Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хороолол, гудамж байр тоот хаяг оршин суух, /регистрийн дугаар / овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, давхарт байрлах, /регистрийн дугаар /, ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 31,245,639.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Л, Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; Япон улсад аялалын зорилгоор зорчих болж 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ХХК-тай гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын 170100004984 тоот гэрээ байгуулж даатгалын хураамж 172,5 доллар төлсөн. Япон улсад очсоны дараа гэнэт биеийн байдал муудаж acute e.coli infection гэх шээсний замын цочмог халдвар оноштойгоор Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал буюу төлбөрт 1,256,864 иенийг төлсөн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын16-ны өдөр ХХК-д хандан даатгалын гэрээний дагуу нөхөн олговрын маягтыг бөглөн нөхөн төлбөр төлүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч уг компани нь давхар даатгалын компанийн шийдвэрийг хүлээж байгаа мөн эмчилгээ үйлчилгээ авсан тухай бичиг баримтыг дахин дэлгэрэнгүй гаргуулж ирүүл гэх зэргээр элдэв шалтаг тоочин уг баримт бичгийг нь эмчилгээ хийлгэсэн Токиогийн их сургуулийн эмнэлгээс гаргаж өгсөөр байтал нөхөн төлбөрийг олгохгүй байсан. Иймд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Тус хорооноос ХХК-д хандан нөхөн төлбөрийг олгох талаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/658 тоот, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9/2154 тоот албан бичгээр даалгасан бөгөөд энэ талаар надад мөн хариу мэдэгдсэн. ХХК нөхөн төлбөр олгох талаар ямар ч ажиллагаа хийхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх” гэж зааснаар ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 31,245,639.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Л, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Б.Б нь ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан бөгөөд шээсний замын цочмог халдварын улмаас Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэн эмчлүүлж эмчилгээний зардалд 1,256,864 иен буюу 31,245,639,04 төгрөг төлсөн гэж нөхөн төлбөр гаргуулахаар хандсан. Даатгуулагчийн нөхөн төлбөр авахаар бүрдүүлсэн материалуудыг хүлээн авч шалгахад гэрээний 2 дугаар зүйлийн b-д “хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол холбогдох баримт тооцоо нэхэмжлэлийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай” гэсэн шаардлагыг хангаагүй байсан. Өөрөөр хэлбэл даатгуулагч нь Япон улсад 28 хоног хэвтэн эмчлүүлэхдээ чухам ямар эмчилгээ хийлгэж байсан талаар харж болох Токиогийн их сургуулийн эмнэлгийн эмчилгээний дэлгэрэнгүй тайланг өнөөдрийг хүртэлх хугацаанд даатгагч талд ирүүлээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Эмнэлгийн дэлгэрэнгүй тайлан байснаар даатгуулагчид хийсэн эмчилгээ нь зөвхөн гэнэтийн өвчлөл буюу e-coli халдвараас үүдэлтэй байсан эсэхийг тодруулах, ямар хүндрэлийн улмаас 28 хоног эмчилгээ хийлгэсэн зэрэг нөхцөл байдлыг магадлах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход ач холбогдолтой юм. Мөн даатгуулагчийн Иргэний эрүүл мэндийн дэвтрээс харахад 2015 онд архаг бронхит, зүрхний цусан хангамжийн дутагдал, шээсний замын халдвар, архаг бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шархлаа, улайн хоолойн сөөргөө, архаг холецистист зэрэг оношийн улмаас эмнэлэг болон амбулаториор эмчилгээ хийлгэж байсан байна. Энэ нь гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөлийн 2.b-д “Даатгуулахаас өмнө аливаа архаг хууч өвчин эмгэг, урьд нь өвдөж байсан өвчин” заасан нөхцөлд хамаарч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 31,245,639.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ХХК нь “даатгалын гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөлийн 2.b.Даатгуулахаас өмнө аливаа архаг хууч өвчин эмгэг, урьд нь өвдөж байсан өвчин” гэж заасан нөхцөлд хамаарч байгаа тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” гэж маргаж байна.

 

Даатгуулагч Б.Б нь ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын 170100004984 тоот гэрээ байгуулж даатгалын хураамж 172,5 доллар төлсөн хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу даатгуулагч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9/2154 тоот албан бичгээр “...даатгуулагчийн зүгээс даатгалын гэрээний дээрх заалтад заасны дагуу нөхөн олговрын маягтыг эмчилгээний тайлан эмчийн дүгнэлт эмнэлгийн төлбөрийн баримтын хамт бүрдүүлсэн байх ба ...даатгалын нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээгээр олгож 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус хороонд эргэж мэдэгдэхийг үүрэг болгож байна” гэх /хх-ийн 11 тал/ хариуг даатгуулагчид хүргүүлсэн байна.

 

Талууд даатгалын гэрээний А хэсгийн 1.Даатгуулагчийн гадаад улс оронд зорчих хугацааны өвчлөл болон ослын улмаас хэвтэн эмчлүүлэх, хагалгаа эмчилгээний төлбөр болон эмчлэгч эмчийн бичсэн эм тарианы ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй зардлыг сонгосон багцаас хамааран 45,000 ам.доллар эсвэл 20,000 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Эмчилгээний баг эмчилгээний төв, эмчлэгч эмч рүү зайлшгүй байнга холбогдож эрүүл мэндийн тусламжинд хяналт тавих нөхцөлтэй байна. Даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн хариуцах хэсэг нь 50 ам.доллар байна. 100,000 ам.долларын хамгаалалттай тохиолдолд даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн хариуцах хэсэг нь 100 ам.доллар байна. Ослын улмаас 70 болон түүнээс дээш настай эсвэл 18 болон түүнээс доош настай даатгуулагч нас барсан тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардлыг 5,000 ам.доллар хүртэл нөхөн төлөхөөр заажээ.

 

Дээрх гэрээнд даатгалын эрсдэл гэдгийг “1/гэнэтийн осол, 2/гэнэтийн өвчлөл гэж тохиролцсон байх ба гэнэтийн өвчлөл гэж өмнөх аливаа хууч өвчин эмгэг, гэмтэл бэртэл, урьд өмнө нь өвдөж байсан өвчин” гэж тодорхойлсон байна.

 

Даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй.   

 

Даатгуулагч нь 2003 онд Артерын даралт ихдэх өвчний 2 шат, архаг гепатит, 2004 онд Артерын даралт ихдэх өвчний 2 дугаар шат, архаг пиелонефрит, архаг ходоодны үрэвсэл, хүзүүний өвдөлт, мигрень, 2009 онд Артерын даралт ихдэх өвчний 2 дугаар шат, зүрхний цусан хангамжийн дутагдал, титэм судасны хатуурал, эссенциалный тремор, 2010 онд Артерын даралт ихдэх өвчний 2 дугаар шат, зүрхний цусан хангамжийн дутагдал, титэм судасны хатуурал, архаг холецистит, 2011 онд Зүрхний цусан хангамжийн дутагдал, титэм судасны хатуурал, дислипидеми, холецистит, 2014 онд Зүрхний цусан хангамжийн дутагдал, остеохондроз, 2015 онд Архаг бронхит, зүрхний цусан хангамжийн дутагдал, шээсний замын халдвар, архаг бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шархлаа, улаан хоолойн сөөргөө, архаг холецистит өвчнөөр өвдөж эмнэлэгт болон амбулаториор эмчилгээ хийлгэж байсан болох нь Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл, Иргэний эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэгээ, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Даатгуулагчийн Эмчилгээний тайланд ”2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Эмнэлэгт хэвтсэн өвчтөн нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд өндөр халуурсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болно. Тэрээр шээсний замын халдвар гэсэн оноштойгоор PIPS/TAZ-ны төрлийн антибиотикийн эмчилгээ хийлгэсэн. Нян ургуулах шинжилгээгээр e.coli бактер илэрсэн учраас 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс антибиотик эмчилгээг CMZ-ын төрлийн антибиотикоор сольсон. Түүний D-dimer серум өссөний улмаас гүний венийн судасны тромбоз байж болзошгүй гэсэн таамаг байсан. Гэвч компьютер томографийн шинжилгээний үр дүнд гүний венийн судасны тромбоз биш болох нь нотлогдсон. Өвчтөн ямар нэгэн халдварын шинж тэмдэггүй болж эмнэлгээс гарсан бөгөөд Cefacrol эмийн эмчилгээг үргэлжлүүлсэн үүгээр дээрх оношийг баталгаажуулж байна” гэжээ.

 

Талууд гэрээндээ даатгалын тохиолдлыг “гэнэтийн өвчлөл” гэж тохиролцсон бөгөөд тэрээр “acute e.coli infection гэх шээсний замын халдвар” гэсэн оноштойгоор өндөр халуурсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гарсан нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхээр байна.

 

Даатгуулагч Б.Б Япон улсад очсоны дараа acute e.coli infection гэх шээсний замын цочмог халдвар оноштойгоор Токиогийн их сургуулийн эмнэлэгт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 28 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөрт Япон улсын мөнгөн тэмдэгт болох 1,256,864 иенийг төлсөн болох нь Эмчилгээний  тайлан, төлбөр төлсөн баримт /хх-ийн 20-25 тал/-аар тогтоогдож байна.

 

Даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг даатгалын тохиолдол гэх ба даатгалын гэрээний А хэсгийн 1 дэх заалтанд зааснаар даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид гэрээгээр тохирсон нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй.

 

Иймд хариуцагч ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 31,245,639.04 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад  олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд тэдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 1 иенийг 24.86 төгрөгөөр /хх-ийн 26 тал/ тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 31,245,639.04 /гучин нэгэн сая хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун гучин есөн төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,178.20 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 314,178.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ