Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01241

 

2021           10            14                                          001/ХТ2021/01241

 

 

 

.........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/03001 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар магадлалтай,

 

.........ийн нэхэмжлэлтэй

.........д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2,672,233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ........., түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ........., түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019.03.07-ны өдрөөс 08-ны өдрийг шилжих шөнө Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт .........д зодуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирол хүлээсэн. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.26-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, шүүгдэгч .........ийг миний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжээр торгож, хохирогч ......... намайг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэл эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймд 19 хоногийн цалин 1,831,133 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, эм тариа, хагалгаа, эмчилгээний ор хоногийн төлбөр 535,200 төгрөг, нотариатын зардал 5,900 төгрөг, нийт 2,672,233 төгрөгийг хариуцагч .........эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан материалуудтай танилцлаа. Нийт нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би .........д өөрийн үйлдлийн улмаас учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэтэл ......... нь хуучин гэмтлээ эмчлүүлчихээд надаас ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал нэхэмжилж байна. Миний гэм буруутай үйлдлийн улмаас .........ийн хамарт гэмтэл учраагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/03001 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........эс гэм хорын хохиролд 1 478 309 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .........д олгож, үлдэх 1 193 924 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41.1.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч .........эс улсын тэмдэгтийн хураамжид 38 602 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/03001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 205 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ........., түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн мэс засалд орсон хамрын гэмтэл нь хуучин байсан” гэх тайлбар, гомдлыг хариуцагч тал гаргадаг боловч нэхэмжлэгчийн хамрын ясны сэлтэрсэн хугарлаас өмнө таславч нь баруун тийш хуучин мурийлттай байсан гэх байдал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.26-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “.........ийн биед хацар, хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо” гэж дурдсан байхаас харахад хамар ясны хугарал болон хамрын таславч баруун тийш муруйсан гэдгийг тус шатны шүүх тогтоогоогүй байдаг. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хамрын таславч муруйсан гэмтлийг ......... учруулсан гэх баримт байхгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагааны хүчинтэй хугацаа дууссан байхад түүнийг нотлох баримтаар үнэлж, дундаж цалинг тогтоож байгаа нь учир дутагдалтай байна. Иймд анхан болон давж заалдах шатны .........ийн биед ......... нь хамрын таславч баруун тийш муруйсан гэх гэмтлийг үүсгэсэн эсэх талаар баримт байхгүй байхад, учруулсан мэтээр шийдвэрлэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь судалж, үнэлээгүй нэг талын байр сууринаас хандаж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч .........д холбогдуулан гэм хорын хохиролд 2,672,233 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь хуучин гэмтэлтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн байна гэж маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1,478,309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

......... нь 2019.03.07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд .........ийн биед хацар, зовхи, уруулд цус хуралт, хамрын ясны хугарал, уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал зэрэг гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.26-ны өдрийн 514 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.” гэсэн зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

......... нь 2019.08.15-08.21 хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хамар ясны хугарал гэх оношоор хэвтэж, хамрын хугарал засах мэс засалд орсон, төлбөрт 412,000 төгрөг, шинжилгээ, эм тарианы үнэ 123,200 төгрөг тус тус төлсөн, мөн 2019.08.15-09.02  хүртэл хугацаанд ажлын 13 өдрийн цалин 937,209 төгрөг, нийт 1,478,309 төгрөгийн хохирлыг гаргуулсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн байна.

Шүүхийн шийтгэх тогтоолоор ......... нь .........ийн нүүрэн тус газар нь цохиж, хамар ясны хугарал хацар, хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоосон, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтэд “.........ийн биед хацар, хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл учирсан” гэж тогтоосон, “хамрын ясны хугарал” гэмтлийг учруулаагүй, энэ нь хуучин гэмтэл байсан гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/03001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 33,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД