Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/03001

 

      2019 оны 11 сарын 08 өдөр

  Дугаар 102/ШШ2019/03001

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Г.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, Б.Г холбогдох,

Гэм хорын хохиролд 2,672,233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                    

Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А миний бие 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийг шилжих шөнө Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Гд зодуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирол хүлээсэн. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, шүүгдэгч Б.Г-ийг миний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжээр торгож, хохирогч Г.А намайг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэл эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймд 19 хоногийн цалин 1,831,133 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, эм, тариа, хагалгаа, эмчилгээний ор хоногийн төлбөр 535,200 төгрөг, нотариатын зардал 5,900 төгрөг, нийт 2,672,233 төгрөгийг хариуцагч Б.Г-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Г-г Г.А-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгосон. Шийтгэх тогтоолд зааснаар Б.Г нь Г.А-ийн нүүрэн тус газар цохиж, хамар ясны хугарал, хацар зовхи, уруулд цус хуралт, язарсан шарх, цээжний зулгаралт, шүдний сулрал зэрэг гэмтлийн зэрэг учруулсан байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон зүйлийг дахин тогтоох шаардлагагүй. Г.А өөрт учирсан гэмтлийг эмчлүүлж, гарсан зардлыг нэхэмжилсэн. Үүнд өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, эм тариа, хагалгаа, ор хоногийн мөнгө 535,200 төгрөг, 19 хоногийн цалин 1,831,133 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 5900 төгрөг нийт 2,672,233 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан материалуудтай танилцлаа. Нийт нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г.А-д өөрийн үйлдлийн улмаас учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэтэл Г.А нь хуучин гэмтлээ эмчлүүлчихээд надаас ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал нэхэмжилж байна. Миний гэм буруутай үйлдлийн улмаас Г.А-ийн хамарт гэмтэл учраагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,672,233 төгрөг гаргуулах тухай тухай шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч Б.Г гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон гэмтэл буюу хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхээр хамарны хагалгаанд орсон тул эм тариа, хагалгаа, ор хоногийн мөнгө 535,200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, 19 хоногийн хугацааны цалин 1,831,133 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал буюу нотариатын зардал 5900 төгрөг, нийт 2,672,233 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... нэхэмжлэгчийн хамарны хагалгаа хийлгэсэн гэх гэмтэл нь миний үйлдлийн улмаас бий болоогүй ба энэ гэмтэл нь түүний хуучин гэмтэл юм... гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцэж байна.

 

            Хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоол нотлох баримтаар авагдсан байх ба уг тогтоолд...Хариуцагч Б.Г нь 2019 оны 03 дугаар сарын 07-оос 08-д шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн клубт нэхэмжлэгч Г.А-ийн нүүрэн тус газар цохиж, хамар ясны хугарал, хацар, хамар, зовхи, уруулд цус хуралт, уруулд язарсан шарх, цээжинд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмт учруулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгчийн хамар ясны хугарал гэмтлийг би учруулаагүй, хуучин гэмтэл байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Г.А-ийн хамар ясны хугарал гэмтлийг хариуцагч Б.Г учруулсан  болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

            Иймд нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Г-ийн үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан эмчилгээний зардал, өмгөөллийн хөлс, дутуу авсан цалин зэргээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй.

 

Иймд шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  хамар ясны хугарал гэх оношоор хэвтэж, хамрын хугарал засах мэс засалд орсон болох нь 16264 дугаартай өвчний түүх, амбулаториар эмчлүүлэгсдийн карт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хамрын мэс заслын төлбөрт 412,000 төгрөгийг, шинжилгээ, эм тарианы үнэд 123,200 төгрөгийг, нийт 535,200 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн Нэхэмжлэгч Г.А нь “П” ХХК-д  ажилладаг байх ба түүний сарын дундаж цалин 1,831,137 төгрөг, ажлын 1 өдрийн цалин 72,093 төгрөг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа болон тус компанийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэж, хамрын мэс засалд орсон болон амбулаториор эмчлүүлсэн болох нь өвчний түүх болон эмнэлгийн хуудас зэргээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийг өвчтэй байсан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын 13 өдөр байх ба 13 өдрийн цалинд 937,209  /13 өдөр *72,093 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах  үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн ажлын хөлс 300,000 төгрөг болон нотариатын зардалд төлсөн 5,900 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Эдгээр зардлууд нь хариуцагч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас шууд гарсан зардлууд биш байх бөгөөд өөрийн шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой болон өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлууд байх тул эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Г-ээс 1,478,309 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.А-д олгож, үлдэх 1,193,924 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-ээс гэм хорын хохиролд  1,478,309 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож, үлдэх  1,193,924 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41.1.7 дахь хэсэг, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Г-ээс  улсын тэмдэгтийн хураамжид 38,602 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА

 

             ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР

 

Ш.ОЮУНТУУЛ