Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/00322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А-д холбогдох

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээг Л.Н-н нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, орон сууц хөлсөлсний төлбөр, засварын зардалд 33,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Босоо трейд ХХК-ийн захирал М.Б нь Л.Н-ийн төрсөн дүү Л.М-тай худалдах, худалдан авах тухай гэрээг хийсэн бөгөөд уг гэрээгээр Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоотод орших нэг өрөө орон сууцыг худалдахаар харилцан тохиролцож мөнгөө өгсөн бөгөөд Л.М нь тухайн худалдан авсан байрандаа 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байсан. Уг орон сууцанд засвар хийж байсан бөгөөд засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Ш.С захиралтай Эс Эм Эс ХХК ажиллаж байсан. Ш.С болон М.Б нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба М.Б  нь байрны засварын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө тухайн байрнаас орон сууц авахаар харилцан тохиролцсон учраас энэ байрны засварын ажил дууссан үед чиний байрыг шилжүүлж өгнө гэж хэлээд тус байрыг миний дүү Л.М-д худалдсан. Тухайн үед энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байр худалдан авсан бөгөөд байрандаа амьдарч байгаад 2010 онд нас барсан тул бидний ээж Ч.О нь түүний шаардах эрхийг өвлөн авч хэрэгжүүлэхээр болсон. Л.М-ыг бурхан болсноос хойш миний ээж Ч.О нь тус байранд амьдарч байгаад өөд болсон. Энэ хугацаанд М.Б-с байраа шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар тухайн байрны гэрчилгээн дээр М.А байгаа. Л.Н-ийн ээж Ч.О бурхан болохоос өмнө Л.М-аас шилжүүлэн авсан шаардах эрхээ Л.Н-т шилжүүлэн өгсөн. Иймд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, байрны гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугар байрны 19 тоот байрыг өөрийн төрсөн ах М.Б-той 2004 онд урсгал зардалд хөрөнгө оруулалт хийж, засварын ажил дуусмагц нэг өрөө байр авах нөхцөлтэй аман хэлцлийн дагуу хөрөнгө оруулалт хийж авсан. Миний бие дээрх байрыг хууль ёсны дагуу хөрөнгө оруулалт хийж авсан ба хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон улсын бүртгэлийн 000042676 дугаар гэрчилгээтэй, уг гэрчилгээнд Улсын бүртгэлийн газраас одоогийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Уг байр нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Л.М нь уг байрыг тодорхой хугацаагаар түрээсэлж суухаар миний төрсөн ах М.Б-той амаар гэрээ байгуулсан хүн юм. Ах маань уг байрыг миний эзэмшилд шилжүүлэхдээ ...Л.М гэдэг хүнд түрээслүүлж байгаа. Түрээсийн мөнгө гэж 2,000,000 төгрөг надад өгсөн. Чи энэ байрыг өөрөө хэрэглэх хүртлээ энэ хүнийг байлгаж байгаарай. Орон гэргүй, ядарсан хүн. Өгсөн 2,000,000 төгрөгөөсөө цувуулж авсаар 1,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байсан. Миний тухайд уг байранд амьдарч байсан Л.М болон түүний ээжид байрыг чөлөөлж өгөх талаар 2008 оны 1 дүгээр сараас эхлэн удаа дараа мэдэгдэж байсан боловч тухай бүрт эдгээр хүмүүсийн зүгээс ямар нэгэн тайлбар, шалтаг тоочиж миний байрнаас гарахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогийн байдлаар уг байрны өмчлөгчөөр өөрсдийг тогтоолгож, байрны гэрчилгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хадалдах, худалдан авах гэрээ болон Түрээсийн гэрээ зэрэг гэрээнүүдийг холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзсэн гэрээ нь өнөөдрийн байдлаар гэрээний хүчинтэй хугацаа үргэлжилж байгаа эсэх, гэрээнд заасан нөхцөлүүд хэрэгжсэн эсэх, гэрээний талууд эрх, үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, цаашид хэрэгжих боломжтой эсэх болон нэхэмжлэлд дурьдагсан шаардах эрх-ийг шүүхээр шинжлэн судлуулж хууль зүйн үндэслэлтэй шүүхийн шийдвэр гартал уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Л.Н-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н-ийн төрсөн ах гэх Л.М нь 2004 онд миний төрсөн ах М.Б-той амаар Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах байрыг түрээсэлж суух талаар хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу 2004 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл дээрх байранд Л.М болон түүний хамаатан садангууд амьдарч байна. Л.М нь уг байрыг анх түрээслэх үедээ М.Б-д 2,000,000 төгрөг өгсөн байдаг. Гэхдээ Л.М гэх хүн түрээсийн мөнгө гэж өгсөн 2,000,000 төгрөгөөс цувуулж ...амьдрал хэцүү байна, мөнгөний хэрэгцээ байна, эхнэрээсээ салчихсан... гэж авсаар байгаад 1,000,000 орчим төгрөгийг буцааж авсан гэдэг. Миний тухайд уг байрны эзэмшигч болсныхоо дараагаас эхэлж Л.М болон түүний хамаатан саданд байр чөлөөлж өгөх тухай, байрны түрээсийн төлбөрийг төлж барагдуулах тухай, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засварыг цаг тухайд нь хийж өгөх талаар удаа дараа шаардаж байсан. Л.М болон түүний хамаатан садангуудын зүгээс миний удаа дараа тавьсан шаардлагад ямар нэгэн байдлаар шалтаг, шалтгаан тоочиж байрыг минь суллаж өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. Миний тухайд Л.М-аас байрны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалтай холбоотой бусад шаардлагйыг шүүхээр тогтоолгон гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч Л.М 2010 онд нас барсан учир нэхэмжлэл гаргах боломжгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл Л.Н гэдэг хүн миний эзэмшлийн байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгож байрны гэрчилгээ гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Л.Н гэдэг хүн уг байрны түрээсийн төлбөрийг, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засвар зэрэгтэй холбоотой нэхэмжпэлд хариуцагчаар оролцох эрх бүхий хүн гэдгийг мэдэж авсан. Иймд Л.М болон түүний хамаатан садангийн миний эзэмшлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот 19 м.кв хэмжээтэй байранд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл ашигласан түрээсийн төлбөрийг 2004 оноос 2010 он хүртэл нэг сарын 100,000 төгрөгөөр тооцон 7,200,000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл 200,000 төгрөгөөр тооцон 19,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг, ашиглалтын зардал, урсгал засварын зардал гээд нийт 33,000,000 төгрөгийг Л.Н-ээс нэхэмжилж байна. Мөн миний өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо 65 дугаар байрны 19 тоот байрыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр амьдарч буй тухайн этгээдүүдээс чөлөөлж өгөх тухай шүүхийн шийдвэрийн гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар М.Б-той харилцан тохиролцож, тухайн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийг өгч, үлдэх 1,000,000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсан өдөр өгөх байсан. Гэтэл дээрх байрны гэрчилгээ гарсан эсэх талаар Л.М-д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. М.Б болон М.А нартай холбоо барих гэсэн боловч утсаа авдаггүй, эсвэл хаягаа өөрчилсөөр өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс М.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зүйлс үндэслэлгүй худал бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч М.А-т холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууц /цаашид орон сууц гэх/-ны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч талтай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан тул 2004 оноос 2018 он хүртэл хөлс, засварын зардалд нийт 33,000,000 төгрөг гаргуулна хэмээн сөрөг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал "Б" ХХК болон Л.М нарын хооронд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Байр худалдах худалдан авах гэрээ-г үндэслэж, Л.М 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барсан учир 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр гэрчилгээ аваагүй орон сууцыг шүүхэд өвлөх, гомдол гаргах, гэрчилгээ нэхэмжлэх эрхийг эх Ч.О-д олгосныг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Л.Н нь өвлөх эрхийн гэрчилгээний бүх эрхийг Ч.О-оос шилжүүлэн авсан байна. /хх-78, 39-40/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эрх өвлөгдөх тул нэхэмжлэгч шаардах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Улсын бүртгэлийн Ү-2207002063 дугаартай, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот, 19 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч М.А байна. /хх-64/ Орон сууцанд 2004 оны 4 дүгээр сараас Л.М, Ч.О оршин сууж байсан ба уг үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал "Б" ХХК болон Л.М нарын хооронд 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Байр худалдах худалдан авах гэрээ-ээр орон сууцыг худалдан авсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгон, гэрчилгээ гаргуулахыг даалгана гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2019/00605 дугаар захирамжаар орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан.

Эс эм эс ХХК болон М.А нарын хооронд 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 25 тоот Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ-ний нийтлэг үндэслэлд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 52 тоот, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 166 тоот захирамжууд, Нийслэлийн өмчийн харилцааны 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот гэрээг үндэслэн Улсын комисст 65 дугаар байрыг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдсоноос уг байрыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон. . . гэж тодорхойлсноос үзэхэд Босоо трейд ХХК болон Л.М нарын гэрээ байгуулах үед буюу 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар гэрээний зүйлийг өмчлөх эрх Босоо трейд ХХК-д шилжээгүй гэж дүгнэнэ.

Тэгэхээр Б ХХК нь гэрээний зүйлийн өмчлөгч болох нь тогтоогдохгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг талуудад үүсээгүй гэж үзнэ.

Хариуцагч нь өөрийн төрсөн ах Л.Б-ыг Л.М-д орон сууцыг хөлслөхөөр тохирсон тул төлбөрийг 2004 оноос 2010 он хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл сар бүр 200,000 төгрөг, засварын зардалд 7,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг гаргуулна хэмээн сөрөг шаардлага гаргаж М.Б-ын бичгээр гаргасан тодорхойлолтыг үндэслэжээ. /хх-96/

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоогоогүй тул гэрээний талууд гэрээг амаар байгуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч гэрээний нэг тал нас барсан гэх нөхцөлд нөгөө талын бичгээр гаргасан тодорхойлолтыг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэхэд эргэлзээтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй нотлох баримт нь шийдвэрийн үндэслэл болдог.

Нэхэмжлэгч талыг 2004 оны 4 дүгээр сараас өдийг хүртэл хугацаанд орон сууцыг ашиглаж байгаа гэх үйл баримтын хувьд талууд маргаагүй бөгөөд дээр дүгнэснээр нэхэмжлэгч талд орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийг орон сууцыг ашигласан хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорондын үүрэг хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Тус хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан тул орон сууцны ашиглалтын төлбөр, засварын зардлыг шаардаж болно.

Гагцхүү шаардлага нь баримтаар нотлогдсон тохиолдолд шүүх төлбөрийн үүргийг үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдэд хүлээлгэх боломжтой. Маргаан бүхий орон сууцтай адилтгах орон сууцны нэг сарын хөлс 2004 оноос 2010 он хүртэл хугацаанд 100,000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл хугацаанд 200,000 төгрөг болох тухай, мөн уг орон сууцны чанар байдал ямар хэмжээгээр муудсанаас хэдэн төгрөгийн засварын зардал гарах талаарх баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, орон сууц хөлсөлсний төлбөр, засварын зардалд 33,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг М.А-т даалгах үндсэн шаардлага, орон сууц хөлсөлсний төлбөр, засварын зардалд 33,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгөөс 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 117,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН