Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга       Г.Энхмөрөн    

Улсын яллагч                                                    Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Ц.Майбаяр

Хохирогч                                                            С.Энхчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.Ган-Очир, Г.Мөнхзул, Б.Алтангэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч  Э.Эрдэнэчимэг, Д.Мөнхдэлгэр, Д.Өлзийсайхан

Иргэний нэхэмжлэгч                                          Г.Отгонзаяа                                                                           

Гэрч                                                                  М.Энхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Санжмятавын Гансүхэд холбогдох эрүүгийн 201510010196  дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 6 дугаар байр 12 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Санжмятавын Гансүх  /МЬ 67022111/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч С.Гансүх нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 16-17 цагийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх гүүрний хойд замд Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбатын жолоодож явсан Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Тэмүүлэнгийн биемахбодид хөнгөн, С.Энхчимэг, Д.Шинэтуяа, Ж.Саранбат нарын биемахбодид хүндэвтэр, Д.Баттунгалаг, Э.Тэмүүлэн, Б.Ууганбаяр нарын биемахбодид хүнд гэмтэл, Л.Батзоригийн эзэмшлийн Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 6310000 төгрөгийн шууд, 6960800 төгрөгийн нийт, С.Энхчимэгийн эзэмшлийнТ.Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6335000 төгрөгийн шууд, 7211000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүдийн гаалиас баз хүргэнийхээ хамт Замын-Үүдэд ирж буусан машин авч Улаанбаатар хүргэх зорилгоор ирсэн. Тэгээд гаалиас 15 цагийн үед гарсан. Тэгээд хамт явсан залуу хот явах 7 хүн олсон байсан. Уул нь би хүн авч явахгүй гэж байсан. Надтай хамт явж байсан залуу надруу утсаар яриад Ганаа ахаа хоёулаа 3, 3 хүн аваад хот явъя гэж хэлэхэд нь би байж бай л даа болоогүй байна гааль дээрээс машинаа аваад очъё гэж хэлсэн. Тэгээд гаалиас гараад цуг явж байсан залуу дээрээ 15 цаг 10 минутын үед ирсэн. Ирэхэд тэр өөрөө 4 хүн аваад надад 3 хот явах хүн олсон байсан. Тэгээд би хүн авч явахгүй гэхэд тэр 3 хүн удаан хүлээсэн гээд байхаар нь за яахав аваад явъя гэж хэлсэн.  Тэгээд явах болоод хүмүүсийнхээ ачааг ачих болоход 3 хүний ачаа их байсан тул би багтахгүй юм байна гэхэд за яахав аваад яв гээд байхаар нь ачаагаа багтаагаад 3 зорчигчоо хойд талын суудал дээр суулгаад Замын-Үүдээс 15 цаг 30 минутын үед гарсан. Тэгээд явсаар байгаад хөлгүй сайр гэдэг газар очиход алсуураа жаахан өгсүүр зам байсан. Өгсөөд явж байтал урдаас нэг машин гэнэт гарч ирээд би самбаачлах хугацаа гаргаад зүүн тийшээ жолоогоо дарсан. Гэтэл нөгөө машины жолооч дагаад дарсан. Би нөгөө жолоочийг баруун тийшээ дараад зөрөх юм байх гэж бодоод зүүн тийшээ дарсан. Гэтэл миний дарсан зүг рүү дарж мөргөлдөөд замын хажуу руу цагаан шугам даваад унасан. Тухайн үед миний  ухаан санаа хэсэг байхгүй болсон. Тэгээд манай дүү хойноос ирээд намайг болон нөгөө машины хүмүүсийг гаргаж онцгой байдал, цагдаа дуудсан. Тэрнээс хойш хэргийн газар дээр юу болсон тухай би мэдэхгүй. Хэрвээ Энхбат жолооч өөрийнхөө урсгал замаар яваад намайг дагаж баруун тийшээ дараагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан... гэв.

Хохирогч С.Энхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 28-ны өглөө нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод хүүхдээ үзүүлэх зорилгоор явсан. Манай хүүхэд гүйлгээд байсан болохоор хот орж үзүүлэх шаардлагатай байсан. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хотод очоод хүүхдээ эмнэлэгт үзүүлээд орой нь 18 цагийн үед гэртээ очиж амраад маргааш өглөө буюу 10 дугаар сарын 29-ниы өглөө 09 цагийн үед Замын-Үүд рүү гарсан. Налайх дээр ирээд цагаа харахад 09 цаг 30 минут болж байсан. Хүүхэд маань гүйлгэж байсан учраас Чойр дээр ирээд өөрсдийн хийж авч явсан хоолоо машиндаа халаагаад өгсөн. Манай машинд байсан 2 хүн Чойрын цайны газарт хоолонд орсон. Манай хүү гүйлгээд байсан болохоор унтаа байдалтай, би хөхөө хөхүүлээд явж байсан. Тэгээд Сайншанд өнгөрөөд нөхөртөө хүүдээ хоол идүүлье гэж хэлэхэд манай нөхөр жаахан явж байгаад замын хажууд байдаг гэр цайны газар байдаг тэнд машин тавьдаг зогсоол байдаг гэж хэлэхэд би харсан чинь тэр газар нь харагдаж байсан. Тэгээд манай машин хурдаа сааруулаад хажуу тийшээ орох гэж байхад эхлээд нэг саарал өнгөтэй машин маш хурдтай өнгөрсөн. Яг тэр машин өнгөрөөд араас нь нэг цагаан машин орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хүүгээ би урд тал руугаа алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Манай хүү тэр үед 6 сартай байсан. Маш хүндээр гэмтсэн. Хавирга, гар, хөл нь хугарсан. Тархины яс нь цуураад чихнээс нь зөндөө их цус гарсан байсан. Сайншандын эмнэлэгт маргааш өглөө нь ухаан ороход осолд орсон байсан. Тэгээд бид хэдийг онгоцоор хот руу авч явсан. Хотод очоод гэмтэлийн эмнэлэгт хэвтсэн. 2 хоногийн дараа би хүүгээ харах гээд очиход гэмтэлийн эмнэлэгийн 3 давхарт хүүхдийн тасагт хэвтүүлсэн байсан. Намайг 2 давхарт тархи, нурууны тасагт хэвтүүлсэн. Тэргэнцрээр хүнээр түрүүлээд хүү дээрээ очиж харахад хүүгийн минь бүх бие хугарсан байдалтай битүү гипстэй маш хүнд гэмтсэн байсан. 3, 4 хоногийн дараа миний нүүрний бяцарсан ясанд хагалгаа хийсэн. Маш их гомдолтой байна. Энэ хүний ярьж байгаагаар манай машиныг урсгал сөрж орж ирсэн гээд байх юм. Манай машин хүүхэдтэй явж байсан учраас тийм хурдтай явах шаардлага байгаагүй. Тэгээд ч цайны газар орох гээд бараг зогсох гээд 20-30 км цагийн хурдтай явж байсан. Маш их харамсалтай байна. Буруугаа хүлээвэл хүн шал өөр хандана. Зам тээврийн осол гэдэг чинь хэлж ирэх биш бас ойлгоно. Гэтэл миний хүүгийн биеийг яаж байна гэж ганц ч удаа асуугаагүй. Тэгээд 6 сартай хүүхэд тийм аймаар болтол нь гэмтээсэн байж өөрөө ч гэсэн хүүхэдтэй л байлгүй дээ. Хүний хүүхдийг тийм аймаар гэмтээсэн байж өнөөдөр ийм зүйл яриад байж байгаад нь маш их харамсалтай байна. Энэ хүнээс эмчилгээний зардал болон бусад зардалд хүү бид 2 нийт 10414.701 төгрөг нэхэмжилнэ... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ган-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатараас хүүгээ гарахыг нь эхнэртэйгээ яриад мэдсэн байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад одоо Замын-Үүд орж ирэх болж байгаа гэж бодоод утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд удалгүй утсанд дуудлага ирээд осол болсон талаар хэлсэн тул эхнэр бид 2 машинтайгаа шууд гараад очсон. 19 цаг өнгөрч байсан байх. Тухайн нөхцөл байдалд очиход гранд марк-2 машиныг ачсан, пурүс-20 машиныг ачих гээд байж байсан. Тэгээд осол болсон байдлыг харахад хөлгүй сайр гэдэг газар нь алсуураа өгсүүр газар байсан. С.Гансүх нь ярихдаа өгсөж явсан гээд байгаа. Гэтэл байдлыг харахад хөлгүй сайр гэдэг газрыг даваад уруудаж явсан байгаа юм. Эсрэг талын машин буюу манай ээж хүү хоёрын сууж явсан машин алсуураа өгсүүр газар өгсөж явсан байдалтай байсан. Тэр өдрөө бид нар эмнэлэг дээр асаргаа сувилгаагаа зохицуулаад Замын-Үүд рүү буцсан. Маргааш өдөр нь буянтай хүмүүсийн ачаар онгоцоор гэмтсэн хүмүүсийг маань хот руу авч явсан. Манай хүүгийн хувьд тархины яс нь цууралттай гээд хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Манай зүгээс тийм их мөнгө нэхээгүй. Тухайн үед их зардал гарсан ч тэр болгоныг нь баримтжуулж авах ухаан ч байгаагүй. Гомдолтой байна, мөнгө нэхэмжлэхгүй...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Ууганбаяр бид 2 гэр бүл болоод 13 жил болж байна.  Манай нөхөр бол шинжлэх ухааны доктор, эрдэмтэн хүн байгаа. Манай амьдрал бол нэг жилийн хугацаанд орвонгоороо эргэсэн. Би тэр үед жирэмсний амралттай нялх хүүхэдтэйгээ гэртээ байсан. Энэ хугацаанд миний нөхөр осолд орсон. Одоо яг манай нөхрийн байгаа байдал нь баруун тал нь бүтэн саажсан, жаахан газар явах боловч хөлөө савчиж явдаг, баруун нүд нь огт хардаггүй, зүүн нүд нь 50 хувь хардаг, духны яс нь байхгүй, хоншоор хэсэг нь байхгүй, хоол зажилж идэх ямар ч боломж байхгүй ийм байдалтай болсон. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр хамгийн хүнд гэмтсэн хүн байгаа. Ухаан орохгүй 14 хоног болсон. Тэр хугацаанд надад маш хэцүү байсан. Манай ах дүү нар болон ажлын газрын хүмүүсийн тусламж дэмжлэгээр би тэр бүх хүнд үеийг давсан. Тэгээд 1 минутын өмнө эмч нар гарч ирээд танай хүн найдваргүй шүү тархи нь гоожоод байна гэж хэлж дуусаагүй байхад С.Гансүхийн ах, дүү нар гээд хэдэн авгай ирээд манай хүн буруугүй шүү гээд дарамталсан гэж үздэг миний хувьд, манай хүнийг биеийг нь яаж байна гэж ганц ч асуугаагүй. Тэгээд би энэ хүнд хэлсэн танд хүн чанар гэж байдаг юм бол хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээч гэж хэлсэн. Тэр үеэс хойш энэ хүн над руу ганц ч холбогдоогүй. Манай хүний хувьд цаашид ч эдгэхгүй хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Миний зүгээс баримттай 10337.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтгүйгээр гарсан зардал цагдаад байцаагдаж байх үед бичиж өг гэсэн болохоор 8000.000 төгрөг бичиж өгсөн. Тэрнээс гадна манай нөхөр уламжлалт анагаах ухааны эмч, цуг явж байсан хүмүүс нь эмч, манай ажил эмнэлгийн байгууллага учраас Хятад улсаас 7000.000 төгрөгийн үнэтэй тариа авч хийж өгсөн. Тэр тариаг хийхээр хариу үйлдэл үзүүлж сэргэсэн Энэ олон буянтай хүмүүсийн ачаар өдий зэрэгтэй болсон байгаа. С.Гансүхэд бол маш их гомдолтой байгаа. Би өөрөө залуу хүн, миний 2 хүүхдийн ирээдүй бүрхэг болсон. Цаашид энэ хүнтэй амьдрах хэцүү, амьдрахгүй байх хэцүү байнгын асаргаанд байдаг болсон. Сайхан эрдэмтэн сайхан аав байсан гэтэл одоо зан ааш нь огцом өөрчлөгдөж янз бүрийн хэцүү ааш гаргаж тогтворгүй болсон. Цаашид Монголд манай нөхөрт хагалгаа хийх боломжгүй гэсэн. Нүдний ухархай болон зулайн ясыг нөхөх ямарч боломж байхгүй гэж хэлсэн. Солонгос улсад очоод тэр ясыг нөхүүлэхэд надад 80000.000 төгрөг хэрэгтэй. Янз бүрийн аргаар гуйлга гуйж үзсэн. Мөнгө цуглардаггүй юм байна. Нөхрөө аваад гадаад гарахад надад 80000.000 төгрөг хэрэгтэй. 2 хүүхдээ хойш тавиад насаараа хөдөлмөрлөөд надад тийм их мөнгө олдохгүй. Цаашид бүх гарсан зардал мөнгийг би С.Гансүхээс гаргуулна. Маш их гомдолтой байна.Мөн иргэний нэхэмжлэгч М.Оргилмаагийн компьютер энэ ослоос болж эвдэрсэн тул хохирлын мөнгийг гаргуулж өгнө үү.. гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр болох Шинэтуяа 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөх хот руу ажлын шугамаар 9 хоног явсан. Эхнэрийн ажлаас олон хүн явсан. Манай эхнэр сүүлд ирсэн 2 хүнтэйгээ хамаг юмаа цэгцлээд араас нь Замын-Үүд рүү гарсан юм байна лээ. Тэгээд Замын-Үүд дээр ирэхэд хүмүүс эндээс машинаар явах юм бол хурдан хот ордог гээд ярьж байсан гэсэн. Тэр үед нь хүн олон байсан учраас вагоны тасалбар дууссан байсан гэсэн.  Өглөө Эрээнээс  Замын-Үүдрүү орох гээд Уаз 469 машинд суугаад их даарсан байсан гэсэн. Тэгээд Замын-Үүдэд ирээд байж байхад нь хүмүүс машинд суух уу гээд асуугаад байхаар нь Истима гэдэг машинд эхлээд суусан гэсэн. Тэр машин нь явахгүй  удаад байхаар нь машинаар явахаа болъё гээд нөгөө машинаас буугаад байж байтал машин олж өгсөн хүмүүс нь дахиад гаалиас буусан 2 машин байна гээд байхаар нь гурвуулаа ярилцаж байгаад суусан гэсэн. Тэр зүйл нь амьдралдаа гаргасан хамгийн том алдаа нь болсон байх. Тэгээд осол яаж гарсан талаар миний хувьд мэдэхгүй байна. Гэхдээ манай дүү маргааш нь хэргийн газар очсон. Дүү маань техникийн мэргэжилтэй хүн би ч мөн адил. Манай эхнэрийн 8 хавирга, бүдүүн гуяны дунд чөмөг хугарсан. Толгойны хуйх нь ар дээрээ гартал ханзарсан, нүүр ам гоо сайхны тал дээр авах юмгүй болсон. Би эхнэр лүүгээ 6 цагийн үед нэг сонин мэдрэмж төрөөд залгахад утасыг нь дуудлаганд очсон цагдаа аваад надад хэлсэн. Тэгээд Улаанбаатараас гараад замдаа явж байхдаа онгоцоор хурдан хот хүргэхгүй бол болохгүй юм байна гээд онгоц хөөцөлдөхөд Сайншандад онгоцны зогсоол байхгүй учраас орой гараад нэмэргүй юм байна гээд өглөө 09 цагт Сайншандад очсон. Сайншандын эмнэлэг маш сайн арга хэмжээ авсан байсан. Маш сайн эмнэлэг байна лээ. Тэгээд тэр орой нь арай хийж аргалж хоноод маргааш нь 09 цагт онгоц ирээд арван хэдэн хүн хот руу аваад ниссэн. Гэмтэлийн эмнэлэгт очоод эмч нар бүгдийнх нь амийг аварсан боловч маш хүнд гэмтсэн байсан. Уул нь энэ хүнээс мөнгө нэхэмжлэхээ болъё гэж бодож байсан юм. Гэтэл буруугаа хүлээхгүй ийм юм яриад зогсож байгаа хүнтэй юу ярих вэ. Онгоцны зардал гээд 17500.000 төгрөг улсад төлсөн. Эмчилгээний зардалд 4 сая гаран төгрөг гарсан.  Эдгээр мөнгөө нэхэмжилнэ... гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Отгонзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Энхбат өөрийн эхнэр хүүхдийн хамт машинаараа Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явна гэж байсан. Би Замын-Үүд суманд байсан болохоор өөрийн хүү болон хадам ээж Баттунгалаг нарыг түүнтэй хамт Замын-Үүд суманд машинаар ирүүлэхээр болсон юм. Ер нь бол ажилдаа сайн манай байгууллагын урдаа барьдаг жолооч мөн архи дарс уудаггүй болохоор түүнтэй хамт өөрийн хүүхдийг авчруулахаар болсон юм. Өөр хүн байсан бол  хүүхдээ машинаар явуулахгүй байсан. Хүүхэд осолд орсноос шалтгаалан 3-4 сая төгрөгийн зардал гарсан. Хүүхэд маань хөнгөн гэмтсэн болохоор эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн.Эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй... гэв

Гэрч М.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 дугаар  сарын 29-ний өглөө 10 цагийн орчим УБ хотоос эхнэр Энхчимэг, хүү Э.Тэмүүлэн, танил Баттунгалаг болон түүний ач хүү Г.Тэмүүлэнгийн хамтаар 34-41 УHЯ улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн суудлын автомашинтай Зам-Үүд сум руу хөдөлсөн. Тухайн үед цаг агаар тогтуун дулаахан таатай байсан бөгөөд нэг хэмийн хурдтай 80 км/цагийн хурдаас хэтрүүлэхгүй явсаар байгаад 16.00 цагийн орчим Сайншанд суманд орж исpэн. Ингээд цааш явж байхдаа хүүхдээ хооллох санаатай хурдаа 20 орчим км цаг хүртэл сааруулаад замын баруун талд байрлах гэр байшингийн зогсоол руу зугуйхан орох гэж байхад эсрэг урсгалаас улсын дугааргүй цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин их хурдтай ямар ч гэрэл болон дохио өгөлгүй чигээрээ ирж, миний машины урд гуперийн зөв талыг өөрийнхөө машины буруу талаас дайрч мөргөсөн. Тухайн үед надад ямар ч үйлдэл хийх боломж олдоогүй бөгөөд урдаас ирж яваа автомашиныг хажуугаар өнгөрлөө дөө гэхийн хооронд урдаас шууд л иpээд мөргөөд зогссон...гэв.

  • 2015 оны 10 дугаар сарын 29-ний хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р хх-ийн 4-10 тал/
  •  2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р xx-ийн 12-16 тал/
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хx-ийн 17-20, 21-24 тал/
  • Хохирогч Б.Ууганбаярын  мэдүүлэг /1-р хх-ийн 36--37 тал/
  • Хохирогч Ж.Саранбатын  мэдүүлэг /1-р хх-ийн 39-42 тал/
  • Хохирогч Д.Баттунгалагийн  мэдүүлэг /1-р хх-ийн 51- 54 тал/
  • Гэрч Д.Батдэлгэрийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 217 дугаартай  дүгнэлтэнд 1. Д.Баттунгалагийн биед тархины эдийн няцрал 1-р зэрэг, зүүн талын дунд чөмөгний ил хугарал, гуя, шилбэ, духны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /4/ 3.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэжээ. /1-р хх-ийн 67 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 16-ны Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 217 дугаартай дүгнэлтэнд: 1.Д.Баттунгалагийн зүүн дунд чөмөгний доод төгсгөл хэсгийн үе дайрсан бяцарсан ил хугарал, тархи доргилт, гуя, шилбэ, хуйх, духны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./4/ 3.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна /1-р хx-ийн 77 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны Дорнговь аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 218 дугаартай дүгнэлтэнд: 1.Д.Шинэтуяагийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, 2 талын дунд чөмөгний чөмөгт хэсгийн зөрүүтэй хугарал, ерөнхий биеийн доргилт, дух хэсгийн урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарницлах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 4.ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэг болно /1-р xx-ийн 79 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 16-ны Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 218 дугаартай дүгнэлтэнд: 1.Д.Шинэтуяагийн биед хоёр талын дунд чөмөгний чөмөгт хэсгийн зөрүүтэй хугарал, тархины эдийн няцрал дунд зэрэг зулай хэсгийн язaрч няцарсан шарх, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонгибайдлаар алдагдана. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. /1-р хx-ийн 90 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 212 дугаартай дүгнэлтэнд: 1.Ж.Саранбатын биед тархины эдийн няцрал дунд зэрэг, хоёр талын дунд чөмөгний зөрүүтэй хөндлөн хугарал, баруун бугалга, олон хавирганы хоёрлосон хугарал, ерөнхий биеийн доргилт, духны хэсгийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэрэ үүснэ. 2.Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэытэрг зэрэгт хамаарна /4/. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугцааагаар буюу 4 долоо хоногоос дээш хугцааагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонго байдлаар алдагдана. /1-р хx-ийн 100-101 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 16-ны Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 212 дугаартай /нэмэлт/ дүгнэлтэнд: 1.Ж.Саранбатын биед тархины эдийн няцрал дунд зэрэг, хүзүүний 6-р /C6/ нугаламын их бие хэсгийн шахагдсан /нугасны дарагдалгүй/ хугарал, нурууны 12-р, бүсэлхийн 1-р нугаламын их бие хэсгийн шахагдсан хугарал /Th128 L1/, баруун атгаал яс дунд 1/3 хэсгээр сэлтэрсэн хугарал, 2 талын дунд чөмөгний зөрсөн далд хугарал, толгой хэсгийн язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /4/ 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана /1-р хx-ийн 108 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 213 дугаартай дүгнэлтэнд: 1.Э.Тэмүүлэнгийн биед баруун эгэм болон цээжний зүүн талд 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хугарал, ерөнхий биеийн доргилт, зүүн гарын ар талд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2.Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /4/. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана./1-р хx-ийн 117-118 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 213 дугаартай /нэмэлт/ дүгнэлтэнд: 1.Э.Тэмүүлэнгийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн зулай чамархай яс, суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан хугарал тархины хаван, цээжний хэнхэрцэгийн зүүн 6, 7, 8-р хавиргануудын хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун дунд чөмөгний хөндлөн хугарал, ерөнхий биеийн доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./4/ 3.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна /1-р хx-ийн 131 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 232 дугаартай дүгнэлтэнд: 1.С.Энхчимэгийн биед тархины эдийн Няцрал, зүүн шуу ясны дунд 1/3 хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д заснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 4.ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно/1-р хх-ийн 140 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 16-ны Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 232 дугаартай дүгнэлт /нэмэлт/:1.С.Энхчимэгийн биед тархины эдийн няцралт дунд зэрэг, хоншоор ясны зүүн зажуур хөндийн урд болон арын хананы цөмөрсөн, Зүүн Нүдний ухархайн гадна ханыг хамарсан зүүн хацрын нум хоёрлосон нийлмэл хугарал, зүүн шуу ясны далд хугарал, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно /1-р xx-ийн 150 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 215 дугаартай дүгнэлтэнд: 1.Г.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, ерөнхий биеийн доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./4/ 3.Хөнгөн гэмтэл нь эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /1-р xx-ийн 157 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 214 дугаартай дүгнэлт: 1.Б.Ууганбаярын биед гавал ясны дух хэсгийн бяцарсан Ил хугарал, тархины эдийн няцрал, хүнд зэрэг, дух хэсгийн том хэмжээний шарх, ерөнхий биеийн доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.2 болон 3.3.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./4/ 3.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна /1-р хx-ийн 175-176 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 214 дугаартай /нэмэлт/ дүгнэлтэнд: 1.Б.Ууганбаярын биед дух, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн гайморын хөндий, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн дотор хана, нүүрний яснууд дотогш цөмөрсөн хугарал, тархины эдийн хүнд няцрал, дух хэсгийн том хэмжээний шарх, доод уруулын шарх, 2 хөлийн шилбээр зулгаралт, гарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./4/ 3.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна /1-р  хx-ийн 218 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 216 дугаартай дүгнэлтэнд: 1.С.Гансүхийн биед баруун талын дунд чөмөгний төвгөр дайрсан болон гандан хэсгийн бяцарсан зөрүүтэй хугарал, тархины догилт, ерөнхий биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.  /1-р хх-ийн 220 тал/
  • 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 216 дугаартай /нэмэлт/ дүгнэлтэнд: 1. С.Гансүхийн биед цээжний хөндийн няцарсан гэмтэл, цээжний хөндий зүүн талдаа суганы дунд шугамаар олон хавирганы /3,4,5,6,7,8,9-р хавирга/ хугарал, баруун дунд чөмөгний төвгөр дайрсан хугарал, баруун дунд чөмөгний гандан хэсгийн бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Учирсан гэмтэл нь ШЭГ3ТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 3.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4-с долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг болно /1-р xx-ийн 232 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 234 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 147 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 235 тал/
  • 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 237-238 тал/
  • Шинжээч Д.Гандаваагийн мэдүүлэг /1-р хх-ийн 239 тал/
  • Вендо ХХК-ний автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт: Т.Приус маркийн улсын дугааргүй, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл /Л.Батзориг/- 6.310.000 төгрөгийн шууд, 6.960.800 төгрөгийн нийт хохирол /1-р xx-ийн 241-244 тал/
  • Вендо ХХК-ний автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт: Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгсэл /С.Энхчимэг/ - 6.335.000 төгрөгийн шууд, 7.211.000 төгрөгийн нийт хохирол /1-р xx-ийн 245-248 тал/
  • С.Гансүхийн тайлбар /2-р хх-ийн 1-2 тал/
  • С.Гансүхийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 4-5 тал/
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2-р хх-ийн 27 тал/
  • 2015 оны 12 дугаар сарын 03-ны 3/347 дугаартай албан бичиг. Өргөн суманд ажиглагдсан цаг агаарын байдал /2-р xx-ийн 30 тал/

-       2016 оны 03 дугаар сарын 21-ний 150 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: 1. Өмнө гаргасан N916 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 2.3б, 8.5, 8.11, 9.1, 9.3, 211, 1.7 тус тус зөрсөн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 8.2 дах заалтыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2. Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүх нь МУ-ын ЗХД-ийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэгийн А болон 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах байрлал мөн тээврийн хэрэгслийн эвдрэл зэргээс дүгнэв/. 3. Toyota Mark-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай автомашины жолооч М.Энхбат нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна /2-р xx-ийн 174-175 тал/

 -     Гэрч Н.Гүрдоржийн мэдүүлэг /2-р хх-ийн 74-75 тал/

 -     Гэрч Э.Гомбын мэдүүлэг /2-р хх-ийн 76 тал/

  • Хохирогч Д.Баттунгалагийн мэдүүлэг /2-р хх-ийн 160-161 тал/
  • 2016 оны  03  дугаар  сарын  14-ны  өдрийн  4/440  дугаартай Авто тээврийн үндэсний төвийн албан тоот, хавсралт /2-р хх-ийн 166-167 тал/
  • Насанд хүрээгүй гэрч Г.Тэмүүлэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 171-172 тал/
  • 2015  оны  03  дугаар  сарын  21-ний  өдрийн  150  дугаартай   Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 174-175 тал/
  • 2016  оны  04  дүгээр  сарын  25 – ны  өдрийн  2647  дугаартай   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 211-229 тал/
  • 2016   оны   05   дугаар   сарын   18-ны   өдрийн   3298   дугаартай  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зургийн үзүүлэлтэнд: ...Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл баруун хэсгээрээ, Toyota Mark-2 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хэсгээрээ мөргөлдсөн байна. Осол болсноос хойш 6 сар өнгөрсөн тул хэргийн газрын нөхөн үзлэгээр A цэгийг тогтоох боломжгүй байна /2xx-ийн 245-246/ /2-р хх-ийн 245-248 тал/
  • Иргэний  хариуцагч  Л.Батзоригийн  мөрдөн  байцаалтанд   гаргасан: ...Би сургууль дээрээ шалгалттай байсан тул ээжийн дүүгийн нөхөр Гансүхийг гуйгаад өөрийн машиныг аваад ир гээд явуулсан. Гансүх ах тэгээд буусан машин болон миний машиныг авах гэж яваад осолд орсон. Би хохирлыг төлөх эсэхээ сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 158 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь ...М.Энхбат урсгал сөрж орж ирээд мөргөсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч ..С.Гансүхэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж явуулсан, мөн гэрч нараас байцаалт аваагүй, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргажээ.

 Шүүгдэгч С.Гансүх нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 16-17 цагийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх гүүрний хойд замд Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбатын жолоодож явсан Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Г.Тэмүүлэнгийн биемахбодид хөнгөн, хохирогч С.Энхчимэг, Д.Шинэтуяа, Ж.Саранбат нарын биемахбодид хүндэвтэр, хохирогч Д.Баттунгалаг, Э.Тэмүүлэн, Б.Ууганбаяр нарын биемахбодид хүнд гэмтэл, иргэний хариуцагч Л.Батзоригийн эзэмшлийн Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 6960800 төгрөгийн, хохирогч С.Энхчимэгийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7211000 төгрөгийн хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Энхчимэгийн .... Тэгээд манай машин хурдаа сааруулаад хажуу тийшээ орох гэж байхад эхлээд нэг саарал өнгөтэй машин маш хурдтай өнгөрсөн. Яг тэр машин өнгөрөөд араас нь нэг цагаан машин орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хүүгээ би урд тал руугаа алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Манай хүү тэр үед 6 сартай байсан. Маш хүндээр гэмтсэн. Хавирга, гар, хөл нь хугарсан гэсэн мэдүүлгээр,

- Хохирогч Д.Шинэтуяагийн ...2015 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр Замын-Үүд сумаас гаалиас буусан улсын дугааргүй, цагаан өнгийн Приус -20 маркийн автомашинд нэг хүний 30000 төгрөгийн зардал өгч Улаанбаатар хот руу явахаар суусан. Тухайн үед жолоочтой хамт нэг залуу гаалиас машин аваад цуг явсан бөгөөд замаасаа сонсох СД аваад 14 цагийн орчим Замын-Үүд сумаас гарсан. Хамт явж байсан жолоочийн машин гаалиас гарах болоогүй гээд нилээн удаан хүлээсэн бөгөөд гаалийн ажилтан цайны цаг нь таарсан байсан. Бид нар хойд талын зорчигчийн суудалд дараалан суугаад жолоочийн эсрэг талын суудалд авч явсан ойр зуурын гар тээшээ байрлуулаад багажинд чемодан зэргийг хийсэн. Жолоочид замын хөдөлгөөнд нөлөөлөх байдлаар ачаагүй. Замдаа машины хөгжим сонсоод унтаад сэрэхэд миний толгойноос цус гараад машин онхолдсон болохыг мэдээд ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна гэсэн мэдүүлгээр,

- Хохирогч Ж.Саранбатын ...цагаан өнгийн Приус-20 маркийн улсын дугааргүй машинд ачаа тээшээ хийж байрлуулаад, арын 3 суудалд бид 3 суусан. Тухайн үед би суудлын голд байсан ба миний баруун талд Ууганбаяр, зүүн талд Шинэтуяа суусан. ... 14 цаг 30 минутын үед Замын-Үүд сумаас хөдөлсөн. Замдаа их ядарсан учраас шууд унтсан санагдаж байна. Нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн, хамаг бие хөдөлж болохгүй, ухаан санаа орж гараад зам тээврийн осолд орсон  байсан гэсэн мэдүүлгээр,

- Хохирогч Д.Баттунгалагийн ......жолооч Энхбат замын турш их удаан, зөөлөн явсан бөгөөд дотроо яасан удаан явдаг хүн бэ гэж бодсон. 16 цагийн үед Сайншанд сумаас 10-20 км явж байгаад Энхбат дахин хүүхдээ хооллоё гээд хурдаа хасаад замын баруун тар руугаа шахаад зогсох гэж байхад урдаас буюу бид нарын өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн жижиг автомашин олис хийгээд маш хурдтай гарч ирээд мөргөсөн. Тухайн үед би Энхбатад Хүүе ээ наад цагаан машин чинь гэж хэлээд ухаан алдсан. ... цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин урсгал сөрж хурдтай орж ирэн мөргөснөөс болж зам тээврийн осол гарсан. гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.Энхбатийн ... 2015 оны 10 дугаар  сарын 29-ний өглөө 10 цагийн орчим УБ хотоос эхнэр Энхчимэг, хүү Э.Тэмүүлэн, танил Баттунгалаг болон түүний ач хүү Г.Тэмүүлэнгийн хамтаар 34-41 УHЯ улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн суудлын автомашинтай Зам-Үүд сум руу хөдөлсөн. Ингээд цааш явж байхдаа хүүхдээ хооллох санаатай хурдаа 20 орчим км цаг хүртэл сааруулаад замын баруун талд байрлах гэр байшингийн зогсоол руу зугуйхан орох гэж байхад эсрэг урсгалаас улсын дугааргүй цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин их хурдтай ямар ч гэрэл болон дохио өгөлгүй чигээрээ ирж миний машины урд гуперийн зөв талыг өөрийнхөө машины буруу талаас дайрч мөргөсөн гэсэн мэдүүлгээр,

- Шинжээч Д.Гандаваагийн ...уг зам тээврийн осол болсон газар нь алсуураа уруу зам байсан бөгөөд урьд өмнө нь тус газарт удаа дараа зам тээврийн осол гарч байсан тул замын нөхцөл байдлыг би мэднэ. Материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар улсын дугааргүй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн ард явж байсан улсын дугааргүй саарал өнгийн Приус 20 маркийн автомашины урд суудал дээр сууж явсан зорчигч Г.Эрдэнэтуяагийн тайлбараар тухайн сууж явсан тээврийн хэрэгсэл нь 100 км/цагийн хурдтай, урд яваа тээврийн хэрэгслээс 1 км-ийн зайтай явсан гэж байгаа нь урд яваа улсын дугааргүй, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тухайн зам орчны нөхцөл байдал тохируулаагүй хэтрүүлсэн гэж үзсэн. Энэ нь МУ-ын ЗХД-ийн 9.3 дахь заалтанд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд 80 км/цагаас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд 9.1 дэх заалтыг тусгаж оруулсан. 1-р асуултанд хариулахдаа жолооч С.Гансүхийн үйлдэл нь МУ-ын ЗХД-д заасан холбогдох заалтуудыг тусгаж оруулсан ба уг заалтуудаас зам тээврийн осол гарахад нөлөө үзүүлсэн 8.2, 9.1 дэх заалтуудыг онцолж дүгнэсэн. Харин 3 дахь асуултанд улсын дугааргүй Тоёота Приус 20 маркийн автомашины хурдыг осол гарахад шууд шалтгаан болоогүй гэж дүгнэлтэнд тусгасан бөгөөд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгааныг 4-р асуултын хариултаар хариулсан. Уг зам тээврийн осол гарсан шууд шалтгаан нь жолооч С.Гансүхийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэлтийг гаргасан. Осол гарахад хурд хэтрүүлсэн үйлдэл нь шууд шалтгаан болоогүй ба харин шууд шалтгаан нь эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослын дүгнэлтийг гаргуулахдаа эцсийн бөгөөд сүүлийн асуултанд осол гарахад шууд нөлөөлсөн шалтгааныг тодруулах зорилгоор асуусан байсны дагуу дүгнэлтийг жолооч С.Гансүх МУ-ын ЗХД-ийн 8.2-г зөрчсөн гэж гаргасан гэсэн мэдүүлгээр,

- 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай техникийн шинжээчийн Өмнө гаргасан N916 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 2.3б, 8.5, 8.11, 9.1, 9.3, 211, 1.7 тус тус зөрсөн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 8.2 дах заалтыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2. Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүх нь МУ-ын ЗХД-ийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэгийн А болон 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах байрлал мөн тээврийн хэрэгслийн эвдрэл зэргээс дүгнэв/. 3. Toyota Mark-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай автомашины жолооч М.Энхбат нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтээр,

- 2016   оны   05   дугаар   сарын   18-ны   өдрийн   3298   дугаартай  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: ...Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл баруун хэсгээрээ, Toyota Mark-2 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хэсгээрээ мөргөлдсөн байна. Осол болсноос хойш 6 сар өнгөрсөн тул хэргийн газрын нөхөн үзлэгээр A цэгийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтээр болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Эдгээр хохирогч, гэрч нар нь хэргийн талаар тогтвортой, зөрүүгүй мэдүүлдэг бөгөөд эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлдэг тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасны дагуу  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Уг осол гаргасан автомашин болох Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Л.Батзориг болох нь шүүгдэгчийн ...би Л.Батзоригийн буусан машиныг УБ хот руу авч яваад осолд орсон гэсэн мэдүүлэг,  иргэний хариуцагч Л.Батзоригийн ...Би шалгалттай байсан тул С.Гансүхийг гуйж машинаа авчируулсан гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л.Батзоригоос эмчилгээний зардалд 4455.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Шинэтуяад, 10337.144 төгрөг гаргуулж хохирогч Б.Ууганбаярт, 10414.701 төгрөг гаргуулж хохирогч С.Энхчимэг, Э.Тэмүүлэнд, 70.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баттунгалагт, 650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад тус тус олгох, хохирогч Г.Тэмүүлэн, Ж.Саранбат нар хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч Д.Шинэтуяагийн төлөөлөгч Б.Алтангэрэл нь ...онгоцны зардал 17500.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч уг онгоцыг хөлсөлсөн мөнгийг Хатанбат гэх хүн тушаасан баримтаас үзэхэд хохирогч Д.Шинэтуяагаас уг мөнгийг төлсөн эсэх нь тодорхойгүй,  хохирогч Д.Баттунгалаг нь ...3 сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримт дутуу, хохирогч Б.Ууганбаярын төлөөлөгч Г.Мөнхзул нь ...цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг гаргасан боловч мөн нотлох баримт дутуу байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Санжмятавын Гансүхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар  хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Гансүхэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5 . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1,  499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  иргэний хариуцагч Л.Батзоригоос 4455.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Шинэтуяад, 10337.144 төгрөг гаргуулж хохирогч Б.Ууганбаярт, 10414.701 төгрөг гаргуулж хохирогч С.Энхчимэг, Э.Тэмүүлэнд, 70.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баттунгалагт, 650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад тус тус олгосугай.

6. Хохирогч Ж.Саранбат, хохирогч Г.Тэмүүлэн нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Хохирогч Д.Шинэтуяа нь онгоцны зардал 17500.000 төгрөг, хохирогч Д.Баттунгалаг, хохирогч Б.Ууганбаяр нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гансүхэд  авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан   сэргийлэх  арга   хэмжээг   өөрчилж,  цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ