Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бухарзадагийн Володя |
Хэргийн индекс | 172/2022/0118/Э |
Дугаар | 2022/ШЦТ/123 |
Огноо | 2022-12-06 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/123
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч У.З,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн У-ийн З-эд холбогдох 2228002650142 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Д овгийн У-ийн З ........................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.З нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд шунахай сэдэлтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ............. тоотод оршин суух иргэн Д.Э-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрт нь хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 1 ширхэг цэнхэр замагт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч У.Зийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хүүтэйгээ хамт Улаанбаатар хот явах гэхэд О гэх хүн хүүхдээ хамт явуулах гээд манай хашаанд ирсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буцаж ирээд гэрт хулгай орсныг мэдээгүй явж байгаад О гэх хүнтэй хамт ажилладаг тогооч Б гэдэг хүн хөөрөг, мөнгөн бугуйвч зарах гэж явж байна гэхийг сонсоод би гэртээ ирээд хөөрөг, бугуйвчаа хайтал байхгүй байсан. Тэгээд тэр тогооч эгч, О гэх хүнийг хүүхдээ явуулчихаад 5 хоног ажил дээрээ ирээгүй байж байгаад ирэхдээ мөнгөн бөгж, бугуйвч, хөөрөг гэх зүйлстэй ирсэн. Тэгээд бугуйвч, бөгж хоёрыг алт мөнгөний дархан С гэх хүнд зарж борлуулсан байсан. Тухайн О гэх хүнтэй холбогдож мөнгө эсвэл эд зүйлээ олж өг гэхэд за гэж хэлээд одоог хүртэл хохирол нөхөн төлөөгүй байна. Ийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгөн бугуйвч нь улаан хүрэн шигтгээтэй, мөнгөн бөгж нь гогцоо байсан. Энэ хоёр нь манай хүүхдийн эд зүйлс байсан. Харин алдсан гэх хөөрөг нь 1 талаараа цэнхэр замагт, нөгөө талаараа манан хөөрөг байсан. Тэр хөөрөг нь шинэ цагийн хөөрөг бөгөөд хагарч гэмтсэн зүйл байхгүй байсан. Би хөөргөө 2 сая төгрөгөөр үнэлж байгаа. Зах зээлийн үнэ нь тийм хэмжээний байдаг. Би тэр О буюу З гэх хүнээс хөөргөнийхөө хохирлыг барагдуулмаар байна. Бугуйвч бөгж хоёрыг авахгүй, үнэлүүлэхгүй. Би хөөргөө л үнэлүүлж хөөргөнийхөө хохирлыг барагдуулж авмаар байна... Би дүгнэлттэй танилцсан. Би З-ээс хүүхдийн мөнгөн бөгж, бугуйвчийн хохирлыг нэхэмжилж авахгүй. Надад санал хүсэлт, гомдол байхгүй, З миний хохирлыг бүрэн барагдуулсан.” /хавтаст хэргийн 24-25, 28-29 дэх тал/
Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед намайг ажил дээрээ байхад 2 хүүхэн орж ирээд надад жижиг хагархай хөөрөг зарах гэхээр нь би аваагүй. Тэр хоёр хүүхэн 1 цаг гаран авчих ах, банкны мөнгө нэхэгдээд байна, хойно барилга дээр ажилладаг юм аа гээд байхаар нь би тэр ногоондуу өнгөтэй, 4-5 см өндөртэй, хагарсан жижиг хөөрөг байхаар нь 150,000 төгрөгөөр худалдаж аваад тэр хоёр эмэгтэйг явуулсан. Дараа нь тэр хөөргийг нэг хүнд авсан үнээр нь буцаагаад зарсан. Дараа нь надаас тэр эмэгтэй болон тэр хөөрөг хоёрыг эрж сураад жинхэнэ эзэн нь гээд нэг эмэгтэй ирж уулзсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд жижиг, хагарсан хөөрөг байсан гээд хэлэхэд эзэн нь харин тиймээ хагарсан гэхдээ өвөөгийн хөөрөг юм аа гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “1 ширхэг хөөрөг /хуучин/, нийт дүн: 1,800,000 төгрөг.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Хүүхдийн мөнгөн бугуйвч 1 ширхэг, үнэ 50,000 төгрөг /хуучин/, хүүхдийн мөнгөн бөгж 1 ширхэг, үнэ 30,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 80,000 төгрөг.” /хавтаст хэргийн 65-68 дахь тал/
Шүүгдэгч У.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Б эгч намайг Э эгчийн хөөрөг гээд аваад очих үед Э эгчийн хөөрөг гэж мэдсэн. Гэхдээ намайг Э эгчийн хөөргийг зөвшөөрөлгүй нууцаар авч очсоныг бол мэдээгүй. Би хохирлоо барагдуулсан.” /хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Хохирогч Д.Э-гийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 08 дахь тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.З-эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд У.З нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд шунахай сэдэлтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ............. тоотод оршин суух иргэн Д.Э-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрт нь хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 1 ширхэг цэнхэр замагт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1,880,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Э-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 28-29 дэх тал/, гэрч Х.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч У.З-ийн бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч У.З нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд шунахай сэдэлтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ............. тоотод оршин суух иргэн Д.Э-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрт нь хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 1 ширхэг цэнхэр замагт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах нэвтэрсэн гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.
Шүүгдэгч У.З нь хохирогч Д.Э-гийн мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 1 ширхэг цэнхэр замагт манан хөөрөг зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түлхүүрийг нуусан газраас нь авч гэрт нь хууль бусаар нэвтрэн орсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Д.Э-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 28-29 дэх тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул У.З-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч У.З нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч У.З-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эд 1 ширхэг хөөрөг /1,800,000 төгрөг/, хүүхдийн мөнгөн бугуйвч 1 ширхэг /50,000 төгрөг/, хүүхдийн мөнгөн бөгж 1 ширхэг /30,000 төгрөг/, нийт 1,880,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1083 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 65-68 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Д.Э-д 1,800,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон дансны хуулга /хавтаст хэргийн 89-90 дэх тал/-аар тус тус тогтоогдож байх бөгөөд хохирогч нь хүүхдийн мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг нийт 80,000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Зэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах тухай тайлбарыг гаргав.
Шүүгдэгч У.З нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч У.З-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд О эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.З-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.З-эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ялыг тусгаагүй, зөвхөн хоёроос найман жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан тул шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч У.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3-д эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд энэхүү асуудлыг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний 2018 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн охин З.Н-ийг эхийн зүгээс биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан бага насны хүүхдийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч У.Зэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн У-ийн З-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.З-эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч У.З нь хохирогч Д.Э-д нийт 1,800,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Д.Э нь хүүхдийн мөнгөн бөгж, мөнгөн бугуйвчийг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-ийн бага насны хүүхэд болох 2018 оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн охин З.Н-ийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
6. Шүүгдэгч У.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч У.Зэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.З-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ