Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 86 дугаар байрны 5 тоотод оршин суух, Овоот овогт Ванчинсүрэнгийн Булганбаатар /РД:ИЦ77120771/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамж, 49 дүгээр байрны 68 тоотод оршин суух, Мөнгөн овогт Хоохдойн Гансүх /РД:ЧЗ71112616/-д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жарантай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Булганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч миний бие Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарын бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг Ц.Эрдэнэбат гэх хүнээс худалдан авсан бөгөөд 2014 оны 9 сараас эхлэн би одоог хүртэл би өмчилж байгаа билээ. Гэвч хариуцагч Х.Гансүх нь энэ миний байр байсан та нар гар, та нарт энэ байрыг зарсан гэх Ц.Эрдэнэбат бид 2 телбөр тооцоо, мөнгө төгрөгийн асуудалтай байсан гэж миний байрнаас биднийг хөөж өөрсдөө амьдарч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхэнд минь саад хийж байна. Намайг энэ байрыг авах үед энэ байрыг Ц.Эрдэнэбат нь Х.Гансүхээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр авсан Ц.Эрдэнэбатын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй л байр байсан. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоот орон сууцыг хууль бус эзэмшигчээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: В.Булганбаатарын нэхэмжлэлтэй байрнаас албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг үүссэн байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 68 тоот, 0102345 дугаартай, Ү-2205023731 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 39 м.кв талбайтай 3 өрөө байранд аав, эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл 5-уулаа амьдардаг. Энэ байр манай ээж ааваас хүүдээ өгсөн байр юм. 2009 оны 11 дүгээр сарын 19-нд С.Мандалсүрэн нотариатчаар орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр миний өмчлөлд ирсэн байр юм. 2012 онд мөнгөний хэрэг гараад Зар мэдээ сонинд зээл гаргана гэсэн зарын дагуу н.Саран, н.Цэцэгмаа нартай холбогдож Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 68 тоот, 0102345 дугаартай, Ү-2205023731 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 39 м.кв талбайтай 3 өрөө байрны гэрчилгээг барьцаалж аман хэлцлээр 8,000,000 төгрөгийг сар бүр 240,000 төгрөг төлөхөөр тохиролцож зээлсэн.

2014 оны 9 дүгээр сард манай ах байранд чинь засвар хийж байна гэсэн мэдээлэл өгөхөд байрандаа очиж шалгахад н.Саран, н.Цэцэгмаа нар нь Тэнгисийн баруун талын нотариатч дээр өөр эрэгтэй хүн аваачиж манай нөхрийн байр гэж итгэмжлэл бичүүлээд итгэмжлэлээрээ н.Эрдэнэбатад зарж, Ц.Эрдэнэбат нь дамжуулан В.Булганбаатарт байрыг маань зарсан байсан. Манайх байрандаа айлаас 19,000,000 төгрөг аваад хүүнд суулгасан байсан. Гэтэл н.Саран, н.Цэцэгмаа нар Ц.Эрдэнэбаттай нийлээд бид нар Х.Гансүхийн эгч нар байна, та мөнгийг чинь өгье гээд мөнгийг нь өгөөд гаргаад засвар хийж байна гээд хаалга, цонх аваад, бидний гэрт байсан эд хогшлыг байхгүй болгосон байсан. н.Саран, н.Цэцэгмаа нар энэ үйлдэлд нь 2014 оны 9 дүгээр сарын 22-нд СХДЦХ-1 хэлтэст ергөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүсийг шалгуулаад 2016 оны 02 дугаар сард эрүүгиин шүүхээр хэрэг нь хэлцэгдсэн.

Энэ шүүх хуралдаанаар холбогдогч н.Саран, н.Цэцэгмаа нар нь хуурамч итгэмжлэлээр байрыг маань зарсан хэргээ хүлээн зөвшөөрч тухайн үеийн шүүх бүрэлдэхүүн миний байрны эрхийг сэргээх хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн боловч тухайн үеийн хууль тогтоомжоор хэргийг тусгаарлаж шийдэх боломжгүй гээд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ шүүхийн хэлэлцүүлгээр В.Булганбаатар нь Ц.Эрдэнэбатад зуучлалын хөлс өгсөн авсан асуудал хэлэлцэгдсэн боловч шүүх хурал хойшлогдсон. н.Саран, н.Цэцэгмаа, Ц.Эрдэнэбат, В.Булганбаатар нар нь хууль бусаар гарын үсэг зурсан асуудал яригдсан. Шүүх хурал хойшлогдож 2018 оны 12 дугаар сард дахин хэлэлцэгдэхээр буцаасан. СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3-4 удаа анхан шатны шүүх хурал болоод зарим хэргийн байцаалт дутуу байна гээд мөрдөн байцаалт руу буцдаг. н.Саран, н.Цэцэгмаа нарт 45 хавтаст хэрэг, 60 орон байрны хохирогч байгаа болохоор хэрэг шийдэгдэхгүй өнөөг хүрч байна. Би 2 шүүх хуралд суусан, шүүхийн хэлэлцүүлэгт орон байрыг хуурамч бичиг баримтаар залилсан нь үнэн гэж хэлж байсан. Шүүхийн хэлэлцүүлэг болоод хэрэг буцаад байдаг. н.Саран, н.Цэцэгмаа 2 бид нар йим зүйл хийсэн нь үнэн Х.Гансүхийн нэр дээр байрыг сэргээгээд өгчих гэж хэлсэн. 2018 оны 12 сарын 05-нд СХД-ийп эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг ирсэн, хохирол төлбөрөө барагдуулсан уу шүүхэд гапгах ямар хүсэлт байна гэж асуусан. Ц.Эрдэнэбат 2016 оноос хойш өнөөг хүртэл байрны гэрчилгээг чинь өгье, тохиролцъё гэж хэлдэг. Ийм саналыг 2018 оны 12 дугаар сард Ц.Эрдэнэбат эрүүгийн шүүх хурал чинь мөд болохгүй, хойшлогдоод байна. Хэдүүлээ асуудлаа шийдье гэж хэлж байсан. В.Булганбаатар гэж хүн нь Ц.Эрдэнэбатаар дамжуулан манай байрыг авсан гэх боловч В.Булганбаатар гэдэг хүнийг би танихгүй. Энэ хэрэг СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Х.Гансүхийг хууль бус эзэмшигч гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Энэ байрыг хариуцагч Х.Гансүх аавынхаа хамт өмчилдөг байсан ба хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр түүний нэр дээр өмчлөгдсөн байдаг. Энэ байраа зээл чөлөөлүүлнэ гэх зарын дагуу н.Саран, н.Цэцэгмаа гэх хоёр хүнтэй уулзаад зээлээ чөлөөлүүлсэн. Зээлээ чөлөөлүүлэхдээ өөрийн гэрчилгээг өгөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагад байгаа гэдгийг хэлсэн байдаг. Гэтэл н.Цэцэгмаа, н.Саран хоёр нь зээлийг нь төлсөн, бид эгч нь байгаа юм гэж хэлээд гэрчилээг нь авчихсан. Гэтэл зээлээ төлүүлсэн н.Саран, н.Цэцэгмаа хоёр Х.Гансүхийн тухайн байранд суулгасан байхад мөнгө өгөөд гаргачихсан. н.Саран, н.Цэцэгмаа хоёр хуурамч итгэмжлэл хийлгээд нотариатаар батлуулсан байдаг. Тэр итгэмжлэлийн дагуу н.Эрдэнэбат гэдэг хүнд байрыг худалдсан. Мөн н.Баттөмөр гэдэг хүнээс 18,000,000 төгрөг авсан байдаг. Х.Гансүх нэг өдөр байрандаа ирэхэд В.Булганбаатар гэдэг хүн байранд завсар хийж байсан. Энэ байрыг худалдаж авсан гэж хэлсэн. Үүнийхээ дагуу цагдаагийн газарт хандсан байгаа. Үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулаад явж байгаа. Хэдий Улсын бүртгэлийн газар бүртгэсэн байгаа хэдий ул үндэс суурь хууран мэхлэх замаар үүссэн. н.Саран, н.Цэцэгмаа хоёр ч итгэмжлэлийг хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Яг энэ байртай холбоотой эрүүгийн хэрэг явж байгаа учраас байрнаас албадан чөлөөлж болохгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Булганбаатар нь хариуцагч Х.Гансүхэд холбогдуулан Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,Төмөр зам гудамж 49 дүгээр байрны 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаартай, 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж 49 дүгээр байрны 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаартай, 3 өрөө орон сууцыг 2014 онд Ц.Эрдэнэбат гэх хүнээс худалдан авсан боловч тус байранд Х.Гансүх нь хууль бусаар амьдарч миний өмчлөх эрхэд халдаж байна ...гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Х.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... н.Саран, н.Цэцэгмаа гэх хоёр хүн миний нэрийн өмнөөс хуурамч итгэмжлэл хийж миний байрыг Ц.Эрдэнэбат гэгчид худалдсан байсан. Итгэмжлэл хуурамчаар хийсэнтэй холбогдуулан н.Саран, н.Цэцэгмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа ба тус хэрэгт миний бие хохирогчоор оролцсон. н.Саран, н.Цэцэгмаа нар нь миний нэрийн өмнөөс хуурамч итгэмжлэл хийснээ хүлээн зөвшөөрдөг... гэж тайлбарлаж байна.

 

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байрны 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаартай 3 өрөө орон сууц нь анх 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.Гансүх, Б.Хоохдой, Ц.Сэсрэнжав нарын өмчлөлд бүртгэгдсэнийг хамтран өмчлөгч өөрчлөгдөх үндэслэлээр 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Х.Гансүхийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Тус орон сууц нь 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу Х.Гансүхээс Ц.Эрдэнэбатын өмчлөлд, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Эрдэнэбат, В.Булганбаатарын өмчлөлд шилжсэн болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байна. /хх 5-р тал/.

Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр В.Булганбаатарыг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байх ба энэ талаар зохигч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Х.Гансүх нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байрны 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаартай 3 өрөө орон сууцанд нь амьдарч байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Хэдийгээр хариуцагч нь хуурамч итгэмжлэлийн үндсэн дээр уг орон сууцыг Ц.Эрдэнэбатад худалдаж, Ц.Эрдэнэбат нь нэхэмжлэгч В.Булганбаатарт худалдсан гэж тайлбарлаж байх боловч уг худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Мөн хариуцагч нь н.Саран, н.Цэцэгмаа нар нь миний нэрийн өмнөөс хуурамч итгэмжлэл хийж, орон сууцыг бусдад худалдсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч В.Булганбаатарыг өмчлөх эрхийг үгүйсгэж болохгүй юм.

 

Иймээс хариуцагч Х.Гансүхийг нэхэмжлэгч В.Булганбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байрны 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаартай 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж, нэхэмжлэгч В.Булганбаатарын өмчлөх эрхэд саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч В.Булганбаатар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Х.Гансүхийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч В.Булганбаатарын хариуцагч Х.Гансүхэд холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байрны 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаартай, 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Булганбаатарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, төмөр зам гудамж, 49 дүгээр байрны 68 тоот орон сууцыг хариуцагч Х.Гансүхийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА