Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 158

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                     
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Аод холбогдох эрүүгийн 11930000220070 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн харьяат, Жаргалант багт  оршин суух, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийнхээ хамт Баянжаргалан сумын 1 дүгээр баг/Жаргалант / багт  оршин суух, ял шийтгэлгүй,  М.А.    

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  М.А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  нутаг дэвсгэр болох  З гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”  мөн дүрмийн 3.4-т “ Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/  Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй жолооч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7-т жолооч дараах зүйлийг хориглоно. А/ Тухай ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчигч Д.Бгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх өнгөрсөн өвөл Мөнххаан сумын “ З ” гэх газар оторлож байсан.  Би тухайн өдөр адуу сураад Д.Бгийнд очсон юм. Д.Б миний 2 адуу усанд орж ирсэнгүй би чамтай хамт явж адуугаа харъя гэж гуйхаар нь би сундлаад явсан. Тэгээд адуу руугаа оччихоод буцаж Д.Бг гэрт нь хүргэж өгөх гэж яваад осол болсон.Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Д.Бгээс архи үнэртэж байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Адуу малынхаа араас явахдаа л мотоцикль унадаг.
Хэдэн километр цагийн хурдтай явж байсныг  сайн мэдэхгүй байна. Миний мотоциклийн мильний гол тасарчихсан юм. Би айхтар ширүүн яваагүй. Зөөлөн явж байсан. Бг гэрт нь хүргэж өгөх гээд замаар явж байсан. Зам жаахан цастай, малын цастай байсан. Замын халтиргаанаас болж шарваад унасан.Хохирогчийн зүгээс гомдолгүй гэсэн. Оршуулгын зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Би уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Талийгаач  Д.Б нь айлын 2 дахь хүүхэд бөгөөд манай эцэг эх нас барсан бөгөөд талийгаач Б эхнэр хүүхэд гэж байхгүй өөрийн  гэсэн гэр орон байхгүй . Б 2009 оноос эхлэн  Мөнххаан сумын 3 дугаар багт байдаг Шонуу гэх айлд адуучнаар ажиллах болсон. Уг айлдаа байх дуртай тодорхой хэмжээний цалин  хөлс мал авдаг хоол унд идэх уухыг нь хүртэл Шонуугийнх гэдэг айл гаргадаг байсан. Надад болон манай ах дүү нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ талаар ах дүү нартайгаа ярилцсан. Нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан: Б.Б миний бие Ариунболдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно. Ариунболд нь оршуулгын зардалд 1.000.000 төгрөг өгсөн.Иймд Ариунболдод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие хөдөө мал малладаг тул олон дахин аймагт ирэх боломжгүй тул шүүх хуралдаанд  суухгүй, Ариунболдоос нэхэмжлэх зүйлгүй, гаргах санал гомдолгүй... гэх хүсэлт /хх-ийн 65/,

- Гэрч Б.Бжийн  мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны  өдрийн 15 цагийн үед мотоциклтой гэрээсээ зүүн, урд, баруун урд зүгээр адууны эрэлд явж байгаад орой болж 17 цагийн үед гэр рүүгээ буцаж байтал Батсайхан ахын гэрээс урд зүгт 1 орчим км зайд шороон зам дээр мотоциклтой 2 эрэгтэй хүн унасан байсан. Б нь замын голд ямар ч хөдөлгөөн байхгүй, замын зүүн талд  зүүн талаараа мотоцикл нь унасан, Ариунболд доошоо хараад хэвтэж байсан. Ариунболд дээр очиход миний дүү энэ хүнийг босгоод өгөөч гэхээр нь очсон чинь ямар ч хөдөлгөөнгүй, цус нь газарт гоожоод хатчихсан байхаар нь нас барчихсан байна гээд айсан юм. Тэгээд шууд Батсайхан ахын гэр рүү явж энэ талаар хэлж осол болсон газарт ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 /

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-25/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 12 дугаартай: 1.Талийгаачийн биед цусан хураа, духны баруун хэсэгт, баруун хацарт, хамарт, эрүүнд, зулгаралт гэмт тогтоогдлоо.  2 Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байх үед нь үүсгэгдсэн байна. 3. Талийгаач Д.Бгийн цогцост үүссэн гавлын нугасны хөндийгөөс дагз руу үргэлжилсэн салсан хугарал, ир тархины дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, духны баруун хэсэгт, баруун хацарт, хамарт, эрүүнд, зулгаралт гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Талийгаач нь гавлын нугасны хөндийгөөс дагз руу үргэлжилсэн салсан хугарал, ир тархины дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5 Талийгаачийн цогтцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.6. Талийгаач Д.Бгийн цогцосноос авсан цусанд 2.6 промиль этилийн спирт илэрсэн, хүчтэй зэргийн согтолттой  байжээ... гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Техникийн шинжээчийн 15  дугаартай: 1.Улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн жолооч М.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”  мөн дүрмийн 3.4-т “ Жолооч дараах үүргийн хүлээнэ. в/  Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй жолооч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7-т жолооч дараах зүйлийг хориглоно. А/ Тухайн ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй гэсэн заалтуудын тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 19/,

- Д.Бгийн 198604 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-ийн 58/

         - Төв  аймгийн Баянжаргалант сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05/33 дугаартай тодорхойлолт /хх-ийн 52/  

         - М.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  1 дүгээр багийн нутаг  З гэх газарт Даюунг загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3.4 “ Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/  Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй жолооч тээвэрлэхгүй байх”, 3.7-т “ жолооч дараах зүйлийг хориглоно. А/ Тухайн ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Бгийн амь нас хохироосон болох нь шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Б.Бж нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 12 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлтүүд, Д.Бгийн 198604 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч М.А тухайн өдөр хохирогч Д.Бг мотоцикльдоо сундалдан адууны эрэлд явахдаа цас орсон хальтиргаа, гулгаатай замын нөхцөл байдалд хурд тохируулж яваагүйгээс онхолдож осол гаргасан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ  нь түүний “ Б бид 2 хоорондоо юм яриад явж байсан бөгөөд мотоцикл гэнэт шарваад осолд орсон. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй тухайн үед км заагч ажиллахгүй байсан. Зам жаахан цастай байсан. Хамгаалах малгайг Б бид 2 огт өмсөөгүй байсан ” гэх,
 гэрч  Б.Бжийн “ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед гэр рүүгээ буцаж байтал Батсайхан ахын гэрээс урд зүгт 1 орчим км зайд шороон зам дээр мотоциклтой 2 эрэгтэй хүн унасан байсан. Б нь замын голд ямар ч хөдөлгөөн байхгүй, замын зүүн талд  зүүн талаараа мотоцикл нь унасан, Ариунболд доошоо хараад хэвтэж байсан. Ариунболд дээр очиход миний дүү энэ хүнийг босгоод өгөөч гэхээр нь очсон чинь ямар ч хөдөлгөөнгүй, цус нь газарт гоожоод хатчихсан байхаар нь нас барчихсан байна...гэх мэдүүлгүүд,
Техникийн шинжээчийн 15 дугаартай “ улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн жолооч М.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”  мөн дүрмийн 3.4-т “ Жолооч дараах үүргийн хүлээнэ. в/  Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй жолооч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7-т жолооч дараах зүйлийг хориглоно. А/ Тухайн ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна ” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Аын зам тээврийн осол гаргаж, бусын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох “ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байх,замын нөхцөл байдалд хурд тохируулан явах, зорчигчид хамгаалах малгай хэрэглүүлэх үүрэгтэй зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас хүний амь нас хохирсон байна.

М.А нь амь хохирогчийн оршуулгын зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.

    Шүүгдэгч М.Аын гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд учирсан эдийн буюу амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргасан өмгөөлөгч Д.Зулаагийн “М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон. Шүүгдэгч М.Аын хувьд үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн ч шүүгдэгчийн зүгээс ар гэрт нь тусламж үзүүлсэн. М.А нь 2-18 насны зургаан хүүхэдтэй. Иймд шүүгдэгчийн ар гэрийн болон гэмт хэргийн нөхцөл байдлыг нь харгалзан  улсын яллагчийн зүгээс оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү “ гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

    Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч М.Аын үйлдсэн хэргийн хувьд “ А ангиллын буюу мотоцикль жолоодох эрхгүй үедээ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодсон, цас орсон хальтиргаа, гулгаатай үед замын нөхцөл байдалд хурд тохируулж яваагүйгээс онхолдож осол гаргасан, мөн өөрөө болон зорчигчид хамгаалах малгай өмсүүлээгүй “ зэрэг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хэд хэдэн заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

    Хавтаст хэрэгт авагдсан Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр/хх 04- 06/ М.Аын мотоцикльтой зорчсон зам цас орсон байдалтай/хх 04-06/ байгаа, Зам тэврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх- 6/ “ амь хохирогч Д.Б мотоцикль анх онхолдсон цэгээс 10 метр газарт байсан “ гэж тэмдэглэгдсэн зэргээс дүгнэхэд түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна “ гэх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
    Тухайлбал, түүний мотоциклийн хүрдний заалт ажиллагаагүйгээс тэрээр ямар хурдтай явснаа мэдэхгүй байгаа хийгээд, юунаас болж, хэрхэн онхолдсон талаар “ Зам жаахан цастай, малын цастай байсан. Замын халтиргаанаас болж шарваад унасан “ гэж мэдүүлж байгаа, мөн мотоцикль онхолдсон газраас хохирогч Д.Б 10 метр газарт хол шидэгдсэн зэргийг үндэслэвэл түүнийг замын нөхцөл байдалд тааруулан хурд тохируулж явсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.    Мөн М.Аын зорчигчид хамгаалах малгай өмсүүлээгүй нь хохирол, хор уршиг учрах нөхцлийг ихэсгэсэн байх буюу амь хохирогч нь мотоциклиос унахдаа толгойгоороо цохигдон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тархиндаа гэмтэл авснаас нас барсан нь шижээчийн  12 дугаартай дүгнэлтэнд “ ...Талийгаачийн биед цусан хураа, духны баруун хэсэгт, баруун хацарт, хамарт, эрүүнд, зулгаралт гэмт тогтоогдлоо. ... Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байх үед нь үүсгэгдсэн байна.   ... Талийгаач нь гавлын нугасны хөндийгөөс дагз руу үргэлжилсэн салсан хугарал, ир тархины дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа гэмтлүүдийн улмаас нас баржээ “ гэж тэмдэглэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.
    
    М.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно “ гэх зохицуулалттай боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг арилах боломжгүй нөхцөл байдал, мөн түүний Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодохыг хориглох, мотоцикль жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй жолооч тээвэрлэхгүй байх ” гэх үүргийг санаатай зөрчсөн хувийн байдал зэргийг үндэслэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх “ зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

      Шүүгдэгч М.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
         
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Аод оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн гүйцэтгэсүгэй.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шатанд М.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    
    
        6. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 С.НАСАНБУЯН