Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01144

 

2021           09            28                                          001/ХТ2021/01144

 

 

 

.........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02826 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2126 дугаар магадлалтай,

 

.........гийн нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,005,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., түүний өмгөөлөгч Б.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019.03.02-ны өдөр “.........” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Амар амгалан 3 орон сууцны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 1 давхрын 112 тоотод орон сууцны зориулалттай 34.96 м.кв талбай бүхий 1 өрөөг Орон сууц захиалгын гэрээг байгуулж урьдчилгаа 11,005,000 төгрөг төлсөн боловч одоог болтол байшин ашиглалтад ороогүй байшин баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаагаар төлсөн 11 005 000 төгрөгийг “.........” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .........гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компанийн барьж байсан Амар амгалан 3, Орон сууц нь иргэдийг хямд орон сууцаар хангах төсөл хэрэгжиж байсан. Гэтэл манай компанийн Чингис хаан банк ХХК-д хадгалагдаж байсан тэрбум есөн зуун мянган төгрөгийг зөвшөөрөлгүйгээр татан авснаас бид эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгаа. Энэ байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02826 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........ХХК-иас 11 005 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч .........гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........ХХК-иас 191 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2126 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02826дугаар шийдвэрийн 1 дэх заалтад ...343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 030 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. 2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар гомдлоо гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэж гомдлын үлдсэн хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хэсгийг хангахгүй шийдсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65-р зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлэснийг зөвтгөж магадласан нь хуульд нийцэхгүй байгаа тул дээд шүүх гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаараагүй, “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч “.........” ХХК-иас 11,005,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2019.03.02-ны өдрийн хэлцэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, хариуцагч нь ажлын үр дүнг бий болгоогүй буюу орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт  нийцсэн байна.

 

Хариуцагч нь гэрээний 3.6-д зааснаар 2019.03.02-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууц баригдаагүй, ажлын үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасныг зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, нэхэмжлэлийг хүлээж авах, иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2126 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 191,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

         ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                   Г.ЦАГААНЦООЖ