Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: М.А,

           Нэхэмжлэгч: Б.С нарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: “МГ” ХХК,

           Хариуцагч: “МФ” ХХК-д тус тус  холбогдох,

 

Гэрээний үүрэгт болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 564 355 350 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч М.А, Б.С нарт холбогдох, 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ш/Б01 тоот “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ”, Ш/Б01 тоот “Зарим шинэ эм бэлдмэлийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 30 601 000 төгрөг гаргуулах тухай “Монос групп” ХХК-ийн,

Нэхэмжлэгч М.А, Б.С нараас үндэслэлгүйгээр авсан 30 601 000 төгрөг гаргуулах тухай “МФ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагч “МГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хүрэлбаатар, өмгөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагч “МФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, Э.Сайнсанаа, гэрч И.Балжинням, Л.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А, Б.С нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.А, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.С нар нь 1975 оноос хойш 20 гаруй жилийн турш ургамал амьтан, эрдсийн гаралтай эмүүдийн талаарх судалгаа явуулж нарийн навчит цахилдгийн судалгааны дүнд “Нефромон” эм, шинэсэрхүү бударганы фармакологи судалгааны дүнд “Салимон” эм, 1997 оны 9 дүгээр сараас эхлэн судалгаа явуулж “Дентамон” эмийн бүтээгдэхүүнийг тус тус шинээр зохиож, эмнэл зүйн хэрэглээнд анх нэвтрүүлсэн билээ.

Оюуны өмчийн газарт хүсэлт гаргаж 2011 онд ““Салимон”” нэрийн эмийн бүтээгдэхүүнд 9164 дугаартай, “Нефромон” нэрийн эмийн бүтээгдэхүүнд 9165 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр холбогдох хууль, журмын дагуу авсан. Нээсэн эмүүдээ эмнэл зүйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлж, үйлдвэрлэн, зах зээлд борлуулах зорилгоор “МГ” ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай №Ш/Б01 тоот гэрээ байгуулж, хамтран ажиллах болсон.

Гэрээгээр “А” тал буюу “МГ” ХХК нь “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийн үйлдвэрлэл, борлуулалтын цэвэр ашгийн 80 хувийг хүртэх, гэрээний 1.2, 3.1.2, 3.2.1-д заасны дагуу “Б” тал буюу М.А, Б.С нар 20 хувийг, тухайн эмүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлд борлуулж эхэлсэн өдрөөс хойш 17 жилийн хугацаанд хүртэхээр талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасан ёсоор “Салимон” эмийг 2001 оноос, “Нефромон”, “Дентамон” эмийг 2002 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд борлуулж эхэлсэн. Энэ №Ш/Б01 тоот гэрээний дагуу 3 нэрийн эмийн бүтээгдэхүүний ногдол ашигт нэг удаа 30 601 000 төгрөгийг 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М.А, Б.С нарт өгсөн байдаг. Мөнгө өгөхдөө ямар нэгэн тооцоогүй, хэдийг ямар үнээр зарж борлуулан, цэвэр ашгийг яаж тооцсон нь тодорхойгүй шууд л Хүрлээ захирал өгөөрэй гэж “МФ” компанийн захирал И.Балжинням хоёр ч удаа утсаар ярьж өгөх гэж оролдсон бөгөөд М.А нь ямар ч тооцоогүй мөнгийг авмааргүй байна гэсэн боловч ажил дээр нь бэлнээр авч ирсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас бараа бүтээгдэхүүний тооцоо судалгаатай холбоотой баримтыг шаардсан боловч ямар нэгэн байдлаар өгөөгүй. Хамгийн сүүлд “МГ” ХХК-ийн орлогч захирал Б.Гантулгын гаргасан тооцоонд 1999-2008 оны хооронд 3 бүтээгдэхүүний нийт борлуулалт нь 887 215 407 төгрөг, үүнээс үйлдвэрлэл ашиглалтын зардал 717 209 638 төгрөгөөр тооцсон нь нийт борлуулалтынхаа 80,8 хувийг эзэлж байгаа нь ямар ч үйлдвэрт байхааргүй тоо гэж үзэж байна. Уг эмүүдийн зохиогчдоос жинхэнэ борлуулалт, бодит тооцоог нуун дарагдуулж, дөнгөж үлдэх 153 005 192 төгрөгийн цэвэр ашиг гаргаж ирэн, түүнээсээ 20 хувийг тооцож өгсөн болох нь харагдаж байна. Бидний авсан тооцооллоор 2000-2012 он хүртэл жилийн эцсийн байдлаар “Салимон” /50 мл/ эмийг 1 111 275 ширхэг, “Нефромон” /100 мл/ эмийг 375 197 ширхэг, “Дентамон” эмийг 350 000 ширхгийг үйлдвэрлэн борлуулсан болохыг “МФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Балжинням баталгаажуулсан нь “МГ” ХХК-ийн орлогч захирал Б.Гантулгын гарын үсэгтэй тооцооноос зөрүүтэй байна. Эмүүдийг нийт борлуулсан үнэ нь 4 260 312 500 төгрөг, үүнээс нийт зардал нь 1 285 530 400 төгрөг, нийт ашиг нь 2 974 781 750 төгрөг гэж харагдаж байна. Үүний 20 хувь нь 595 956 350 төгрөг болж байна. Хариуцагч нь хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж, гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан баримт байгааг үгүйсгэдэггүй. Гэрээний дагуу 10 гаруй жилийн дараа төлбөр шаардахад гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар хэлдэг. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 206 дугаар зүйлийн 206.1.-д заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь болох 282 177 675 төгрөгийг эмийг үйлдвэрлэх борлуулах ажлыг зохион байгуулсны хувьд нь “МГ” ХХК хариуцах ёстой. Хариуцагч “МФ” ХХК нь эм үйлдвэрлэснээ хүлээн зөвшөөрдөг. М.А, Б.С нар нь “МФ” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж үзэж зөвшөөрөлгүй эм борлуулсан учраас борлуулалтын ашгийн 50 хувь болох 282 177 675 төгрөгийг “МФ” ХХК хариуцах ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Нийт 564 355 350 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Энэ нь 30 601 000 төгрөгийг хассан байгаа дүн юм. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Тооцооллын хувьд 1-р хавтаст хэргийн 88,  3-р хавтаст хэргийн 22-р тал дээр  “МФ” ХХК-аас ирүүлсэн 3 эмийн бүтээгдэхүүний эдийн засгийн тооцоо авагдсан. Үүнд заасан үнийн дүнгээр борлуулалтын орлогыг тооцох боломжтой.  Зардал өртгийг шинжээчийн дүгнэлтээр шийдвэрлэх нь илүү үндэслэлтэй байх. Нийт 5 удаагийн шинжээч томилогдсон, хамгийн сүүлчийн шинжээчийн дүгнэлтэд борлуулалтын өртөгийг 2 163 739 764 төгрөг гэж тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлт бусад баримтуудаас илүү давуу илүү хүчинтэй гэж үзэхгүй, хэргийн бусад нотлох баримттай харьцуулж шийдэгддэг учир борлуулалтын орлогыг тухайн компанийн өөрийнх нь мэдүүлж байгаагаар борлуулалтын өртгийг шинжээчийн тогтоогдож байгаа үнийн дүнгээр тооцож гаргах боломжтой. Борлуулалтын орлогыг “МФ” ХХК-ийн  мэдүүлж байгаагаар 2 891 229 594 төгрөг байгаа /1-р хх-ийн 88/, борлуулалтын өртөг бол хамгийн сүүлд шинжээчийн дүгнэлтээр 2 163 739 764 төгрөг гэж тодорхойлсон. Энэ хоёр үнийн дүнгээс тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “МГ” ХХК-иас шүүхэд болон төлөөлөгч Л.Хүрэлбаатараас шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  

М.А, Б.С нарын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “МГ” ХХК-ийн ерөнхийлөгч академич Л.Хүрэлбаатар, нэхэмжлэгч нар, бусад эрдэмтэд нартай хамтран “Салимон”, “Дентамон”, “Нефромон” эмийн судалгааны чиглэлээр 1997-2001 оны үед “МФ” ХХК-ийн харьяа “Монос” эрдэм шинжилгээний төвд химич, эм зүйч, эм судлаач, эмч технологич зэрэг эм зүйн судлалын олон эрдэмтдийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар дээрх эмийг зохион бүтээсэн. Оюуны өмчийн газраас олгосон “Салимон”, “Нефромон” эмийн барааны тэмдгийн 9164, 9165 тоот гэрчилгээг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх 9164, 9165 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох тухай хэрэг, патенттай холбоотой хэрэг захиргааны хэргийн шүүхэд үүссэнтэй холбоотойгоор тус захиргааны хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Энэ баримтыг үндэслэл болгож ярих нь үндэслэлгүй.

Төрийн соёрхолт, академич Л.Хүрэлбаатар нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2004 онд “МГ” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Салимон”, “Нефромон” эмийн хамтран зохиогч нарын нэг Л.Хүрэлбаатар нь 2031, 2042 дугаартай патентыг үндэслэн ОХУ-ын эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, худалдаалах зорилгоор “МГ” ХХК-ийн зүгээс 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 95 дугаартай албан бичгээр  ОХУ-ын “Фармамед” ХХК-д хүсэлт илгээж “Салимон”, “Дентамон”, “Нефромон” эмийн бүтээгдэхүүнийг Оросын Эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох материалыг илгээсэн боловч ОХУ-ын “Фармамед” ХХК-ийн зүгээс 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр уг  эмүүдийн бүртгэлийн материалууд нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны улсын бүртгэлийн шаардлагыг хангахгүй байна, тиймээс эмнэл зүйн болон эм зүйн судалгааны шинэчилсэн материалыг яаралтай илгээнэ үү гэсэн хариуг ирүүлсэн.  Үүнээс үүдэн 2009 оны гэрээг хийх үндсэн шалтгаан үүссэн.

Нэр бүхий 3 эмийг Оросын Холбооны Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж зах зээлд худалдан борлуулахад шаардлагатай нэмэлт судалгааны материалыг тухайн эмийн зохиогчдын нэг болох М.А, Б.С нараас гаргуулан авч ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж, худалдан борлуулж ашиг олох зорилгоор М.А, Б.С нартай 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Зарим шинэ эм бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 дугаартай лицензийн гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр 39.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж байгуулсан. 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нотариатаар баталгаажуулсан. Гэрээний үндсэн зорилго нь “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд борлуулж эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд тухайн 3 төрлийн эмийн үйлдвэрлэлт борлуулалтын үйл ажиллагааны цэвэр ашгийн 20 хувийг М.А, Б.С нар авах заалт байдаг.

Нэхэмжлэгч нар нь гэрээний хэд хэдэн заалтыг биелүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээс огт биелүүлээгүй. Гэрээний 3.1.3 дахь заалт нь хамгийн гол хүсэл зорилго нь байсан. “А” тал нь зохион бүтээсэн эм бэлдмэлтэй холбоотойгоор судалгаа шинжилгээний бүх материалыг, мөн нэмэлт судалгаа шинжилгээний материалыг Б талаас авах эрхтэй гэж заасан. Энэ нь тухайн үед ОХУ болон Япон улс руу экспортлох асуудал яригдаж байсантай холбоотой. Энэ гэрээнд ОХУ гэдэг үг оруулаагүй шалтгаан нь ОХУ-ын “Фармамед” ХХК-ийн шаардлагын дагуу судалгааны материал шаардлагатай болсон тул дээрх 3.1.3 дахь заалтыг оруулсан. Мөн гэрээний 3.2.3 дахь заалтад зохион бүтээсэн эм бэлдмэлийн талаар үнэ төлбөргүй зар сурталчилгаа хийх, лекц, семинар сургалтын төлөвлөгөө гаргаж батлуулж жил бүр явуулна гэсэн. Энэ ажлыг “МГ” ХХК дээр явуулах ёстой байсан. “МГ” ХХК нь эм үйлдвэрлэдэггүй, зөвхөн экспортлох зорилгоор байгуулагдсан. Тус компанийн ажилчдад энэ сургалт семинарыг явуулах байсан үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний 3.1.3, 3.2.4-д заасан судалгаа шинжилгээний бүх материал, шинэ эм бэлдмэлүүдийг зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа хийсэн бүх баримт материалыг сар бүрийн 25-ны дотор “А” тал буюу “МГ” ХХК-д албан ёсоор хүлээлцсэн актын дагуу шилжүүлнэ гэсэн заалт огт хэрэгжээгүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгдөггүй, гэрээний гол заалтыг биелүүлээгүй, нэхэмжлэгч нар нь гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжилсэн мөнгийг “МГ” ХХК төлөх үндэслэлгүй. “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа, шинжилгээ хийсэн баримт материалыг “А” талд хүлээлгэн өгөөгүй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас ОХУ-ын “Фармамед” ХХК нь албан ёсоор “МГ” ХХК-тай “Нефромон”, “Салимон”, “Дентамон” эмийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотойгоор хамтран ажиллах боломжгүй болохоо албан ёсоор мэдэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч М.А “МФ” ХХК-д эрдэм шинжилгээний төвийн захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, нийт 5-6 зохиогч нарын эрдэм шинжилгээний бүх материалыг аваад явсан байдаг. Судалгааны материалыг гаргуулж авахын тулд энэ гэрээ хийгдсэн. М.А, Б.С нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Зарим шинэ эм бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 дугаартай гэрээ хэрэгжээгүй. Нэхэмжлэлд эмүүдийг ОХУ-ын зах зээлд борлуулах зорилготой гэдгийг  нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Дээрх эмүүдийг “МФ” компани 2001 оноос үйлдвэрлэн борлуулж байгаа болохоос “МГ” компани үйлдвэрлэж борлуулж байгаагүй, энэ нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдоно.

М.А, Б.С нар нь хоёр талын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” гэрээг дуусгавар болгосон, хүчингүйд тооцсон, тухайн гэрээг цуцлаагүй байхад дур мэдэн 1.2 дахь хэсэгт заасан “Салимон” эмийн оныг 1998 оноос гэж буруу бичсэн байна, зөвхөн “Салимон” эмийн оныг сольсон гэж захирал Л.Хүрэлбаатарт танилцуулахад “Салимон” эмийн оноос бусад зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байсан тул гэрээний сүүлчийн хуудсанд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан нь үнэн. Тус 2 дахь гэрээг нотариатаар гэрчлүүлэлгүй, Оюуны өмчийн газар бүртгүүлэлгүй зөвхөн дотооддоо “МГ” ХХК-д авч үлдэхээр баталсан боловч М.А, Б.С нар нь “МГ” ХХК-ийн захирал Л.Хүрэлбаатарт мэдэгдэлгүйгээр хууль бусаар гэрээний агуулга, нэрийг өөрчлөн “Салимон, Дентамон, Нефромон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01тоот гэрээнд огноо дугаарыг тавьж нотариатч Т.Оюунбаяр нь “МГ” ХХК-ийг байлцуулахгүйгээр уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг шүүхээс  хүчингүйд тооцсон байдаг. Энэ хуурамч “Салимон”, “Нефромон”, “Дентамон” зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг үндэслэн Л.Хүрэлбаатарын хувьцаа эзэмшдэг “Моносхолдинг” ХХК-ийн охин компани болох “МФ” ХХК-ийн захирал И.Балжиннямаас ашгийн 20 хувь болох 30 601 000 төгрөгийг авах ёстой гэж гаргуулж авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ ажил дээр мөнгийг авч ирээд хүчээр өгсөн гэсэн нь огт үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “МГ” ХХК нь өөрийн ашиг сонирхол нэгтэй этгээд болох “МФ” ХХК-иар үйлдвэрлэн борлуулж гэрээг хэрэгжүүлсэн үйл баримт дээр маргадаггүй ашгийн 50 хувь болох 282 000 000 төгрөгийн эмийг үйлдвэрлэх, борлуулах ажлыг зохион байгуулсны хувьд “МГ” ХХК-иас гаргуулах гэсэн нь үндэслэлгүй. “Салимон”, “Дентамон”, “Нефромон” эмийн бүтээгдэхүүнийг “МФ” ХХК нь хуулийн дагуу үйлдвэрлэн борлуулдаг бөгөөд “МГ” ХХК нь “МФ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй, тус тусдаа хуулийн этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн төв архивын 2018.01.09-ний албан бичгээр нотлогдож, “МФ” ХХК болон “МГ” ХХК хоорондоо хамааралгүй, тус тусдаа бие даасан санхүүгийн тайлан гаргадаг бие даасан компани болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн тайлангаар тогтоогддог.

“МФ” ХХК-ийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 621 дугаартай албан бичгээр “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн 2009-2012 он хүртэл нийт 1 656 155 030 төгрөгийн борлуулалт хийж, нийт 1 412 700 140 төгрөгийн бүтээгдэхүүний өртөг болон үйл ажиллагааны зардал гаргаж нийт 243 454 889 төгрөгийн ашиг олсон байна. Нэхэмжлэгч тал “Салимон” эмийг 2 650 төгрөг, “Нефромон” эмийг 2 200 төгрөг, “Дентамон” эмийг 1 400 төгрөгөөр нэг бүрийн үнийг, тухайн 3 төрлийн эмийн зардлыг тус бүр 700 төгрөгөөр тооцож нийт 2 974 000 000 төгрөгийн цэвэр ашгийг олж гэрээнд заасны дагуу 20 хувь буюу 594 000 000 төгрөг гэж тухайн үнийг 2 хувааж 282 017 000 төгрөгийн дүн гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар томилогдсон шинжээч “Эвиденсе аудит” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр “МГ” ХХК нь 2004-2012 онуудад нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлээгүй, борлуулаагүй гэж, “МФ” ХХК 2001-2012 онд “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг үйлдвэрлэн борлуулж 400 653 039 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болохыг тогтоосон байдаг. Бид энэ шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолгүй, гэрээний талуудын  хүсэл зориг юу байсан бэ гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж “МГ” ХХК нь “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж зах зээлд борлуулан ашиг олж чадаагүй тул 3 төрлийн эмийн бүтээгдэхүүний 20 хувийн ашиг олох боломжгүй. Нэхэмжлэгч нар хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох “Салимон”, “Дентамон”, “Нефромон” зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг үндэслэн “МГ” ХХК-иас гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26. дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, түүний шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, таамаглалын хүрээнд хариуцагч нараас тус бүр 282 117 675 төгрөг нийтдээ 564 235 350 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний 2 тал анхны жинхэнэ гэрээгээр хоёулаа үүрэг хүлээсэн. Үүргийнхээ дагуу урьдчилгаа өгсөн, гэтэл нэхэмжлэгч нар 4 үүрэг биелүүлэх ёстой байсан, түүнийг биелүүлээгүй 10 жил болж байна. Нэг тал нь үүргээсээ нэгийг ч биелүүлээгүй байж ашиг гэж мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

 Хариуцагч “МФ” ХХК-иас шүүхэд гаргасан болон төлөөлөгч Э.Сайнсанаа, М.Одгэрэл нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.А, Б.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч байна. Нэхэмжлэгч М.А, Б.С нар нь “Салимон”, “Дентамон”, “Нефромон” эмийг судлан зохион бүтээж эмнэл зүйн хэрэглээнд анх гаргаагүй.

Нэхэмжлэгч нар нь “МФ” ХХК-д 1997-2009 оны 11 сар хүртэл судлаач болон захирлаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргийнхээ дагуу “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийг “МФ” ХХК-ийн харьяа “Монос” эрдэм шинжилгээний төвийн эм зүйч, химич, технологич, судлаач зэрэг олон эрдэмтэдтэй судалж стандарт технологийг боловсруулж худалдаанд гаргасан байдаг. “МФ” ХХК нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2.-т заасны дагуу Эрүүл мэнд спортын яамнаас 01455, 01456, 01457 “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийн бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд тус гэрчилгээнд үйлдвэрлэгчийн нэр, лиценз эзэмшигчийн нэр гэдэгт “МФ” ХХК гэж тусгайлан заасан.

Нэхэмжлэгч тал нь ажиллаж байх хугацаанд буюу 1997-2009 он хүртэл “МФ” ХХК-д “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийг үйлдвэрлэж байгааг мэдэж байсан, үйлдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хариуцагч “МФ” ХХК болон “МГ” ХХК нь ашиг сонирхол нэгтэй хуулийн этгээд биш болох нь тогтоогдсон. Тухайлбал “МГ” ХХК-ийн дүрэмд заасны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Л.Хүрэлбаатар, “МФ” ХХК-ийн дүрэмд заасны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Моносхолдинг” ХХК болох нь тогтоогддог бөгөөд Компанийн тухай хуульд заасны дагуу хараат болон охин компани биш байна.  

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “Салимон” эмийг 2 650 төгрөг, “Нефромон” эмийг 2 200 төгрөг, “Дентамон” эмийг 1 400 төгрөгөөр борлуулж, тухайн 3 төрлийн эмийн тус бүрийн зардал нь 700 төгрөг гэж тодорхойлон, 2000-2012 он хүртэл “Салимон” эм /50мл/ 1 111 275 ширхэг, “Нефромон” эм 375 197 ширхэг, “Дентамон” 350 000 ширхэгийг худалдан борлуулж 2 974 781 750 төгрөгийн цэвэр ашиг олсон гэж тооцсон.

2001-2012 оны хооронд цалин, инфляци, сурталчилгаа, технологи, стандарт, бусад зардал гээд 3 эм тус бүрийн үнэд өөрчлөлт орж байсан нь “МФ” ХХК-ийн эдийн засагч н.Бат-Эрдэнийн тооцоолол, “МГ” ХХК-ийн орлогч захирал Б.Гантулгын гаргаж өгсөн тооцоолол, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан тооцоолол зөрүүтэй байна. Нэхэмжлэгч нар эм тус бүрийн зардлыг 700 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй, эм тус бүрийн үнэ нь өөрчлөгдөж байсан, үүнтэй хоблоотой зардал нь бас өөрчдөгддөг. Тухайн 3 төрлийн эм өөр төрлийн орцтой, өөр төрлийн технологитой, өөр төрлийн стандарттай, тиймээс адил зардлаар тогтоогдох боломжгүй.

Нэхэмжлэгч тал өөрийн шаардлага үндэслэлээ нотлох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч тухайн 3 төрлийн эмийн орлогыг тооцсон баримтыг гаргаж өгөөгүй, “МГ” ХХК-ийн орлогч захирал Б. Гантулгын 2000-2012 оны 3 эмийн тооцооллыг “МФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Балжинням баталгаажуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч хавтаст хэрэгт И.Балжиннямын баталгаажуулсан санхүүгийн тооцоолол байдаггүй. Нэхэмжлэгч тал анхан шатны ямар баримтыг үндэслэн тухайн 3 эмийн тооцооллыг гаргасан нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг үйлдвэрлэн борлуулж олсон орлогын 50 хувь болох 282 177 675 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж “МФ” ХХК хамтран хариуцагчаар оролцуулж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хариуцагч “МФ” ХХК нь хуулийн дагуу эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, Эм, эмийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг үйлдвэрлэх лицензийн эзэмшигч нь “МФ” ХХК юм. Тухайн 3 төрлийн эмийг хуулийн дагуу үйлдвэрлэж борлуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “МГ” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр огноологдсон “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай юм. Энэ гэрээнд “МГ” ХХК-ийн хүсэл зориг байхгүй. Л.Хүрэлбаатар нь гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах зорилгоор “МГ” ХХК-ийг үүсгэн байгуулж 100 хувийн хувьцааг эзэмшдэг. 3 төрлийн эмийн зохиогч нарын нэг Л.Хүрэлбаатар нь эдгээр эмийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэх зорилготой, ОХУ-д бүртгүүлснээр цаашаа борлуулах, ОХУ-ын “Фармамед” ХХК-тай хамтраад үйлдвэрлэх, ОХУ-ын зах зээлд гаргах хүсэл зорилго байсан. Энэ эмийг “МФ” ХХК-ийн эрдэм шинжилгээний төв дээр хийсэн байдаг.

Захирлаар Л.Хүрэлбаатар гэдэг хүн ажиллаж байсан, эрдэм шинжилгээний төвийн захирлаар М.А ажиллаж байсан. М.А ажлаас гарахдаа судалгааны бүх материалыг аваад гарсан, үүнээс үүдээд фармакологи судалгаа, судалгааны материал, журнал гэх зэрэг судлагааны материалууд зайлшгүй шаардлагатай болсны үндсэн дээр “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ талууд байгуулсан, Иргэний хуулийн 40.1., 43.2.1.-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж 2009 оны 03 дугаар сарын 20-нд нотариатч Г.Оюунбаяр дээр 265 дугаараар бүртгүүлж батлуулсан. Энэ гэрээг боловсруулсан хүн нь М.А юм.

Нэхэмжлэгч нар нь хоёр талын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг дуусгавар болгосон, хүчингүйд тооцсон, тухайн гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй байхад дур мэдэн  уг гэрээний 1.2 дахь хэсэгт заасан “Салимон” эмийн оныг 1998 он гэж буруу бичсэн байна, оныг л сольсон гэж захирал Л.Хүрэлбаатарт танилцуулан, түүнд мэдэгдэлгүйгээр хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчлөн “МГ” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь хэсэг мөн гэрээний нэрийг хүртэл өөрчилсөн байдаг. Хууль бусаар өөрчлөн найруулж “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээнд “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээний огноо, дугаарыг тавьж нотариатч Т.Оюунбаяраар мөн “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын огноо, дугаарыг даруулсан байдаг.

“МГ” ХХК-ийн захирал Л.Хүрэлбаатарыг хууран мэхлэн гарын үсэг зуруулсан гэрээг үндэслэн Л.Хүрэлбаатарын хувьцааг эзэмшдэг “Моносхолдинг” ХХК-ийн охин компани “МФ” ХХК-иас 30 601 000 төгрөгийг бэлнээр авсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан, мөн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”-аар хэлцэл хүчин төгөлдөр болно. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан.  Гэрээний 3.2.3-т заасныг хасаж “Салимон”, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг нотариатаар хууль бусаар гэрчлүүлсэн.  2009 оны 03 дугаар сарын 20 өдөр дээрх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Нотариатын хуулийн холбогдох заалтыг зөрчиж давхардуулан тавьсан болохыг тогтоож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1499 дугаартай шийдвэрээр хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. 3 шатны шүүх хүчингүйд тооцсон.

Гэрээний нэг тал нь Л.Хүрэлбаатар гэдэг хүнийг байлцуулахгүй, зөвхөн дотооддоо авч үлдэх гэж байсан 2 дахь гэрээ буюу 1998 он гэснийг 2001 он болгоод бусад заалт хэвээрээ байх ёстой байсан гэрээг нэрийг нь “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ гэж өөрчилсөн.

Гэрээний 3.1.3 дахь заалтад “Зохион бүтээсэн эм, бэлдмэлтэй холбоотой судалгаа шинжилгээний бүх материалыг “Б” талаас шаардан авах эрхтэй. Мөн нэмэлт судалгаа шинжилгээний материалыг авах эрхтэй байна” гэж заасныг “энэхүү гэрээний хүрээнд зохион бүтээсэн эм бэлдмэлтэй холбоотойгоор хоёр талаас тохиролцсон гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсгэврийг “А” талаас гардан хийгдсэн нэмэлт судалгааны бүх материалыг “Б” талаас бүрэн хэмжээгээр гаргуулан авах эрхтэй” гэж “МГ” ХХК-ийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу судалгааны материал авна гэсэн заалтыг авчихсан байна.

3.2.3 дахь заалтад “МГ” ХХК-ийн ажилчдад “зохион бүтээсэн эм бэлдмэлийн талаар үнэ төлбөргүй зар сурталчилгаа хийх ба лекц, семинар, сургалтын төлөвлөгөө гарган батлуулж жил бүр явуулна” гэж заасан. Энэ заалтыг бүхэлд нь хассан. 3.2.4 дэх заалтад “Шинэ эм бэлдмэлүүдийг зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн бүх баримт материалыг сар бүрийн 25-ны дотор “МФ” ХХК-ийн талд албан ёсоор хүлээлцсэн актын дагуу шилжүүлнэ гэж заасан. Ийм акт хавтаст хэрэгт байхгүй, актын дагуу хүлээлгэж өгөөгүй, энэ заалтаа яаж оруулсан гэхээр 3.2.3 дахь заалт гэж оруулж ирээд дээрх нэр бүхий эм бэлдмэлүүд дээр борлуулалтын дэмжих эмнэл зүйн хэрэглээний зардлыг нэмж өргөтгөх, эмүүдийг шинэчилсэн хувилбарт оруулах, нэмэлт судалгаа шинжилгээний ажлын бүх баримт материалыг улирал тутамд “А” талд албан ёсны тайлан хэлбэрээр хүлээлгэн өгч эм бүр дээр паспорт нээж хөтөлнө гээд шал өөр утга санааг агуулсан байна.

“МГ” ХХК-ийн хүсэл зориг ийм байгаагүй. Гэрээний  4.3 дахь заалт мөн өөрчлөгдсөн. Иймд “Салимон”, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ дээрх Иргэний хуулийн 39.1., 40.1., 43.2.1., 189.1.-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь талуудын хооронд байгуулсан “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай байгаа. Энэ гэрээнд “МГ” ХХК-ийн хүсэл зориг бол судалгааны материал авах юм. “Зохиогчид нь Үндсэн хууль, Патентын тухай хууль, оюуны өмчийн харилцааг зохицуулдаг бусад эрх зүйн акт, дүрэм журмын дагуу харилцан тохиролцож байгуулав” гэсэн. Энэ гэрээ нь лицензийн гэрээ бөгөөд хуульд заасны дагуу бүртгүүлэх ёстой байдаг. Бүртгүүлэх үүргийг ерөнхий захирлын хувьд Л.Хүрээлбаатар академич М.А докторт хүлээлгэсэн байдаг. Энэ гэрээ Оюуны өмчийн газарт зайлшгүй бүртгэгдэх ёстой. Учир нь гэрээний нэг тал нь “МГ” ХХК байгаа. “МГ” ХХК өөрөө зохиогч биш хуульд заасны дагуу Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 19.2. 19.6.-д заасан шаардлагыг хангаагүй. Лицензийн гэрээний дагуу эрх, үүрэг, хариуцлагын заалт, маргаан шийдвэрлэх журмыг тодорхой тусгаж өгсөн. Патентын тухай хуулийн 19 дүгээр зүүйлийн 19.6.-д “Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэрээг бүртгүүлээгүй гэдгийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10/3061 тоот бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “МГ” ХХК-д   хариу ирүүлсэн.

Гэрээнд зааснаар М.А, Б.С үүргээ биелүүлээгүй тул энэ мөнгө байхгүй гэсэн үг. Судалгааны материалыг “МГ” ХХК-д актаар хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, бодит байдлаар хэрэгжээгүй гэрээ юм.  Иймд энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8.-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Хариуцагч “МГ” ХХК нь нэхэмжлэгч нараас ногдол ашигт өгсөн 30 601 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч “МФ” ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“МФ” ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан. Монголын хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр бөгөөд эмийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн салбарын тэргүүлэгч компани юм.  “МФ” ХХК нь 70 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэгээс “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг үйлдвэрлэн Монгол улсын зах зээлд худалдан борлуулдаг.

Нэхэмжлэгч М.А, Б.С нар нь “МФ” ХХК-ийн харьяа “Монос” дээд сургуулийн эрдэм шинжилгээний төвд 1997-2002 он хүртэл ажиллаж байх хугацаандаа “МФ” ХХК-ийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Хүрэлбаатарын удирдлага дор “МФ” ХХК-ийн ажилтан И.Цацрал, Д.Ариунаа, Л.Хүрэлбаатар болон бусад эрдэмтдийн хамт “Салимон”, “Нефромон” эмийн судалгаа хийж 2 эмийг зохион бүтээсэн.

Нэхэмжлэгч нар нь “МФ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Моносхолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын нэг болох Л.Хүрэлбаатарын үүсгэн байгуулсан “МГ” ХХК-тай “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нэг тал болох Л.Хүрэлбаатарт мэдэгдэлгүйгээр хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчлөн “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Энэ гэрээг “МФ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан И.Балжиннямд үзүүлэн цэвэр ашгийн 20 хувь болох 30 601 000 төгрөгийг авах ёстой гэж “МФ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан И.Балжиннямыг хууран мэхлэн “МФ” ХХК-иас 30 601 000 төгрөгийг 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр авсан.

“МФ” ХХК-ийн зүгээс дээрх асуудлыг нягтлан үзэхэд М.А, Б.С нар нь “МФ” ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээний харилцаа үүсгээгүй хуулийн дагуу аваагүй болох нь тогтоогдож байна. Иймд “МФ” ХХК-иас М.А, Б.С нар нь үндэслэлгүй авсан 30 601 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс сөрөг нэхэмжлэлүүдийн талаар гаргасан тайлбартаа:

“МГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлье. 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан. Эхний гэрээ нь цаг хугацааны хувьд өмнө нь байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан байна.  2 дахь гэрээний тухайд гэрээний холбогдох зүйл заалтыг үндэслэсэн. “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээний үүргээс нэг ч үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар уг гэрээ лицензийн гэрээ тул бүртгэгдээгүй гэсэн үндэслэлийг тайлбарласан.

Энэ гэрээ нь цаг хугацааны хувьд сүүлийн гэрээ байгаа юм. “Салимон”, “Нефромон”, “Дентамон” зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ нь бидний хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж тайлбарлаж байна. Хуульд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлээд “МГ” ХХК-ийн ерөнхийлөгчийн хувьд Л.Хүрэлбаатар гарын үсгээ зурсан, гэрээ хүчин төгөлдөр болсон. Гарын үсэг мөн биш гэдэг асуудлын талаар хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар маргаагүй, гол үндэслэл нь хүсэл зориг байгаагүй гэдэг.  

Иргэний хуулийн 56 дугаар зйүлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хэлцлийг хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэх үү эсвэл зөрчилтэй байгаа харилцаа нь гэрээ өөрөө эрх зүйн үндэстэй байх энэ зарчим нөлөөлөх үү гэдэг нөхцөл байдал дээр дүгнэлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал байна.

Хууль зөрчсөн гэж байгаа бол агуулга нь ямар байдлаар яаж  илрэх вэ. “Салимон, Нефромон,  Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэдэг нь огт үндэслэлгүй. “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ нь ОХУ руу эм бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах харилцаанд  ашиглах гэж байсан боловч гэрээ хэрэгжээгүй,  М.А доктор гэрээнд заасан үүргийнхээ дагуу баримт актаар хүлээлгэж өгөөгүй учраас гэрээ хэрэгжээгүй гэж байна.

Агуулгын хувьд гэрээ хэрэгжээгүй эсвэл хууль зөрчсөнтэй холбоотой Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус байх гэдэг нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт. Хэрвээ гэрээ хэрэгжээгүй гэж байгаа бол гэрээнээс татгалзах боломж нөхцөл байсан. Хүчин төгөлдөр бус гэж үзвэл гэрээтэй холбоотой, хүчин төгөлдөр бус хэлцлээс шаардах эрх байхгүй. Анхнаасаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл гэрээтэй холбоотой үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлсэн бол болох байсан гэх ойлголтууд байхгүй. Талууд хамтарч ажиллан эм үйлдвэрлэн борлуулах, ашиг хувааж авах хэлцлийг хийсэн, үүний дагуу ч ногдол ашигт 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн, нэхэмжлэгч нар  авсан тухай баримтууд тогтоогдсон. Мөнгийг өгсөн байгаа нь хэлцлээ ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байна.

“МФ” ХХК хэдэн оноос үүсгэн байгуулагдсан ямар, ямар бүтээгдэхүүнийг хэдэн оноос яаж үйлдвэрлэсэн гэдэг үйл баримтууд нь маш тодорхой байна. М.А доктор энэ эмүүдэд амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулаад оюуны бүтээлч үйл ажиллагааг шингээсэн учраас “МФ” ХХК нь эмүүдийг  үйлдвэрлэж борлуулаад олсон ашгаас тодорхой хэмжээний ашиг авах юм байна гэсэн итгэл үнэмшил байсан учир уг хэлцлийг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгөхгүй гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харвал  арай өөр нотлох баримтууд байна. Хариуцагчийн зүгээс хэд хэдэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээр дахин шинжээч томилуулсан. Хариуцагчийн тайлбар хэрэгт байгаа баримттайгаа зөрөөд байна. Хариуцагч “МФ” ХХК-ийн дүрмээр “Моносхолдинг” ХХК нь 100 хувийн хувьцаа эзэмшигч, “Моносхолдинг” ХХК-ийн  ихэнх хувьцааг Л.Хүрэлбаатар нь эзэмшдэг.  “МГ” ХХК нь эрхгүй байсан юм бол “МФ” ХХК нь яагаад өдийг хүртэл эмийг үйлдвэрлээд борлуулаад тодорхой хэмжээний ашиг олоод байгаа юм бэ, юуг үндэслэн юм бэ,  хэний зөвшөөрлийг үндэслэсэн юм бэ гэдэг асуудал гарна. Гэрээг хийсэн байгаа учир М.А доктор ямар нэг хориг саад тавиагүй үйлдвэрлэл хэвийн явж байгаа. Өдийг хүртэл амьдралынхаа тодорхой хэсгийг зарцуулаад түүнийхээ үр ашгийг хүртэх гээд явж байхад гэрээний тодорхой хэдэн зүйл заалтаас шалтгаалаад гэрээний үүргээ биелүүлээгүй учраас мөнгийг өгөх боломжгүй гэж  тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.  ОХУ руу ямар нэг бараа бүтээгдэхүүн гаргахын тулд хийсэн гэрээг хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй учир 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“МФ” ХХК-ийн  сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний тал биш учир 30 601 000 төгрөгийг үнэдслэлгүй авсан гэж нэхэмжлэгч нараас шаардсан. Өмнө нь “МГ” ХХК нь энэ мөнгийг нэхэмжилж байснаа татгалзсан. Энэ мөнгийг М.А авсан үндэслэлээ маш тодорхой тайлбарласан. Гэрээ байгуулагдсан гэрээний тодорхой хэмжээний мөнгө, оюуны үнэлэмжийг үнэлсэн зүйл ирэх байсан юм байна гэсэн агуулгаар мөнгийг хүлээн авсан.

“МФ” ХХК нь тодорхой хэмжээгээр төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа учир компаниас шилжүүлж авсан төлбөрийг хууль ёсны дагуу авсан мөнгө гэж үзэж байна. “МФ” ХХК-ийн нэхэмжилсэн 30 601 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байхгүй. “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот гэрээг баталсан нотариатын үйлдэл хүчингүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр байгаа. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон үйл баримт нь талуудын гэрээг хүчин төгөлдөр бус  байлгах үндэслэл болохгүй. Талуудын хүсэл зориг нэгдсэн байх, гэрээний агуулга хууль зөрчөөгүй байх, талууд эрх зүйн чадамжтай байх, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагууд байгаа.

Нотариатаар гэрээг батлуулахад  Л.Хүрэлбаатар байгаагүй нь хэлцлийг хүчин төгөлдөр болгох нөхцөл болохгүй, нотариатын үйлдэлтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл нотариатч үйлдэл хийхдээ хууль зөрчсөн үү гэдэгтэй холбоотой асуудал юм. Гэрээний 7.1-д “Гэрээнд шинэ бүтээл хамтран зохиогчид /талууд/ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэрээг байгуулахад аль аль тал нь байлцаад гарын үсэг зураад тамга тэмдэг дарсан учир энэ нь нотариатын үйлдлээс үл хамаараад хүчин төгөлдөр байгаа, нотариатын үйлдэлтэй холбогдуулж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжгүй. Анх байгуулсан гэрээний хүсэл зоригийг хоёр дахь гэрээ үгүйсгээд байна гэж ярьж байна. Анхны гэрээнд ямар хүсэл зоригийг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг  шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А, Б.С нар нь хариуцагч “МГ” ХХК-д холбогдуулан хамтран ажиллаж ногдол ашиг хуваарилах тухай гэрээний үүрэгт 564 355 350 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 564 335 350 төгрөгийн тал хувь буюу 282 177 675 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн “МФ” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлон оролцуулж, тус компаниас 282 177 675 төгрөгийг, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагч “МГ” ХХК-иас 282 177 675 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг  үл зөвшөөрч, хариуцагч “МГ” ХХК-иас 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай”  Ш/Б01 дугаартай лецинзийн гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн талууд байгуулсан, уг гэрээний үндсэн зорилго нь “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг ОХУ-ын эмийн улсын бүртгэлд бүртгүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд борлуулж эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд тухайн 3 төрлийн эмийн үйлдвэрлэлт борлуулалтын үйл ажиллагааны цэвэр ашгийн 20 хувийг М.А, Б.С нар авах тухай бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй буюу “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмийг зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа, шинжилгээ хийсэн баримт материалыг хүлээлгэн өгөөгүй, тиймээс ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх боломжгүй, энэ гэрээ нь нэхэмжлэгч нараас судалгааны материалыг гаргуулж өгөхийн тулд хийгдсэн, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй учир гэрээ хэрэгжээгүй, иймд нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй, “МГ” ХХК нь 282 177 675 төгрөгийг хариуцах хуулийн үндэслэлгүй гэж,

Хариуцагч “МФ” ХХК нь,  Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2.-т заасны дагуу Эрүүл мэнд спортын яамнаас олгогдсон 01455, 01456, 01457 тоот “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийн бүртгэлийн гэрчилгээтэй, уг эмүүдийг үйлдвэрлэх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, нэхэмжлэгч тухайн эмүүдийг үйлдвэрлэж байгааг мэдсэн, үйлдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг, тус компани нь  “МГ” ХХК-тай  ашиг сонирхол нэгтэй хуулийн этгээд биш, “МГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Л.Хүрэлбаатар бөгөөд “МФ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Моносхолдинг” ХХК болох нь тогтоогддог, манай компани нь Компанийн тухай хуульд заасны дагуу хараат болон охин компани биш, нэхэмжлэгч нар үндэслэлгүйгээр тухайн 3 эмийн тооцооллыг гаргаж, 282 177 675 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, дээрх эмийг үйлдвэрлэх, борлуулах ажлыг зохион байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хамтран хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй, тухайн 3 төрлийн эмийг хуулийн дагуу үйлдвэрлэн борлуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй, 282 177 675 төгрөгийг манай компани хариуцах ёсгүй гэж тайлбарласан.

 

Түүнчлэн хариуцагч  “МГ”  ХХК нь,  2009 оны 03 дугаар  сарын 19-ний өдрөөр огноологдсон “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай” Ш/Б01 тоот гэрээ нь “МГ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр, талуудын хооронд байгуулсан “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай”  Ш/Б01 тоот гэрээний 1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь заалт, мөн гэрээний нэрийг хууль бусаар өөрчилж, нотариатч Г.Оюунбаяраар гэрчлүүлсэн нь хууль бус болохыг тогтоож  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1499 дугаартай шийдвэрээр нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон,  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 43 дугаар зүйлийн 43.2.1., 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасныг зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай” Ш/Б01 тоот гэрээ нь лицензийн гэрээ бөгөөд Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй, Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.-д заасан шаардлагыг хангаагүй учраас мөн хуулийн 19.6., 19.7., Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно, иймд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус тооцуулж, 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар,

Хариуцагч “МФ” ХХК нь, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Моносхолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын нэг болох Л.Хүрэлбаатарт мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч нар хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчлөн “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээг “МФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан И.Балжиннямд үзүүлэн 30 601 000 төгрөгийг авах ёстой гэж 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр авсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нар “МФ” ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байхад үндэслэлгүйгээр авсан 30 601 000 төгрөгийг  нэхэмжлэгч нараас гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  “МГ”  ХХК нь нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөг гаргуулах  тухай сөрөг шаардлагаас татгалзаж,

нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлүүдийг үл зөвшөөрөн, тус гэрээнүүд нь хуульд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд, “МГ” ХХК-ийн ерөнхийлөгчийн хувьд Л.Хүрэлбаатар  гарын үсгээ зурсан. Гарын үсэг мөн биш гэдэг асуудлын талаар хариуцагчийн зүгээс маргаагүй, “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот  гэрээ нь Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хэрэгжээгүй гэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн  56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, гэрээг баталсан нотариатын үйлдэл хүчингүй болсон нь талуудын хүсэл зоригийг илэрхийлж байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болохгүй, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нарт төлсөн 30 601 000 төгрөгийг “МФ” ХХК нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцжээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

                             

                                Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

Хэрэгт, эмийн бэлдмэл “Салимон”, эмийн бэлдмэл “Нефромон”-ыг шинэ бүтээлээр баталж, зохиогч Б.С, И.Цацрал, Д.Ариунаа, Г.Пүрэвсүрэн, М.А, Л.Хүрэлбаатар нар өмчлөх онцгой эрхийг хүлээн зөвшөөрч патент олгосон тухай 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн  2031, 2042 тоот шинэ бүтээлийн патентын гэрчилгээ, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б.С,  М.А нарт олгосон  “Нефромон”, “Салимон” эмийн 9164, 9165 тоот барааны тэмдгийн гэрчилгээ авагдсан бөгөөд эдгээрээс үзэхэд дээрх эмийн бэлдмэлүүдийн  зохиогч нар нь нэхэмжлэгч М.А, Б.С, хариуцагч “МГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Хүрэлбаатар нар байна.

 

Хариуцагч “МГ” ХХК-ийн 9011024115 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,  хариуцагч “МФ” ХХК-ийн 9011054088 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, мөн “Моносхолдинг” ХХК-ийн 9011217118 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээс үзэхэд хариуцагч “МФ” ХХК-ийн толгой компани болох “Моносхолдинг” ХХК-ийн 68,13 хувийн хувьцаа эзэмшигч Л.Хүрэлбаатар нь хариуцагч “МГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байна.

Түүнчлэн талуудын хооронд 2009 оны 03 дугаар сарын 19-нд “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай Ш/Б01 тоот гэрээ байгуулагдах үед хариуцагч “МГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Хүрэлбаатар нь 2005 оны 12 дугаар сарын 13-наас 2010 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд хариуцагч “МФ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан байна. /4-р хх-ийн 183/

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.-д “ ...энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг...”, 6.1.3.-т “аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог” бол тухайн этгээд хамаарал бүхий этгээд байхаар заасан бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч 2 компани нь хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээд  гэж үзэхээр байна.

 

 Нэхэмжлэгч талаас 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот  гэрээг, хариуцагч “МГ” ХХК-иас 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн  “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай Ш/Б01 тоот гэрээг тус тус гарган мэтгэлцэж байх бөгөөд дээрх 2 гэрээний 1.2-т “Б тал эмийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны цэвэр ашгийн 20 хувь /зохиогч М.А, Б.С/-ийг авахаар тооцон тусгаж, дараахь нэр бүхий эмүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлд борлуулж эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө. Үүнд...2. “Нефромон” /2002 оноос/ 3.”Дентамон” /2002/ оноос...”, 3.1.2-т “ашгийн 20 хувийг эмийн үйлдвэрийн албан ёсны жилийн эцсийн баланс гарснаас хойш 30 хоногийн дотор олгоно”, 3.2.1-д “Үйл ажиллагаа явуулж олсон цэвэр ашгийн 20 хувийг авах эрхтэй”, 6.1-д Зохиогчид /талууд/ үйл ажиллагааны цэвэр ашгаас тооцох эмүүдэд дараах бүтээгдхүүнийг оруулахаар тохиролцов. Үүнд...2. “Нефромон” /2002 оноос/ 3. “Дентамон” /2002/ оноос...”, 7.1-д “Гэрээнд шинэ бүтээл хамтран зохиогчид /талууд/ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

 Мөн нэхэмжлэгч талын гаргасан гэрээний 1.2 дахь хэсгийн 1, 6.1 дэх хэсгийн 1-д тус тус “...1. “Салимон” /2001 оноос/...” гэж, хариуцагч талаас гаргасан гэрээний 1.2 дахь хэсгийн 1, 6.1 дэх хэсгийн 1-д тус тус “...1. “Салимон” /1998 оноос/...” гэж өөр өөр бичигдсэн байх боловч “Салимон” эмийн үйлдвэрлэл, борлуулалтын цэвэр ашгийн 20 хувийг тооцож эхлэх хугацааг 1998 оноос гэснийг 2001 оноос гэж өөрчилсөн талаар, түүнчлэн дээрх 2 гэрээнд нэг талаас “МГ” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, нөгөө талаас нэхэмжлэгч М.А, Б.С нар тус тус гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч талаас гаргасан “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот  гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь хэсгийн заалтууд нь хариуцагч талаас гаргасан “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот  гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь хэсгийн заалтаас өөр агуулгатай тусгагдаж, гэрээний гарчиг өөрчлөгдсөн байхад нотариатч Т.Оюунбаяр “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот  гэрээг гэрчлэхдээ 1997 оны Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж дээрх гэрээг 2009 оны 03 дугаар сарын 20-нд бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1499 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1491 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1659 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна.

 

 Зохигчдын хооронд байгуулсан 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот  гэрээний 1.2, 3.1.2, 3.2.1, 6.1 дэх заалтууд /дээр дурдсан/-д болон гэрээний 3.1.1-д “А тал үйлдвэрлэл, борлуулалтыг аль болох ашигтай ажиллуулахад анхаарч ажиллана”, 3.1.3-т “Зохион бүтээсэн эм, бэлдмэлтэй холбоотой судалгаа шинжилгээний бүх материалыг Б талаас шаардан авах эрхтэй. Мөн нэмэлт судалгаа шинжилгээний материалыг авах эрхтэй байна”, 3.1.4-т “Уг эм бэлдмэлд нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн нөхцөлд ажлын зардлын 80 хувийг гаргах үүрэг хүлээнэ” гэж  “А” тал /хариуцагч МГ ХХК/-ийн эрх үүргийг, гэрээний 3.2.2-т “Үйлдвэрлэл борлуулалтыг өсгөхөд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллана”, 3.2.3-т “Зохион бүтээсэн эм, бэлдмэлийн талаар үнэ төлбөргүй зар сурталчилгаа хийх ба лекц, семинар, сургалтын төлөвлөгөө гарган батлуулж жил бүр явуулна”, 3.2.4-т “Шинэ эм, бэлдмэлүүдийн зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн бүх баримт материалыг сарын бүрийн 25-ны дотор А талд албан ёсоор хүлээлцсэн актын дагуу шилжүүлнэ”, 3.2.5-д “Эм бэлдмэлд нэмэлт судалгаа шинжилгээ хийхэд гарах зардлын 20 хувийг гаргах үүрэгтэй” гэж “Б” тал /М.А, Б.С/-ын эрх үүргийг  тус тус заажээ.

Дээрхээс үзэхэд  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан  хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн хамтран ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

Уг гэрээгээр нэр бүхий 3 төрлийн эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, борлуулах, ашигтай ажиллах үүргийг хариуцагч “МГ” ХХК, эм, бэлдмэлийн талаар сурталчилгаа хийх, лекц семинар явуулах, сургалтын төлөвлөгөө гаргаж батлуулах, явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн баримт материалыг хүлээлгэж өгөх, үйлдвэрлэл, борлуулалтыг өсгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргийг нэхэмжлэгч нар тус тус хүлээж, үйлдвэрлэсэн эмийн борлуулалтын үйл ажиллагаанаас олсон орлогын  цэвэр ашгийн 20 хувийг “А” тал нь “Б” талд олгохоор, мөн нэмэлт судалгаа  шинжилгээ хийсэн нөхцөлд зардлын 80 хувийг “А” тал буюу хариуцагч, 20 хувийг “Б” тал буюу нэхэмжлэгч нар хариуцахаар талууд ажил үүргээ хуваарилан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот  гэрээ, гэрч И.Балжиннямын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2.-т заасны дагуу нэхэмжлэгч нар нь лекц, семинар зохион байгуулж 3 төрлийн эм, бэлдмэлийн талаар сурталчилгаа хийх, явцын болон нэмэлт судалгаа шинжилгээний баримтуудыг өгөх,  хариуцагч тал нь эм, бэлдмэлийн үйлдвэрлэл, борлуулалтыг ашигтай зохион байгуулах хэлбэрээр хамтран ажиллах гэрээнд оролцож үүрэг хүлээн, харилцан ашгаа хуваарилахаар тохиролцсон, түүний дагуу 1999-2008 он хүртлэх хугацааны эмийн бүтээгдэхүүний ногдол ашигт 30 601 000 төгрөгийг  2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “МФ” ХХК-ийн 2046 дугаартай, кассын зарлагын ордероор М.Ад хүлээлгэн өгсөн үйл баримтуудаар талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 476.3.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

  Хариуцагч “МФ” ХХК-ийн төлөөлөгч нарын, Эрүүл мэнд спортын яамнаас олгогдсон 01455, 01456, 01457 тоот “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийн бүртгэлийн гэрчилгээгээр “МФ” ХХК нь ҮХ-04/23/3130 тоот эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу 2001 оноос хойш Монгол улсын зах зээлд дээрх эмүүдийг үйлдвэрлэсэн бөгөөд тухайн эмүүдийг үйлдвэрлэж байгааг нэхэмжлэгч нар мэдсэн, үйлдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар,  шүүхээс томилогдсон шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот шинжээчийн дүгнэлтэд “...“МГ” ХХК-ийн эмийн үйлдвэрлэлт, борлуулалтыг “МФ” ХХК хариуцан гүйцэтгэдэг...” гэж /3-р хх-ийн 117-138/, шинжээч “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15/6-02 тоот дүгнэлтэд “...“МГ” ХХК-ийн эмийн үйлдвэрлэлт, борлуулалтыг “МФ” ХХК хариуцан гүйцэтгэдэг...”  гэж /3-р хх-ийн 93-109/ тус тус дурдсан,  шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт  зэргээр хариуцагч “МФ” ХХК нь нэр бүхий 3 төрлийн эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг эрхэлж явуулдаг тухай үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч “МФ” ХХК нь 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот хамтран ажиллах гэрээний нэг тал болж нэхэмжлэгч нартай дээрх гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Хэдийгээр  нэхэмжлэгч нар дээрх гэрээг хариуцагч “МФ” ХХК-тай бичгээр байгуулаагүй ч хэргийн баримтуудыг харьцуулан үзэхэд, тэд 1997 оноос 2012 оны 06 дугаар сар хүртэл хариуцагч “МФ” ХХК-ийн “Монос” дээд сургууль, эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллан, энэ хугацаанд нь 2001, 2002 оноос эхлэн “МФ” ХХК нь “Салимон”, “Дентамон”, “Нефромон” эмүүдийг үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагааг хариуцан явуулж байсан, түүнчлэн тухайн эмүүдийг үйлдвэрлэх, зах зээлд борлуулахыг нэхэмжлэгч нар зөвшөөрч байсан үйл баримтууд тогтоогдсон.

Иймд “МГ” ХХК болон “МФ” ХХК-ийг борлуулалтын орлогынхоо  ашгаас хуваарилан хамтран ажиллахаар нэхэмжлэгч нартай харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасантай нийцсэн байна.

Эдгээр нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухай лавлагаанууд, “МФ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий М.А, Б.С нарын цалингийн тодорхойлолт, 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 тоот “МФ” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал, “МФ” ХХК-ийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  01 тоот протокол, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүний эмийн салбар Зөвлөлийн Эм судлалын комиссын дүгнэлт, Хүнс судлалын төвийн Химийн задлан шинжилгээний лабораторийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17/2008, 18/2008 тоот “Салимон”, “Нефромон” эмийн шинжилгээний дүн, ургамлын шингэн ханд “Дентамон” шүдний элексирийн  MNS 4590-98 стандарт, түүнчлэн гэрч И.Балжиннямын шүүхэд мэдүүлсэн “...ТУЗ-ийн даргаас, Л.Хүрэлбаатар ерөнхийлөгчөөс, өөрөөс нь асууж тодруулж зөвшөөрөл авсан...Таны мөнгө, гэрээний дагуу өгчих гэж байна, үүнийг өгч байна гээд л өгсөн...“ гэх мэдүүлэг, 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “МФ” ХХК-ийн 2046 дугаартай, 1999-2008 оны хүртлэх хугацааны эмийн бүтээгдэхүүний ногдол ашигт 30 601 000 төгрөг М.Ад хүлээлгэн өгсөн тухай кассын зарлагын ордер, мөнгө хүссэн өргөдөл /4-р хх-ийн 35/  зэрэг баримтуудаар нотлогджээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 2001, 2002 оноос эхлэн “Салимон”, “Дентамон”, “Нефромон” эмүүдийг “МФ” ХХК нь үйлдвэрлэн, борлуулж байсныг мэдээгүй гэх, тус компанид 3 төрлийн эмийг үйлдвэрлэх, борлуулахыг хориглож, хязгаарлаж байсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч талын “МФ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 3 төрлийн эмийг үйлдвэрлэж борлуулсан гэх тайлбар, хариуцагч “МФ” ХХК-ийн, 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот  гэрээний  тал биш учир нэхэмжлэлийг хариуцахгүй гэх тайлбар тус тус үндэслэлгүй байна.

 

 Хариуцагч “МГ” ХХК нь  “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай Ш/Б01 тоот гэрээний гол зорилго нь  гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй “МГ” ХХК-иас  нэр бүхий  3 төрлийн эмийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэх, ингэж бүртгүүлснээр  уг эмүүдийг ОХУ-д борлуулах, ОХУ-ын “Фармамед” ХХК-тай хамтран үйлдвэрлэх, ОХУ-ын зах зээлд гаргаж ашиг олох байсан, гэвч нэхэмжлэгч нар гэрээний  4-5 үүргээ биелүүлээгүйгээс гэрээ хэрэгжээгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын хоорондох хамтран ажиллах гэрээнд дээрх нөхцлийг гэрээний зорилго болгож тодорхойлон заасан, энэ талаар тохиролцсон заалт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий 3 төрлийн эмийг дотоодын зах зээлээс гадна ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж, үйлдвэрлэх, борлуулахаар харилцан тохиролцсон гэх үйл баримт нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч талаас гаргасан ОХУ-ын “Фармамед” ХХК-ийн орчуулга бүхий 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 тоот “Бүртгүүлэх материалын тухай” гэсэн албан бичиг, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  171 тоот “Бүртгүүлэх материалын тухай” гэсэн албан бичиг /4-р хх-ийн 119-122/, “МГ” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 95 тоот “Эмийн бүртгэлийн тухай” албан бичиг, 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 47 тоот “Хариу тайлбар гаргах тухай” албан бичиг, түүний орчуулгууд /4-р хх-ийн 220-223/  зэрэг нь хариуцагч талын нэхэмжлэлийг татгалзсан тайлбар,  татгалзлын үндэслэлийг нотлох боломжгүй юм.

Түүнчлэн  хариуцагч нь хамтран ажиллах гэрээний 3.2.2, 3.2.3, 3.2.4-т заасан үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч талаас шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэгт, хариуцагч “МГ” ХХК-ийн нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлэж борлуулсан орлогоос тооцсон цэвэр ашгийн хэмжээг шинжээч “Релаэнс секюритиз аудит” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/11 тоот “Хараат бус аудиторын дүгнэлт”-ээр 2 811 235 700 төгрөгөөр /2-р хх-ийн 2-36/, шинжээч “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15/6-02 тоот “Хараат бус аудитор/шинжээч/-ын дүгнэлтэд 397 690 000 төгрөгөөр /3-р хх-ийн 91-104/, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот Шинжээчийн дүгнэлтээр 265 552 513 төгрөгөөр /3-р хх-ийн 117-138/, шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн эхний 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хараат бус аудиторын дүгнэлт”-ээр 1 118 268 715 төгрөгөөр /3-р хх-ийн 180-195/, хариуцагч талын хүсэлтээр шүүхээс нэмэлт дүгнэлт гаргуулахаар томилсон шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ээр 400 653 039 төгрөгөөр /8-р хх-ийн 3-124/ тус тус  тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байна.

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, эргэлзээ бүхий байх бөгөөд, харин хэрэгт авагдсан хариуцагч “МГ” ХХК, “МФ” ХХК-ийн  2009-2012 онуудын санхүүгийн тайлангууд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангууд /4-р хх-ийн 10-25, 73-84, 86-93/, “МГ” ХХК-ийн 2009-2012 оны мөнгө хүссэн өргөдөл, зарлагын баримт, кассын зарлагын ордер зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд /4-р хх-ийн 123-151, 224-250, 5-р хх-ийн 1-15/, “МФ” ХХК-ийн 2009-2012 онуудын дансны хуулгууд, бэлэн бүтээгдэхүүний агуулахын тайлан, зарлагын падаанууд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд зэрэг санхүүгийн баримтууд, бусад бичгийн баримтууд /5-р хх-ийн 34-250, 6-р хавтаст хэрэг, 7-р хх-ийн 1-135/-ыг  үндэслэн харьцуулж шинжлэн  дүгнэсэн, шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт” нь бодит баримтад тулгуурласан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүү, эдийн засгийн сайдын 200 оны 116 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх, нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар”, Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар” зэргийг мөрдөж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17., 18. дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Уг дүгнэлтээр тус компани нь 2001-2012 онуудад “Салимон” эмийг 1 154 919 ширхэг, “Дентамон” эмийг 237 522 ширхэг, “Нефромон” эмийг 364 364 ширхэгийг тус тус үйлдвэрлэн борлуулж, нийт 2 543 370 436 төгрөгийн борлуулалтын орлого олж, уг эмүүдийг үйлдвэрлэхэд  нийт 1 694 106 213 төгрөгийн зардал гарган, 849 264 23 төгрөгийн нийт ашиг олж, түүнээс  цэвэр ашиг нь 400 653 040 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд харин “МГ” ХХК нь 2004-2012 онд нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлээгүй, борлуулаагүй талаар дүгнэжээ.  

Хэдийгээр хариуцагч “МГ” ХХК нь нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлэж, борлуулаагүй боловч эмийн үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрөлтэй өөрийн хамаарал бүхий этгээд “МФ” ХХК-иар 3 төрлийн эмийг үйлдвэрлүүлэн, 2009 оны 03 дугаар сарын 19-нд “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай Ш/Б01 тоот гэрээний 1.2, 3.1.2, 3.2.1-д  заасан үүргээ нэхэмжлэгч нарын өмнө хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 Иймд хамтран ажиллах гэрээнд зааснаар болон Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8.-д заасны дагуу нэр бүхий эмүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлд борлуулж эхэлснээс хойш буюу “Салимон” эмийг 2001 оноос, “Нефромон”, “Дентамон” эмүүдийг 2002 оноос хойш үйлдвэрлэн, борлуулсан үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгийн 20 хувийг  нэхэмжлэгч нар шаардах эрхтэй, хариуцагч нар төлөх үүрэгтэй.

   

              Хариуцагч “МГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

           

Хариуцагч “МГ” ХХК нь талуудын хооронд байгуулсан 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь хэсгийн заалтуудыг  нэг талын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар өөрчилсөн учраас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 43 дугаар зүйлийн 43.2.1., 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасныг зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг, мөн “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай” Ш/Б01 тоот лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй нь Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6., 19.7.-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг тус тус үндэслэн дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.

            Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д “Сонирхогч этгээд  патент олгосон шинэ бүтээл,... ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна”, 19.2.-т “Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ”, 19.3.-т “Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана...19.3.3. шинэ бүтээл...ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам...” гэж тус тус заасан байна.

            “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай”  Ш/Б01 тоот гэрээний 6.1-д “Зохиогчид /талууд/ үйл ажиллагааны цэвэр ашгаас тооцох эмүүдэд дараах бүтээгдэхүүнийг оруулахаар тохиролцов. Үүнд...2.”Нефромон” /2002 оноос/ 3.”Дентамон” /2002/ оноос...” гэж, 7.1-д “Гэрээнд шинэ бүтээл хамтран зохиогчид /талууд/ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Тус гэрээнд хариуцагч “МГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, дээрх эмүүдийн /”Салимон”, “Нефромон”/ хамтран зохиогч Л.Хүрэлбаатар болон нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан байх бөгөөд үүнээс үзэхэд  дээрх гэрээ нь шинэ бүтээл зохиогчдын хооронд байгуулагдсан,  3 төрлийн эмийг үйлдвэрлэж борлуулан, хамтын үйл ажиллагаанаас ашиг олох, бий болсон ашгийг хуваарилах, ашиг хүртэхээр тохиролцсон Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

            Өөрөөр хэлбэл Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан  лицензийн гэрээний нэг тал нь бүтээлийг ашиглагч сонирхогч этгээд буюу шинэ бүтээлийн зохиогч, патент эзэмшигч бус этгээд байх бөгөөд бүтээлийг ашиглагч сонирхогч этгээд нь гэрээний зүйл болох шинэ бүтээлийг ашиглах, гэрээнд заасны дагуу шинэ бүтээлийг ашигласны төлбөрийг патент эзэмшигчид төлөх үүргийг хүлээнэ.

            Түүнчлэн талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд нэр бүхий 3 төрлийн эмийг хэрхэн, ямар хэлбэрээр, яаж ашиглах талаар болон эмүүдийг ашигласны төлбөрийн хэмжээг тодорхойлж тохиролцоогүй зэргээс үзэхэд талуудын хооронд лицензийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Мөн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн огноотой “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот гэрээний нэр болон 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь хэсгийн заалтууд нь “Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай”  Ш/Б01 тоот гэрээний  мөн заалтуудаас агуулгын хувьд, хариуцагч “МГ” ХХК-ийн хувьцаа ээзмшигч Л.Хүрэлбаатарын хүсэл зоригоос зөрүүтэйгээр, түүний зөвшөөрөлгүй өөрчлөгдсөн нь,  мөн уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болсон нь “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах”  Ш/Б01 тоот  гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл болохгүй юм.          

Иймд дээрх гэрээнүүдийг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтогдохгүй байх тул хариуцагч “МГ” ХХК-ийн сөрөг шаардлагыг хангах боломжгүй байна.

                      

Хариуцагч “МФ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

           

            Хариуцагч “МФ” ХХК нь, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Моносхолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын нэг болох Л.Хүрэлбаатарт мэдэгдэлгүйгээр, хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчилсөн “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэх гэрээг “МФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан И.Балжиннямд үзүүлэн, “МФ” ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байхад 30 601 000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч энэ нь үндэслэлгүй байна.

   Учир нь нэхэмжлэгч М.А, Б.С нар нь 3 төрлийн эмүүдийг эмийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “МФ” ХХК-иар 2001, 2002 оноос эхлэн үйлдвэрлэх, зах зээлд борлуулахыг хүлээн зөвшөөрч, үүний дагуу эмийн борлуулалтын орлогын ашгаас 20 хувийн ашиг хуваарилан өгөх үүргийг  хариуцагч “МГ” ХХК-ийн нэгэн адил хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч “МФ” ХХК хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасны дагуу  хариуцагч “МФ” ХХК нь 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот хамтран ажиллах гэрээний нэг тал болж нэхэмжлэгч нартай дээрх гэрээг байгуулсан байх тул 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч  М.Амбагын мөнгө хүссэн өргөдлийг үндэслэн “МФ” ХХК-ийн 2046 дугаартай, кассын зарлагын ордероор 1999-2008 оны хүртлэх хугацааны эмийн бүтээгдэхүүний ногдол ашигт тооцон 30 601 000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нар нь 30 601 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэн, шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-р тодорхойлсон 2001-2012 онуудад “Салимон”, “Нефромон”, “Дентамон” эмүүдийг үйлдвэрлэн борлуулалтын орлогын   цэвэр ашиг болох  400 653 040 төгрөгөөс  хамтран ажиллах гэрээний 1.2, 3.1.2, 3.2.1-д  зааснаар 20 хувиар тооцон 80 130 608 төгрөгийг нэхэмжлэгч нар авах эрхтэй бөгөөд өмнө нь “МФ” ХХК-иас гэрээний үүргийн дагуу төлсөн 30 601 000 төгрөгийг хасч үлдэх 49 529 600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч нарт олгон,  нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон  хариуцагч “МГ” ХХК-ийн 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, хариуцагч “МФ” ХХК-ийн З0 601 000 төгрөгийг гаргуулах тухай М.А, Б.С нарт холбогдох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон,  хариуцагч “МГ” ХХК нь нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан шинжээч “Релаэнс секюритиз аудит” ХХК-ийн 4/01 тоот нэхэмжлэх,  “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 150069 тоот нэхэмжлэх, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 005 тоот  мэдэгдэл, шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн нэхэмжлэх зэргээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд, нэхэмжлэгч М.А, Б.С нараас нийт 23 815 810 төгрөгийг гаргуулж, түүнээс  400 000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд,  2 500 000 төгрөгийг “Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д, 10 915 810 төгрөгийг “Релаэнс секюритиз” ХХК-д, 10 000 000 төгрөгийг “Эвиденси аудит” ХХК-д тус тус олгох,

Хариуцагч нараас  нийт 23 815 810 төгрөг гаргуулж,  түүнээс 400 000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд,  2 500 000 төгрөгийг “Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д, 10 915 810 төгрөгийг “Релаэнс секюритиз” ХХК-д, 10 000 000 төгрөгийг “Эвиденси аудит” ХХК-д тус тус  хуваарилан олгох нь зүйтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгч нараас  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 2 979 730 төгрөг, хариуцагч “МГ” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 455 955 төгрөг, хариуцагч “МФ” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 310 955 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид “МГ” ХХК-иас 281 774 төгрөг, хариуцагч “МФ” ХХК-иас 281 774  төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт  олгох нь хуульд нийцнэ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 115.2.3., 73 дугаар зүйлийн 73.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлйин 478.8.-д заасныг баримтлан хариуцагч “МГ” ХХК-иас 24 764 800 төгрөг, хариуцагч “МФ” ХХК-иас 24 764 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А, Б.С нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 514 825 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан  хариуцагч “МГ” ХХК-ийн,  нэхэмжлэгч нарт холбогдох, 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ш/Б01 тоот “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ”, Ш/Б01 тоот “Зарим шинэ эм бэлдмэлийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

хариуцагч “МФ” ХХК-ийн, нэхэмжлэгч М.А, Б.С нараас 30 601 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5.-д заасныг баримтлан хариуцагч “МГ” ХХК нь нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд, нэхэмжлэгч М.А, Б.С нараас нийт 23 815 810 төгрөгийг гаргуулж, түүнээс  400 000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд,  2 500 000 төгрөгийг “Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д, 10 915 810 төгрөгийг “Релаэнс секюритиз” ХХК-д, 10 000 000 төгрөгийг “Эвиденси аудит” ХХК-д тус тус олгох,

Хариуцагч нараас  нийт 23 815 810 төгрөг гаргуулж,  түүнээс 400 000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд,  2 500 000 төгрөгийг “Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д, 10 915 810 төгрөгийг “Релаэнс секюритиз” ХХК-д, 10 000 000 төгрөгийг “Эвиденси аудит” ХХК-д тус тус  олгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  нэхэмжлэгч нараас  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 2 979 730 төгрөг, хариуцагч “МГ” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 455 955 төгрөг, хариуцагч “МФ” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 310 955 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид “МГ” ХХК-иас 281 774 төгрөг, хариуцагч “МФ” ХХК-иас 281 774  төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт  олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА