Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01242

 

2021           10            14                                          001/ХТ2021/01242

 

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02261 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2379 дүгээр магадлалтай,

 

.........ын нэхэмжлэлтэй

......... ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Ц.Эрдэмбилэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх 2017 онд Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019.10.28-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгож, Чулуун овоо тооцооны төвийн захирлаар шилжүүлэн ажиллаж байгаад 2020.04.02-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/538 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалаар намайг гурван үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Нэгдүгээрт, бусдаас шан харамж авсан байж болзошгүй, үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж дотоод хяналт шалгалтын тайланд бичсэн. Сахилгын шийтгэлд санал оруулахдаа бусдаас шан харамж авсан зүйлийг дурдаагүй байдаг. Х.Толхон гэх хүн .........т 1,000,000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан бөгөөд Х.Аймуратын хувьд надтай холбоотой ямар ч өргөдөлд бичээгүй.. Х.Толхон нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ .........ны хүмүүс өөрийг нь айлган сүрдүүлж 1,000,000 төгрөгийг надад өгсөн гэж бичүүлж авсан гэдгээ, мөн 2020.02 дугаар сард .........ны хяналт шалгалтын газрын дарга н.Батмөнхтэй уулзаад ийм буруу зүйл хийсэн гээд дэлгэрэнгүй хэлсэн. Хэрвээ бусдаас шан харамж авсан бол энэ үйлдлийг өнөөдөр цагдаагийн байгууллагаар шалгуулах байсан, гэтэл өнөөдрийг хүртэл шалгуулаагүй, өөрсдөө нотолсон мэт тайланд бичигдсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс бусдаас шан харамж авсан асуудал нотлогдсонгүй. Хоёрдугаарт, З.Зоригтбаатартай холбоотой зээлийн тухайд 2019.10.28-ны өдөр Баянгол тооцооны төвийн зээлийн хорооны хурлын 19/68 тоот шийдвэрээр бичил бизнесийн зээл 30,000,000 төгрөг авсан. Ингээд 2019.06 дугаар сараас хойш ......... ХХК-д хэрэгжсэн зээлийн урамшуулалт аян явагдсан. Урамшуулалт аянтай холбогдуулан гүйцэтгэх захирлын тушаал гарч, зөвлөмж ирсэн. З.Зоригтбаатарын зээлийг судлахад З.Зоригтбаатар нь гэрлэлт бүртгэлгүй гэж гарсан. Иймээс бизнесийн зээлийг олгосон. Гуравдугаарт, зээлдэгч Г.Чимэдцэеэг хуурч мэхэлж байхыг мэдсээр байж талсан зогсоогоогүй, зээлийн өмнөх хяналтыг хийгээгүй гэж тайлбарлаг боловч. Г.Чимэдцэеэг 2019.05.31-ний өдрийн 0249 тоот албан бичгээр Тэди төвийн 4 давхарт 9-10 дугаар лангууг 2014.03.01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа гэсэн Ньюком проперти ХХК-ийн тодорхойлолт авагдсан. Үүнээс гадна Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гүйцэтгэх захирлын тушаал гарсан байдаг. Гүйцэтгэх захирлын 2020.03.24-ний өдрийн А/150 тоот тушаалаар бүх ажилчдыг амрааж, сул зогсолтын 5 хоног эдлүүлнэ гэсэн. Үүний дагуу миний бие 2020.04.01-ний өдрөөс 2020.04.07-ны өдрийг дуустал сул зогсолт эдэлж байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал 2020.04.02-ны өдөр гарсан байдаг. Миний бие 2020.04.01-ний өдөр харилцааны менежер н.Ганбилэгт ажлаа хүлээлгэж өгөөд сул зогсолтоо эдэлж байсан. Иймд намайг урьд эрхэлж байсан Чулуун овоо тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч .........ын тушаалд хоёр үндэслэл бий. З.Зоригтбаатарт 30,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг олгохдоо Баруун хүрээ төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан Ч.Мөнхзаяагийн зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг аваагүй. Тухайн мэдээллийг аваагүйгээс гүйцэтгэх захирлын зээлийн хэмжээ тогтоосон тушаалыг зөрчсөн. З.Зоригтбаатар нь гэр бүлийн хүнтэйгээ нийлээд 84,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад үүнийг судлахгүйгээр зээлийн эрхийг хэтрүүлж өөрт олгогдоогүй үйлдлийг хэрэгжүүлсэн зөрчлийг гаргасан. Өөрөөр хэлбэл зээлийн үйл ажиллагааны журмын 10.5.1 дүгээр зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж ......... ХХК-аас үзэж байгаа. Мөн 2018 оны 5 дугаар сард Г.Чимэдцэеэд 30,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Тухайн зээлийг түрээсийн үйл ажиллагаа явуулдаг гэж авсан боловч үүнтэй танилцсан эсэх нь тогтоогдохгүй байгаа. .........ны дотоод хяналт шалгалтын газрын тайлангаас үзвэл Х.Аймурат гэх хэрэглэгчийн ээж болох Х.Толхон нь Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан .........т 1,000,000 төгрөгийн мөнгөн шан харамж төлсөн талаар өөрөө тайлбар бичиж өгсөн байдаг. Үүнийг үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Нэхэмжлэгч нь тооцооны төвийн захирал буюу зээлийн хорооноос шийдвэрлэн гарч буй зээлүүдэд гарын үсэг зурдаг бөгөөд үүнийг үндэслэн зээлийг шилжүүлдэг. Иймд ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02261 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч .........ыг хариуцагч ......... ХХК‑ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун-Овоо тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ......... ХХК-аас 8,389,206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч .........ын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ......... ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ......... нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч ......... ХХК-аас 149 177 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2379 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 177 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Ц.Эрдэмбилэг нар хяналтын гомдолдоо: Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Учир нь ажилтныг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд гаргасан үйлдэл, зөрчлийн баримтаар нотлогдсон байх шаардлагатай.” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ......... нь банктай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилтны ёс дүрмийн баталгаа байгуулсан бөгөөд өөрийн удирдлага доорх ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй албан тушаалтан бөгөөд .........ны дотоод хяналт, шалгалтын газрын тайлангаар түүний гаргасан зөрчлийг илрүүлсэн. Өөрийн удирдлага доорх тооцооны төвд хяналт тавих этгээд болох нэхэмжлэгч нь хэрхэн, ямар арга замаар хяналтыг хэрэгжүүлсэн тодорхой бус бөгөөд хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдоогүй, журмын шаардлага хангаагүй нөхцөл байдлыг илрүүлээгүй болно. Тооцооны төвийн захирал шийдвэр гаргах, хянах, гаргасан шийдвэртээ хяналтыг тавих, шууд удирдлага доорх ажилтнуудад хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан болно. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчээс зээлдэгч З.Зоригтбаатарт зээл олгохдоо шууд удирдлагын зүгээс хяналт хэрэгжүүлээгүй, зээл судлах эрх хэмжээг хэтрүүлж зээлийн гэрээ байгуулсан гэж хариуцагчаас тайлбарлах боловч зээлдэгч З.Зоригтбаатар, Ч.Мөнхзаяа нар нь гэр бүлийн гишүүд эсхүл өөр хоорондоо хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн тэдгээр хамтран зээлдэгч биш байх ба нэхэмжлэгчийг зээл олгохдоо зээл судлах эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.” гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтоор З.Зоригтбаатар, Ч.Мөнхзаяа нар нь нэг хүүхэд нь холбогдох баримтаар нотлогддог. З.Зоригтбаатар, Ч.Мөнхзаяа нар нь хоёул .........анд ажиллаж байсан талаар шүүх хуралдааны үеэр нотлогддог бөгөөд Ч.Мөнхзаяагийн .........ны дотоод хяналт, шалгалтын газарт гаргаж өгсөн тайлбартаа манай нөхөр гэж З.Зоригтбаатар гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан тооцооны төв нь .........ны гүйцэтгэх захирлын тушаалаар 70,000,000 төгрөгийн зээлийн эрхтэйгээ тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах, зээлийн хорооны шийдвэрт гарын үсэг зурахтай холбоотой үүргийг гүйцэтгэх үүрэгтэй талаар шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Тэрээр хяналтыг хэрэгжүүлж байсан бол зээлийн хорооны эрхийн хэмжээ 14,966,780 төгрөгөөр хэтрэхгүй байх бүрэн боломжтой байсан. Учир нь нэхэмжлэгчийн шууд удирдлага доор Ч.Мөнхзаяа нь тус тооцооны төвд ажиллаж байсан. Хэрэв шууд удирдлага болох нэхэмжлэгч ......... нь З.Зоригтбаатарын зээлд хяналтыг хэрэгжүүлсэн бол эхнэр Ч.Мөнхзаяагийн орлогыг давхар судлах талаар холбогдох ажилтан үүрэг болгож тус зөрчлийг нь илрүүлэх боломжтой байсан болно. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “40.1.5 заалтын агуулга нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээж байгаа ажил үүрэг нь ажил олгогчийн мэдлийн буюу өмчлөлийн тодорхой хэмжээний мөнгө буюу эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалахад эсхүл мөнгө эд зүйлийг тогтоогдсон журмын дагуу зарцуулах, ашиглах эрх мэдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил байхыг тус тус ойлгодог. Энэхүү эд хөрөнгийн зөрчлийн улмаас ажил олгогчид уг ажилтнаар ажил үүргийг нь хэвээр үргэлжлүүлэх нь мөнгө, эд хөрөнгийн бүтэн байдалд муугаар нөлөөлнө гэсэн ойлголт бий болох болох явдлыг итгэх алдах гэж ойлгох бөгөөд ийнхүү итгэл алдсан буруутай үйлдэл буюу мөнгө, эд хөрөнгийг дутаах, зориулалтын бусаар зарцуулах, түүнчлэн мөнгө, эд хөрөнгийг зохих журмын дагуу хадгалаагүй, зарцуулалтанд нь хяналт тавиагүй эс үйлдэл нь...” гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч ......... хөдөлмөрийн гэрээ болно ажлын байрны тодорхойлолтод заасан ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэж авч, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалтын дагуу захиран зарцуулах үүрэг хүлээсэн этгээд болно. Нэхэмжлэгч нь өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд зээлдэгч Х.Аймураттай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Х.Аймуратын Хаан банкны 5749628030 тоот дансанд 2018.09.13-ны өдөр 50,0 сая, 2018.09.17-ны өдөр 5,198,500 төгрөгийг Аймуратд “налайх орон сууцны илүү төлбөр буцаав” гэсэн утгатай барилга барьсан “ЦОМА” ХХК-иас буцаасан зээлдэгч нь банкыг хууран мэхлэх замаар, өндөр үнээр байраа үнэлж байр худалдан авч, зөрүү төлбөрийг барилга барьсан компаниас буцаан авсан холбогдох дансны хуулгаар тогтоогддог. Тухайн зээлийг зээлийн ажилтан Ч.Мөнхзаяа /зээлдэгч З.Зоригтбаатарын эхнэр/ судалж, түүнд хяналт тавих эрх бүхий этгээд захирал ......... нь зээлийг хангалттай хяналт тавьж ажиллаагүйгээс уг олгосон зээл нь өнөөдрийн байдлаар зээлийн ангилал шилжсэн, зээл төлөгдөхгүй байх нөхцөл байдалтай байна. Тус зээлийг судалж, хяналт хэрэгжүүлснийхээ төлөө зээлдэгч Х.Аймуратын ээж Х.Толхоноос 1,0 сая төгрөг авсан. Түүнчлэн Х.Толхон бичгээр мөнгө өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Х.Толхон нь нэхэмжлэгч .........т мөнгө өгсөн нь тогтоогдохгүй байна гэх боловч Х.Толхон болон нэхэмжлэгч нарын хооронд хувийн харилцаа байсан /гэрчээр мэдүүлэг өгөх явцад нэхэмжлэгчийн Отгоо, зээлийн ажилтныг Заяа зэргээр дуудаж байсан/ зэрэг нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Х.Толхон нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон санхүүгийн харилцаанд орсон, зах зээлийн ханшаас өндөр үнэлгээгээр орон сууцыг худалдан авч буй мэтээр зээл гаргахад туслалцаа авсан бол эдгээр талууд нь нэгдмэл ашиг сонирхолтой байх нөхцлүүдийг харгалзаж үзэлгүй Х.Толхоны өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч .........ын дээрх албан үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авсан үйлдэл гаргасан нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн үйлдэл болно. Шүүхээс тус үйлдлийг нотолсон Х.Толхоны бичгээр мөнгө өгснөө хүлээн зөвшөөрсөн гар бичиг, Х.Аймуратын хаан банкны 5749628030 тоот дансанд 2018.09.13-ны өдөр 50,0 сая, 2018.09.17-ны өдөр 5,198,500 төгрөгийг “Аймуратд налайх орон сууцны илүү төлбөр буцаав” гэсэн утгатай барилга барьсан “ЦОМА” ХХК-иас буцаасан данс хуулга зэргийг тал бүрээс нь хангалтгүй үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч .........ыг Баянгол тооцооны төвийн захирлын ажлаас нэгэнт чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, тодруулбал хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байхад түүний өмнө ажиллаж байсан Баянгол тооцооны төвд хяналт, шалгалт явуулж зөрчил илэрсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, уг үндэслэлээр дараагийн буюу шинэ хөдөлмөрийн харилцаа эхлүүлсэн Чулуун-Овоо тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч ......... нь Чулуун-Овоо тооцооны төвд захирлаар ажиллаж эхэлснээр хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан нь ойлгомжгүй, түүнийг ажлаас халсан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасантай иийцсэнгүй.” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ......... нь .........тай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, албан тушаалыг эрхэлдэг бөгөөд “Баянгол” тооцооны төв, “Чулуун овоо” тооцооны төвд ажиллаж байх хугацаанд тусдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч нэг талд нь ......... нөгөө талд нь ......... байгаа харилцаа хэвээр үргэлжилж байсан болно. .........ын Баянгол тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа гаргасан зөрчил нь “Чулуун овоо” тооцооны төвд ажиллаж байх үед илэрсэн бөгөөд тэрээр .........ны ажилтан хэвээр байгаа тул ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй болно. Түүнчлэн баянгол тооцооны төвд илт хууль бус, харилцагчийг хохироосон, ажил олгогчийн нэр хүндэд хохиролтой зөрчил гаргасан нь тогтоогдсоор байтал түүний өмнөх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр ажил олгогч гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй гэдэг нь ажил олгогчийн эрхийг хязгаарласан, дордуулсан үндэслэл болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч ......... нь өөрийн хүсэл зоригоор бус, хариуцагч ......... ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар, ажил нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг хэвээр хадгалж байх үүрэгтэй байтал түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хүний нөөцийн хорооны хурлын 2020.04.01-ийн өдрийн 19/7 дугаар шийдвэр болон нэхэмжлэгч .........ыг ажлаас чөлөөлсөн хариуцагч ......... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.04.02-ны өдрийн Б/538 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч .........ыг сул зогсолтын үед ажлаас халсан байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасан Захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажилтныг ажлаас халсан буруутай байна гэж шүүх дүгнэсэн. .........ны Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.16, 9.17 дахь хэсэгт ажилтны шууд удирдлага 3 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгодог бол 4-30 хүртэл хоногийн хугацаатай цалинтай чөлөөг хүний нөөцийн газарт хүргүүлсэн зөвшөөрлийн хуудас бүхий хүсэлтийг хүний нөөцийн газрын захирал зөвшөөрсөн тохиолдолд Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хүсэлтээр түүнд чөлөө олгож болдог бол сул зогсолт гэдэг нь ажил олгогчийн төлбөрийн чадваргүй болсноос бусад асуудлаар ажилтан өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгодог. Тус хэргийн тухайд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулсан 5 хоногийн цалинтай чөлөө аваагүй харин 5 хоног, үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговортой сул зогсолт хийсэн. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хууль болон .........ны хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтын дагуу чөлөө аваагүй байхад анхан шатны шүүхээс хариуцагч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасныг зөрчиж захиргааны чөлөөтэй байх үед ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч .........ыг ажлаас чөлөөлсөн 2020.04.02-ны өдрийн Б/538 тоот тушаал нь дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй нийцэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ......... ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

 

......... нь .........ны Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2019.10.28-ны өдрийн Б/1665 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвийн захирлаар томилогдон ажилласан, ажил олгогч 2020.04.02-ны өдрийн Б/538 дугаартай тушаалаар түүнийг ажлаас халсан үйл баримт тогтоогджээ.

 

Ажил олгогч нь тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.4, 7.4.7, 7.4.35, 7.4.41 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2020.04.01-ний өдрийн 19 дүгээр хурлын шийдвэрийг баримталж, ......... нь Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа зээлдэгч Х.Аймуратад орон сууцны зээл олгож, зээлдэгч болон түүний ээж Х.Толхон нараас 1,000,000 төгрөгийг авсан нь .........ны ёс зүйн дүрмийн 5.1, 5.2, 6 дахь зүйл, заалтыг зөрчсөн, зээлдэгч Г.Чимэдцэеэд зээл олгохдоо хуурамч баримт материал бүрдүүлсэн байхад хяналт тавьж, зөрчлийг илрүүлж, таслан зогсоогоогүй, зээлдэгч З.Зоригтбаатарт зээл олгохдоо шууд удирдлагын зүгээс хяналт хэрэгжүүлээгүй, зээл судлах эрх хэмжээг хэтрүүлж зээлийн гэрээ байгуулсан, холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлээгүй гэсэн зөрчлүүдийг дурьджээ.

 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэх дээрх зөрчлүүдийг ажилтан гаргасан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч гэрээг цуцалсан үндэслэлээ нотолж чадаагүй  байна.

Харин өмнө нь өөр албан тушаал буюу нэхэмжлэгчийн Баянгол тооцооны төвийн захирлаар ажиллаж байх үед гаргасан дээрх зөрчлүүд Баянзүрх дүүргийн салбарын харъяа Чулуун овоо тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу гэж үзнэ. Хөдөлмөрийн харилцааны нэг тал буюу ажил олгогч нь ......... байх ба тооцооны төвийн захирлын ажиллах газар, байршил өөр хэдий ч албан тушаалын чиг үүрэг хэвээр, хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн шинжтэй байх тул зөрчлийг хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийн дагуу байгууллага дотроо, өөр, адил төрлийн ажилд шилжин ажилласан  байна.

Түүнчлэн, хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь захиргааны чөлөөг Хөдөлмөрийн дотоод журмын дагуу авсан эсэх нь тодорхой бус, сул зогсолт байгаагүй байхад шүүх энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

 

Гэвч ажилтан сахилгын зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хууль бус бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг 35.1.2 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн хууль хэрэглээ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02261 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2379 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 149,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД