Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00188

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00500 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 725 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: В.Б-

          Хариуцагч: Х.Г-эд холбогдох

          Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Жарантай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагчийн төлөөлөгч Д.Мядагбадам, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Нийслэлийн Баянгол дүүргийн .. хороо .. хороолол .... байрны .. тоотод 3 өрөө орон сууцыг Ц.Э гэдэг хүнээс худалдан авч, 2014-09 сараас эхлэн өмчилж байгаа. Гэтэл Х.Г- “... та нар гар.. энэ байрыг зарсан гэх Ц.Э бид хоёр төлбөр тооцооны асуудалтай..” гэж хөөж гаргасан. Энэ байрыг би худалдаж авах үед орон сууц Ц.Э-н өмчлөлд бүртгэлтэй, ямар нэгэн зөрчилгүй байр байсан. Иймд миний өмчлөлийн .. тоот орон сууцыг Х.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Би энэ 3 өрөө байранд аав, эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл 5-уулаа амьдардаг. Энэ байр манай ээж ааваас өгсөн байр юм. 2009-11-19-нд С.М нотариатчаар орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлээр миний өмчлөлд ирсэн байр юм. 2012 онд мөнгөний хэрэг гараад Зар мэдээ сонинд зээл гаргана гэсэн зарын дагуу н.С, н.Ц нартай холбогдож .. тоот байраа барьцаалж аман хэлцэлээр 8 сая төгрөгийг сар бүр 240,000 төгрөг төлөхөөр тохиролцож зээлсэн. 2014-09 сард “..байранд чинь засвар хийж байна..” гэж ах хэлсэн учир очиж үзхэд н.С, н.Ц нар Тэнгисийн баруун талын нотариатч дээр өөр эрэгтэй хүн аваачиж итгэмжлэл бичүүлж аваад, тэр итгэмжлэлээ ашиглаж, Ц.Э-д байрыг зарж, Ц.Э В.Б-т зарсан байна. Манайх 19 сая төгрөгийн зээл авч, зээлийн хүүд нь орон сууцандаа хүн суулгасан байсан. Гэтэл н.С, н.Ц нар Ц.Э-тай нийлээд “...бид нар Х.Г-ийн эгч нар байна, та нарын мөнгийг чинь буцаагаад өгье..” гээд хүмүүсийг нь гаргаж, засвар хийж байсан. н.С, н.Ц нарын энэ үйлдэлд нь 2014-09-22-нд СХД-н Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл өгч, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүсийг шалгуулаад 2016-02 сард эрүүгиин шүүхээр хэрэг нь хэлэлцэгдсэн. Энэ шүүх хуралдаанаар холбогдогч н.С, н.Ц нар нь хуурамч итгэмжлэлээр байрыг маань зарсан хэргээ хүлээн зөвшөөрч тухайн үеийн шүүх бүрэлдэхүүн миний байрны эрхийг сэргээх хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн.Гэвч хэргийг тусгаарлаж шийдэх боломжгүй гээд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. н.С, н.Ц, Ц.Э, В.Б- нар нь хууль бусаар гарын үсэг зурсан асуудал яригдсан. Шүүх хурал хойшлогдож 2018-12 сард дахин хэлэлцэгдэхээр буцаасан. Би 2 шүүх хуралд суусан, шүүхийн хэлэлцүүлэгт орон байрыг хуурамч бичиг баримтаар залилсан нь үнэн гэж хэлж байсан. Шүүхийн хэлэлцүүлэг болоод хэрэг буцаад байдаг. гэжээ.

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 102/ШШ2019/00500 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн .. дүгээр хороо, ..дугаар хороолол, .. байрны .. тоот В.Б-ын өмчлөлийн, орон сууцыг  Х.Г-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 725 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Х.Г-ээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

      Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.С, Ё.Ц нар  Г-ийн ордерыг бариад манай нөхөр гэж хэлээд өөр хүн дагуулж очоод ЧД-ийн .. тоот нотариатч Ц-р хуурамч итгэмжлэл хийлгэсэн байсан. Энэ хуурамч итгэмжлэлээрээ 2013-10-22-ны өдөр Т.Б гэж хүнээс 18 сая төгрөг зээлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ хийсэн байсан. Мөн С.Г-ийн орон сууцыг Ц.Э зарсан байна. Ц.Э нь В.Б-т орон сууцыг зарсан байна. Орон сууцанд нь байсан хүмүүсийг мөнгө өгөөд орон сууцнаас нь гаргасан байсан. Энэ байдлыг С.Г- мэдээд 2014-09-24-нд БГД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. С, Ц 2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйл, 148.4 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч одоо хүртэл шийдэгдээгүй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг гаргуулж өгөх талаархи хүсэлтийг 2019-01 сарын 15, 02 саруудад тус тус шүүхэд хэлж нотлох баримт гаргуулах хүсэлт удаа дараа өгч байсан боловч хүсэлт хангаж мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Би Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд очиж нотлох баримт гаргуулах гэсэн боловч шүүгчийн туслах болон тамгын газрын дарга иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжтай бол нотлох баримт гаргаж өгнө, шүүгчээрээ захирамж гаргуулаад манайх руу явуул, хавтаст хэргээс канондаад ав гэж хэлдэг байсан. Шүүх ИХШХШТХ-н 40,42-р бодит үнэнд нийцсэн тайлбар гаргаж байхад нотлох баримтыг зөв үнэлж чадсангүй. Би 2014-09 сард СХДЦХ-1 хэлтэст өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгэсэн. СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3-4 удаа анхан шатны шүүх хурал болоод зарим хэргийн байцаалт дутуу байна гээд мөрдөн байцаалт руу буцдаг. С, Ц нарт 45 хавтаст хэрэг, 60 гаруй орон байрны болон бусад хохирогч байгаа болохоор хэрэг шийдэгдэхгүй өнөөг хүрч байна. Би 2 шүүх хуралд суусан, шүүхийн хэлэлцүүлэгт С, Ц 2 орон байрыг хуурамч бичиг баримтаар залилсан нь үнэн гэж хэлж байсан. Шүүхийн хэлэлцүүлэг болоод хэрэг буцаад байдаг. 2018-12-05-нд СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг ирсэн, хохирол төлбөрөө барагдуулсан уу шүүхэд гаргах ямар хүсэлт байна гэж асуусан. Би орон сууцаа хууль бусаар алдсан гэдгээ мэдсэн даруйдаа хууль шүүхийн байгууллагад хандсан боловч миний асуудлыг шийдэхгүй 90 гаруй насны өндөр настай аав, эхнэр 2 хүүхдийн хамт орох орон, очих газаргүй хүнд байдалд орж орон гэрээсээ албадан нүүлгүүлэх байдалд орж байна. БГД-н ИХАШШ-н 2019-02-18 өдрийн 102/ШШ2019/00500 дугаартай шийдвэр гарч байхад маргааш нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-02-19 -ний өдрийн 139 тоот магадлал гарсан. Энэ магадлалыг анхан шатны шүүхэд өгмөөр байна. Эрүүгийн хэрэг уг үйл баримттай холбоотой асуудлаар хэрэг эрүүгийн шүүхэд байхад анхан болон давж заалдах шатны шүүх буруу шийдвэр гаргаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож буцааж, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       В.Б- 2018-12-12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хорооны Төмөрзам гудамжны ..-р байрны .. тоотод орон сууц /цаашид  орон сууц гэх /-г Х.Г-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн бөгөөд “... Ц.Э-н өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг Ц.Э-с худалдан авч эзэмшиж байхад хариуцагч биднийг хөөж гаргасан..” гэсэн үндэслэл заасан байна.

      Х.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...миний өмнөөс өөр хүн нотариат дээр очиж итгэмжлэл авч орон сууцыг бусдад шилжүүлсэн байсан... энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж дуусаагүй байгаа..” гэж маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...орон сууц 2013-10-19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Х.Г-ээс Ц.Э-д, 2014-09-10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ц.Э-с В.Б-ын өмчлөлд шилжсэн байна... орон сууцны өмчлөгч нь В.Б- байна... хуурамч итгэмжлэлээр орон сууц худалдагдсан гэх боловч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байна... эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа нь В.Б-ын өмчлөх эрхийг үгүйсгэхгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

      Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...орон сууц В.Б-ын өмчлөлд байна... орон сууцыг хууль бусаар бусдад шилжүүлэн авсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна ...” гэжээ.  

      Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...хуурамч итгэмжлэл ашиглаж миний байрыг бусдад зарсан байхад энэ талаар дүгнэлт хийсэнгүй... эрүүгийн хэрэг шүүхэд байхад хэргийг иргэний журмаар шийдвэрлэсэнд гомдолтой...” гэжээ. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      1. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

      Х.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... орон сууцыг бусдад шилжүүлсэн асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа... энэ тухай баримтыг эрүүгийн хэргээс авч иргэний энэ хэрэгт нотлох баримт болгох..” хүсэлтийг 2019-01-15-ны өдөр шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ.  /хх21,25,27-30/

       Хариуцагч шүүхэд хандаж хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцээгүй байна. 

      2. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ба энэ нь шүүх хуралдааны үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.  

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, орон сууц 2013-10-19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Х.Г-ээс Ц.Э-н өмчлөлд шилжсэн боловч “...Ц.Э-д  байраа худалдаагүй энэ нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа...” гэж маргасан.

      Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүйгээс энэ хэрэгт холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа эсэх, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэх буюу Иргэний хуулийн 183 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл болон 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан эсэх талаар тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00500 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 725 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчид захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ