Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0719/з |
Дугаар | 172 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 172
“Божманайзууд” ХХК-ний итгэмжлэгдсэн
төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тунгалагмаа, З.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, хариуцагч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа, Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 993 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0163 дугаар магадлалтай, “Божманайзууд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-ний нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч З.Энхтуяа, Н.Туул нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Божманайзууд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Өлзийтунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 993 дугаар шийдвэрээр: 1. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.4, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14 дүгээр зүйлийн 14.7, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 дэх заалтыг тус тус баримтлан “Божманайзууд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 210201555 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар тогтоосон нөхөн татвараас 1087092575.98 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 30418287.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Татварын ерөнхий газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0163 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 993 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зуйлийн 14.1.1, 14.1.2, 14 дүгээр зүйлийн 14.7, 15 дугаар зүйлийн 15.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 210201555 дугаар актад холбогдох “15,659,243.11 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “1,101,851,619.87 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч З.Энхтуяа, Н.Туул нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Божманайзууд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Өлзийтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай үйчлүүлэгч “Божманайзууд” ХХК нь 2009 онд байгуулагдсан, улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан албан татварын “0” хувь хэмжээ хэрэглэх үйлчилгээ тул борлуулалтанд НӨАТ-ыг “0” хувиар ногдуулж, энэхүү орлогыг олохтой холбоотой худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хасалт хийлгэж, 15 дугаар зүйлд заасны дагуу илүү төлөлтөө буцаан авах зохицуулалттай.
“Божманайзууд” ХХК нь НӨАТ-ын дээрх зохицуулалтын дагуу 2012 онд төлсөн НӨАТ-ын үлдэгдлээ баталгаажуулж, буцаалт болох 1,0 тэрбум төгрөгийг улсыг төсвөөс авч байсан.
Хоёр дахь удаагийн буцаан авалтаа авах хүсэлтээ Баянгол дүүргийн татварын хэлтэст гаргасан бөгөөд тус дүүргийн татварын хэлтсээс НӨАТ-ын илүү төлөлтийг 1,026,970.1 мянган төгрөг байна гэж баталгаажуулсан. Гэтэл УТОХГ-ын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч З.Энхтуяа, Н.Туул нар 2015 оны 12-р сарын 15-ны өдөр 210201555 тоот актаар Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын дээрх актаар баталгаажуулсан төсвөөс буцаан авах 1,026,970.1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл байсныг 1,135,840.7 мянган төгрөгөөр бууруулж, харин 108,711.7 мянган төгрөг төсөвт төлүүлэхээр тогтоосон байна. 2015 онд буюу НӨАТ-ын тухай хуулийн дээрх заалтуудтай холбоотой ямар ч өөрчлөлт ороогүй байхад ийнхүү нэг татвар төлөгчид татварын хууль тогтоомжийг өөрөөр хэрэгжүүлж, татварын албаны байцаагч нар харилцан адилгүй байр суурьтай байсан тул энэхүү татварын улсын байцаагчийн актын төлбөрөөс 18,329.8 мянган төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 1,117,433.3 мянган төгрөгийн төлбөрийг эс хүлээн зөвшөөрч, актын зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 993 тоот шийдвэрээр “Божманайзууд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс 1,087,092.6 мянган төгрөгийн шаардлагыг хангаж, 30,418.3 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0163 тоот магадлалаар 15,659.2 мянган төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1,101,851.6 мянган төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Энэхүү магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 зөвхөн хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэсэн заалт, мөн эрх зүйн маргааныг нарийвчилан зохицуулсан хууль байхад буюу НӨАТ-тай холбоотой маргааныг татварын ерөнхий хууль, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 НӨАТ-ын тухай хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж байсаар байтал Татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, СТОУС-ыг үндэслэн НӨАТ-ын маргаантай асуудлыг шийдвэрлэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
СТОУС-ын оршил 6-д Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөвлөлийн зорилго нь ойлгомжтой томьёологдсон зарчимд суурилан ойлгомжтой, хүчин төгөлдөр, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн тайлагналын стандартуудын өндөр чанар бүхий нэг иж бүрдлийг олон нийтийн ашиг сонирхлын үүднээс боловсруулах явдал юм. Уг стандартууд нь хөрөнгө оруулагчид, янз бүрийн хөрөнгийн зах зээлд оролцогч бусад этгээдүүд, эдийн засгийн шийдвэр гаргадаг санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдэд ашиглагдах санхүүгийн тайлан, бусад санхүүгийн тайлагнал хэлбэрээр өндөр чанартай, ил тод, зэрэгцүүлэгдэх мэдээллийг шаардах ёстой гэж заасны дагуу буюу санхүүгийн тайлан гаргахад дэлхий даяараа нэг СТОУС-ыг ашигладаг. Өөрөөр хэлбэл өөр улс оронд бизнес хийх, хөрөнгө оруулалт хийхийг дэмжих үүднээсээ санхүүгийн тайлан хараад ойлгох зарчмуудыг зааж өгсөн гэсэн үг.
Харин улс бүрийн өөрийн төрийн бодлогоо хэрэгжүүлэх үүднээс татварын хууль тогтоомжоо баталдаг бөгөөд энэхүү татварын хууль тогтоомжийн дагуу татварын тайлангаа гаргадаг. Санхүүгийн тайлан нь дэлхий даяараа нэг бодлоготой, харин татварын хууль тогтоомж нь улс бүрт өөр байдаг тул санхүүгийн болон татварын тайлангийн хооронд үүсч буй зөрүүг НББОУС 12-оор тайлагнаж зөрүүгийн тайлан гаргадаг. Гэтэл шүүгч ийм хоёр төрлийн харилцааг нэг мэтээр ойлгож, Татварын ерөнхий хууль СТОУС, ААНОАТ-ын тухай хуулийг үндэслэж НӨАТ-тай холбоотой маргааныг шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн байна.
НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг хэлнэ, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд “эд хөрөнгө гэж аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг хэлнэ. Эд хөрөнгө нь үл хедлөх, хөдлөх эд хөрөнгө байна” гэж заасны дагуу ачааны автомашин нь хөдлөх эд хөрөнгө буюу НӨАТ-ын хуульд заасан бараа мөн байна гэж бид ойлгож байна. НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг түүний төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцно гэж заасны дагуу бид ачааны автомашинаа өөрсдөө БНХАУ-аас худалдан авч, компанийхаа нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийн холбогдох гааль, НӨАТ-аа төлсөн. Манай ачааны автомашины хувьд НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан бараа гэсэн шаардлагыг хангасан, өөрөө шууд импортолсон, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар гэсэн гипотизийг хангасан байтал НӨАТ ногдох бараа, ажил, үйлчилгээ биш өөртөө бэлтгэж байгаа үндсэн хөрөнгө юм гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 нь чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ буюу мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд л ашиглагддаг. Манай компанийн хувь НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй тул энэ заалтыг ямар үндэслэлд ашиглаж байгаа нь ойлгомжгүй байна.
Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар баталсан “НӨАТ-ын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 заалт нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой журам тул манай компанид хамааралгүй болно.
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС) 16-д үндсэн хөрөнгө, НББОУС 2-т бараа материалыг үндсэн шинжээр нь тодорхой ялгаж тодорхойлсон байна гэжээ. Энэхүү 2 стандартын дагуу бид санхүүгийн тайландаа, үндсэн хөрөнгө болон бараа материалаар нь ялгаж бүртгэсэн. НБББУС-ын стандартыг зөрчөөгүй байна гэсэн аудитын байгууллагын дүгнэлт байгаа болно. Гэтэл бид маргааны зүйл нь НӨАТ-ын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгээр зохицуулагдаж байгаа бараа гэдгийг анхаарч үзээгүй байна. НББУТС 16-д үндсэн хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүнд худалдан авсан үнэ, гаалийн албан татвар, буцаан олгогдоогүй худалдааны татвар ... орно гэж заасан. НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан буцаан олгогдохгүй НӨАТ-ын жагсаалтад байхгүй ачааны автомашин байтал СТОУС, ААНОАТ-ын тухай хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсэн байна.
Иймд хуулийг буруу хэрэглэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0163 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Болормаа, Б.Нарангэрэл нар “Божманайзууд” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар “Божманайзууд” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 1,026,970,079.78 төгрөгийн “буцаан авалттайгаар” баталгаажуулсан, Татварын ерөнхий газар (хуучин нэрээр)-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч З.Энхтуяа, Н.Туул нар нэхэмжлэгч компанийн мөн хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж, татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201555 дугаар актаар “... 2014 оны 9 дүгээр сарын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг /0 төгрөгөөр/..., төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 108,711,704.2 төгрөгөөр баталгаажуулах”-аар тогтоожээ.
“Божманайзууд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-иас татварын улсын байцаагч З.Энхтуяа, Н.Туул нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201555 дугаар актын “зарим хэсгийг” эс зөвшөөрч, “үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авалтаас хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах орлогыг бууруулсан” гэх 10,714,333,328.70 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,071,433,332.87 төгрөгийн, “нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлогын жилийн дүнгээр тооцоо хийлгүй, дутуу тооцсон” гэх 156,592,431.08 төгрөгийн зөрчилд ногдуулсан 15,659,243.11 төгрөгийн, “бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлд тусгагдаагүй байхад суутган тооцож, бичилт хийсэн” гэх 304,182,870.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,418,287.00 төгрөгийн, нийт 1,117,510,862.98 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүхээс “... бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлд тусгагдаагүй байхад суутган тооцож, бичилт хийсэн гэх 304,182,870.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,418,287.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлүүлэх”-ээр тогтоосон маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн уг хэсэгт холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын “... нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлогын жилийн дүнгээр тооцоо хийлгүй, дутуу тооцсон гэх 156,592,431.08 төгрөгийн зөрчилд ногдуулсан 15,659,243.11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлүүлэх”-ээр тогтоосон хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул уг зөрчилд холбогдох асуудлаар хяналтын шатны шүүх мөн дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Харин татварын улсын байцаагч З.Энхтуяа, Н.Туул нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201555 дугаар актаар “... үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авалтаас хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах орлогыг бууруулсан гэх 10,714,333,328.70 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,071,433,332.87 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлүүлэх”-ээр тогтоосон хэсэгт холбогдох маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж”, давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... давж заалдах шатны шүүх ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ... /холбогдох заалт/-ыг буруу тайлбарлан хэрэглсэн” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл “Божманайзууд” ХХК нь “улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ” эрхэлдэг, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх татварын хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд маргаан бүхий захиргааны актад дурдсан 10,714,333,328.70 төгрөгийн “ачааны автомашин, чирэгч, чиргүүл”-ийг худалдан авч, импортоор оруулж ирсэн, уг худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлсөн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.2-т заасны дагуу үйлчилгээний зориулалтаар худалдан авсан ачааны автомашинд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ёстой” гэж, хариуцагч “... үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй” гэж тус тус маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “... “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор тус тус заасан байна.
Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл, цааш дамжуулан худалдах эсхүл, өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор байх тул “ачааны автомашин”, “чирэгч”, “чиргүүл” зэрэг нь бараа биш гэх үндэслэлгүй, ачаа тээвэрлэх зориулалттай эдгээр “бараа”-г улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Божманайзууд” ХХК нь өөрийн эрхэлдэг үйл ажиллагаа, үйлчилгээндээ ашиглах зориулалтаар импортолсон, уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг дээрх хуулийн зохицуулалтад “хамааруулахгүй” гэх үндэслэлгүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн дээрх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т өмнө нь төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх “албан татварын дүнгээс хасахгүй” бараа, ажил үйлчилгээг нэрлэн заасан, эдгээрийн дотор уг маргааны үйл баримтад холбогдох “ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар худалдан авсан ачааны автомашин, чирэгч, чиргүүл”-нд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй талаар заагаагүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй гэсэн нь буруу байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлээр “нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх” харилцааг нарийвчлан журамласан байх тул уг маргааныг шийдвэрлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5 дахь хэсгийг хэрэглэхгүй, талууд “нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, стандарт зөрчсөн эсэх” асуудлаар маргаагүй тул Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын холбогдох заалтуудыг мөн энэ маргаанд хэрэглэхгүй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн байна.
Тухайлбал, Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын 16-д заасан “үндсэн хөрөнгө”-д тавигдах шалгуур, бараа материалын үндсэн шинж зэрэг нь үндсэн хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт хэрхэн тодорхойлох талаар зааснаас бус “нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох”-той холбоотой асуудалд хамааралгүй, “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор заасан дотоодын хуулийн дээрх зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан “нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.5.1-д заасан зохицуулалтуудыг тайлбарлан хэрэглэхдээ “... үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтаар худалдан авсан ... бараа...-нд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг ... хасч тооцохоор байх буюу өөрөөр хэлбэл, өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан худалдан авсан, өөрөө бэлтгэсэн үндсэн хөрөнгөд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг ... хасч тооцохоор хуульчлаагүй байна” гэх ойлгомжгүй дүгнэлт хийж, дээрх хууль, журмын заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл, “улс хоорондын ачаа тээвэрлэлт”-ийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж уг үйлчилгээндээ ашиглах зориулалтаар худалдан авсан ачаа тээвэрлэдэг техник нь “...“үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа” мөн тул “Божманайзууд” ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирсэн ачааны автомашин, чирэгч, чиргүүлийг “... үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа” гэж үзэж, уг бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасантай тус тус нийцэхээр байна.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй, анхан шатны шүүх уг маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0163 дугаар магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 993 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.4, 10 дугаар зүйлийн 10.2.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасныг тус тус баримтлан “Божманайзууд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч З.Энхтуяа, Н.Туул нарын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 210201555 дугаар актын 10,714,333,328.70 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,071,433,332.87 төгрөгийн, 156,592,431.08 төгрөгийн зөрчилд ногдуулсан 15,659,243.11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлүүлэхээр тогтоосон хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг “304,182,870.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,418,287.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Божманайзууд” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА