Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 05-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/13                           Баруун-Урт

 

М.Аод холбогдох эрүүгийн 

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ерөнхий прокурор У.Золжаргалын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн 1930000220070 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 онд Сүхбаатар  аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл 8 эхнэр хүүхдүүдийнхээ хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.А 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  нутаг дэвсгэр болох  Заан ширээ гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд улсын дугааргүй мотоциклыг жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”  мөн дүрмийн 3.4-т “ Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/  Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7-д жолооч дараах зүйлийг хориглоно. А/ Тухай ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчигч Д.Бгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Аод мэдэгдэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн оршуулгын зардалд 1000000 төгрөг төлсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргал  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ерөнхий прокурор У.Золжаргал бичсэн эсэргүүцэлдээ:  2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд тэрээр шүүгч Д.Сугартай төрөл, садангийн холбоотойгоо мэдсээр байж шүүх хуралдаанд оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж  хийсэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн М.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх  шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцжээ.

 

Гэтэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргын эцэг нь шүүгчийн хадам ах  бөгөөд тэдгээр нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад: “гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр”-ийг, энэ зүйлийн 3.1.6 дахь заалтад: “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах ... тэдгээрийн хүүхэд”-ийг тус тус ойлгоно гэж заасны дагуу хоорондоо садангийн холбоотой  хүмүүс байна. Энэ нөхцөл байдлыг хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, энэ зүйлийн 4 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч,  шүүх хуралдаанд оролцож байгаа нарийн бичгийн дарга нар нь хоорондоо төрөл, садангийн холбоотой бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, түүнээс татгалзан гарах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгохоор зохицуулжээ.

 Энэхүү хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөнөөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулж, шүүгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг тухайн ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн 1930000220070 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

Хоёр. Шүүгдэгч М.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

 

                            ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА    

 

                                                                                   О.БААТАРСҮХ