Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 141/ШШ2018/00203

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг хаягаар оршин суудаг А овогт Д-ийн Эийн нэхэмжлэлтэй, З А Т С С Д О Ад холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа  оролцов.

Нэхэмжлэгч Д.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Т нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй бөгөөд өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтүүдийг шүүхэд бичгээр  ирүүлсэн байх ба шүүх хэргийг зохигч талын эзгүйд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс З А Т С С Д О Ад жолооч, нярваар томилогдон ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш гэрээний дагуу ТҮ-3-1 зэрэглэлээр цалинжиж, сард 349,650 төгрөгийн цалин авч байгаад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалтгаангүйгээр цалин хасагдаж 192,000 төгрөг болсон. Мөн энэ хугацаанд тус байгууллагад галчийн ажлыг цуг хийж байсан. Гэвч 2016 оны 10 дугаар сар хүртэл 192,000 төгрөгөөр цалинжиж, үүнээс хойш огт цалин олгогдоогүй. Энэ хооронд үүрэгт ажлаа тогтмол хийж байсан. Иймд дутуу олгогдсон цалингийн зөрүү 2,730,000 төгрөг, 9 сар цалингүй ажилласан хугацааны 3,776,000 төгрөг, нийт 6,506,000 төгрөгийг тус байгууллагаас нэхэмжилж байна. Одоогоор ямар үндэслэлээр халагдсан нь тодорхойгүй, халагдсан тушаал байхгүй. Төрийн банкинд цалингийн зээлтэй, цалингийн зээлээ төлж чадахгүй байна. Ойн ангийн дарга нь намайг ямар ч  үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн даргаар томилогдон ажиллаж байна. Намайг анх ажил авсан өдрөөс эхлэн Эийн асуудал яригдаж эхэлсэн. Э нь сүүлийн 3 сар ажилдаа ирээгүй, цагаа бүртгүүлээгүй, цалин аваагүй гэж байсан. Би энэ талаар Этэй ярилцаж, ажлаа сайн хийх талаар  зөвлөсөн боловч Э үүнээс хойш ажилдаа ерөөсөө ирээгүй. Би өөртэй нь 2-3 удаа уулзаж “Чи яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм, байгууллагын унаа машин хэрэгтэй байна, байгууллагын эд хогшил бүрэн бүтэн байдлыг хүлээн авч тооллого явуулах шаардлагатай байна” гэж хэлсэн боловч ажилдаа ирэхгүй бүтэн 4 сар болсон. Энэ хугацаанд ахлах мэргэжилтэн Даваацэрэн болон мэргэжилтэн Одгэрэл нар 4-5 удаа очиж уулзсан. Тэгээд амаар хэлээд болохгүй болохоор нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажилдаа ирэхгүй байсан тул хамт олон Эийн асуудлыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж надад үүрэг өгсний дагуу Этэй уулзах гэсэн боловч ирэхгүй байхаар нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж дараагийн хүнийг ажилд нь оруулсан. Э нь байгууллагын машиныг гэрийнхээ гадаа хашаандаа тавьчхаад өгөхгүй хувийн хэрэгцээнд хэрэглээд байсан ба машинаа хүлээлгэн өг гэж хэлэхээр өгнө гэж худлаа хэлсээр 6 сар хүртэл машинаа хүлээлгэж өгөөгүй тул 2017 оны 6 дугаар сарын 12-нд сум дундын цагдаагийн хэлтэст хүсэлт өгч 8 дугаар сарын 09-ний өдөр машиныг хүлээн авсан. Энэ хугацаанд Э нь албаны машиныг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, машин явахаа больсон, эд ангиуд нь эвдэрсэн, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан. Байгууллагын эд хогшил ямар нэгэн бүртгэл тайлан байхгүй, эд хогшил дутсан байгаа. 2017 оны тайлан гарсны дараа дутсан эд хогшлыг төлүүлэхээр нэхэмжилнэ. Ажилдаа ирэлгүй бүтэн 7 сар болж, байгууллагын машиныг хувийн хэрэгцээндээ хэрэглэж байж эвдсэн, байгууллагын эд хогшлын бүрэн бүтэн байдал алдагдаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул ажлаас нь халсан болно” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч З А Т С С Д О Ад холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Завхан  аймгийн  Тосонцэнгэл  сумын  сум  дундын  Ойн ангийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Д.Эийг тус Ойн ангид жолооч, нярваар түр томилон ажиллуулахаар шийдвэрлэж, цалингийн хэмжээг ТҮЗ-1 зэрэглэлээр буюу 349,630 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээний үндсэн дээр ажиллуулж байгаад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Энэ  талаар  зохигч  талууд  маргахгүй  байх  бөгөөд хэрэгт авагдсан Завхан

аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Ойн ангийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалуудын хуулбар, 2014 онд ажилтан Д.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна.

З А Т С С Д О Айн дарга нь Д.Эийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон байна.

Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг хэрэглэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Д.Э нь ажилдаа ирэлгүй 7 сар болсон, байгууллагын машиныг хувийн хэрэгцээнд хэрэглэж эвдсэн, байгууллагын эд хогшлын бүрэн бүтэн байдал алдагдуулсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул ажлаас халсан болно...” гэсэн хэдий ч ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй учир Д.Эийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч Д.Э нь удаа дараа ажилдаа ирээгүй, өмч хөрөнгийг албаны зорилгод ашиглах боломжгүй байдал бий болгож байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргээр сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын тайлбар, сум дундын Ойн ангийн УАЗ фургон автомашиныг Д.Эөөс хүлээн авсан акт, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Эөд Ойн ангийн даргаас хүргүүлсэн 25 дугаартай албан бичгийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, Цагдаагийн хэлтэст Ойн ангийн даргаас хүргүүлсэн 31 дугаартай албан бичгийн хуулбар, З А Т С С Д О Айн 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны ажлын цагийн балансын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж ажил олгогчоос цалин хөлс нэхэмжлэх боломжгүй юм.

Харин ажилласан хугацааныхаа цалинг сар бүр 349,630 төгрөгөөр тооцож, зөрүүг ажил олгогч Ойн ангиас нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Э нь ажиллаж байх хугацаанд нь түүний цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй, энэ талаар шийдвэрлэсэн тушаал шийдвэр гараагүй, нэхэмжлэгч энэ байдлаа шүүхийн өмнө нотолж чадахгүй байна.

Харин 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч цалинг нь мөн тушаал шийдвэргүйгээр бууруулан 192,000 төгрөг болгосон гэсэн тайлбарыг нь хариуцагч хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөн энэ байдал нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар давхар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Эийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа дутуу авсан буюу 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал 1 жилийн хугацааны зөрүү цалинг /олговол зохих 349,630 төгрөгөөс олгосон 192,000 төгрөгийг хасаж зөрүү 157,630 төгрөгийг 12 сараар тооцон/ хариуцагч З А Т С С Д О Аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

Харин 2016 оны 10 дугаар сараас хойш Д.Э нь ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Энэ    байдал    нь    хариуцагч     байгууллагын      төлөөлөгчийн      тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, З А Т С С Д О Айн 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны ажлын цагийн балансын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Цалин гэдэг бол ажилтан ажилласныхаа хөлсөнд авч байгаа төлбөр бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацаанд огт ажиллаагүй байх тул түүнд цалин гаргуулан олгох боломжгүй юм.

Иймд цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр    төлүүлж,   нэхэмжлэл    хангагдсан    тохиолдолд     хариуцагчаар төлүүлдэг.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ойн ангиас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч З А Т С С Д О Аас цалингийн зөрүү 1,891,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин гаргуулах хэсгийг болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З А Т С С Д О Аас 45,215 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УРТНАСАН