Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/00550

 

                                     

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр         Дугаар 101/ШШ2019/00652             Улаанбаатар хот

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С аймгийн Ж сум, 0 дүгээр багт байрлах “И-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, ЭТӨЧ, Засгийн газрын 0 дүгээр байр, А корпуст байрлах ХХААЯ-ны ТЭДС-д холбогдох

 

34.225.440 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч “И-У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ТЭДС нь 2011 оны 04 дүгээр сард манай “И-У” ХХК-иас 165.237.000 төгрөгийг нэхэмжилж Сэлэнгэ аймаг дахь.Сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани тодорхой хэмжээний төлбөрийг төлж 2 байгууллага дахин тооцоо нийлснээр үндсэн төлбөр 97.119.120 төгрөг, алданги 48.559.560 төгрөг, нийт 145.678.680 145 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснээр 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд “Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх” тухай хүсэлт гаргасан юм. Үүний дагуу хэргийн зохигчид эвлэрснийг баталж 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 365 тоот шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу манай компани 145.678.680 төгрөгийн төлбөрийг барагдуулж дууссан. Энэ тус байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд “И-У” ХХК нь төлбөл зохих төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул манай талаас ямар нэгэн гомдол саналгүй байгаа тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэж гаргасан хүсэлт албан тоотоор нотлогдож байгаа болно. Гэвч манай компани  2014 оны ургацаасаа ТЭДС-д нийт 423.99 тн улаан буудайг тушаасан бөгөөд тухайн үед 1 тн улаан буудайн урамшууллыг 70.000 төгрөгөөр тооцож олгож байсан бөгөөд нийт 29.679.300 төгрөг манай компанид олгогдох байснаас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5.453.860 төгрөгийн урамшуулал олгож үлдсэн 24.225.440 төгрөгийн урамшууллыг олголгүй дээрх төлбөрт хууль бусаар суутган манай компанийг хохироосон болно.

Дээрх төлбөрийг хууль бусаар суутгаснаас болж 2014 онд Хас банкнаас тарилан эрхлэх зориулалтаар авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж зээл төлөх хугацааг хойшлуулсан. Зээлийн хүү алданги төлж байж зээлээ төлж дуусгасан.

Иймд ТЭДС-гаас манай компанийн тушаасан улаан буудайн урамшуулалд олгогдох хууль бусаар суутгагдсан 24.225.440 төгрөг, энэ төлбөр хугацаандаа орж ирээгүйээс манай компанид учирсан хохиролд 10.000.000 төгрөг, нийт 34.225.440 төгрөгийг гаргуулж манай компанд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”И-У” ХХК нь манай байгууллагатай 2001 оноос хойш харилцаж байсан. Урамшууллын мөнгө илүү авсан гэсэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтуудаар “И-У” ХХК нь улаан буудай болон урамшууллаараа өр төлбөрөө төлсөн байдаг. Талууд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2014 оны 02 дугаар сард тус тус 2 удаа тооцоо нийлж үлдэгдэл өр төлбөрөө урамшууллаараа төлөхөөр харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актын үлдэгдлээр 23,000,000 төгрөгийн урамшууллаас суутгахаар тооцоо нийлсэн. Дээрх тооцоо нийлсэн актын дагуу манайх 2014 оны улаан буудайн ургацаас буюу Дархан-Уул аймгийн “Ө” ХХК-д тушаасан 428 тонн улаан буудай урамшууллаас нь 23,000,000 төгрөгийг 2015 оны 20 сард суутгаж, өр төлбөрийг дуусгасан

Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “И-У” ХХК нь хариуцагч ХХААЯ-ны ТЭДС-д холбогдуулан 34.225.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 10.000.000 төгрөгөөр багасгаж, 24.225.440 төгрөг шаардсан байна.

 

Хариуцагч ХХААЯ-ны ТЭДС нь нэхэмжлэгчид олгох урамшууллыг өр төлбөрөөс нь суутгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2011 онд “И-У” ХХК-нд холбогдуулан 165.237.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 145.678.680 төгрөгт зохигч эвлэрснийг баталжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны ургацаасаа 2.423,99 тн улаан буудайг ТЭДС-д тушаасан бөгөөд 1 тн улаан буудайг 70.000 төгрөгөөр тооцож олгож байсан бөгөөд уг улаан буудайн урамшуулалд 29.679.300 төгрөг олгох байснаас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5.453.860 төгрөг олгож, үлдэх 24.225.440 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан олгоогүй гэжээ.

 

            Гэтэл 2014 оны урамшууллын 24.225.440 төгрөгийг ТЭДС 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжийн дагуу өр төлбөрт суутгаж авсан болох нь хэрэгт хавсаргасан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “тооцоо нийлсэн акт”-ын 171 дүгээр хуудсанд авагдсан ТЭДС “И-У” ХХК-ийн тооцоо нийлсэн 226 дугаар актад 23.813.134 төгрөгийн өртэй, хугацаа хэтэрсэн өрийг урамшууллаас суутган тооцохоор гэрээний талууд тохиролцсон байна.

 

            Талууд ингэж тохиролцсны үндсэн дээр 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. /хх-ийн 173-179/

 

            Иймд нэхэмжлэгч “И-У” ХХК-ийн 24.225.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Өлзийсайханд утсаар болон мэдэгдэх хуудсаар, түүний өмгөөлөгч Г.А-д 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15:30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т зааснаар ТЭДС-ийн дэвтэр 3 2013.10.01-2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх “харилцагч ААН, иргэдтэй өглөг, авлагын тооцоо нийлсэн акт” 211 хуудас баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч хүсэлтээ гаргаж буцаан авч болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329.077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч ХХААЯ-ны ТЭДС-д холбогдох 24.225.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И-У” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329.077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 119.4, 119, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.СОЛОНГО