Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01199

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айл, Жоби барилгын материалын их дэлгүүр, 1 давхарт захиргааны байранд байрлах С ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот хаягт оршин суух, Баянхутагт овогт Н.Т /регистрийн дугаар: /,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав тоот хаягт оршин суух, Үлэмж овогт Л.Б /регистрийн дугаар: / нарт холбогдох,

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Б ын өмгөөлөгч Ц.И, гуравдагч этгээд М.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ББСБ-ын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1123 тоот албан бичигт Н.Т д зээлийн хороогоороо хуралдаж 200,000,000 төгрөгийн зээлийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор багтааж олгохоор шийдвэрлэсэн болно. Иймд танай байгууллага харилцан тохиролцсоны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Т-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсний дагуу манай С ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орон сууц зээлээр худалдах худалдан гэрээг Н.Т тай байгуулсан. Уг гэрээгээр БЗД, 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот 109,72 мкв орон сууцыг 257,842,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Н.Т ын нэр дээр тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргасан. Мөн орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй ямар ч тохиолдолд тус орон сууц нь С ХХК-ний өмчлөлд байхаар гэрээ байгуулсан боловч Н.Т нь 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээгээр иргэн Л.Б д худалдсан байна. Иймд Н.Т болон Л.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн БЗД, 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож С ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Т миний бие С ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулан бодит байдлаас илтэд зөрүүтэй худал тайлбарыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Н.Т миний бие С ХХК-с Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204123456 тоот эд хөрөнгийг худалдан авч төлбөрт нь их хэмжээний мөнгийг төлсөн. С ХХК-ийн зүгээс хууль шүүхийн байгууллагад худал тайлбар гаргаж намайг гүтгэн хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Анх байр авна гэж тохирсон. Үлдэгдлийг зээлээр төлнө гэсэн боловч зээл гараагүй тул төлж чадаагүй. Улмаар өөр газраас 50 сая төгрөг зээлээд байраа барьцаалсан бөгөөд эдийн засагчийн хэлснээр Л.Б тай гэрээ байгуулсан байгаа. Мөн 10 сая төгрөгийн гэрээ бас байдаг. Н.Т ын итгэлийг эвдэж Л.Б ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Л.Б нь цагдаагаар шалгагдаад эхлэнгүүт М.Т уруу шилжүүлсэн байдаг. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дээд шүүхийн тогтоолд гэрээний зүйл бодит байдалд шилжээгүй гэсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээ эргэлзээтэй гэсэн байдаг. Иргэний хуулийн 112.1-д зааснаар мөнгө төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэсэн гэтэл зээлийг нь далимдуулаад Л.Б нь өөрийн нэр дээр авсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөгчөөр тогтоолгоё гэдгийг дэмжиж байгаа. Анхнаасаа Л.Б д худалдах зорилгогүй байсан ба хуурч зуруулсан. Л.Б нь хуураад гэрээ байгуулсан. Дараа нь ийм юм болно гэж мэдэлгүй итгээд гарын үсэг зурсан. Одоо маргаж буй байр нь нэхэмжлэгчийн өмч гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус дүүргийн шүүхэд С ХХК нь иргэн Л.Б , Н.Т нарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна. С ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

1.               Иргэн Н.Т болон Л.Б нарын хооронд хийгдсэн 2015 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь тухайн цаг хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон.

2.               Миний бие дээрх орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдөр иргэн М.Т д Орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж, уг гэрээ мөн тухайн цаг хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон болно.

3.               Миний бие тухайн үед дээрх гэрээгээ байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулж, Тухайлбал Иргэний Хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхийг олж аван улмаар бусдад шилжүүлж худалдсан.

Гэрээний эрх үүрэг хэрэгжээд дуусгавар болсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрх шилжсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх бөгөөд надад хамааралгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь Н.Т болон Л.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нь манай үйлчлүүлэгчид холбогдоно. Иргэний хуулийн 243-д зааснаар гэрээ бичгээр байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэгдсэн. Хуульд заасан шаардлага хангасан. Нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл нэхэмжлэлд дурдагдаагүй байна. Агуулгаас нь харахад Иргэний хуулийн 56.1-д заасан үндэслэл байх ёстой. Энэ дотор Н.Т болон Л.Б нарын гэрээ нь хуулийн аль заалтад хамаарах талаар заагаагүй. Хуульд зааснаар хүсэл зоригоо илэрхийлээд гэрээг бичгээр хийгээд хэрэгжээд явсан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бидний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж байна. Иргэний хуулийн 100-д өмчлөгч гэдгийг заасан. Иргэн өмчлөгч байна. Мөн хуулийн 182-д улсын бүртгэл бүртгүүлэх улмаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үл хөдлөхийн өмчлөгч гэдгийг тогтоож байгаа юм. Л.Б болон Н.Т нар гэрээ хийхэд өмчлөгч нь Н.Т байсан. Хамтран өмчлөгч байгаагүй. Нэг хүний өмч байсан. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй. Гаргасан сөрөг нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч болон хариуцагч Н.Т нар нь үгсэн хуйвилдаж байгаа байдал харагдаж байна. Тухайн үед гэрээгээ байгуулаад мөнгөө төлөөд үл хөдлөхөө шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь анх хуулийн 57-р нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Гэтэл одоо 56.1.8, 56.1.10-г ярьж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь нөгөө хариуцагчаа дайрсан байдалтай байна. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Н.Т нар үгсэн тохирсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Т д өмчлөх эрхээ өөрөө л өгсөн. Өнөөдөр гуравдагч этгээд М.Т ын ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд шүүх бусдын өмчлөх эрхийг хөндөхгүй шаардлагын хүрээнд шийдэж өгнө үү. Өмчлөх эрхийг хязгаарласан зүйлгүй, хэлцэл хийх эрхтэй тул эрүүгийн журмаар шалгагдаж байхад өмчлөх эрх шилжүүлсэн гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч Л.Б нь уг байрыг М.Т д 140,000,000 төгрөгөөр зараад мөнгөө бүрэн авч өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар маргаан байхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан байрны өнөөдрийн өмчлөгч нь М.Т . Баримт нь хэрэгт байгаа. Энэ байрыг 140 сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж улсын бүртгэлд өмчлөх эрх шилжсэн байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар өмчлөх эрх шилжихэд ямар нэг эсэргүүцэл гараагүй. Улмаар өмчлөх эрх шилжсэн байгаа. Өмчлөх эрх шилжих үед М.Т нь маргаж байгаа гэрээг огт мэдээгүй. Иргэний хуулийн 114-д зааснаар шударга өмчлөгч юм. Н.Т болон Л.Б нарын гэрээ нь М.Т ын өмчлөх эрхийг хөндөхгүй. Н.Т болон Л.Б ын хооронд зээлийн гэрээ байсан гэх боловч баримтгүй. Харин эрүүгээр шалгагдах үед боломжоороо төлж байраа авна гэсэн боловч аваагүй тул Н.Т ын өмчлөх эрх дуусаж Л.Б нь М.Т д зарсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн аль заалтыг барьж байгаа талаар хууль зүйн үндэслэл гаргахгүй байна. Н.Т ыг залилсан гэж шалгаад эрүү үүсгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Л.Б ын төлөөлөгч Ц.Иын тайлбартаа санал нэг байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Н.Т ын өмгөөлөгч мэтээр ярьж байна. Н.Т нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж байснаа одоо төлөөлөгч зөвшөөрөөд байгаа мэт байна. Эндээс харахад шүүхийг төөрөгдүүлэх гээд байх шиг байна. Нэхэмжлэгч болон Н.Т нар гэрээ байгуулсан байна. Үлдэгдэл төлбөрөө л нэхэх эрхтэй болохоос гуравдагч этгээдийн өмчлөх эрх уруу халдах эрхгүй. Н.Т д холбогдох залилсан асуудал нь 2 удаа цагдаагаар шалгагдаад залилсан зүйлгүй гэж шийдсэн байдаг. Зээл байдаг гэсэн боловч ямар ч баримт гаргаж өгдөггүй. Нэхэмжлэгч нь Н.Т ын худалдсан үнийн талаар ярьж байна, энэ бол талуудын хүсэл зоригийн асуудал. Маргах зүйл биш. Энэ хэрэг 2 хариуцагчтай боловч одоо 2 нэхэмжлэгч, 1 хариуцагчтай мэт болчихлоо гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Н.Т , Л.Б нарт холбогдуулан, худалдагч тал Н.Т , худалдан авагч Л.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот хаягт байрлах, 109,72 м.кв талбайтай, орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Т нь дээрх орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө төлсөн, хариуцагч Л.Б нь хариуцагч Н.Т тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хуульд зааснаар уг орон сууцыг худалдан авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т нь дээрх орон сууцыг хүчин төгөлдөр, худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Л.Б аас худалдан авсан, төлбөрийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

Хариуцагч Н.Т дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн буюу тухайн орон сууцыг нэхэмжлэгч С ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө хэмээн шүүхэд тайлбарлажээ.

 

Зохигч талууд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн маргаж буй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот хаягт байрлах, 109,72 м.кв талбайтай, орон сууцыг худалдагч тал С ХХК, худалдан авагч Н.Т д худалдсан тухай 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ хэрэгт авагджээ.

 

С ХХК болон Н.Т ын хооронд байгуулагдсан Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний 1.2-т гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл байхаар тогтоож, 2.1-д орон сууцны үнийг 257,842,000 төгрөгөөр тохирч, гэрээний 2.2-т гэрээ хийхэд урьдчилгаа 21,000,000 төгрөг урьдчилж төлсөн байна, 2.3-т А ББСБ-ын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1123 тоот албан бичиг болон худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоотын 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н.Т ын нэр дээр шилжүүлнэ, гэрээний 2.4-т Гэрээний хугацаанд худалдан авагч тал нь А ББСБ-с 200,000,000 төгрөгийг зээлж худалдан авагч талд төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд гэрээний 2.5-т Хэрэв гэрээний хугацаандаа 2.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг С ХХК-д буцаан шилжүүлнэ, гэрээний 2.6-д Энэхүү гэрээ нь А ББСБ болон худалдан авагчийн хүсэлтийн хамт хүчин төгөлдөр болно гэж заасан байна.

 

Хариуцагч Н.Т 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр С ХХК-д Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 байрны тоот байрыг 257,842,000 төгрөгөөр тохиролцсон, үүнээс урьдчилгаа 21,000,000 төгрөгийг одоогийн байдлаар өгсөн. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 200,000,000 төгрөгийг зээлж авч төлөхөөр болсон. Ингээд А ББСБ-аас 200,000,000 төгрөгийн зээл авахаар болсон тул харилцан тохиролцсоны дагуу үл хөдлөхийн гэрчилгээг Т- миний бие дээр шилжүүлж өгнө үү. Жич: Уг байр нь 3 өрөө бөгөөд бид байрандаа засвар хийж дуусгаад одоо амьдарч байгаа болно. Зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл маргах журмаар С ХХК-д байрыг буцааж олгох болно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан.

 

А ББСБ ХХК нь С ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/1 дугаартай, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Н.Т аас Ү-2204123456, ГД 000123465 тоот гэрчилгээг хүлээн авсан болохыг мэдэгдье гэх тодорхойлолт гаргасан нь мөн хэрэгт авагдсан байх тул дээрх С ХХК болон Н.Т ын хооронд байгуулагдсан Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний 2.6 дахь заалт биелэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №111234657 дугаартай тодорхойлолтоос үзэхэд, нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж буй, худалдагч тал Н.Т , худалдан авагч Л.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204123456 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө 37 байрны тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Т бүртгэлтэй байсан нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Т нь өмчлөх эрхээ хэрэгжүүлж, тухайн орон сууцыг хариуцагч Л.Б д худалдсан байх тул 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот хаягт байрлах, 109,72 м.кв талбайтай, орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, худалдагч тал Н.Т , худалдан авагч Л.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, тоот хаягт байрлах, 109,72 м.кв талбайтай, орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 629,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА