Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар   001/ХТ2021/01230

 

 

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03241 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,588,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь 2014.11.07-ны өдөр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай 14-17-11-01 дугаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014.11.01, 09, 10, 24, 28, мөн оны 12.01, 17-ны өдрүүдэд 8 удаагийн нийлүүлэлтээр 7-8 төрлийн 29,464,000 төгрөгийн өртөг бүхий бараа нийлүүлсэн. Хариуцагч дээрх 29,464,000 төгрөгийн барааны үнээс 21,071,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,392,200 төгрөг төлөөгүй тул төлөхийг удаа дараа шаардсан. Талууд 2017.5.25-ны өдөр гэрээг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг баримтаар нэхэмжлэгч 29,464,000 төгрөгийн барааг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч 25,071,800 төгрөгийн төлөлт хийж, 4,392,200 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан тус шүүхэд 2017.11.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2018.01.17-ны өдрийн 101/Ш32018/01422 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хаягийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.05.14-ний өдрийн 30ш-5/3191 тоот албан бичгээр тодорхой болгосны дагуу дахин шүүхэд хандсан. Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулагдаагүй, гэрээнд дарагдсан тамга эргэлзээтэй, тус компанийг төлөөлөх эрхийг ,,,,,,,,,,,,,,,д олгоогүй, ийм хүн ажилладаггүй гэх боловч гэрээнд тамга дарсан асуудлаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн нь тодорхойгүй, үүнийг нотлох баримтаар няцаасангүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн хугацаа дуусахаас 6 сарын өмнө тооцоо нийлсэн акт үйлдсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гэж үзэж байна. Хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 8,392,200 төгрөг, гэрээний 5.1-д заасны дагуу алданги 4,196,100 төгрөг, нийт 12,588,300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ч талууд 2017.5.25-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдээд үлдэгдэл төлбөр 4,392,200 төгрөг болохыг баталгаажуулсан. Иймд “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 12,588,300 төгрөг гаргуулах шаардлагаа гэрээний үлдэгдэл төлбөр 4,392,200 төгрөг, гэрээний 5.1-д заасны дагуу алданги 2,196,100 төгрөг, нийт 6,588,300 төгрөг болгон багасгасан тул уг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын түрээс, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын засвар үйлчилгээний үйл ажиллагааг явуулж байгаа, 2014.9.29-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр ,,,,,,,,,,,,,,, ажиллаж байна. Нэхэмжлэгчийн 2014.11.07-ны өдрийн хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх гэрээг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэрээний үүрэг хамаарахгүй. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас бараа материал огт аваагүй, гэрээ байгуулж байх үед буюу 2014 оны байдлаар “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ,,,,,,,,,,,,,,,, гэдэг иргэн ажиллаагүй, захирал хийж байгаагүй, тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш юм. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2014.11.07-ны өдрийн 14-17-11-01 дугаар бүхий хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, шаардах эрхгүй болсон байх ба нийлүүлсэн бараа материалаа бүрэн нотлоогүй, санхүүгийн анхан шатны баримт падаан байхгүй байна. Тооцоо нийлсэн бол санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэл болгодог. Гэтэл ийм баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй бөгөөд тооцоо нийлсэн актад нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дараагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтад нийцэхгүй. Компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,ыг Цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу очсон нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсныг болон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээнд “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга дарагдсан байгаад гайхаж байна, тамганы хувьд эргэлзээтэй байгаа бөгөөд энэ талаар холбогдох газарт хүсэлт гаргаж шалгуулсан зүйлгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл гэрээ байгуулсан гэх ,,,,,,,,,,,,,д хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр зөвшөөрөл олгосонтой холбоотой баримт огт байхгүй. Тооцоо нийлсэн актад ,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд хэн барааг хүлээн авсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэрээ байгуулаагүй учир гэрээний үр дагаврыг хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,д холбогдуулан шаардлагаа гаргах нь зүйтэй бөгөөд хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Иймд “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03241 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 4,392,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,196,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 85,225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03241 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь

хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,588,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас төлсөн 85,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2014.11.07-ны өдөр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх 14-17-11-01 дугаар гэрээ байгуулж, худалдан авагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,, , нөгөө талаас худалдагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн менежер ,,,,,,,,,,,,, оролцож, 27,285,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах талаар тохиролцож гэрээн дээрх хүмүүс гарын үсэг зурж, хариуцагч компанийн тамга, тэмдэг дарагдсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийн “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлэх ба тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсан, хэргийн баримт болох “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2014.12.17-ны зарлагын баримт, 2017.05.25-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 4,392,200 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан тооцоо нийлэх акт, 2014.11.07-ны өдрийн хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх 14-17-11-01 дугаар гэрээ зэрэг баримтуудад “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга дарагдаж, гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулж талууд хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх 14-17-11-01 дугаар гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд оролцсон нь нотлогдож байна. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай эрх зүйн харилцаа үүсээгүй гэх боловч 2014.11.07-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурж, “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан 14-17-11-01 дугаар гэрээнд бичигдсэн бараа материал болон “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2014.12.17-ны зарлагын баримт, 2017.05.25-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тооцоо нийлэх акт дээр бичигдсэн бараа материалууд, хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2019.10.01-ний өдрийн итгэмжлэл дээр дарсан “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга, 2014.11.07-ны өдрийн 14-17-11-01 дугаар гэрээнд дарагдсан тамга хоорондоо таарч байна. Хариуцагч нь 2014.11.07-ны өдрийн хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх 14-17-11-01 дугаар гэрээг байгуулаагүй гэж маргаж буй үндэслэлээ хариуцагч нь ,,,,,,,,,,,,, гэх этгээд “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон тамгыг хууль бусаар ашигласан эсэх талаар эрх бүхий байгууллагаар шалгуулсан холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан хэдий ч ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй нь хэргийн баримтаар ,,,,,,,,,,,,ын байгуулсан хэлцлийг хариуцагч байгууллага зөвшөөрөөгүй үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх төлөөлөх эрхгүй этгээд ,,,,,,,,,,,,,,,ын байгуулсан хэлцлийг эрх бүхий этгээд зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж хуульчилсан нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2014.11.07-ны өдөр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх 14-17-11-01 дугаар гэрээ байгуулж, худалдан авагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга дарагдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг ,,,,,,,,,,, нь төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өгсөн ба хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,588,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж /4,392,200 төгрөг хариуцагчаас гаргуулж/ шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байхад шүүх “2014.11.07-ны өдрийн хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх 14-17-11-01 дугаар гэрээнд хариуцагч байгууллагын тамга дарагдсан, уг тамгыг хариуцагч эргэлзээтэй гэж тайлбарласан боловч татгалзлаа нотлоогүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг /зарим хэсгийг/ хангаж шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгчээс гэрээний дагуу илүү нийлүүлсэн гэх барааны төлбөрийг шаардаж байгаа, хариуцагчаас “гэрээ огт байгуулагдаагүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд талуудын хооронд бодит байдал дээр гэрээ байгуулагдаж, хэрэгжсэн эсэх нь чухал ач холбогдолтой, өөрөөр хэлбэл агуулгын хувьд маргасан тохиолдолд гэрээ байгуулагдсан /тамга дарагдсан/ байгаа нь дангаараа нэхэмжлэгчийн шаардах эрхийг бүрэн нотлохгүй юм.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Тус шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримт болох “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл, компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ,,,,,,,,,,,, байх ба ,,,,,,,,,,,, уг компанийг төлөөлөх эрхтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй, төлөөлөх эрхгүй ,,,,,,,,,,,,ын хийсэн хэлцлийг эрх бүхий этгээд буюу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх гэрээний үүрэг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьд үүсэх боломжгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.“Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэсний дагуу шаардах эрхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн зарлагын баримт болон тооцоо нийлсэн актад хариуцагч компанийн тамга байхгүй, зарлагын баримт дахь хүлээн авагч Ж.Мандахын гарын үсэг нь гэрээн дээрх гарын үсгээс илтэд зөрүүтэй, гэрээний дагуу /гэрээнд заасан дансанд/ төлбөр хийгдэж байсныг нотлох баримт байхгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 13 дугаар зүйлийн 13.5.-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, иймд “...хэрэгт авагдсан баримт нь хуулийн эдгээр шаардлагыг хангасан байхад...” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэсэн нь энэхүү хэргийн тухайд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ,,,,,,,,,,,,,,,,д огт төлөөлөх эрх олгоогүй гэж маргаж байгаа, ,,,,,,,,,,,,ын хувьд тус компанийг “төлөөлөх эрхтэй гэж ойлгож, шударгаар төлөөлөн гуравдагч этгээд буюу “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулсан” гэх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу нотлогдоогүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсанаар шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 86,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ                                                                                           

                                                                                                       Х.СОНИНБАЯР

                                                                                                       Д.ЦОЛМОН 

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД