Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01158

 

2021           10            05                                          001/ХТ2021/01158

 

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02038 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 91 дүгээр магадлалтай,

 

.........ын нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 31,245,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Баярмагнайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шагдарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... нь Япон улсад аялалын зорилгоор зорчихоор болж 2018.04.21-ний өдөр “.........” ХХК-тай гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын 170100004984 тоот гэрээ байгуулж даатгалын хураамж 172,5 доллар төлсөн. Япон улсад очсоны дараа гэнэт бие муудаж acute e.coli infection гэх шээсний замын цочмог халдвар оноштойгоор Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018.06.08-ны өдрөөс 2018.07.05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөрт иенээр 1,256,864 төгрөг төлсөн. Ингээд 2018.08.16-ны өдөр хариуцагчид хандан гэрээний дагуу нөхөн олговрын маягтыг бөглөн нөхөн төлбөр хүссэн боловч давхар даатгалын компанийн шийдвэрийг хүлээж байгаа мөн эмчилгээ үйлчилгээ авсан тухай бичиг баримтыг дахин дэлгэрэнгүй гаргуулж ирүүл гэх зэргээр шалтаг тоочсон. Баримт бичгийг Токиогийн их сургуулийн эмнэлэгээс гаргаж өгсөөр байтал нөхөн төлбөрийг олгохгүй байсан. Гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж нөхөн төлбөрийг олгох талаар 2019.02.28-ны өдрийн 9/658 тоот, 2019.05.20-ны өдрийн 9/2154 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. Нөхөн төлбөр олгох талаар ямар ч ажиллагаа хийхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул “.........” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн ханшид хөрвүүлэн 31,245,639 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “.........” ХХК болон итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, Б.Амарбаясгалан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээг 2018.04.21-ний өдөр байгуулсан.Нэхэмжлэгч шээсний замын цочмог халдварын улмаас Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018.06.08-ны өдрөөс 2018.07.05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэн эмчлүүлж эмчилгээний зардалд 1,256,864 иен буюу 31,245,639 төгрөг төлсөн гэдэг. Даатгуулагчийн нөхөн төлбөр авахаар бүрдүүлсэн материалуудыг хүлээн авч шалгахад гэрээний 2 дугаар зүйлийн b-д хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол холбогдох баримт тооцоо нэхэмжлэлийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай заасан шаардлагыг хангаагүй байсан. Даатгуулагч нь Япон улсад 28 хоног хэвтэн эмчлүүлэхдээ чухам ямар эмчилгээ хийлгэж байсан талаар харж болох Токиогийн их сургуулийн эмнэлэгийн эмчилгээний дэлгэрэнгүй тайланг өнөөдрийг хүртэлх хугацаанд даатгагч талд ирүүлээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Эмнэлэгийн дэлгэрэнгүй тайлан байснаар даатгуулагчид хийсэн эмчилгээ нь зөвхөн гэнэтийн өвчлөл буюу e-coli халдвараас үүдэлтэй байсан эсэхийг тодруулах, ямар хүндрэлийн улмаас 28 хоног эмчилгээ хийлгэсэн зэрэг нөхцөл байдлыг магадлах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход ач холбогдолтой. Даатгуулагчийн иргэний эрүүл мэндийн дэвтрээс харахад 2015 онд архаг бронхит, зүрхний цусан хангамжийн дутагдал, шээсний замын халдвар, архаг бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шархлаа, улайн хоолойн сөөргөө, архаг холецистист зэрэг оношийн улмаас эмнэлэг болон амбулаториар эмчилгээ хийлгэж байжээ.Гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцлийн 2.b-д даатгуулахаас өмнөх аливаа архаг хууч өвчин эмгэг, урьд нь өвдөж байсан өвчин хамаарч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02038 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан хариуцагч “.........” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 31 245 639.04 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........ад олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 178.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 178.20 төгрөг гаргуулж  шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 91 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......... ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Баярмагнай хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ......... нь “.........” ХХК-тай 2018.04.21-ний өдөр гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын 170100004984 тоот гэрээ байгуулсан бөгөөд “шээсний замын халдвар” оноштойгоор Япон улсын Токиогийн их сургуулийн эмнэлэгт 28 хоног хэвтэж эмчлүүлсэн, эмчилгээний зардалд 1,256,864 төгрөг буюу 31,245,639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч маргасан билээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ даатгалын гэрээний зүйл заалтыг буруу тайлбарлаж, хариуцагч талын нотлох баримт гаргуулах болон үзлэг хийлгэх тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Магадлалын хяналтын хэсэгт “...Гэрээний даатгалд хамрагдахгүй байх нөхцлүүдэд нэхэмжлэгчийн Япон улсад гэнэт өвчилж эмчлүүлсэн байдал хамаарахгүй юм. Даатгуулахаас өмнөх аливаа архаг хууч өвчин эмгэг, гэмтэл бэртэл, урьд өмнө өвдөж байсан өвчнийг эмчлүүлсэн үед нөхөн төлбөр олгохоос даатгагч татгалзах эрхтэй байхаар талууд тохиролцсон.” гэх дүгнэлт нь талуудын нөхцөлийг зөвөөр тодорхойлсон дүгнэлт болжээ. Эл дүгнэлтийн дагуу шүүх талуудын маргаж буй өвчлөл нь гэнэтийн өвчлөл үү, эсвэл архаг хууч буюу өмнө нь өвдөж эмчлүүлж байсан өвчлөл үү гэдгийг тогтоох асуудал хэргийн шийдэлд нөлөөлөх гол үйл баримт болох билээ. 2. Гэтэл магадлалд “Токиогийн их сургуулийн эмнэлэгийн ...өвчтөн нь 2018.06.08-ны өдрөөс 2018.07.05-ны өдөр өндөр халуурсны улмаас шээсний замын халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн, хурц гэнэтийн халдвар” гэх оношоос үзэхэд гэнэтийн өвчлөл буюу даатгалын тохиолдол бий болсон” гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан Эмчилгээний тайланд оношийг “хурц халдвар /шээсний замын халдвар/, Өвчний оношийн гэрчилгээнд өвчний нэрийг “шээсний замын шингэний халдвар” гэсэн нэршлээр бичигдсэн байхад огт үндэслэлгүйгээр “гэнэтийн” гэсэн нэр томъёог оношд байсан мэтээр тусган, даатгалын тохиолдол мөн гэж үзэж, маргааны үйл баримтыг буруу үнэлж, хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтад үндэслэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхэд .........ын Япон Улсад хийлгэсэн өвчлөл нь архаг хууч буюу өмнө өвдөж эмчлүүлж байсан өвчлөл болох тухай дараах баримтад үндэслэн тайлбарладаг. Тодруулбал, хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар байгаа ба 2015 онд “Шээсний замын халдвар” оношоор эмчилгээ хийлгэж байсан тухай баримт бий. Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн  SGH.GOV.MN сайтад бичигдсэн мэдээллээс үзэхэд “шээсний замын халдвар” өвчин нь архагших шинжтэй, нэг өвчилсөн тохиолдолд сэдрэлт өгдөг тухай мэдээллүүд байсан. Энэ нь манай татгалзлыг нотлох нэг баримт болно хэмээн тухайн эмнэлэгийн сайтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангаагүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа гэрээний 2 дугаар зүйлийн В заалтад “Хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол холбогдох баримт, тооцоо, нэхэмжлэхийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай” гэж заасныг хангаагүй гэж тайлбарлаж байх боловч татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч холбогдох баримт тооцоогоо гаргасан байна” гэсэн дүгнэлтийг мөн хийжээ. Бидний зүгээс гэрээний 2В заалтад заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах үед хавтаст хэрэгт авагдсан зарим баримтууд /Иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтэр/-ийг даатгуулагч бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гүйцээж өгсөн байсан. Бидний зүгээс дан ганц энэ заалтаар татгалзаагүй бөгөөд гэрээний 2С заалтад заасан нөхцөл бүрдсэн гэдгийг шүүхэд өгсөн хариу тайлбартаа тодорхой бичсээр байхад хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт шүүх хийсэн гэж үзэж байна. Дээр дурдсан үйл баримтуудаас харахад шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 31,245,639 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн болон Даатгалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 431.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно.” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж, 8.4-т даатгуулагчийн өргөдөл, даатгалын баталгааны эх хувь, учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт эдгээр байна.” гэж заасан зохицуулалтууд нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлжээ.

2018.04.21-ний өдөр талуудын байгуулсан “Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээ” хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь гадаад улс оронд 92 хоног хүртэлх хугацаагаар зорчих явцад гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлд өртөх тохиолдлыг даатгуулж, даатгалын хураамжид 175,5 ам.доллар төлсөн ба даатгалын тохиолдол үүссэн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

 

Даатгуулагч ......... нь Япон улсад байхдаа шээсний замын цочмог халдвар оноштойгоор Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018.06.08-07.05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэж эмчлүүлсэн, эмчилгээний төлбөрт 1,256,864 иен /төгрөгөөр 31,245,639/ төлсөн, 2018.08.16-ны өдөр даатгагчид хандан нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, Санхүүгийн зохицуулах хороо даатгалын нөхөн төлбөр олгох нь зүйтэйг “.........” ХХК-д 2019.05.20-ны өдрийн 9/2154 тоот албан бичгээр мэдэгджээ.

 

Япон улсын Токиогийн Их сургуулийн Тецүши Цуруга эмчийн дүгнэлтээр ......... нь e-coli бактериас үүдэлтэй цочмог үрэвсэлт өвчнөөр өвчилсөн, Токиогийн Их сургуулийн эмнэлэгийн тодорхойлолтоор “... өвчтөн нь 2018.06.08-07.05-ны өдөр өндөр халуурсан, шээсний замын халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн, хурц гэнэтийн халдвар авсан үйл баримт тогтоогджээ. \хх-20-22\

 

Хариуцагч нь нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргахдаа гэрээний 2.b-д даатгуулахаас өмнөх аливаа архаг хууч өвчин эмгэг, гэмтэл бэртэл, урьд өмнө өвдөж байсан өвчнийг эмчлүүлсэн үед нөхөн төлбөр олгохоос татгалзахыг тусгайлан заасан, ......... нь 2015 онд  ..шээсний замын халдвараар өвчилж , эмчлүүлж байсан нь эрүүл мэндийн дэвтрээр тогтоогдсон, Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн сайт дах мэдээлэлд “шээсний замын халдвар” өвчин нь  архагших шинжтэй, нэг өвчилсөн тохиолдолд сэдэрдэг, өвчтөн тодорхой дэглэмийг баримтлах үүрэгтэй байдаг тухай зөвлөмжилсөн байдаг, нэхэмжлэгч нь архаг хууч өвчнөө сэдрээсэн, даатгалын тохиолдол бий болоогүй гэж мэтгэлцэж, энэ үндэслэлээр гомдол гаргажээ.

 

.........ын шээсний замын өвчин нь e-coli гэнэтийн халдвараас үүдэлтэй болох нь Япон улсын Токиогийн Их сургуулийн Тецүши Цуруга эмчийн дүгнэлт, Токиогийн Их сургуулийн эмнэлэгийн тодорхойлолтоор тогтоогдсон, уг өвчин өөрөөс нь шалтгаалсан, архаг хууч өвчинтэй хамааралтай гэх баримт байхгүй тул гэнэтийн өвчлөл буюу даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд зохих дүгнэлтийг хийсэн байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах үйл баримт тогтоогдоогүй, даатгалын тохиолдол бий болоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

 

Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр, гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх бөгөөд нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02038 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 91 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 314,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА

 

                           ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          Х.СОНИНБАЯР

 

                                                                                                          Б.УНДРАХ