн эд хөрөнгө, хашаа, байшин зэргийг хамгаалахын тулд зохих хууль журмын дагуу барьсан. Хэл амаар доромжилсон гэсэн нь үндэслэлгүй. “Болох болохгүй хүмүүс орж гараад байна, хашаанаас юм алга болвол хэн хариуцах юм бэ” гэхээр урдаас “чи хүнд алдах юутай гуйлгачин бэ” гэж хэлж байсан. Үүдэнд хог хаях, угаадас, шээс цацсан гэсэн нь мөн л ор мөргүй зүйл. Өөрийн хийдэг үйлдлийг бидэнд тулган гүтгэсэн үйлдэл байна. Удаа дараа хашаа давуулж 00-ын цаастай муу ус цацах, уусан архины шил, нохойныхоо цуглуулж авч ирсэн яс гэх мэт зүйлийг хаяж байсан. Уг үйлдлийг нь хэлсэн боловч үл тоож, үйлдлээ давтсаар өнөөг хүрсэн. Цоож эвдэлсэн, мушгисан, дарамталсан гэж буй нь ор үндэсгүй гүтгэсэн байна. Өөрөө л харин чамайг ажил амьдралаар чинь тоглоно, яаж явахыг чинь харна гэх зэргээр удаа дараа дарамталж байсан. Гэрийн үүдэнд 00-ын цаастай муу ус цацах, хог, архины шил зэргээ хашаа давуулж хаяхаа боль гэсээр байхад гэрийн хаалга руу 00-ын цаастай муу усаа цацсан байхаар нь фейсбүүкд зургийг нь нийтэлсэн. Иймд Г.Сын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Харин Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: “М.Д, В.С нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр D гэсэн фейсбүүк хаягаас намайг айлын хашаа давуулан муу усаа цацаж, уусан архины шилээ хаядаг, ийм хүн ардын багш мөн үү гэсэн агуулгатай мэдээлэл цацсанаас миний нэр хүнд гутаж, үүнээс болж би сэтгэл санааны маш их хямралд орж, эрүүл мэндийн байдал хүртэл доройтсон. Эдгээр хүмүүсийн фейсбүүкт тавьсан мэдээлэл нь зөвхөн сум орон нутагт ч биш, дэлхий нийтээр цацагдсан мэдээлэл байсан. Уг мэдээлэл гарсны дараа хамгийн анх Г, Б багш нар хараад надад хэлсэн ба мөн миний шавь болох 10-12 дугаар ангийн сурагчид ч харсан тухайгаа надад хэлж байсан. Мөн Улаанбаатар, Хөвсгөл, Эрдэнэт, Говь-Алтай зэрэг газруудаас миний таньдаг хүмүүс над руу утасдаад юу болов гээд байсан. Дээрх мэдээлэл нь миний нэр төрд халдаад зогсохгүй миний 35 жил багшаар ажилласан хөдөлмөрийн маань үнэ цэнийг үгүй хийсэн, үр хүүхдүүдийн маань амьдралд ч сэв суулгаж болзошгүй мэдээлэл байсан. Би гадуур гарч явахдаа ичдэг эмээдэг, санаа зовдог болсон, хүүхдийнхээ тайлан тоглолтод ч санаа зовоод очиж чадахгүй байгаа. Мөн хүүхдүүдийг маань бэрүүд маань юу гэж хэлж байгаа бол гэхээс хүртэл санаа зовдог болсон. Би баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь үнэн боловч хэзээ ч ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж үзээгүй. Надад муу ус, архины шилийг айлын хашаа давуулаад шидэж байх ухамсар ч байхгүй. D гэсэн фейсбүүк хаягаас М.Д, В.С нар нь дээрх мэдээллийг нийлж нийтэлсэн байсан. Иймд эдгээр хүмүүсээр нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Миний нэр төрийг яаж гутаасан яг тэр арга хэлбэрээрээ нэр төр сэргээж өгөхийг шаардсан боловч одоо бодоод байхад хэрэв шүүхээс миний нэр төрийг гутаасан арга хэлбэрээр нь сэргээхийг хариуцагч нарт даалгачихвал дахиад л фейсбүүкээр миний талаар мэдээлэл цацагдаж, хүмүүсийн анхааралд өртөөд надад хохиролтой гэж үзэж байна. Иймд би М.Д, В.С нараар хууль бус үйлдлийнх нь төлөө уучлалт гуйлгуулж нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна.
Мөн би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийгээ тайлбарлавал цонх шиллүүлсний үнэнд 120,000 төгрөгг, цоож худалдан авч суулгуулсны үнэнд 65,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөг, үлдсэн нь эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болох юм.
2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэн нэгэн этгээд манай цонхыг хагалж, хаалганы 2 цоожийг эвдэлсэн. Хэн гэдгийг нь би хараагүй, Цагдаагийн байгууллагад хандахад эзнийг нь тогтоож өгөөгүй боловч би М.Д, В.С нарыг гэж бодож байгаа учир цонх, цоожны үнийг нэхэмжилж байна. Мөн эдгээр хүмүүс фейсбүүкээр миний нэр төрд халдсан мэдээлэл нийтэлснээс миний сэтгэл санаа хямарч, эрүүл мэнд доройтсон ба би энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд улсын тэмдэгтийн хураамжид мөнгө төлсөн учир уг мөнгөө нэхэмжилж авах нь зүйтэй гэж үзсэн.” гэжээ.
Хариуцагч М.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тухайд D гэсэн өөрийн фейсбүүк хаягаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн яриад байгаа мэдээллийг нийтэлж тавьсан нь үнэн. Гэхдээ би уг мэдээллийг Г.Сын нэр төрд халдсан мэдээлэл гэж үзэхгүй байна. Учир нь Г.С нь урьд өмнө манай хашаа руу муу усаа цацаж байгаад надад баригдаж байсан. Мөн эднийхээр янз бүрийн хүмүүс их орж гардаг, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Тухайн үед бид гэртээ байхгүй байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байшингаа эргэж очиход хашаанд нойтон 00-ын цаастай муу ус цацсан, архины шилнүүд хаясан байсан. Хэдийгээр Г.Сыг муу усаа цацаад, уусан архины шилээ хаяж байхыг нүдээр хараагүй ч энэ хүн урьд ийм үйлдлүүд гаргадаг байсан ба түүнээс өөр ингэх хүнгүй гэдгийг мэдэж байсан учир дээрх мэдээллийг цацсан. Мөн би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г.Сын цонхыг хагалж, цоожийг эвдэлсэн зүйл байхгүй. Харин миний фейсбүүкт тавьсан мэдээллээс үүдэлтэйгээр Г.С нь шүүхэд хандсан учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг гаргаж өгч болно” гэжээ.
Мөн хариуцагч В.С нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:
“М.Д бид 2 ярилцаж байгаад М.Дгийн D гэсэн фейсбүүк хаягаас Г.Сын талаар мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тавьсан нь үнэн. Гэхдээ бид ор үндэслэлгүй зүйлийг бичиж Г.Сын нэр төрд халдаагүй. Тухайн хүний гаргадаг үйлдлүүдийн талаар л үнэнийг бичсэн. Уг мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр устгасан учир тийм ч олон хүн үзээгүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нь өгч болно.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч М.Д, В.С нарт холбогдуулан “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэр төрийг нь яаж гутаасан тэр арга хэлбэрээр сэргээлгэх шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед буруутай этгээдүүдээр уучлалт гуйлгах замаар нэр төрөө сэргээлгэхийг хүсчээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрүүл мэнд сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...Цонх шиллүүлсний үнэнд 120,000 төгрөг, цоож худалдан авч суулгуулсны үнэнд 65,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 98,750 төгрөг нэхэмжилнэ. Үлдсэн нь эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болно” гэж мөнгөн дүнгээр нэхэмжилсэн шаардлагаа тодруулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан дээрх тайлбартай холбогдуулан хариуцагч М.Д, В.С нараас нэмж гаргах тайлбар, нотлох баримтгүй гэсэн учир шүүх хэргийг “Нэр төрийг уучлалт гуйх хэлбэрээр сэргээлгэх, эрүүл мэнд сэтгэл санааны хохиролд 716,250 төгрөг, эд материалын хохиролд 283,750 төгрөг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч М.Д, В.С нар нь нийлж, D гэсэн фейсбүүк хаягаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Г.Сын талаар, “Завхан Тосонцэнгэл 1-р сургуулийн багш Г.С айлын үүдэнд хашааг нь давуулан давуулан муу усаа цацаж, уусан архины шилээ хаядаг, энэ ардын багш мөн үү” гэсэн бичвэрийг 2 ширхэг фото зургийн хамт нийтэлж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр устгасан үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байх ба энэ байдал нь хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан фото зураг, гэрч Ж.Б, Т.Г нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Г.С, хариуцагч М.Д, В.С нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Уг мэдээлэлд нэхэмжлэгч Г.Сын ажлын газар, эрхэлдэг албан тушаал, эцгийн нэрний эхний үсэг болон өөрийн нэрийг нь тодорхой бичсэн,
өөрөөр хэлбэл бичигдэж байгаа этгээд нь хэн бэ гэдэг нь тодорхой байх бөгөөд нийтээр дагаж мөрддөг зан суртахууны хэм хэмжээнээс гажууд үйлдэл хийсэн агуулгаар бичигдсэн учир нэхэмжлэгч нь нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулахаар шаардах эрхтэй байна.
2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.С нь айлын хашаа давуулан муу усаа цацсан, архи уусан, уусан архины шилээ хашаа давуулан шидсэн үйл баримтыг хариуцагч нар шүүхийн өмнө нотолж чадахгүй байх ба хэрэгт энэ талаарх нотлох баримтууд авагдаагүй байна.
Иймд Г.Саас ирүүлсэн “Нэр төр сэргээлгэх” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэр төрөө сэргээлгэх хэлбэрийг сонгосон учир хариуцагч М.Д, В.С нарыг нэхэмжлэгч Г.Сын нэр төрийг гутаасан хууль бус үйлдэлдээ уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээхийг шүүхээс даалгах нь зүйтэй гэж үзлээ.
2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр М.Д, В.С нар нь нийлж D гэсэн фейсбүүк хаягаас Г.Сын талаар нийтэлсэн мэдээллийн улмаас нэхэмжлэгч Г.С нь сэтгэл санааны хохирол хүлээсэн болох нь түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрч Ж.Б, Т.Г, С.Г нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд Г.С-с ирүүлсэн “Эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 716,250 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Харин 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.Д, В.С нар нь Г.Сын цонхыг хагалж, цоожийг эвдэлсэн талаар нэхэмжлэгч шүүхийн өмнө нотолж чадаагүй, хэрэгт энэ талаарх баримтууд байхгүй ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Г.Саас ирүүлсэн “Эд материалын хохиролд 283,750 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагч М.Д, В.С нарыг Г.Сын нэр төрийг гутаасан хууль бус үйлдэлдээ уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээхийг шүүхээс даалгаж, тэднээс эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 716,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эд материалын хохирол нэхэмжилсэн 283,750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан ба хариуцагч М.Д нь өөрийн фейсбүүк хаягаар мэдээллийг нийтэлсэн, хариуцагч В.С нь түүнд гар утсаа өгсөн, мэдээлэл нийтлэхийг дэмжиж туслалцаа үзүүлсэн талаараа тайлбарлаж, зохигчид маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 716,250 төгрөгийг 2 хувааж, 358,125 төгрөгийг М.Дгээс, 358,125 төгрөгийг В.Сос гаргуулах нь үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан ба нэхэмжлэгч Г.С нь нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын үнэд 70,200 төгрөг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн үнэд 28,550 төгрөг, нийт 98,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, түүнээс ирүүлсэн нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэж буй учир 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг, сэтгэл санааны хохиролд 716,250 төгрөг гаргуулахаар хангаж шийдвэрлэж буй учир уг үнийн дүнд бодогдох 22,788 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус хариуцагч М.Д, В.С нарт хувааж хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 3, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Д, В.С нарыг нэхэмжлэгч Г.Сын нэр төрийг гутаасан хууль бус үйлдэлдээ уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээхийг даалгаж, сэтгэл санааны хохиролд М.Дгээс 358,125 төгрөг, В.Сос 358,125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Ст олгож, эд хөрөнгийн хохиролд нэхэмжилсэн 283,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгээс 46,494 төгрөгийг, хариуцагч В.Сос 46,494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Ст олгосугай.
3. Иргэний хэ рэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Б.ӨЛЗИЙХИШИГ