Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 944

 

 

 

 

 

 

 

 2019         09             17                                             2019/ДШМ/944                                   

 

 

 Б.Н-, Д.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор С.Эрдэнэтуяа,

            шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

            шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч А.Ганбат,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Н-, Д.М- нарт холбогдох 1809007500202 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ч овгийн Б-ийн Н-, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1995 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Өд” ХХК-д барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 2; эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

 

2. Ө овгийн Д-ын М-, Улаанбаатар хотод 1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторч, үсчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Чойчингүн” ХХК-д ковш операторчоор ажиллаж байсан, ам бүл 7; эгч, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 14 дүгээр гудамж, 512 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

 

Б.Н-, Д.М- нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 5-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18-51 тоотод оршин суух Ө.Оюунцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй куртик 1 ширхэг, хүүхдийн куртика 1 ширхгийг авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Н-, Д.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-, Д.М- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-, Д.М- нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалахаар зааж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэргийг би Дашбалын М-тай хамт үйлдсэн. Хохирогчид эд зүйлийг нь буцаан өгсөн болно. Үнэнг илчилж хэрэгт оролцсон байр сууриа зөвөөр илэрхийлсэн. Миний өмгөөлөгч Б.Батцэнгэл “... хулгайлсан эд зүйлийг буцааж өгч  байгаа үйлдлийг гэмт хэрэгт оролцсон гэж үзэхгүй тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал гаргасан нь зөвхөн өмгөөлөгчийн байр суурь юм. Би хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Гэмт хэрэг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ээж Т.Мөнхжаргал нь тархины хүнд гэмтлийн улмаас хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа алдсан, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болсон. Ганц хүү нь болох би ээжийгээ асарч халамжлах үүрэгтэй, хажууд нь байхгүй бол ээж минь хэцүүднэ. Миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад ганцхан удаа боломж олгож оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Д.М-г гэмт хэрэгт гэм буруутай тооцож ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж, ноцтой зөрчсөн. Д.М-г гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тал бүрээс нь хөтөлбөргүй нотлохгүй, зөвхөн шүүгдэгч Бямбарагчаагийн Н-ын мэдүүлэгт тулгуурлан ялласан байдаг нь нотлох баримтыг үнэлж дүгнэхэд өрөөсгөл байдлаар хандсан гэж үзэхээс өөр аргагүй юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А.О, гэрч А.С, гэрч Б.Н, гэрч А.Ч, гэрч Т.О нарын мэдүүлгүүдээр нотлогдсон гэж дурдсан боловч мэдүүлэгт “... үйлдсэн байж магадгүй ...” гэсэн сэжиг таамгаар үндэслэн ялласан явдал харагдаж байна. Ингэхлээр Д.М- гэдэг хүн ер нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй болж таараад байна. Энэ тохиодолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад энэхүү хуулийн заалтыг хэрэглэхгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлийн дагуу миний үйлчлүүлэгч Д.М-н холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ үйлдлийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцсон. Шүүгдэгч Б.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул миний хувьд тусгайлсан гомдол гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралд үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээнээс доош нь татаж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасныг дэмжиж байна” гэв.  

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед өмгөөлөгч болон оролцогч нараас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эсэхийг асуухад бүгд татгалзаагүй. Шүүгдэгч Б.Н- нь анхан шатны шүүх хуралд үйлдэл дээрээ маргаж, прокурортой мэтгэлцэж оролцсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжгүй гэж 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Д.М-г хамтран оролцсон болохыг шүүгдэгч Б.Н- анх яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Н-ын мэдүүлгийг бусад нотлох баримтаар шалгасан байдаг. Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаасан. Шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ “Н- бид хоёр гар утсаа асаах гээд орц руу орсон” талаар мэдүүлдэг. Үүнийг нь шүүгдэгч Б.Н- “тэгээд М- хүнтэй утсаар ярьж мөнгө асуух гэтэл утас нь цэнэггүй болоод унтарчихсан. 18 дугаар байрны 2 давхарт гарсан” талаар мэдүүлдэг. Тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний хувийн байдалд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Н-, Д.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Б.Н-, Д.М- нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 5-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18-51 тоотод оршин суух Ө.Оюунцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч булган шуба, булган захтай хавар намрын эмэгтэй куртик, хүүхдийн куртика зэргийг авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

хохирогч С.О-ийн “... гэртээ унтах гээд гэрлээ унтраасны дараа гэрийн хаалга дуугарсан. Зээ хүү Чингисболд “та гарсан уу, гэрийн хаалга дуугарлаа” гэсэн. Үүдний хэсэгт очиход өлгүүрт байсан булган дээл, булган захтай хавар намрын куртик, хүүхдийн хар хөх өнгийн куртик байхгүй байсан...” гэх /1-р хх 12-13/,

гэрч Б.Н-гийн “... Б.Н-тай 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 19-20 цагийн орчимд найз М-гийн хамт Ардын эрхийн хавьцаа уулзсан. Бид миний амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18 дугаар байрны 37 тоотод орж 2,5 литрийн пиво дөрөвийг хувааж уусан. Тэд манай гэрээс 01 цагийн орчимд  гарсан ...” гэх /1-р хх 72-73/,

гэрч Т.О-ын “... “Бэлх 10”-аас “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18-51 тоотоос булган дээл, куртик хулгайд алдагдлаа” гэсэн дуудлага ирсэний дагуу уг хаягт очиж шалгахад ... байрны гадаа тухайн айлын хүн нь булган шуба, 2 ширхэг куртик барьсан залууг “86-р байрны урд талд зарна гээд бариад зогсч байна” гэж дагуулж ирсэн. Алдагдсан зүйлүүд нь мөн байна гэсэн ...” гэх /2-р хх49/ мэдүүлгүүд,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 8, 9/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх 22/,

шүүгдэгч Б.Н-ын үйлсэн хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ. 

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н-, Д.М- нар бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Шүүгдэгч Д.М- хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болохоо хүлээн зөвшөөрдөггүй боловч шүүгдэгч Б.Н-ын “... М- айлын хаалга нь онгорхой байгааг хэлээд тэр айлын хаалгаар шагайж, гараа оруулан эмэгтэй хүний шуба, хоёр ширхэг куртик аваад хоёр куртикээ надад өгөхөөр нь би М-н араас дагаж орцоор гараад доошоо уруудсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч С.О-ийн “... шубаны халаасанд эмийн сангийн түлхүүр байсан учраас эмийн санд хулгайч орж магадгүй гэж бодоод хөнжил гудсаа аваад эмийн сан руу алхаж байтал нэг эрэгтэй хажуугаар гүйгээд өнгөрөхдөө хэн нэгнийг дуудаад өнгөрсөн. Манай хүү Ч хойноос нь дагаад гүйсэн чинь 45 дугаар байрны хойд талын сүүдэртэй хэсгээс нэг эрэгтэй 3 ширхэг хувцас бариад гараад ирсэн ...” /1-р хх 209-210/ гэх мэдүүлэг,  гэрч А.Ч-ын “... эмээ Оюунцэцэг, ах Алтангэрэл бид гурав эмийн сан руу алхаж байтал хажуугаар 168-170 см өндөртэй, туранхай, бараан хувцастай эрэгтэй их хурдан гүйгээд хажуугаар өнгөрөхөөр нь би дагаад гүйсэн. Араас нь гүйж байхад нэг эрэгтэй гартаа овоолсон хувцас барьсан, хүн дуудаж байгаа мэт хашгираад байсан. Би зогсоод тэр залуугийн барьсан хувцсыг үзэхэд манай хувцас мөн байсан. Тэр залуу “манай найз нэг айлаас энэ хувцаснуудыг хулгайлаад, би буцааж өгөх гээд хайгаад явж байна” гэж хэлсэн ...” /1-р хх 212/ гэх мэдүүлгүүдтэй тохирч байх тул шүүгдэгч Д.М-, Б.Н- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс Д.М-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Иймд “Д.М- хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгийг хангалттай нотолж чадаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил хорих ял болгож өөрчлөв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Б.Н-д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-, Д.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН