Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32017/03722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Т, Л.Б- нарт холбогдох

 

Н.Т болон Л.Б- нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/ Энх тайваны өргөн чөлөө гудамж 37 дугаар байр, 19 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,

Хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ББСБ-ын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/26 тоот албан бичигт Н.Т-д зээлийн хороогоороо хуралдаж 200 000 000 төгрөгийн зээлийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор багтааж олгохоор шийдвэрлэсэн. Иймд танай байгууллага харилцан тохиролцсоны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Н.Тын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсний дагуу манай “Х с” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг Н.Т-тай байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 37 дугаар байр, 19 тоот 109,72 м.кв орон сууцыг 257 842 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Н.Тын нэр дээр тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргасан. Мөн орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй ямар ч тохиолдолд тус орон сууц нь “Х с” ХХК-ийн өмчлөлд байхаар гэрээ байгуулсан боловч Н.Т нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр Л.Б-д худалдсан байна. Иймд Н.Т, Л.Б- нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн дээрх орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож “Х с” ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Уг орон сууцыг 257 842 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Зээлийн хороо шийдсэн бөгөөд урьдчилгаа 21 саяыг төлсөн байсан тул зээлийн 200 саяыг нэхэмжлэгчид шилжүүлнэ, шилжүүлээгүй бол байрыг буцааж шилжүүлэх тухай бичиж өгч гэрээ байгуулсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр ордерыг аваад өөр газар барьцаалсан байдаг. Улмаар зээлээ Л.Б-аар чөлөөлүүлээд нэр дээр нь шилжүүлсэн байсан. Мөнгөө төлөөд буцааж авна гэж тайлбарлаж байсан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөлийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Н.Т, Л.Б- нарын хоорондын гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, улмаар нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тооцож өгнө үү. Н.Т ба Л.Б- нарын хоорондын гэрээ байдаг. Гэхдээ үүнийг яриахаас өмнө нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдаг. Зөрчигдсөн эрхээ сэргээлгзх, үйлдэлийг зогсоохоор шаардах эрхтэй гэдгээр шаардлага гаргасан. Банкны зээлийн хорооны бичгээр өөрийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь өөр этгээдэд шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Х с” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулан бодит байдлаас илтэд зөрүүтэй худал тайлбарыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Т миний бие “Х с” ХХК-аас Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 37 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204068534 тоот эд хөрөнгийг худалдан авч төлбөрт нь их хэмжээний мөнгийг төлсөн. “Х с” ХХК-ийн зүгээс хууль шүүхийн байгууллагад худал тайлбар гаргаж намайг гүтгэн хандсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх байр авна гэж тохирсон. Үлдэгдлийг зээлээр төлнө гэсэн боловч зээл гараагүй тул төлж чадаагүй. Улмаар өөр газраас 50 саяыг зээлээд байраа барьцаалсан бөгөөд эдийн засагчийн хэлсэнээр Л.Б-тай гэрээ байгуулсан байгаа. Мөн 10 сая төгрөгийн гэрээ бас байдаг. Н.Т-ын итгэлийг эвдэж Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Л.Б- нь цагдаагаар шалгагдаад эхлэнгүүт М.Т уруу шилжүүлсэн байдаг. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дээд шүүхийн тогтоолд гэрээний зүйл бодит байдалд шилжээгүй гэсэн байдаг. Худалдах-худалдан авах гэрээ эргэлзээтэй гэсэн байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар мөнгө төлсөнөөр өмчлөх эрх шилжинэ гэсэн, гэтэл зээлийг нь далимдуулаад Л.Б- нь өөрийн нэр дээр авсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөгчөөр тогтоолгоё гэдгийг дэмжиж байгаа. Анхнаасаа Л.Б-д худалдах зорилгогүй байсан ба хуурч зуруулсан. Л.Б- нь хуураад гэрээ байгуулсан. Дараа нь ийм юм болно гэж мэдэлгүй итгээд гарын үсэг зурсан. Одоо маргаж буй байр нь нэхэмжлэгчийн өмч гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

1. Н.Т болон Л.Б- нарын хооронд хийгдсэн 2015 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах” гэрээ нь тухайн цаг хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон.

2. Миний бие дээрх орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М.Т-д “Орон сууц худалдах-худалдан авах” гэрээний дагуу худалдаж, уг гэрээ мөн тухайн цаг хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон болно.

3. Миний бие тухайн үед дээрх гэрээгээ байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхийг олж аван улмаар бусдад шилжүүлж худалдсан. Гэрээний эрх үүрэг хэрэгжээд дуусгавар болсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрх шилжсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх бөгөөд надад хамааралгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээ бичгээр байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэгдсэн ба хуульд заасан шаардлага хангасан. Нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл нэхэмжлэлд дурдагдаагүй байна. Агуулгаас нь харахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл байх ёстой. Энэ дотор Н.Т болон Л.Б- нарын гэрээ нь хуулийн аль заалтад хамаарах талаар заагаагүй. Хуульд зааснаар хүсэл зоригоо илэрхийлээд гэрээг бичгээр хийгээд хэрэгжээд явсан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бидний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж байна. Иргэний хуулийн 100 дугаар зүйлд өмчлөгч гэдгийг заасан. Иргэн өмчлөгч байна. Мөн хуулийн 182 дугаар зүйлд улсын бүртгэл бүртгүүлэх улмаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үл хөдлөхийн өмчлөгч гэдгийг тогтоож байгаа юм. Л.Б- болон Н.Т нар гэрээ хийхэд өмчлөгч нь Н.Т байсан. Хамтран өмчлөгч байгаагүй. Нэг хүний өмч байсан. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй. Гаргасан сөрөг нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч болон хариуцагч Н.Т нар нь үгсэн хуйвалдаж байгаа байдал харагдаж байна. Тухайн үед гэрээгээ байгуулаад мөнгөө төлөөд үл хөдлөхөө шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь анх хуулийн 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гэж ойгосон. Гэтэл одоо 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-г ярьж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь нөгөө хариуцагчаа дайрсан байдалтай байна. Иймд нэхэмжлэгч болон Н.Т нар үгсэн тохирсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Т-д өмчлөх эрхээ өөрөө л өгсөн. Өнөөдөр гуравдагч этгээд М.Т-ын ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд шүүх бусдын өмчлөх эрхийг хөндөхгүй шаардлагын хүрээнд шийдэж өгнө үү. Өмчлөх эрхийг хязгаарласан зүйлгүй, хэлцэл хийх эрхтэй тул эрүүгийн журмаар шалгагдаж байхад өмчлөх эрх шилжүүлсэн гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч Л.Б- нь уг байрыг М.Т-д 140 000 000 төгрөгөөр зараад мөнгөө бүрэн авч өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар маргаан байхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан байрны өнөөдрийн өмчлөгч нь М.Т-. Энэ байрыг 140 сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж улсын бүртгэлд өмчлөх эрх шилжсэн байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар өмчлөх эрх шилжихэд ямар нэг эсэргүүцэл гараагүй. Улмаар өмчлөх эрх шилжсэн байгаа. Өмчлөх эрх шилжих үед М.Т- нь маргаж байгаа гэрээг огт мэдээгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шударга өмчлөгч юм. Н.Т болон Л.Б- нарын гэрээ нь М.Т-ын өмчлөх эрхийг хөндөхгүй. Н.Т болон Л.Б-ын хооронд зээлийн гэрээ байсан гэх боловч баримтгүй. Харин эрүүгээр шалгагдах үед боломжоороо төлж байраа авна гэсэн боловч аваагүй тул Н.Т-ын өмчлөх эрх дуусаж Л.Б- нь М.Т-д зарсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн алийг барьж байгаа талаар хууль зүйн үндэслэл гаргахгүй байна. Н.Тыг залилсан гэж шалгаад эрүү үүсгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч Н.Т, Л.Б- нарт холбогдох 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 хороолол /13344/, Энх тайваны өргөн чөлөө гудамж 37-р байр, 19 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, улмаар уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч “Х с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/03751 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг шүүх үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас, мөн зүйлийн 40.1-т заасны дагуу тал бүрээс бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б- нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийг \хх 36 хуудас\ иргэн Ц.Ихбаярт олгожээ. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ихбаярт нэхэмжлэлийн хувийг гардуулсан тухай баримт \хх 38 хуудас\ хэрэгт авагджээ.

Гэтэл хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Н.Т болон Л.Б- нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ /хх 13 хуудас/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн шүүгчийн захирамжийн дагуу гаргуулан авсан Н.Т болон Л.Б- нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд зурагдсан Л.Б-ын гарын үсэг /хх 68 хуудас/, мөн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч дэслэгч Б.Пүрэвдоржийн хариуцагч Л.Б-аас авсан гэрчийн мэдүүлэгт /хх 89 хуудас/ зурагдсан Л.Б-ын гарын үсэг нь   2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Ц.Ихбаярт шүүхэд төлөөлөх итгэмжлэлд зурагдсан гарын үсэгтэй энгийн нүдээр харахад эрс зөрүүтэй байгаа нь шүүх нягтлан шалгаагүй өнгөрүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 заасан эрхүүд нь нэхэмжлэлийн шаардлага гардан авахтай холбоотой зохицуулсан хэм хэмжээ бус энэхүү эрх олгосон үйлдлийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 заасныг үндэслэл болгон өөрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгүүлэхээр эрх олгосон тухай итгэмжлэлд дурьдан шийдвэрлэдэг.

Улмаар эргэлзээтэй итгэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг гардан авах эрх хариуцагчаас олгосон итгэмжлэлд заагдаагүй байхад шүүх түүнд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан шүүхээс нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагаа хуульд зааснаар хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан эрхийг хариуцагчийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэхээс бус мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх тухай үүргийг хэргийн оролцогчийн хувьд хуулиар хүлээгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлд заасан тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг мөн зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2017/14515 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн тогтоох хэсэгт “...мөн Улсын Дээд шүүхийн 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн 00705 дугаартай тогтооолд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Л.Б-, М.Т- нарт шилжсэн боловч эзэмшил Н.Тд хэвээр байгаа, Н.Т, Л.Б- нарын хороондын орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг тодорхой болоогүй, шидэгдээгүй талаар дурьдсан...”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/00705 тоот тогтоолын Хянавал хэсгт “... Л.Б-, Н.Т нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх Л.Б-д шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч эд хөрөнгийн эзэмшил нь шилжээгүй, хуучин өмчлөгч Н.Т тухайн орон сууцанд амьдарсан хэвээр байгаа нь тогтоогджээ. Хариуцагч Н.Т нь нэхэмжлэгч Л.Б-д орон сууцыг худалдаагүй гэж маргасан ба Н. Туулд холбогдох эрүүгийн хэрэг шалгах явцад Л.Б- гэрчээр асуугдахдаа “...Н.Т орон сууцыг 3 сарын дараа буцааж авна. Буцааж авахдаа банкны хүүгийн 7 хувиар бодож төлнө гэсэн ...” гэх мэдүүлгийг өгчээ...” гэж нэгэнт ил болсон үйл баримт нь хэргийн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад түүний шаардан авах ажиллагаа огт хийгээгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газрын 201625021426 тоот эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай ямар ч захирамж шүүхээс гаргаагүй ба 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 101\Ш32017\17328 тоот шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт энэ хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа нотлох баримтыг хэргийн оролцогч бүрдүүлэх боломжгүй гэж дүгнэсэн мөртлөө шийдвэрлээгүй орхисноос болоод хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж, мэтгэлцэх боломжгүй болсон.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс талуудын тэгш эрхийн зарчим алдагдаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

5.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч гаргахад хуралдаан даргалагч татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцно гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй.

Дээрх зүйлээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Х с” ХХК нь хариуцагч Н.Т, Л.Б- нарт холбогдуулан Н.Т болон Л.Б- нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/ Энх тайваны өргөн чөлөө гудамж 37 дугаар байр, 19 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2017/017506 дугаар захирамжаар шүүх хуралдааныг мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 30 минутад хийхээр товлосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр М.Т-ыг оролцуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр хойшлуулсан, мөн өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Н.Тын өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр хойшлуулж, уг өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр тус тус хойшлуулсан байна. /хэргийн 54-58, 70-73, 82-8 дугаар тал/

 

Гэтэл шүүхийн шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан бөгөөд шүүгчийн захирамжийн 101/ШЗ2017/03711 дугаар авагдсан байх ба шүүх хуралдааны тэмдэглэл 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдэж, шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримтад шүүхийн шийдвэрийн огноо дугаарыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3751 гэж, шийдвэрийг цахим санд байршуулах тухай баримтад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3751 гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байгаагаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар товлосон хугацаанд шүүх хуралдааныг явуулсан эсэх нь эргэлзээтэй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хэргийн 95, 104, 113, 114 дүгээр тал/ Энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32017/03722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х с” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР