Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/00240

 

2019 оны 01 сарын 28 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00240

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... байр, .... тоот хаягт байрлах, Ц ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ... байранд байрлах, Т ХХК -д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц ХХК нь 2010 оноос хойш Монгол Улсын геологи хайгуулын салбарт геологи хайгуулын консалтинг, хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр эрчимтэй ажиллаж, тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж буй компани юм. Хариуцагч Т ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр манай компанитай холбогдож өөрийн эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын нутаг Нарийн харын нуруу гэх газарт байрлах 15/012227 тоот хайгуулын талбайд хайгуулын ажил гүйцэтгүүлэхээр санал тавьсан. Т ХХК-ийн хүсэлтээр манай компанийн зүгээс хариуцагчийн хайгуулын талбайд соронзон гажил, цахилгаан хайгуулын зүсэлт, цахилгаан соронзон гажил тогтоогдсон хувирлын бүсийн сонирхол татах хэсгүүдэд хүдрийн биетийг хайх зорилгоор хайгуулын налуу цооног төлөвлөж, баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг, Нарийн харын нуруу 15/012227 тоот талбайд хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг манай зүгээс боловсруулж, гарын үсэг зурж, тамга даран Т ХХК-д хүргүүлсэн. Т ХХК-ийн зүгээс гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, ажлын урьдчилгаа 100 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компанид төлж, ажлаа яаралтай эхлүүлэхийг хүссэн. Т ХХК-ийн хүсэлтийн дагуу манай компанийн зүгээс энэхүү ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн геологичид, өрөмдлөг-техникийн багийг Ховд аймгийн Булган суманд томилон ажиллуулсан. Манай ажилчид 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 2016 оны 1 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Булган сумын нутаг Нарийн харын нуруу гэх газарт нийт 5 цооног өрөмдөж, тус цооногуудаа захиалагч буюу Т ХХК-ийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байдаг. Манай хийж гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 373 880 000 төгрөг болсон бөгөөд энэхүү төлбөрөөс урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 273 880 000 төгрөгийг төлөхийг хариуцагч Т ХХК-аас шаардахад удахгүй төлнө, түр хүлээгээч гэсэн хариуг хэлж өнөөдрийг хүрсэн ч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсангүй. Т ХХК-ийн хийж гүйцэтгүүлсэн ажил нь Монгол Улсын баруун хязгаарт, цаг уурын хүн нөхцөлд байсан ч манай компанийн геологичид, өрөмдлөг-техникийн баг хүчин чармайлт гарган ажиллаж ажлын үр дүнг захиалагч компанид хүлээлгэн өгсөн. Гэвч Т ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан ч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүгээ биелүүлсэнгүй. Иймд Т ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 273 880 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өрөмдлөгийн ажил хийлгүүлэхээр тохиролцож, ажлыг хийж гүйцэтгэсэн, харилцан тохиролцсон ажлын хөлс болох 100 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, ажлын хөлс 445 000 000 төгрөг мөн 373 880 000 төгрөг гэж тохиролцоогүй, 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 373 880 000 төгрөгийн төлбөрийн тооцоотой талаарх тооцоо нийлсэн акт байхгүй, мөн  компанид 373 880 000 төгрөгийн төлбөр төл гэдэг нэхэмжлэл, албан бичиг ч ирүүлж байгаагүй. Манай компани нь тухайн цаг хугацаанд нь ажлаа хийлгүүлээд, ажлын хөлсийн бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Ц ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Нэхэмжлэгч Ц ХХК  Ховд аймгийн Булган сумын нутаг “Нарийн харын нуруу” гэх  ХV-012227 тоот талбайд хайгуулын ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1644,4 м цооногийг өрөмдүүлсэн, ажлын хөлсөнд 100 000 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х-ийн 11-14 дугаар тал/

 

        Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг 373 880 000 төгрөг гэж талууд тохиролцсон ба ажлын хөлсөнд төлсөн 100 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 273 880 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

       Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1644,4 м цооногийг өрөмдүүлсэн, ажлын хөлсөнд 100 000 000 төгрөг төлсөн, ажлын хөлс 373 880 000 төгрөг байхаар харилцан тохиролцоогүй, ажил гүйцэтгэгчид зах зээлийн үнэлгээнд нь тохирсон ажлын хөлсийг төлсөн, төлбөр бүрэн төлсөн тул тооцоо нийлсэн акт үйлдээгүй, өр төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох  үүрэгтэй бөгөөд  ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс буюу гэрээний үнийг 373 880 000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 527 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О