Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14-ний өдөр         Дугаар 2019/ДШМ/11                     Баруун-Урт

 

          Б.Мод холбогдох 

                                             эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч  С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан /онлайнаар/

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Мянган

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч С.Энхбат

           нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Т.Жаргалсайханы эсэргүүцлээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Мод холбогдох эрүүгийн 201617000210 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “Б” ХХК-д менежер ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 7 тоотод оршин суух Б.М. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь “Б” ХХК-ийн гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Ц” гэх газарт “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 142.36 км хатуу хучилттай авто замын  барилгын ажлын төслийн удирдагчаар ажиллаж байхдаа “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь заалтууд, “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.3, 5.5.1 дэх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслэлүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596 стандартын 4.1.3-д заасан “... замын тэмдгийн үзэгдэлтийн зай 100 м-ээс багагүй байвал зохино”, 4.2.22-д заасан “...1.21 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавих тэмдгийг  ажил хийж буй  хэсгийн шууд өмнө  байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 7.2.а нэмэлт тэмдгээр уг хэсгийн үргэлжлэх зайг заана ...” гэсэн, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.2-д заасан “... 1.1, 1.2, 1.5, 1.28 тэмдгийг тухайн  аюул бүхий хэсгийн эхлэл хүртэл суурин газрын доторхи замд 50 м-ээс 100 м, суурин газрын гаднах замд 150 м-ээс 300 м-ийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 7.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана” гэсэн заалтуудын дагуу тэмдгийг стандартын дагуу байрлуулаагүйн улмаас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ч.А нь “Н” ХХК-ийн эзэмшлийн 29-65 УНХ улсын дугаартай “Форд-Эверист” маркийн тээврийн хэрэгслээр тус зам дээр зорчиж яваад хаалт хийх зорилгоор овоолсон шороог мөргөж тус тээврийн хэрэгсэлд сууж явсан Б.Н нас барж, Ч.А, Ч.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, “Н” ХХК-ийн эзэмшлийн 29-65 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7983000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  прокурорын газраас яллагдагч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар:  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч Б.Мод холбогдох 201617000210 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Мод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Т.Жаргалсайхан эсэргүүцэлдээ: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр заалтад ерөнхий гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхойлжээ.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ерөнхий гүйцэтгэгч нь гэрээт ажлаа чанартай гүйцэтгэж дуусах үүднээс зам барилгын ажилд дотоод хяналт шалгалтын багийг ажиллуулна гэж заасан байсан. Тухайн гэрээний 4.2-т “туслан гүйцэтгэгчийн ирүүлсэн ажил гүйцэтгэх график, төлөвлөгөөний дагуу зам барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажиллана. Замын барилгын ажлын график, төлөвлөгөө хугацаандаа хэрэгжээгүй, үе шатны ажлыг зөвшөөрөлгүй дур мэдэн гүйцэтгэсэн, чанаргүй хийсэн тохиолдолд гүйцэтгэгч талд шаардлага хүргүүлэх, хурал зөвлөгөөн хийх зөрчлийг арилгуулах, ажлыг зогсоох зэрэг ажлыг зохион байгуулах” үүрэгтэй оролцохоор заасан нь зам барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд хяналт тавихаар зохицуулагдсан байх тул  MCPCgr ХХК-иас уг осол гарах үеийн тухайн замд тавигдсан замын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ, замын ажил, гүйцэтгэлийн талаар асуух, баримт гаргуулах ажиллагааг хийх шаардлагагүй юм. “Б” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын барилгын ажил нь осол гарсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Ц” гэх газраас 53.6 км үргэлжилж, хоёрдугаар хэсэг болох “Ө” ХХК-ийн барьж буй зам, барилгын ажил хүртэл үргэлжилсэн байдаг бөгөөд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6х/, хэрэгт авагдсан хохирогч Ч.Б /1хх-ийн 36-38х/, гэрч М.С /1хх-ийн 46/, С.Э /1хх-ийн 241/, Т.М /2хх-ийн 99-101/ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагийн дүгнэлт /2хх-ийн 109/,  амь хохирогч Б.Нын “Н” ХХК-д сарын 2000000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан байгаа. 

Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, “Н” ХХК-ийн төлөөлөл нар оролцох тул захирамжид заасан баримтуудыг шүүхэд гаргаж өгөх эрхтэй бөгөөд шаардлагатай зүйлүүдийг шүүх хуралдааны явцад тодруулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлох боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн гэв.

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайханы гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Мод холбогдох эрүүгийн 201617000210 дугаартай хэргийг шүүх  хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх  үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүх тухайн хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж,  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй  байна.

Тухайлбал:  Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт  цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь  хянах үүрэгтэй бөгөөд яллагдагч  Б.Мод холбогдох хэрэгт хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болохуйц  оролцогч этгээд болон харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой, сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, схем зургууд, ажил гүйцэтгэх гэрээ, шинжээчийн дүгнэлтүүдийг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж харьцуулан шинжлэн  тэдгээрийн  үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга,  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх боломжтой юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны журмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалингийн цэс  зэргийг   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2, 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар гаргаж өгч,  хэрэгт хавсаргах эрхтэй болно.

Иймд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

      

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мод холбогдох эрүүгийн 201617000210 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

Хоёр. Яллагдагч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахад хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНТУНГАЛАГ 

                ШҮҮГЧИД    О.БААТАРСҮХ                          

                                                            Д.БАЙГАЛМАА