Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 2019 оны 07 сарын 19-ний өдөр       Дугаар 2019/ДШМ/15                        Баруун-Урт

 

Ч.Гад холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Д.Зулаа

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аын давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Гад холбогдох эрүүгийн 1930001030094 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, Дархан-Уул  аймгийн 15 дугаар хороо, 10 дугаар хэсгийн ... тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Ч.Г 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3  дугаар багийн нутаг, Говийн булан гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим М.Быг “дүү Ч.Гыг  зодлоо” гэдгээр шалтаглан түүний толгой руу алхаар цохиж,  эрүүл мэндэд нь “духны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, тархины духны хэсгийн няцрал бүхий“  хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Ч.Гыг  хүний эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар Ч.Гын   3 /гурван/ жил 8 /найм/ сарын  хорих ялаар   шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Гад оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  24 см урттай, толгойн хэсгийн урт 10 см төмөр алх, никель цагаан өнгийн 10.5 см урттай үзүүр хэсгээрээ хугарсан бариул нь хар өнгийн 1 ширхэг хутгыг тус тус   устгаж, ялтан Ч.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Бд эмчилгээний зардал 5540000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Бы хууль ёсны төлөөлөгч М.А давж заалдах гомдолдоо:  Намайг очиход дүү Б нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Гад зодуулж ухаангүй шахуу, өмсөж явсан хувцас нь болон гэрийнх нь хамаг зүйл цус болсон, хаалга, үүд нь эвдэрсэн байсан.  Дүү маань Улаанбаатар хот эмчилгээнд явж тархины хүнд хагалгаанд орсон. Эмчилгээнд явахдаа бид хувиасаа мөнгө төгрөг гаргаж явсан. Эмчилгээ сайн хийлгэсний хүчинд дүүгийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний зүгээс анх Цагдаагийн газарт гаргаж байсан өргөдөл, бусад холбогдох эмчилгээ хийлгэсэн болон хагалгаанд орсон талаарх баримтууд, фото зураг зэрэг нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ хэрэгт шалгагдаагүй олон зүйл байна. Анхан шатны шүүхээс Гад бага ял оногдуулсанд гомдолтой байна. Яагаад эрүүл саруул байсан хүнийг эрэмдэг, зэрэмдэг болгочихоод 3 жилийн ял өгч байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж бензины зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Гад  холбогдох хэргийг шүүх  хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүх  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж байгаа 7322660  төгрөгөөс хэдэн төгрөгийн үнийн дүнтэй ямар  баримтуудыг хангасан,  ямар баримт давхардсан, ямар баримтуудыг үндэслэлгүй гэж үзсэн тухайгаа заахгүй орхигдуулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад: “шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана” гэж заасан шаардлагыг хангаагүй нь энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарна.

 

Анхан шатны шүүх  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй  байтлаа  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлыг  хохирогчид нөхөн төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл байдал болгосон,   энэ хуулийн тусгай ангийн  6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад  гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Ч.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн  хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тухайн зүйл анги нь таван жилээс арван хоёр  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шүүгч хэргийг дангаар буюу хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

 Иймд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар “шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”  гэх үндэслэлээр бүхэлд нь  хүчингүй болгож, Ч.Гад холбогдох эрүүгийн хэргийг  дахин хэлэлцүүлэхээр  тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Гад холбогдох эрүүгийн 1930001030094 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Шүүгдэгч Ч.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                            

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

 

                            ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА    

 

                                                                                    О.БААТАРСҮХ