Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 818

 

                                               

 

 

 

 

 

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/00240 дүгээр шийдвэртэй “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сард “Т” ХХК нь өөрийн эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын нутаг “Нарийн харын нуруу” гэх 15/012227 тоот талбайд хайгуулын ажил гүйцэтгүүлэх санал тавьсны дагуу уг талбайд манай компани соронзон гажил, цахилгаан хайгуулын зүсэлт, цахилгаан соронзон гажил тогтоогдсон хувирлын бүсийн сонирхол татах хэсгүүдэд хүдрийн биетийг хайх зорилгоор хайгуулын налуу цооног төлөвлөж, баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг боловсруулан, баталгаажуулж “Т” ХХК-д хүргүүлэхэд гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, ажлын урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг мөн сарын 24-ний өдөр төлж, ажил эхлүүлэхийг хүссэн

Манай ажилчид нийт 5 цооног өрөмдөж “Т” ХХК-ийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн бөгөөд ажлын нийт хөлс 373 880 000 төгрөг болсон. Ажлын хөлсний үлдэгдэл 273 880 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Иймд “Т” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 273 880 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талууд өрөмдлөгийн ажил хийх талаар харилцан тохиролцож, манай компани уг ажлын хөлсөнд 100 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд ажлын хөлс 445 000 000 төгрөг, 373 880 000 төгрөг гэж тохиролцоогүй. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 373 880 000 төгрөгийн талаар тооцоо нийлсэн акт байхгүй, мөн манай компанид 373 880 000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх, албан бичиг ирж байгаагүй. Манай компани нь тухайн цаг хугацаанд нь ажлаа хийлгүүлээд, ажлын хөлсийн бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 527 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Батсайхан давж заалдах гомдолдоо: Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй мөн ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Шүүх “... 373 880 000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүх хариуцагч талын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох талуудын тохиролцооны үндсэн дээр хийгдсэн ажлын үр дүн болон “Нарийн харын нуруу” талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү ажлын тайлангаас хайгуулын ажилд нийт хэдэн төгрөгийн зардал гаргасныг нотлох боломжтой бөгөөд зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэр үндэслэлтэй болох нь харагдах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “Т” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 273 880 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний төсөв, ажил хүлээлцсэн акт, ажил гүйцэтгэлийн журнал, 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайлан, ажлын зураг зэрэг бичгийн баримтыг нотолгооны эх сурвалжаа болгон шүүхэд гарган өгчээ. /хх 6-54 дэх тал/

Хариуцагч тал “ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр байгуулж, ажлын хөлсийг 100 000 000 төгрөгөөр тохиролцсон, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг төлснөөр үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажил гүйцэтгэх гэрээ болон ажлын төсвийг манайх хүлээн авч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй” гэх үндэслэл заан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Талуудын маргааны зүйл нь ажлын хөлсний хэмжээ байх бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн хуваарилалтын зарчмын дагуу нэхэмжлэгч тал нотлох үүргийг хүлээнэ. Уг үүрэг ёсоор шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч “Т” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн ажлын тайланг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. /хх 81 дэх тал/ Нөгөөтэйгүүр шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу хүсэлт шийдвэрлэх үе шатанд нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсныг анхаараагүй нь буруу болжээ.

Түүнчлэн, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан тухай, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримтуудад шүүгчийн гарын үсэг зурагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа явуулах журамд нийцэхгүй байна. /хх 60-61, 63 дахь тал/

            Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/00240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 527 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

           

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД