Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/00395

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Х.Оюунжаргал, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н-д холбогдох

Гэм хорын хохиролд 3,750,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, иргэдийн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт гарсан зам тээврийн осол нь хариуцагчийн гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийсэн буюу сөрөг урсгалтай замд огцом орсны улмаас Х ХХК-ийн эзэмшлийн 6068 УНД улсын дугаартай тоёота приус 41 маркийн автомашины араас мөргөсөн осол гарсан. Миний бие уг компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал ба тухайн үед машиныг манай хүү Б.Б жолоодож явсан. Уг ослын улмаас манай машин их гэмтэл авсан. Тухайн үед хариуцагч нь шокийн байдалтай, миний буруу, намайг уучлаарай гээд өчигдөрхөн ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад машин авсан гэж хэлж байсан. Ослын газарт Төв аймгийн Баянчандмань сумын замын цагдаагийн албаны цагдаа нар ирж ослын акт гаргасан. Иймд миний бие гэм хорын хохиролд 3,750,500 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед А ХХК-аар хохирлын үнэлгээ гаргуулсан. Үнэлгээгээр нийт 1,905,000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Гэвч автомашиндаа засвар хийлгэхэд үүнээс их мөнгө шаардагдсан. Уг үнийн дүнгийн задаргааг хэлбэл, урд буфер 350,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч 650,000 төгрөг, дээд нүүр 120,000 төгрөгөөр үнэлсэн боловч 150,000 төгрөг, доод сетка 150,000 төгрөгөөр үнэлэгдэж 180,000 төгрөгөөр авсан, под крыло 2 ширхэг 80,000 төгрөгөөр үнэлэгдэж, 180,000 төгрөгөөр авсан, бага гэрэл 180,000 төгрөг, будгийн материал 150,000 төгрөг, лонжром 400,000 төгрөгөөр татуулсан, 300,000 төгрөгөөр панел тэгшлүүлсэн, бензин, засварчдыг хооллосон зардал нийлүүлээд 45,000 төгрөг, засварын зардал 1,500,000 төгрөг гарсан, үнэлгээ хийлгэсний хөлс 80,000 төгрөг, нийт 3,750,500 төгрөг болсон гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Үндэслэлийн хувьд нэгдүгээрт, гэм буруугийн хувьд хэн аль нь 50, 50 хувийн буруутай гэж үзэж байгаа. Гэм бурууг баримтаар тогтоосон зүйл хавтас хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч араас орж ирээд гэмтэл авсан тул хурд хэтрүүлсэн явж байсан гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт, гарсан зардал нь үнэлгээнээс өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээгээр хохирол учирсанд тооцоогүй эд ангийг засварласан гэсэн, мөн хэт өндөр үнээр худалдан авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт гэм буруугийн болон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Н-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 3,750,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь осолд нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд гэм буруутай, мөн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээнээс хэт өндөр зардал гарсан хэмээн маргажээ.

Төв аймгийн Борнуур сумын Бяцхан сүж гэх газрын орчим хариуцагч М.Н нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Тоёота Камри маркийн 65-37 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа 13-48 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн, уг тээврийн хэрэгсэл нь урдаа явсан 74-62 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн, мөн нэхэмжлэгчийн 60-68 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн 65-37 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн зам тээврийн осол гарчээ. /хх-36-37/

Хариуцагч М.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино а. Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх б. Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэж заасныг зөрчсөн гэж зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Төв аймгийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолд дурдсан байна. /хх-11-12, 36-37/

Хариуцагч нь зам тээврийн осолд нэхэмжлэгч байгууллагын тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд болох Б.Б мөн адил буруутай хэмээх боловч хариуцагчийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн ослын акт, прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, түүнчлэн хариуцагч уг үйлдэлд захиргааны шийтгэл хүлээж торгуулийн арга хэмжээ авагдсан гэж тайлбарлажээ. Эндээс хариуцагч М.Н-ийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зам тээврийн осолд гэм буруутай бөгөөд ослын улмаас араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болж хохирол учруулсан гэж үзэв.

Тоёота приус 41 маркийн 6068 УНД улсын дугаар бүхий автомашин нь нэхэмжлэгч Х ХХК-ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр, осол гарах үед Б.Б жолоодож явсан нь зам тээврийн осол дээр тогтоосон акт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-7-9, 11-12/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирсон этгээд нь учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй болохыг тодорхойлсон бол хохиролд юуг оруулан тооцохыг хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тодорхойлжээ. Эд хөрөнгөнд учирсан бодит хохирол, мөн олох ёстой байсан орлогыг хохиролд тооцохоор оруулсан бол бодит хохирлыг зайлшгүй гарах, эсхүл гарсан зардлыг багтаахаар заажээ.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гарсан зардлын хэмжээгээр шаарджээ. Тодруулбал, зам тээврийн осол гарсан даруйд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А ХХК-аар тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгоход 1,905,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч тээврийн хэрэгсэлд засвар хийхэд нийт 3,610,000 төгрөгийн зардал гарсан хэмээжээ.

А ХХК-аар осол гарсан даруйд тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эвдэрсэн эд анги, бусад хийгдэх шаардлагатай үйлчилгээг тодорхойлж, тэдгээрийн үнэлгээ тогтоолгосон байна. /хх-15-16/

Нэхэмжлэгчид учирсан хохирол гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Энэ зарчмын үүднээс авч үзвэл нэхэмжлэгч нь осол гарснаас цаг хугацааны хувьд хожуу байдлаар тээврийн хэрэгслийг засварласан ба үнэлгээнд ороогүй эд анги, үйлчилгээний зардлыг шаардсан нь эргэлзээ төрүүлж байна. Тухайлбал, под крыло, баруун гэрэл, лонжром татах, панел тэгшлэх зардал үнэлгээний тайланд тусгагдаагүй тул эдгээр зардлыг зам тээврийн ослын улмаас гарсан гэж үзэхэд учир дутагдалтай.

Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг бүртгэлийн үндэс нь анхан шатны баримт юм. Х ХХК-аас зардал гарсан болохыг нотлох анхан шатны баримт нь төлбөр төлсөн баримт байх ба хэрэгт уг баримт авагдаагүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Автоплаза 2 гэх 1,960,000 төгрөгийн зарлагын баримт, Энхтүвшин гэх 800,000 төгрөг, 700,000 төгрөгийн нэхэмжлэх, Шилдэг өнгө гэх 150,000 төгрөгийн төлбөрийн баримт нь Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахйн нэгж, байгууллагад хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-т заасан бүрдлийг хангаагүй, мөн хувь хүнээс хөтлөх баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэс болохгүй.

Иймээс нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг зайлшгүй гарах зардлын хэмжээгээр буюу А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн 1,905,000 төгрөг гэж үзэх нь зүйтэй байна.

Шинжээчийн дүгнэлтийн хөлс 80,000 төгрөг, шатахууны зардал 45,950 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нь зайлшгүй гарах зардал мөн ба баримтаар тогтоогдсон тул хангах үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Н-оос 2,040,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 1,709,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч М.Н-ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч М.Н-оос 2,040,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 1,709,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 47,605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 118.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР