Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/21                        Баруун-Урт

 

Б.Б нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Л.Мөнхбаяр

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Э.П, Б.Л нарт холбогдох эрүүгийн 1930000370075 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжил, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлантын Хагт гэх газарт оршин суух,  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар 20 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б.Б 

 

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжил, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Хүрээ нуур” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.П 

 

Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Хүрээ нуур гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Л 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Э.П, өсвөр насны шүүгдэгч Б.Л нар бүлэглэн, иргэн Б.Эийн хязаалан насны хоёр морь, иргэн О.Цгийн автомашиныг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Лгийн 2 адуу, хохирогч Ц.Бын саарал зүсмийн 1 адууг хулгайлж нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Б.Б, Э.П, өсвөр насны шүүгдэгч Б.Л нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б, Э.П, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Л нарыг бүлэглэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 2 /хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Лид 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны ялтан Б.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасган, эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны ялтан Б.Лид оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар өсвөр насны ялтан Б.Лид оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бгээс 1.128.000 төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 13-222 тоотод оршин суух иргэн Л.Боод, ялтан Б.Л, Э.П тус бүрээс 1.628.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 6 дугаар баг, Баазын 8 айлын 4 байрны 2-4 тоотод оршин суух хохирогч Ц.Лд тус тус олгохоор,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дугаар зүйлийн 1.1, 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ялтан Б.Б, Б.Л, Э.П тус бүрээс 266.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Лд олгож, ийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Л, Э.П нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Л, Э.П, Б.Б нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 36-70 СҮА улсын дугаартай Киа Фронтер маркийн машины үнэ 3.500.000 төгрөг, уналга болох 2 тооны хязаалан насны морины үнэ 1.200.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.566.666 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Г.Амарсайхан давж заалдах гомдолдоо:  Б.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр нь мэдүүлж, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Хохирогч Боод учруулсан нэг адууны хохиролд 4 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 2 сая төгрөгийг тодорхой хугацааны дотор төлж барагдуулахаар болсон юм. Анхан шатны шүүхээс Б.Бгийн үйлдсэн хэргийн  гэм бурууг дүгнэхдээ мал хулгайлах гэмт хэргийг санаачилж, шүүгдэгч Б.Л, Э.П нарыг мал хайх, олох зэрэг үүрэг өгч гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч Б.Бгийн ар гэрийн амьдрал ахуйн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Б, Э.П нар нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Лтой бүлэглэн тээврийн хэрэгсэл болон морь ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Ц.Л, Л.Бо нарын 3 адууг хулгайлж 16000000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдэхэд насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулсан байж болзошгүй байна.

 

Иймд энэ асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн 1930000370075 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

Хоёр: Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.П, Б.Л нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

 

                            ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА    

 

                                                                                    О.БААТАРСҮХ