Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/00307

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э:Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Хас банкинд төлбөр төлөх бөгөөд тус төлбөрийг барагдуулахаар Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Гнь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49,54 болон Иргэний хуулийн 117 дугаар зүйлийг зөрчин явуулж байгаа бөгөөд эд хөрөнгө хураахдаа хуульд заасан хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хураах ажиллагааг өөрийн албан өрөөнд явуулж надаар гарын үсэг зур гэхэд би татгалзсан гэдгээ тэмдэглүүлсэн. Мөн шийдвэр гүйцэтгэгч Г.Гнь хууль мэдэхгүй иргэдгийг хууран мэхэлж дуудлага худалдааны үнийн санал авч байгаа талаар мэдэгдэлгүй та орон сууцны зах зээлийн үнийг хэд гэж бодож байгаа талаар бичнэ үү гэж худал хэлж бичүүлсэнийг үнийн санал болон дуудлага худалдаанд борлуулж байгаа хууль бус үйлдлийг зогсоож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх, хураах болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Гол нь зөвлөгөө авах, судалгаа хийх цаг хугацаа олголгүйгээр үнийн санал авсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 180 сая төгрөгийн үнийн санал өгсөн. Энэ үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлүүлэх хүсэл зорилго байгаа юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/00246 дугаар захирамжаар Б.Б, А.О нараас 88.611.313 төгрөгийг гаргуулж, Хас банкинд олгох, хариуцагч Б.Б, А.О нар шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- дугаартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москва гудамж 133/2 дугаар байрны ,, тоот хаягт байрлалтай 91.15 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжны ,, тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай 407 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.О, Б.Б нарт 2017 оны 17271408/02, 17271408/03, 17271408/08, 2018 оны 17271408/02, 17271408/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг хаягаар очиж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17271408/07 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг хаягт очиж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17271408/05 дугаар хураах тогтоолоор хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийн овог, нэр регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41.8-д заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 180.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 126.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/18153, 4/18154 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н-т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, анхны дуудлага худалдааны үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар дээд шатных нь албан тушаалтанд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан, хариу нь удаж байж ирсэн бөгөөд ирсэн даруйд шүүхэд хандсан гэж, хариуцагч талаас ...талууд өөрсдөө сайн дураар үнийн санал өгсөн, хуульд заасны дагуу анхны дуудлага худалдааг явуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэж тайлбар гарган маргадаг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0246 дугаартай захирамжаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, А.Онарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 88,013,297 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ...хариуцагч Б.Б, А.Онар нь төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй /хх 29/ болгож шийдвэрлэсэн, улмаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2017/07023 дугаар захирамжийн дагуу 775 тоот гүйцэтгэх хуудас /хх 24/ бичигдсэн байна.

 

Н- 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчээс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарлан дуудах 17271403/02, 17271403/02 тоот мэдэгдэл хүргүүлж, /хх32-39/ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч Б.Б, А.Онартай уулзаж төлбөрөө хэрхэн төлж барагдуулах талаар тэмдэглэл үйлджээ.

 

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17271408/07 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, ,,, тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өөрөө орон сууц,

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17271408/09 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамж, ,,, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, хувийн сууцны суурь, Г- улсын бүртгэлийн дугаартай 407 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжилж, тэмдэгдэглэл үйлдсэн /хх 42-50/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17271408 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор А.О, Б.С нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, ,,, тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өөрөө орон сууцыг хураасан /хх 56-57/ байна.

 

Х банк ХХК-иас Н-т төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцаар төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой тул улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамж, ,,, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, хувийн сууцны суурь, Г- улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамж, ,,, тоот хаягт байршилтай, 407 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газраар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах шаардлагагүй болохыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2/1530 дугаартай хүсэлтээр /хх 52/ мэдэгджээ.

 

Нэхэмжлэгч Б.Б болон орон сууцны өмчлөгч А.Онар нь 2018 оны 10 сарын 12-ны өдөр ...133/2 байрны ,,, тоот 2 өрөө орон сууцыг 180 сая төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээгээр дуудлага худалдаан оруулж өгнө үү гэх /хх 62, 63/ хүсэлтийг, Х банкнаас 2018 оны 10 сарын 16-ны өдөр ...180 сая төгрөгийн үнийн саналын зөвшөөрч байна, албадан дуудлага худалдааг яаралтай явуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус Н-т өгсөн байна.

 

Н-аас А.О, Б.Б нарт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201028885 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, ,,,тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар нь харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнэ болох 180,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 126,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/18453, 4/18154 тоот мэдэгдлээр мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн, Хас банк ХХК-иас төлбөр төлөгчдийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнийн 70 хувиар анхны дуудлага худалдаанд оруулах саналыг /хх 65-66/ хүлээн зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Б.Б, А.Онарын дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг талуудын харилцан тохиролцсон үнэ 180,000,000 төгрөгийн 70 хувь болох 126,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 минутад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулах анхны албадан дуудлага хуалдаанд худалдан борлуулахаар 11/18 тоот анхны дуудлага худалдаа явуулах тогтоолоор /хх 76/ шийдвэрлэж, анхны албадан дуудлага худалдаа явуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон үйл баримтууд тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэд харьцуулалт хийж үнэлээгүй, саналаа өгч чадаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэл нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно... гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж тус тус заасан бөгөөд талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, тухайн үнийн санал, дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг авснаас хойш мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу буюу хуулийн хугацаанд үнийн талаарх гомдлоо гаргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Бийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бээс хариуцагч Н-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, ,,,тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өөрөө орон сууцны үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ