Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1997

 

Л.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/02547 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А,

Хариуцагч: “Б” ХХК-д тус тус холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг Л.Нийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууц чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэг, хохиролд 33 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнтогтох,

Хариуцагч: М.А,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Ч.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Мөнхчулуун нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг 4 500 000 төгрөгөөр худалдан авахаар М.Болдтой харилцан тохиролцож, тухайн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг өгч, үлдэх 1 000 000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсан өдөр өгөх байсан.

Гэтэл дээрх байрны гэрчилгээ гарсан эсэх талаар Л.Мөнхчулуунд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Л.Мөнхчулуун нь тухайн худалдан авсан байрандаа 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байсан. Уг орон сууцанд засвар хийж байсан бөгөөд засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эс Эм Эс” ХХК ажиллаж байсан. “Эс Эм Эс” ХХК-ийн захирал М.Сосорбарам болон “Б” ХХК-ийн захирал М.Болд нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба М.Болд нь байрны засварын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө тухайн байрнаас орон сууц авахаар харилцан тохиролцсон учраас энэ байрны засварын ажил дууссан үед чиний байрыг шилжүүлж өгнө гэж хэлээд тус байрыг миний дүү Л.Мөнхчулуунд худалдсан.

Тухайн үед энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байрыг худалдан авсан бөгөөд байрандаа амьдарч байгаад 2010 онд нас барсан тул бидний ээж Ч.Отгон нь түүний шаардах эрхийг өвлөн авч хэрэгжүүлэхээр болсон. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ хуулийн дагуу гарсан. Өөрийн өмчлөх эрхтэй байранд амьдарч байгаа тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас орон сууц хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гаргаж ирээгүй. “Б” ХХК-аас Б.Алтанчимэгт байрыг өгсөн хэлцэл нь хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэж байна, байрны ордер Б.Алтанчимэг дээр байдаг гэдгийг албан ёсоор бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээс мэдсэн үеэс өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн.

М.Болдоос байраа шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан ч янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Өнөөдрийн байдлаар тухайн байрны гэрчилгээ М.Ат байгаа. Ч.Отгон бурхан болохоос өмнө Л.Мөнхчулуунаас шилжүүлэн авсан шаардах эрхээ Л.Нт шилжүүлэн өгсөн.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, байрны гэрчилгээг Л.Нийн нэр дээр шилжүүлэхийг М.Ат даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.А сөрөг нэхэмжлэл болон шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг өөрийн төрсөн ах М.Болдтой 2004 онд урсгал зардалд хөрөнгө оруулалт хийж, засварын ажил дуусмагц нэг өрөө байр авах нөхцөлтэй аман хэлцлийн дагуу хөрөнгө оруулалт хийж авсан.

Би дээрх байрыг хуулийн дагуу хөрөнгө оруулалт хийж авсан ба хууль ёсны эзэмших эрхтэй болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээтэй, уг гэрчилгээнд Улсын бүртгэлийн газраас одоогийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Уг байр нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм.

Л.Нийн төрсөн ах гэх Л.Мөнхчулуун нь 2004 онд миний төрсөн ах М.Болдтой амаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот байрыг түрээсэлж суух талаар хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу 2004 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл дээрх байранд Л.Мөнхчулуун болон түүний хамаатан садангууд амьдарч байна.

М.Болд уг байрыг миний эзэмшилд шилжүүлэхдээ “Л.Мөнхчулуун түрээслүүлж байгаа. Түрээсийн мөнгө гэж 2 000 000 төгрөг өгсөн. Чи энэ байрыг өөрөө хэрэглэх хүртлээ энэ хүнийг байлгаж байгаарай. Орон гэргүй, ядарсан хүн, өгсөн 2 000 000 төгрөгөөсөө буцааж авсаар 1 000 000 төгрөгийг авсан” гэж тайлбарлаж байсан.

Би уг байрны эзэмшигч болсныхоо дараагаас Л.Мөнхчулуун болон түүний хамаатан саданд байр чөлөөлж өгөх тухай, байрны түрээсийн төлбөрийг төлж барагдуулах тухай, байр ашигласан ашиглалтын зардал, урсгал засварыг цаг тухайд нь хийж өгөх талаар удаа дараа шаардаж байсан.

Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч Л.Мөнхчулуун 2010 онд нас барсан учир нэхэмжлэл гаргах боломжгүй өнөөдрийг хүрсэн. 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон түрээсийн гэрээ зэрэг гэрээнүүдийг холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх, гэрээний хүчинтэй хугацаа үргэлжилж байгаа эсэх, гэрээнд заасан нөхцөлүүд хэрэгжсэн эсэх, гэрээний талууд эрх, үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, цаашид хэрэгжих боломжтой эсэх болон нэхэмжлэлд дурдагдсан шаардах эрхийг шүүхээр шинжлэн судлуулж хууль зүйн үндэслэлтэй шүүхийн шийдвэр гартал уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл ашигласан түрээсийн төлбөрийг 2004 оноос 2010 он хүртэл нэг сарын 100 000 төгрөгөөр тооцон 7 200 000 төгрөг, 2010 оноос 2018 он хүртэл 200 000 төгрөгөөр тооцон 19 200 000 төгрөг, нийт 26 400 000 төгрөг, ашиглалтын зардал, урсгал засварын зардал, нийт 33 000 000 төгрөгийг Л.Нээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Л.Мөнхчулууны ах нь надаас гуйгаад дүүгээ энэ байранд түр хугацаагаар суулгасан юм. Шинэ байранд оруулж байсан тул баталгаа болгож 2 000 000 төгрөг авсан.

Дараа нь энэ мөнгөнөөс Л.Мөнхчулуун нь буцаан авч байсан. 3 500 000 төгрөг авсан гэх баримтыг хуурамч гэж үзэж байна, миний гарын үсэг биш, би ийм баримт үйлдээгүй, манай тамгатай адил, дуурайлгасан тамга дарагдсан байсан. Сүүлд байрыг худалдах талаар ярилцаж байсан, үнэн дээрээ тохироогүй.

Л.Мөнхчулууныг амьд байхад нь хамаатан садан хэн ч анхаардаггүй байснаа нас барсных нь дараа өв залгамжлал гээд орон сууцны маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн байрыг түрээсэлж байсан, амаар харилцан тохиролцсон байдаг.

Олон жил байранд амьдарсан гэдгээр байрны өмчлөгч болно гэж маргах үндэслэлгүй. Тухайн байрны хувьд манай хийсэн ажлын хөлсөнд М.Сосорбарамаас 12 байр өгсөн байдаг. М.А нь байр барихад хөрөнгө оруулсан учраас түүнд шилжүүлсэн.

Би өөрийн нэр дээр байруудыг шилжүүлэн авалгүйгээр шууд бусдад шилжүүлж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М.Аийн орон сууц хөлсөлсний төлбөр болон засварын зардал 33 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 257 950 төгрөгийг, хариуцагчийн 322 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК болон Л.Мөнхчулуун нар “Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 65 дугаар байр 19 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг нийт 4 500 000 төгрөгөөр тохиролцсон, талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, ашиглалтад бүрэн ороогүй байсан учир 3 500 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа болгон өгч гарын үсэг зуруулсан. Үлдэх 1 000 000 төгрөгийг байрны гэрчилгээ Л.Мөнхчулууны нэр дээр гарсан өдөр өгөхөөр талууд харилцан тохиролцсон.

Ингээд байр бүрэн ашиглалтад орсон хэдий ч байрны гэрчилгээ гараагүй гэдэг үндэслэлээр хариуцагч нь удаа дараа хойшлуулж байсан. Гэтэл Ч.Отгон нь 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 7/2960 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээс “Б” ХХК-ийн захирал М.Болдын дүү М.А нь 2008 онд уг байрны өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг мэдсэн.

Талуудын тухайн үед маргаан бүхий байр бүрэн ашиглалтад ороогүйгээс гадна, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсныг хэн аль нь мэдэж байсан. Гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан өдөр үлдэх 1 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай илүү нийцэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь маргаан бүхий байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан.

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргадаг атлаа тухайн гэрээг хүчин төгөлдөр бус, эсхүл хуурамч нотлох баримт үйлдсэн талаар баримт гаргаагүй. Талууд гэрээ байгуулсан өдөр 3 500 000 төгрөгийг өгч үлдэх 1 000 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн өдөр буюу хариуцагч нь үүргээ биелүүлснээр өгөхөөр тохиролцон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасантай илүү нийцсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Н хариуцагч М.А, “Б” ХХК-д тус тус холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 19 тоот хаягт байрших орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны түрээсийн төлбөр, засварын зардал 33 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариуцагч М.А гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай М.Аийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, анхан шатны шүүх хуралдаанаар энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримтад дүгнэлт хийх, залруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчилд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/02547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                      

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА