Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 720

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Б.Да-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Н.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.Да-ын нэхэмжлэлтэй ХААН банкны *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт Да- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны *******ын оор 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд орж 3 сарын дараа жинхэлсэн. 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсэн амаржсаны амралтаа авсан. 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрж 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлөө өгч чөлөө авсан... Тэгээд маргааш нь тушаалаа өгөхгүй атлаа ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь тушаалаа авсны дараа ажлаа хүлээлгэж өгнө гээд 2016 оны 12 дугаар сарын 19-нд тушаалаа авсан. Энэ тушаалд хугацаа дууссан гэдэг үндэслэлээр халсан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж тушаал гаргасан буюу Э. нь 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн одоо 2 нас 2 сартай миний бага хүү Э. нь 2015 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн одоо 1 нас хүрч байна.

Иймд Орон нутгийн иргэдийн банкны *******ын төв тооцооны төвийн эдийн засагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Да-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Да-тай 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эдийн засагчийн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Да- нь Хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан. Энэхүү 3 сарын хугацаанд ажил үүргээ зохих ёсоор хангалттай гүйцэтгээгүй, харилцагчаас гомдол ирж байсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангалтгүй тул дахин боломж олгож туршилтын хугацааг 3 сараар сунгасан ба хугацаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Банк Да-тай байгуулсан хугацаатай гэрээг цаашид сунгахгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр буюу ажилтантай туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгахгүй болсон тул дуусгавар болсон. Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 373 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Иймд Б.Да-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Да- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би оор ажиллаж байгаад 2014 оны 09 сард жирэмсний амралтаа аваад 2014 оны 10-р сарын 22-нд төрсөн. Тэгээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 07-р сарын 15-ны өдөр хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орохоор салбарын захирал тай ... уулзахад .... Чиний оронд орсон хүн ажилдаа жигдэрчихсэн, чиний хийсэн ажил чинь авах юмгүй муу байсан. Тэрийг чинь энэ хүн цэгцлээд одоо гартаа оруулж байхад чамайг би буцааж авахгүй гэж хэлсэн. .. Тухайн үед би 2 сартай жирэмсэн байсан. Ерөнхийдөө захиралтай уулзахад захирлын хандлага намайг дахиж ажилд авахгүй, дарамталсан хандлагатай байсан учраас би жирэмсэн юм чинь дахиад дараагийнхаа хүүхдийг гаргасны дараа нэг мөсөн ажилдаа оръё гэж бодоод жирэмснийхээ амралтыг сунгах хүсэлт өгөөд явсан. Тэгээд дахиад 9 сард өргөдөл өгсөн. Тэгээд 2015 оны 11 сард би дахиад амаржсаны амралт аваад 2015 оны 12-р сарын 28-нд 2 дахь хүүхдээ төрүүлсэн. 1 жирэмсний амралттай байх хугацаандаа ажилдаа оролгүйгээр дараагийнхаа хүүхдийг төрүүлсэн. Тэр хүүхдээ асрах хугацаа нь 2016 оны 06-р сарын 01-н хүртэл байсан. ...2016 оны 06-р сарын 01-нээс өөрийнхөө үндсэн ажилдаа оръё гэсэн өргөдлөө өгөөд явсан. Тэгээд 2016 оны 06-р сарын 01-н гэхэд миний ажилд орох тушаал гараагүй. ... 2016 оны 06-р сарын 06-ны ... салбарын захиралтай очиж уулзахад Би чамайг ерөнхий нягтлангаар яагаад ч авахгүй гэдгээ хэлсэн. Харин теллер юм уу, дансны мэдээллийн ажилтан бол гэсэн шаардлага тавьсан. ..Мөн дээрээс нь 2016 оны 06-р сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа чинь дууссан. Тэгтэл 06-р сарын 06-ны өдөр болсон байна. Чи 5 хоног ажил тасалсан байна. Тийм учраас би чамайг халах эрхтэй болсон байна. Чи болох нь байтлаа халагдах болсон байна. Теллер болвол бол гэж хэлсэн. .. Тэгээд би гэр бүлийнхээ хүнтэй зөвшилцье, та надад бодох хугацаа өгөөч гэсэн чинь 2 хоногийн дараашийдээ гарга, тэрнээс хойш хүлээж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 06-р сарын 09-ны өдөр ирж уулзаад би өөрийнхөө ажилдаа оръё гэж .... Тухайн үед яагаад надтай хамтарч ажиллах боломжгүй гэж хэлснийг нь ойлгоогүй. Тэгээд би тэр хүний шийдвэрийн эсрэг яваад яаж ч чадахгүй учраас хэлснээр нь би эдийн засагч болъё гэж хэлсэн. Тэгтэл захирал ..жирэмсний амралттай байж байгаад ажилд орох өргөдлийн хугацаа чинь 2016 оны 06-р сарын 01-н байсан. Гэтэл одоо 06-р сарын 09-н болсон байна. Тэгэхээр чи ажил тасалсан гэдгээрээ халагдах болсон байна. Чи 2016 оны 06-р сарын 09-ний өдрөөр ажилдаа орох өргөдлөө шинээр бичиж өгөөд эдийн засагчаар салбарын захиралтай тохиролцсоны үндсэн дээр эдийн засагч болгож өгөөч гэсэн өргөдөл шинээр бичиж өг, тэгэхгүй бол чи халагдах түвшинд очсон байгаа учраас хүний нөөц шалгахад асуудал гарна гэж хэлсэн. .. Тэгээд би 2016 оны 06-р сарын 09-ний өдрөөс эдийн засагчаар шилжүүлж ажиллуулах болон хүүхэд хөхүүлэх чөлөө хүссэн 2 өргөдөл бичиж өгсөн. ..2016 оны 06-р сарын 13-ны өдөр ажилдаа орж.... 2016 оны 06-р сарын 16-нд бичиг хэргийн ажилтан хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зур гэсэн. ... Гэрээнээс миний харсан ганц юм нь цалингаа хараад өөр юм харалгүйгээр хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зурсан. Тэгээд ... 2016 оны 06 дугаар сарын 28-нд миний зээл судлах эрх ирсэн. Би 2016 оны 07-р сарын 01-нээс зээл олгож эхлээд ажиллаж байтал 2016 оны 09-р сарын 06-ны үед тооцооны төвийн эрхлэгч намайг дуудаад Чиний хариуцаж байгаа компанийн зээл хугацаа хэтэрсэн ангилалд шилжиж буурсан байна гэж хэлсэн. Тэр нь харилцагч зээлээ төлөхдөө 18 төгрөг дутуу төлж зээл нь дутуу төлөгдсөн байсан. ..2016 оны 09-р сарын 09-нд дахиж дуудаад хугацаа хэтрэлтийн асуудал том асуудал болж байгаа. Дээрээс нь чамаар лизингийн зээл судлуулах гэж харилцагч ирсэн байна. Тэгэхэд чи завгүй гээд явуулсан байна. Чамд харилцагчийн гомдол ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр ... би нэг харилцагч ирсэн, тэр хүний орлого нь хүрэхгүй байсан. Бас нөхөр нь хөдөө явсан, хамтран зээлдэгчгүй учраас энэ хүний зээл олгогдох боломжгүй гээд буцаасан. Өөр хүн ирээгүй гэж хэлсэн.. тэгвэл ахлах эдийн засагч чамтай уулзана гэж байна лээ гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд 2016 оны 09 сарын 09-ний орой ажил тарахын үед ахлах эдийн засагч намайг дуудаад чамд харилцагчийн гомдол ирлээ, ажлын үзүүлэлт чинь хангалтгүй байна. Мөн чи зээлийг 18 төгрөгөөр хугацаа хэтрүүлсэн байна. Энэ чиний залруулашгүй алдаа, тийм учраас чиний хөдөлмөрийн гэрээг чинь цуцалж байна гэж хэлээд нэг мэдэгдэх хуудас өгсөн. ... Мэдэгдэлдээ 09-р сарын 14-ны өдөр 3 сар болоод туршилтын хугацаа нь дуусч байгаа учраас цаашид ажиллуулахгүй болохыг мэдэгдье гэсэн байсан. .. 2016 оны 09-р сарын 16-ны өглөө салбарын захирал намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход ахлах эдийн засагч , тооцооны төвийн эрхлэгч 2 байсан. Тэгэхэд захирал захирлын зөвлөлийн шийдвэр гарсан байна. Ийм ийм шалтгааны улмаас чамайг ажиллуулахгүй гэсэн байна. Гэхдээ би чамд боломж өгье, чи халагдах юм уу? эсвэл туршилтын хугацаагаа сунгаад үүрэг даалгавар аваад гэрээгээ 3 сарын хугацаагаар сунгах юм уу? үүрэг даалгавар нь бол биелэмгүй байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье, үүрэг даалгавар авъя гэсэн. Тухайн үед би бодохдоо захирал бид 2-ын тохиролцоо хүчин төгөлдөр байгаа юм байна гэж ойлгож байсан. Тэгээд хэсэг байж байгаад 10-аад хоногийн дараа үүрэг даалгавар өгсөн. Тэр нь миний хувьд биелэхээргүй үүрэг даалгавар байсан. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй, та нар намайг хуучин ажилтан гэж үзэж байгаа бол үүрэг даалгавар өгөхгүй байсан. Шинэ ажилтан гэж үзэж байгаа бол энэ үүрэг даалгавар чинь шинэ ажилтанд хэтэрхий өндөр биелэгдэхгүй үүрэг даалгавар байна гэж хэлсэн. .. 12 сард ажлын тайлангаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой сууж байгаад ажлын тайлангаа өгөхөд захирлын зөвлөлийн хурал орох гэж байна. Үүрэг даалгаврынхаа биелэлтийг өг гээд яаруу сандруу 5 минутын дотор бичээд биелэлтийг нь дүгнээд захирлын зөвлөлийн хуралд аваад орсон. ... Би нягтлан бодогчийн ажил дээр жирэмсний амралтаас орж ирэхдээ өөрийнхөө үндсэн ажил дээр орох ёстой байсан. Гэтэл салбарын захирал намайг айлган сүрдүүлсэн, дарамталсан, хууран мэхэлсэн тийм замаар тооцооны төвийн эдийн засагч болгох тохиролцоо хийгээд эдийн засагч болгосон. Тэгэнгүүтээ бас хуурч мэхэлж эдийн засагчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Түүнд нь би гомдолтой байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныхаа цалинг авах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн үндсэн нэхэмжлэл гаргасан. Ажлаас халагдсан нь хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Маргаж байгаа тушаалын агуулгад бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 буюу хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэсэн үндэслэл байгаа. Үүнийг манайх яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр хавтаст хэрэгт хоёр гэрээ байгаа. Уг гэрээнүүдэд туршилтын хугацаа гэж оруулсан байна. Туршилтын хугацаанд бол нэхэмжлэгчийн зүгээс би тухайн үед цалинг нь харсан нь алдаа байсан байна. Бусад зүйлийг хараагүй. Энэ нь хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд байгаа өөр ажилд шилжүүлэх тухай харилцан тохиролцсон асуудал байгаа. Гэтэл ХААН банкны зүгээс шинэ ажилтан гэж үзээд туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан байна. Тэгэхдээ 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрээ байгуулсан байгаа. Дахин гэрээ байгуулахдаа хугацааг нь тодорхойгүй орхигдуулсан байна. Сонгох санкцтай оруулсан байна. Тэгээд уг санкцийг ямар нэгэн байдлаар сонгоогүй асуудал байгаа учраас сонгоогүй байгуулсан гэж үзэхээр байна. Яагаад гэвэл өмнө нь туршилтын хугацаатай гэрээ байгуулаад дараа нь дахин гэрээ байгуулахдаа хугацаатай байгуулсан гэж үзээд байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж байна. Хөдөлмөрийн гэрээ бол тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам бол Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ нь дотоод журамтай нийцэж байгаа нь хавтаст хэргийн 142 дугаар хуудас дахь туршилтын буюу хугацаатай гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаа тохиолдолд цаашид ажиллахгүй гэсэн асуудал яригдсан тохиолдолд энэ журмын 3.3-аар зохицуулна гэсэн асуудал дотоод журамд байгаа. ХААН банкны дотоод журмын 3.3-д хугацаатай буюу туршилтын гэрээгээр ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажилтанд 14 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Уг заалтыг өмнө хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл өгсөн байна. Тэгэхдээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд мөн адил ийм заалт байгаа. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох тухай байгаа. Үүнийг харилцан тохиролцож гарын үсэг зурсан гэж хариуцагч талаас хэлж байгаа тохиолдолд харилцан тохиролцсон гэрээнийхээ дагуу 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдлээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгч байгаа нь 09 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болох ёстой байсан боловч хариуцагч байгууллагын зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Гэтэл энэ хугацаанд мэдэгдэл өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байна. Хэрэв энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энэ хүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн тохиолдолд 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан. Энэ тухай мэдэгдэл нь хавтаст хэрэгт байхгүй байна. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон асуудлыг оруулсан тохиолдолд аль аль тал нь биелүүлэх ёстой. Үүнийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч хүсэлт гаргасан боловч манайд ийм маягт байхгүй гэсэн хариу өгсөн байсан. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гэж өгчихөөд дараа нь манайд ийм мэдэгдэл байхгүй гэсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын маягт гэсэн хэсэг дотор Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн маягт байгаа. Тийм учраас 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол мэдэгдэл өгөөгүй учраас ажлаас халах тушаал гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ гэрээнд өөрчлөлт орсон хоёрхон асуудал байгаа. Ажлын байршлыг өөрчилсөн байгаа. 2016 оны 06 дугаар сарын гэрээнд *******т харъяалагдана гэсэн байгаа. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд хаана ч ажиллах боломжтой гэж өөрчилсөн байгаа. Хоёр дахь өөрчлөлтөд мэдэгдлийн 14 хоног байхгүй болчихсон. Энэ нь байгууллагын дотоод журмаа зөрчсөн асуудал байгаа. Үүнийг мэдэгдэл өгөх шаардлагагүй гэж үзэж өөрчилсөн юм болов уу? гэж харж байгаа. Тэгэхээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд 14 хоногийн хугацаа байхгүй ч гэсэн ажилтанд урьдчилан мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөөгүй болох нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн оруулах ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 3.3-д 14 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Мэдэгдэл өгөөгүй учраас энэ хүний эрх, ашиг зөрчигдөж байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээг мөн адил өөрчлөх ёстой. Мэдэгдэл өгөөгүй болох нь шалгалт авсан өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, гэрээг дүгнэсэн өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэсэн байгаа. Дүгнэж, шалгаад байгаа үйлдэл нь энэ хүн чөлөөлөгдөх эсэхээ мэдэх ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Тийм учраас шинэ ажилтан гэж үзэх юм бол 14 хоногийн дотор мэдэгдэл өгөх ёстой. Гол асуудал нь уг хоёр гэрээнд ХААН банкны үйлчилгээний ажилтныг дүгнэх журам гэж гаргаж өгөөгүй байгаа. ХААН банкнаас гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан журам нь дагалдангийн буюу багштай ажиллаж байгаа 12 долоо хоногийн хугацаанд дадлагажиж байж жинхлэх тухай журам байгаа. Ажил олгогч өөрийнхөө үзэмжээр чиний ажиллах хугацаа дууссан гэж болохгүй. Тэгсэн ч гэсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 1.8-д өмнөх гэрээгээ дуусгавар болгосон байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Яагаад гэвэл өмнөх байгуулсан аман болон бичгийн аливаа хөдөлмөрийн гэрээг бүх зүйл дууссан тохиолдолд харилцан тохиролцож гарын үсэг зурах ёстой. Хамгийн гол нь уг гэрээнд тамга дарсан байгаа учраас энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага буюу ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах мөн үүнтэй холбогдуулан гаргах нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар хэлэхээсээ өмнө нэг зүйлийг хэлье. Өнөөдөр энэ хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдэрлэнэ гэж ойлгож байна. Энэ хэрэгт бичгээр өгсөн тайлбаруудаас гадна нэхэмжлэгч талаас маш олон ялангуяа хариуцагч талаас бичгээр өгсөн тайлбараас олон үндэслэл яригдаж байна. Тийм учраас шүүх хуралдааны тэмдэглэлд бидний хэлсэн үндэслэлийг танахгүй, хасахгүй, товчлохгүйгээр бүрэн тусгаж өгөхийг онцлон дурдаж байна. Дараа нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй хуулийн хугацаанд танилцана. Ерөнхийдөө ХААН банк энэ хэрэг дээр шүүхийн процесс ажиллагааны үе шат болгондоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүр ноцтой зөрчөөд явсан асуудлууд байгаа. Энэ асуудлын талаар манайх гомдолтой байгаа учраас хэргийг өнөөдөр шүүгч та бүхэлд нь хянан шийдвэрлэнэ. Тэгэхээр энэ асуудал дээр би бүгдийг нь ярихгүй, яг бодит үндэслэлтэй, нотлох баримттай, факттай зүйлүүдийг нь дэлгэрүүлж тайлбарлаж хэлье гэж бодсон юм. Юун түрүүн нэхэмжлэгч талын хэлээд байгаа тайлбартой холбоотой товчхон тайлбар хэлье. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ярь гэхэд ярьсан зүйлүүдийнх нь бараг 95 хувь нь захирал, гэсэн хүмүүстэй харилцан ярьсан яриагаа ярьлаа. Үндэслэл, шаардлагаа огт ярьсангүй. Дандаа л тийм юм ярьлаа. Нэг талаараа би юу хэлэх гээд байна вэ? гэхээр өнөөдөр шүүхэд аливаа асуудлаар мэтгэлцэж байгаа бол мэтгэлцэж байгаа асуудлынхаа үндэслэлийг талууд нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлд заасан байгаа. Мөн зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж хуульд тодорхой заасан байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? гэхээр өнөөдөр бид нарын хурал дээр ярьж байгаа процесс ажиллагаа өнөөдөр энэ тэмдэглэлээр баталгаажаад энд яг юу яригдсан юм бэ? гэдэг нь баталгаажиж байна. Яг үүнтэй адил Да-ын яриад байгаа зүйл нь үнэн байна уу? худлаа байна уу? хамгийн гол нь тэр бүх зүйл нь өөрөө тухайлбал: захиралтай уулзаж харилцан ярилцсан яриа нь тэмдэглэл, эсвэл хажууд нь хүн байсан бол гэрчийн мэдүүлэг тэдгээр зүйлүүдээр энэ нь өөрөө нотлогдож байж үндэслэл бүхий болно. Хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа ч тодорхой тусгаагүй. Тайлбартаа ч огт тодорхой зүйл хэлсэнгүй. Яриад байгаа зүйл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт нотлогдохгүй байна гэдгийг онцолж хэлмээр байна. Ерөнхийдөө энэ хэрэг анх шүүгч дээр шийдэгдэж байхад талууд ямар ч асуудалгүйгээр шүүх хуралдаан дээр харилцан тохиролцоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ямар ч хууль зөрчөөгүй талууд эвлэрээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Онцолж хэлмээр байгаа зүйл нь тухайн өдөр талууд эвлэрээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнээс хойш манайх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байгаа. Тэр талаар хэрэгт нотлох баримт авагдсан байгаа. Да-ын ажилгүй байсан хугацааны цалинг нь дансанд нь олгочихсон нотлох баримт хэрэгт хавсаргасан байгаа. Тэгэхээр нэгэнт талууд ямар ч асуудалгүй эвлэрээд нотлох баримтаа гаргаж өгөөд шүүхийн ажиллагааг биелүүлснээс хойш сарын дараа ямар ч үндэслэлгүйгээр энэ асуудлыг сэргээж байгаад үнэхээр гомдолтой байна. Энэ асуудлыг бүхэлд нь шийдэх учраас энэ асуудлыг онцолж хэлмээр байна. Сэргээх сэргээхдээ өнөөдөр шүүхийн практикт аливаа захирамж шүүхийн тогтоолд гомдол гаргаж байгаа бол тухайн гаргасан захирамж, тогтоолыг л шүүх өнөөдөр шийддэг. Гэтэл та энэ асуудлыг мэдэж байгаа. Энэ асуудал дээр Да-ын эвлэрлийг баталсан захирамж дээр шүүгчийн өмнө нь баталсан эвлэрлийн захирамж болоод дараа нь Да-ын хүсэлтийг хүлээж авсан захирамж 2-ыг хоёуланг нь нэг өдөр 3 шүүгч давхар шийдсэн байгаа юм. Ийм тохиолдол, кейс шүүхийн практикт нэг ч байхгүй. Яг дарааллын дагуу бол хэрвээ үнэхээр бодит үнэнд нийцсэн байсан бол шүүгчийн хүлээж авахгүй байгаа захирамжийг нь хүчингүй болгоод дараа нь үндсэн асуудал руугаа хуулийн дагуу шат дараатайгаар орох ёстой. Гэтэл үүн дээр үнэхээр ноцтой хууль зөрчсөн асуудал байгаа. Хоёрдугаарт: Яг үүнээс гадна үндэслэл шаардлага нь ерөөсөө хуульд нийцэхгүй байгаа юм. Тэр 3 шүүгчийн шийдсэн та даргалсан байгаа хурал дээр юу яригдсан бэ? гэхээр манай тал оролцоогүй, би яг энэ дээр нэг асуудлыг онцолж хэлмээр байна. Да- яг саяны хурал дээр ярьдаг шигээ зүйл ярьсан. ... Гэхдээ энэ ерөнхийдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ зөрчилтэй явагдаад байна. Тийм учраас бид эрхээ хамгаалахын тулд шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээ хангахын тулд энэ асуудлыг ярихаас өөр аргагүй. Тэгэхээр би асуудлаа хэлмээр байна. Тухайн өдөр одоо юу гэдгийн Да- хурал дээр яг саяных шиг ярьсан байгаа юм. Гэтэл шүүх тогтоол дээрээ юу гэж дүгнэсэн юм бэ? гэхээр нэгдүгээрт: Да-ын хүсэл зоригийг шүүх ерөөсөө хангаагүй байна, хоёрдугаарт: нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байна гэсэн ийм 2 үндэслэл заасан. Хүсэл зоригийг хангаагүй байна гэдэг дээр Да- юу ярьсан гэхээр яг саяны нотлох баримтгүй юм ярьсан шигээ намайг шүүх дарамталсан бараг л шүүгч намайг эвлэр гэсэн, өмгөөлөгч намайг эвлэр гэсэн гэх мэтчилэн ийм асуудлууд ярьж байгаа юм. Ийм асуудал ярьж болно. Гэхдээ энэ асуудал нь юугаар нотлогдох вэ? гэхээр тухайн өдөр зохигчдын эвлэрлийг баталсан захирамж буюу хуралдааны тэмдэглэлээр, бичлэгээр нотлогдоно. Тэмдэглэл дээр тийм зүйл огт байхгүй. Ерөөсөө талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлээд асуудалгүй эвлэрсэн байгаа юм. Тийм асуудал дээр ямар ч нотлох баримтгүйгээр, ямар ч үндэслэлгүйгээр ийм юм ярьж байгаа, мөн 2 захирамжийг 1 дор хүчингүй болгоод шийдчихэж байгаа юм. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гээд байгаа юм. Яг өнөөдөр шүүхийн практикт өнөөдөр шүүх хэргийг хянан шийдвэрлэх гэж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж болно, багасгаж болно гээд өөрөө оролцсон бүрэн эрх нь байж байгаа. Тухайн өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, хариуцагч шууд хүлээж аваад шийдвэрлэсэн. Ийм практик байдаг. Ялангуяа эвлэрлийн асуудал дээр нэмэлт тохиролцоо маягаар эвлэрдэг кейсүүд зөндөө байдаг. Ерөнхийдөө нэхэмжлэгч эрхээ эдэлсэн, манайх шууд хүлээж аваад хэрэгжүүлсэн. Да-ын хүсэл зоригийг хангаагүй байна гэдгийг нотлох баримттай хараач ээ шүүгч ээ гэж танаас хичээнгүйлэн гуймаар байна. Дараагийн асуудал нь мөн энэ асуудал дээр шүүх талуудын эрх тэгш байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд талууд шүүхийн өмнө эрх тэгш байна гэж зохицуулсан байгаа. Мөн тус хуулийн 26.4-т: Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан. Яг ХААН банкны эрх ашгийг Завхан аймгийн сум дундын шүүх ямар ч үндэслэлгүйгээр сэргээгээд ноцтойгоор хохироогоод байна. Мөн шүүгчээс татгалздаг асуудал байна. Эхлээд шүүгчээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа юм. Тэгэнгүүт Одонзул шүүгч тэр асуудлыг шийдэхдээ шүүгч бол хуулийн дагуу гаргасан захирамжид нь гомдол гарангуут... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өнөөдөр миний манай банкны эрх ашиг үнэхээр ноцтой хохироод байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэхээс өөр аргагүй байна. Би татгалзлын асуудал дээр ярья. шүүгчээс нэхэмжлэгч тал татгалзсан. Татгалзахдаа ямар ч нотлох баримт байхгүй нэг ёсондоо бол шүүгчээс татгалзах ямар үндэслэл байна вэ? гэхээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах үндэслэл бүхий эргэлзээ гэж байгаа энэ нь өөрөө нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл ямар ч нотлох баримтгүй байхад шүүгчээс татгалзсаныг нь шийдсэний дараа манай зүгээс танаас татгалзахад манайхыг энэ талаараа нотлоогүй байна гэж дүгнэсэн. Нөгөө тал ямар ч нотлох баримтгүй хүсэлт гаргангуут нь хангаж шийдсэн мөртлөө манайхаас гаргасан хүсэлтийг танайх нотлоогүй байна гэж шийдсэн. Ингэж болдог юм уу? Үүн дээр тэгш эрхийн зарчим алдагдаад байна. Дараагийн асуудал нь та сая хэллээ. Талуудад аль ч ажиллагааны үед эвлэрэх боломж нээлттэй байна гэж хэлсэн. Уг нь манай талд эвлэрэх хүсэл зориг байгаа боловч яг үнэнийг хэлэхэд эвлэрэхээс айж байна. Яагаад гэвэл өнөөдөр бид шүүх хуралдаан дээр асуудалгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэлээд тэр тэр хэмжээнд эвлэрье гээд талууд асуудалгүй эвлэрээд гарсны дараа яагаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод буцаагаад ямар ч үндэслэлгүйгээр сэргээж байгаа юм бэ? энэ асуудал манайхыг үнэхээр ноцтой хохироож байна. Ерөнхийдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдтэй холбоотой зүйлийг би дурдаж хэлж байна. Нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан хэлэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой хэлэхгүй байна. Манай 2 төлөөлөгч тодорхой хэллээ. Банк Да-ыг туршилтын хугацаагаар ажиллуулсан. Туршилтын хугацаа нь дууссан. Ердөө л ийм зүйл болсон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн этгээд төрийн байгууллага нь 6 сарын дотор туршилтын хугацаа олгоод хүнийг авах авахгүйгээ шийдэх эрхтэй. Ингэж явсан гэдэг нь нотлох баримтаар бүгд нотлогдож байгаа гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Да-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийгээ дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Да-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон. Өнөөдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан энэ тушаалын үндэслэх хэсгийг зөв байсан уу? буруу байсан уу? гэдгийг хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас энэ эрхийн актан дээр ярих нь зүйтэй гэж бодож байна. 2016 оны 06-р сарын 14-ний өдрөөс эхлээд эдийн засагчийн ажлын байран дээр 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байдаг. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2016 оны 06-р сарын 14-ны өдөр 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулахын өмнө Да-ын өөрийнх нь 2016 оны 06-р сарын 10-ны өдөр намайг эдийн засагчаар ажиллуулж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу салбарын захирал бичиг хэргийн ажилтан д холбогдох зөвшөөрлийг авч тушаал гаргая гээд цохоод энэхүү өргөдлийг хүлээж аваад салбар дээр албан ёсоор эдийн засагчийн албан тушаал дээр ажилласан. Эдийн засагчийн албан тушаал дээр харилцан тохиролцсон гэдгээ нэхэмжлэгч сая өөрөө ч хэлсэн. Тэгэхээр эдийн засагчийн ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэдэг нь энэхүү хөдөлмөрийн гэрээ болон гэрээ байгуулахын өмнө өгсөн Да-ын өргөдлийн дагуу гэрээ байгуулагдсан учраас энэ нь хууль зүйн үндэслэлтэй байгуулагдсан байгаа гэдгийг баталж байгаа юм. Тэгээд 3 сарын дараа буюу 2016 оны 09-р сарын 14-нөөс 12-р сарын 14-ний өдөр хүртэл гэрээг 3 сарын туршилтын хугацаагаар сунгасан сунгалтын гэрээ өгсөн байдаг. Тэгэхээр 3 сарын туршилтын хугацааг 3 сараар сунгаад туршилтын хугацаа Хөдөлмөрийн тухай хуулиараа 6 сарын дараа Да-ын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ийм л процесс болсон. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан уу? байгуулсан. 3 сарын хугацаагаар сунгасан уу? сунгасан. Да-ын гарын үсэг байгаа юу? байгаа. Цалин мөнгөө тохирсон, би мэдээгүй байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. Нотлогдохгүй байгаа маш олон асуудал ярьсан гэдгийг шүүгчийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хэтэрхий олон нотлогдохгүй асуудлаар хэтэрхий удаан ярихаар энэ нь өөрөө үнэн юм шиг сонсогдож байж магадгүй гэдгийг би заавал хэлье гэж бодсон юм. Тэгээд 2016 оны 09-р сарын 14-нөөс сунгаад 12-р сарын 14-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэж гарсан. 2 төрлийн гэрээ байгаа гэж яриад байна. Тийм учраас Да-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан энэхүү тушаал нь өөрөө хуульд нийцсэн. Ямар нэгэн хууль зөрчсөн үндэслэл харагдахгүй байна. Процессын хувьд ч тэр харилцан тохиролцоод гарын үсэг зураад ажил үүргээ гүйцэтгэж байсан, цалин мөнгөө авч байсан, тэгээд тушаал гарсан. Тийм учраас энэхүү тушаал хуульд нийцсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Нэмэлт тайлбар болон өмгөөллийн үгийг манай бусад гишүүд хэлэх боломжтой учраас товчхон тайлбар гаргалаа. Нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар гаргах боломжтой байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зөвхөн хуулийн үндэслэлийг нь хэлээд явъя. Нэгдүгээрт: Бид Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны маргаан явж байгаа боловч шүүхээр явж байгаа маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын дагуу шударгаар маргаанаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх ёстой. Процессын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрсэн маргааныг 106-р зүйлийн 106.5 дахь хэсэг буюу шүүх хуралдааны явцад талууд эвлэрсэн маргаан дээр талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдахгүй. Тэмдэглэлд талууд ямар нөхцлөөр эвлэрсэн нь тодорхой байх ёстой. Үүн дээр гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, тодорхойгүй зүйл байгаагүй, талууд хэн хэнийгээ албадаагүй, хүч хэрэглээгүй. Ийм зүйл дээр эвлэрсэн маргааныг талууд гомдол гаргах эрхгүй тийм захирамжтай маргааныг сэргээж өнөөдөр маргааныг шийдвэрлэж байгаа нь өөрөө шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн гомдол гаргахгүй маргааныг шийдэж байгаа гэдэг утгаараа процессын алдаа юм биш үү? үүнийг шүүгч онцгой анхаараач ээ. Улмаар шүүхийн шийдвэр биелчихсэн байна. Энэ нь тэр мөнгө чинь миний зээлийн үүргийн гүйцэтгэлд орсон байна лээ. Хэрвээ тэр мөнгө ороогүй бол би өнөөдөр өр төлбөртэй байгаа. Тэгэхээр би буцаан төлөх ямар ч боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн хариултаар, тайлбараар нь ч нотлогдож байна. Тэгэхээр эвлэрлийн гэрээ аль хэдийн хангагдаад түүнийг буцаан төлөх ямар ч боломжгүй болсон. Тэгсэн хэрнээ өнөөдөр маргаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын алдаа гарчихсан яваад байгааг анхаараач ээ. Тэгээд талууд нь эвлэрсэн нөхцөлтэй, биелчихсэн байгааг анхаараач ээ гэж бас хэлмээр байна. Хоёрдугаарт: Да-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажлаас халж байгаа биш. Хугацаатай гэрээг талууд байгуулсан. Тэр хугацаа нь дуусгавар болсон. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан 2 хөдөлмөрийн гэрээ байгаа. Тэрэн дээр шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Талууд 2016 оны 06-р сарын 14-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Туршилтын хугацааг 3 сараар тохирсон байдаг. Тэр гэрээн дээр тохиролцож талууд хоёулаа гарын үсэг зурсан уу? зурсан. Түүний дараа харъяалал нь өөрчлөгдсөн байдаг. Харъяалал өөрчлөгдсөнтэй холбоотой 2016 оны 07-р сарын 18-нд байгуулсан гэрээн дээр харъяалалтай холбоотой болон хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөлд өөрчлөлт орсон бол асуудал өөрчлөгдөж байгаа. Энэ гэрээнд туршилтын хугацаа өөрчлөгдөөгүй гэдгийг талуудын хооронд 2016 оны 09-р сарын 14-нд туршилтын хугацааны гэрээг сунгасан гэрээ гэдгээр нотлогдож байгаа. Тэр процессын явцад 3 сарын дараа гэрээ чинь дуусгавар боллоо шүү үүрэг даалгавар авах уу гэхэд авсан байгаа нь туршилтын хугацаагаар гэрээ байгуулагдсан гэдгийг нотлоод байгаа юм. Хэрвээ 2016 оны 07-р сарын 18-нд хугацаагүй гэрээгээр томилогдсон байсан бол 2016 оны 09-р сарын 14-нд туршилтын хугацааны гэрээ сунгах гэж байхад яах гэж гарын үсэг зурсан юм бэ? яах гэж үүрэг даалгавар авсан юм бэ? би аль хэзээний жинхэн ажилтан болсон, хугацаагүй гэрээнд орчихсон шүү дээ гэж л хэлэх ёстой байсан шүү дээ. Гэтэл сүүлд байгуулсан гэрээ бол зөвхөн харъяалалтай холбоотой байсан гэрээ энэ нь өөрөө нотлогдоод байгаа юм. Мөн туршилтын хугацааг сунгаж байгуулав гэсэн хөдөлмөрийн гэрээн дээр байгаа заалтыг анхаарч үзээсэй гэж хүсч байна. 2 гэрээний хувьд ийм тайлбар байна. Туршилтын хугацаа 2016 оны 12-р сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дэх заалтыг үндэслэн маргаад байгаа 373 тоот эрх зүйн акт гарсан. Энэ эрх зүйн акт гарч байгаа учраас 3 хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэй ажилтны хувьд хөдөлмөрийн харилцааны хамгаалах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт ажлаас халах гэдэг зохицуулалт дээр л хамаардаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа иргэний хууль дээр үндэслэсэн гэрээний хугацаа гэдэг фактаар байгуулаад хугацаа нь дууссан. Дунд нь тэр хүн ажлаа сайн гүйцэтгэсэн үү, муу гүйцэтгэсэн үү гэдэг дээр дүгнэлт хийж болох ч байгууллагын зүгээс байгаа бүх баримтаа гаргаж өгсөн. Үүн дээр ямар нэг байдлаар төөрөгдүүлж хуурахийг хүсээгүй. Зээлийн ажилтныг дадлагажуулах үнэлэх зааврыг өргөн хүрээнд хэрэглэгдэг журам юм шүү. Тэрийг журмын нийтлэг үндэслэлээс бид харсан. Үүнийг талууд болон шүүхийг анхаарч харахыг хүсч байгаа юм. Шинэ ажилтантай адилхан нөхцлөөр орсон Да- дээр туршилтын хугацааг хэрэглэж болно гэдэг нь харагдаж байгаа юм. Дадлагажих хөтөлбөр гэдэг зүйлд ороогүй ур чадвараараа ажилдаа тэнцэх үү байх уу гэдэг зүйл рүү ороогүй. Тэр журмын туршилтын хугацаанд ажиллах боломжтой, жинхлэх шаардлага тавигдахгүй гэсэн шаардлагууд яригдана. Үүн дээр яригдаж байгаа ажлын үр дүн дүгнэсэн, зэрэглэл зэрэг нь тодорхой хэмжээгээр хамаарна. Тэрийг шүүх өөрөө үнэлж дүгнэх байх. Хариуцагч тал юу ч хийгээгүй биш хийсэн. Хавтаст хэргийн 14-р хуудаст байгаа үнэлгээн дээр ажлын гүйцэтгэл нь 64 хувиар дүгнэгдсэн нь хэдийгээр нөгөө талаас ажлаа сайн гүйцэтгэсэн тайлан өгч байгаа боловч нөгөө талаас ажлын гүйцэтгэлийг нь байгууллага талаас үзэх юм бол шаардлага хангахгүй, тэнцэхгүй байна гэсэн үнэлгээтэй байгаа. Үүн дээр ямар нэг хуулиар ажил олгогчийг заавал боловсролын тухай хуулиар, эсвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталсан аливаа нэг шалгалтын журмаар авна гэсэн зүйл байдаггүй. Ганц шаардлага нь ажил мэргэжил, ур чадвараараа тэнцэхгүй байгаа тохиолдолд комисс томилогдон тусгай журам баталж түүгээрээ ажилтныг тухайн ажлын байрандаа ажиллаж чадахгүй, тэнцэхгүй байгааг тогтоодог. Да-ын тухайд энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй болохоор энэ шаардлага тавигдахгүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар туршилтын хугацааг дуусгавар болгож байгаа бол тодорхой хугацааны өмнө мэдэгдэх ёстой байсан, тэр үүргээ зөрчсөн гэж ярьж байна. Мэдэгдэх үүрэг ажилтныг хамгаалдаг. Таны хөдөлмөрийн харилцаа дуусч байна. Манайд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй боллоо, ажлаа хайна уу гэсэн боломжийг хэлж өгч байгаа юм. Байгууллага дээр цомхтголоор 1 сарын өмнө мэдэгддэг. 1 сарын өмнө мэдэгдэх гэсэн процессын алдаа гаргасан тэр байгууллага цомхтголыг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм. Үүнийг үгүйсгэдэггүй. 1 сарын хугацааны цалин өгөх юм ч юм уу тэр үүргийг л үүсгэдэг. Да-тай сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр 14 хоног гэсэн заалт байхгүй байна лээ. Тэгэхээр энэ заалт нь өөрөө хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 12-р сарын 14-ний өдөр дуусч байгаа нь 14 хоногоо үгүйсгэж байгаа зүйл байхгүй. Үүнийг зөв дүгнэхийг хүсч байна. Түрүүн манай хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ нэгэнт хугацаатай гэрээ байгуулсан, хүчээр байгуулаагүй, талууд харилцан тохиролцсон эсэх дээр талууд нэгэнт маргахгүй байгаа учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэж хэлсэн. Энэ 3-н гэрээг хүчингүй болгоё гэсэн хүсэлт байхгүй, маргаагүй шүү дээ. Хэрэв нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байгаа бол хөдөлмөрийн гэрээ миний эрхийг тэгж тэгж зөрчсөн учраас хүчингүйд тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага байх ёстой. Тэгэхээр ийм шаардлага байхгүй учраас энэ гэрээнүүд нь хүчин төгөлдөр болох нь харагдаж байна. Мөн өмнөх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэрээн дээрээ маргадаггүй. Дарамталсан залилсан гэж байгаа боловч тэрэн дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тэгэхээр гэрээний агуулга дээр маргаагүй нь гэрээг зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Мөн талууд эвлэрлийн гэрээний үүргийг биелүүлснийг бид 2-р хавтаст хэргийн 46-47-р хуудсанд авагдсан ХААН банкнаас 4.528.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт, зээлийн хүүгийн зөрүү 2.545.895 төгрөгийг зээлийн хүүгийн зөрүүнд тооцсон байгаа. Нэгэнт нэхэмжлэгчид олгогдчихсон дүн байгааг шүүхээс анхаарахыг хүсч байна. Ингээд эхний процессын хувьд ч маргах эрхгүй байгаа, ХААН банкны гаргасан тушаал нь Да- гэдэг иргэний эрхийг зөрчөөгүй. Тийм учраас яаж гэрээ байгуулах, хэнтэй туршилтын хугацаагаа цаашид үргэжлүүлж ажиллах, хэнтэй ажиллахгүй байх эрхээ яагаад сонгохгүй байх ёстой юм бэ? Хөдөлмөрийн хуулиар олгосон эрх шүү дээ. Анхнаасаа гэрээний хугацааг тохироод байгуулсан гэрээний чөлөөт зарчим Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан талууд өөрөө бүх нөхцлөө чөлөөтэй сонгоно гэсний дагуу сонгосон. Цалин хөлс, ажлын байран дээр ч талууд удаан ярилцаж байж тохирсон байна. Энэ бүхэн чинь талууд харилцан чөлөөтэй, гэрээний чөлөөт байдлын дагуу гэрээ байгуулагдсан болохыг өөрөө нотлоод байгаа учраас энэ үндэслэлүүдийг харгалзан үзэхийг хүсч байна. Хавтаст хэрэгт авагдсан олон нотлох баримтуудаас аль нэг нотлох баримтыг хүчингүйд тооцуулъя, хавтаст хэргээс хасуулъя гэсэн шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргаагүй. Өөрийнхөө яриад байгаа энэ олон баримтуудыг нотлоогүй, энэ хүрээнд аль аль үндэслэлээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэстэй байна гэж үзэж байна. Хуулийн хүрээнд нотлох баримтанд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа 116-р зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтанд тулгуурласан байх ёстой тэр шаардлагаа хангах ёстой. Хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэх байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.Да- нь ХААН банкны *******ын захирлын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 16/161 тушаалаар хүүхэд асрах чөлөөтай байсан Баруун бүсийн *******ын Да-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс тасалбар болгон дуусгавар болгож, Б.Да-ыг ХААН банкны *******ын захирлын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16/162 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай тушаалаар Баруун бүсийн *******ын эдийн засагч ажил, албан тушаалд томилжээ.

Улмаар Б.Да-ыг ХААН банкны *******ын захирлын 2016 оны 12-р сарын 14-ний өдөр 373 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Б.Да- дээрх тушаалыг эс зөвшөөрч ХААН банкны *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжаар шийдвэрлэсэн учир дахин энэ маргааныг хөндөх ёсгүй хэмээн нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Дээрх Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжийг тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай Гомдлыг хянан хэлэлцэх тухай шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэвээр байна.

Б.Да- нь ХААН банкны *******т оор ажиллаж байгаад 2014 оны 06 сараас жирэмсэний амралт, амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авч 2016 оны 06 дугаар сарын 01-нээс урьд ажиллаж байсан ажилдаа эргэн орохоор хүсэлт гаргасан нь 1-р хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт болон мөн 1-р хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 15/184 дугаартай Хаан банкны *******ын захирлын тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-зааснаар ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн зөрчил болно.

 

Ийнхүү ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ХААН банкны Баруун бүсийн *******ын ийн ажлаас 2016 оны 06-р сарын 13-ны өдөр чөлөөлж, улмаар Хаан банкны *******ын захирлын 2016 оны 06-р сарын 13-ны өдөр 16/162 дугаартай тушаалаар Баруун бүсийн *******ын эдийн засагчийн ажил, албан тушаалд 2016 оны 06-р сарын 14-ний өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар томилж ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Хэрэгт Б.Да-тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2 авагдсан бөгөөд уг гэрээнүүдэд гэрээний хугацааг 2 өөрөөр тусгасан байна. Тухайлбал нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд ...Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулав... Туршилтын 6 сарын хугацаагаар байгуулав... гэж, хариуцагчаас ирүүлсэн гэрээнд ...3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулав.... Гэрээг...хугацаагүйгээр байгуулав... гэж 2 өөрөөр тусгасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх тул Б.Да-ын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал байнгын ажлын байр, гэрээнд хугацаа тохирсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажил олгогчийн шийдвэрт заасан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халах болсон үндэслэлтэй тохирох, тухайн ажлаас халагдах үндэслэлийг бий болгож буй шалтгаан нөхцөл нь тогтоогдсон байхыг Хөдөлмөрийн тухай хууль шаарддаг бөгөөд Б.Да-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 373 дугаартай захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй гарчээ.

Өөрөөр хэлбэл Б.Да- ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний хугацаа дууссан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллага нь Б.Да-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг энэ удаад хэлэлцэхгүй орхиж, дараа нь энэ асуудлын талаар сөрөг нэхэмжлэлээ гаргах болно гэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход нэхэмжлэгч Б.Да- нь 2016 оны 12-р сард ажлын 13 хоног, 2017 оны 1-р сард ажлын 21 хоног, 2-р сард ажлын 17 хоног, 3-р сард ажлын 22 хоног, 4-р сард ажлын 20 хоног, 5-р сард ажлын 23 хоног, 6-р сард ажлын 21 хоног, 7-р сард ажлын 16 хоног, 8-р сард ажлын 23 хоног, 9-р сард ажлын 21 хоног, 10-р сард ажлын 22 хоног, 11-р сард ажлын 21 хоног, 12-р сард ажлын 21 хоног, 2018 оны 1 сард ажлын 22 хоног, 2 сард ажлын 17 хоног, 3 сард ажлын 22 хоног, 4-р сард ажлын 21 хоног, 5-р сард ажлын 23 хоног, 6-р сард ажлын 20 хоног, 7-р сард ажлын 17 хоног, 8-р сард ажлын 23 хоног, 9-р сард ажлын 20 хоног, 10-р сард ажлын 10 хоног нийт ажлын 456 өдөр байна. Үүнээс 2017 онд ажлын 26 хоног амардаг гэж үзээд 456 хоногоос 26 хоногийг хасч нийт 430 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Да- нь гэрээ байгуулан ажилласан сүүлийн 3 сарын байдлаар 2016 оны 9 сард 1220000 төгрөг, 10 сард 1824000 төгрөг, 11 сард 1223179 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 4,267,179 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 430 хоногоор тооцон /4,267,179 төгрөг : 3 сар = 1,422,393 төгрөг : 21.5 хоног = 66158 төгрөг х 430 хоног/ нийт 28,447,940 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид өмнө олгосон 5,000,000 төгрөгийг хасч, нийт 23447940 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 23,447,940 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 48674 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Да-ыг ХААН банкны баруун бүсийн *******ын эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Хаан банкны *******аас 23,447,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Да-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг Хаан банкны *******т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,190 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ