Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00505

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 01 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00505                              Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, МСӨХ // -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т /РД: /-д холбогдох,

дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 484,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянмөнх, хариуцагч Ш.Т,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МСӨХ-ны төлөөлөгч Б.Баянмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МСӨХ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Мхотхоны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, ашиглалтын хэвийн ажиллагааг хариуцан хангаж ажилладаг. Манай хотхоны 27 дугаар байрны 43 тоотын сууц өмчлөгч Ш.Т нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь СӨХ-д төлөх төлбөрөө холбоонд төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй, иргэний үүргээ удаа дараа биелүүлдэггүй, дандаа шүүхэд нэхэмжлэл гаргуулдаг.  Ш.Т нь эхлээд манай хотхоны 3 дугаар орцны зоорийн  давхарт амьдардаг байсан. 2017 оны 04 дүгээр сараас эхлээд хажуу талын Романа ресиденс гэх хотхонд нүүж очсон. Үүнээс хойш урлангийн зориулалтаар ашиглаж байгаа. Хуульд зааснаар СӨХ-ны дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг. МСӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018.04.08-ны өдрийн 18/01 дугаар тогтоол гарсан, уг тогтоолд МСӨХ-ны оршин суугчаас сар бүр авах төлбөрийг хогны 2,000 төгрөг, жижүүрийн 40,000 төгрөг, СӨХ 65,000 төгрөг, баримт 150 төгрөг, хуримтлал 20,000 төгрөг болгон шинэчлэн  тогтоож, сард төвлөрүүлэх нэг айлын СӨХ-ны төлбөр нь 117,150 төгрөг байсныг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 127,500 төгрөг болгож, энэ тогтоолын 4 дэх хэсэгт 2018.08.01-ний өдрөөс эхлээд засвар үйлчилгээний зардалд 10,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн зүйтэй гэж оршин суугчид өөрсдөө үзээд нэг айлаас 2018.08.01-ний өдрөөс эхлэн 137,150 төгрөг болгож өөрчилсөн байдаг. Учир нь  энэ хотхон  2009 онд ашиглалтанд орсон, бүх зүйл нь муудаж эхэлсэн учраас сар болгон засвар үйлчилгээтэй холбоотой зайлшгүй засах засвар шаардлагатай болсон. Нэхэмжлэлийн үнийн дүн анх 484,600 төгрөг байсныг багасгаад 388,600 төгрөг болгож байна. Хариуцагчийн авчирсан баримтаас үзэхэд 2018 оны 10,11 сарын төлбөрөөс 66,000 төгрөгийг төлсөн, мөн 30,000 төгрөгний үнэтэй зогсоолын чип буцааж өгсөн тул үнийн дүнгээс хассан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага 388,600 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ш.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Маш энгийнээр тайлбарлахад нөгөө хашаанд нь арай өөр зэрэглэлийн манай гэр байгаа. Би байрны төлбөрт сард 60,000 төгрөгийг л төлдөг. Тэгтэл зураач хүний урлангийн байранд сард 130,000 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Энэ сууц өмчлөгчдийн холбоо надтай ерөөсөө гэрээ хийгээгүй, байранд цэвэрлэгээ хийдэггүй, хулгай орсон үед манайд хамаагүй гэж хэлдэг. Ийм СӨХ-нд мөнгө төлөхгүй, энэ СӨХ маш будлиантай, урьд нь манай эхнэр энэ ажлыг хийж байсан. Модерн таунд 84 мкв талбайтай урлангийн байр байдаг. Хэд хэдэн гараж эзэмшдэг айл, нэг урлангийн өрөө эзэмшдэг хүн хоёр нэг адилхан хэмжээний төлбөр төлдөг нь шударга ёс биш гэж үздэг. Нийт 42 айлаас ашигладаг талбайн м/кв-аар нь бодож төлбөрийг тооцох ёстой. Надад харуул хамгаалалт хэрэггүй, би гараж ашигладаггүй болохоор зөвхөн  хогны, цэвэрлэгээний мөнгийг төлнө. Өмнөх шүүхийн шийдвэрээр сарын 33,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн тул би энэ хэмжээгээр төлж байгаа” гэв.

 

           Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ш.Тоос дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 484,600 төгрөг гаргуулахыг хүссэн МСӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ буюу 388,600 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч МСӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2018 оны 8 сараас 2018 оны 11 сарын төлбөр 550,600 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байсан, үүнээс 2018.10.12-ны өдөр 66,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 484,600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн, харин хариуцагч тал “гэрээ байгуулаагүй, цэвэрлэгээ хийдэггүй, тухайн байрны 42 айлын ашиглалтын талбайгаар нь төлбөрийг тооцох ёстой” гэсэн үндэслэлүүдээр  нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан бөгөөд хариуцагчаас ирүүлсэн 2019.01.04-ний өдрийн орлогын мэдүүлгийг үндэслэн 66,000 төгрөг төлөгдсөн, мөн 30,000 төгрөгийн үнэтэй зогсоолын чипыг буцаан өгсөн гэх үндэслэлээр 30,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 388,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан болно.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул МСӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд Ш.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Мхотхоны 25 дугаар байрны зоорийн давхарын 3 дугаар орцны 23, 25 тоот өрөөг уран бүтээлийн зориулалтаар “Урлан” болгон эзэмшин ашигладаг, дээрх талбайг худалдан авсан өмчлөгч байх бөгөөд сууц өмчлөгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2018 оны 8 сараас 11 сарын хугацааны төлбөрийг дутуу төлсөн болох нь өр авлагын тооцоо, хариуцагчийн төлбөр төлсөн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, харин  СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар тухайн СӨХ-ны хяналтын болон төлөөлөн удирдах зөвлөлд, түүнчлэн СӨХ-ны Дээд зөвлөлд гомдол гаргах  эрхтэй байна.

МСӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018.04.08-ны өдрийн 18/01 дугаар тогтоолоор сарын төлбөрийг 10,000 төгрөгөөр нэмж, СӨХ-ны нэг сарын төлбөрийг 2018.08.01-ний өдрөөс эхлэн 1 айлаас 127,150 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд энэхүү нэг сарын төлбөрт хог 2000 төгрөг, жижүүр 40,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 65000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, хуримтлал 20,000 төгрөг тус тус багтдаг болох нь  тогтоолын 1-д заасан төлбөрийн задаргаагаар нотлогдож байна.

Мөн 2018.08.01-ний өдрөөс эхлэн засвар үйлчилгээний 10,000 төгрөгийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан энэ өдрөөс эхлэн нэг айлаас 137,150 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн МСӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018.04.08-ны өдрийн 18/01 дугаар тогтоол хүчинтэй байх тул “төлбөрийг дураараа нэмсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т “орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана”, 147.3-т “орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж тус тус заажээ.

Хариуцагч Ш.Т дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг удаа дараа төлөөгүйгээс 2 удаагийн шүүхийн шийдвэр гарсан, тэрээр зоорийн давхарын 3 дугаар орцны 23, 25 тоот өрөөний өмчлөгч болохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй тул өмчлөлтэй холбоотой баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар Ш.Тоос дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 388,600 төгрөгийг гаргуулж МСӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ш.Тоос 12,308 төгрөг гаргуулж МСӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,188 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д. ЭНХЦЭЦЭГ