Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 01280

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2018/01280

                 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЦЕГ-т холбогдох

      Ажилгүй байсан хугацааны олговорт 22.274.447 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.У нь Ц газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад  Ц газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Ц газрын дарга уг шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар 30-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаар албадан гүйцэтгүүлж, ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 08 дугаар сарын 29 өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх 3 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3.966.224 төгрөгийг гаргуулж авсан. Харин хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилох  тухай шийдвэрийг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-нийг хүртлэх хугацааны олговор 27.643.242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг ханган Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 06-ний өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00698 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж 27.643.242 төгрөгийн олговор авсан. Үүнээс хойш харицагч мөн л нэхэмжлэлгчийг ажилд томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд томилсон эрхийн акт гаргахгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй хохироосоор байна. Иймд хариуцагч Ц газрын дарга нь ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийг хүртлэх хугацааны буюу 17 сар 16 өдрийн цалин, хөлстэй тэнцэх олговор 1 сарын цалин 1.256.511 төгрөг, 1 өдрийн цалин 57.110 төгрөгөөр тооцон нийт 22.274.447 төгрөгийг Ц газраас гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Ц газрын  даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний 526 дугаар тушаалын Н.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Уыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 03 сар 12 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Цн газраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрий 596 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2-д заасны дагуу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.996.224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.Ут олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Н.Уыг ажилд томилох асуудлыг судалж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхолын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад Н.У эрүүгийн 201501000144 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ.” гээд 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааны хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан. Н.У шалгагдаж буй эрүүгийг хэрэг нь Ц газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болсон хэрэг байх тул дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг эгүүлэн ажилд томилох асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой болно. Иймд Н.Уын нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгох боломжгүй тул түүний шалгагдаж буй эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэв.

      Шүүх   хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Уын ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай хариуцагч Ц газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Н.У, хариуцагч Ц газрын даргын 2014.08.29-ний өдрийн 526 дугаар тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.12.11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байх ба, мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн  2017.01.06-ний өдрийн 00068 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц газраас 2014.12.11-ний өдрөөс 2016.11.07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж тус тус шийдвэрлэж байсан байна.

Дээрх байдал нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2017.01.06-ний өдрийн 00068 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.05.31-ний өдрийн 00698 дугаар тогтоол зэргээр нотлогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 11.2-т  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн  тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Н.Уыг ажлаас халагдсан үндэслэлээр нь эрүүгийн хэрэгт шалгаж байгаа гэж тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргаж буй хүсэлт нь үндэслэлгүй бөгөөд, хариуцагч талаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх, татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Ут холбогдох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Ц газар биелүүлж ажлаар хангаагүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Н.Уын 2016.11.07-ны өдрөөс 2018.05.02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт урьд авч  байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу 22.274.447 төгрөгийг хариуцагч Ц газраас гаргуулж олгохоор шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Дээрх олговроос нэхэмжлэгч Н.Уын заавал даатгах даатгалуудыг тооцон суутгаж, нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилтийг хийх нь хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүрэг тул шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ц газраас ажилгүй байсан хугацааны олговорт 22.274.447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ут олгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.Уын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Ц газарт үүрэг болгосугай.

           

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ц газраас 269.322 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.АЛТАНЦЭЦЭГ