Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01730

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

Н.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.У-ын хариуцагч ЦЕГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны олговорт 22 274 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад ЦЕГ-ындаргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 08 дугаар сарын 29 өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3 966 224 төгрөгийг төлсөн. Харин нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шийдвэрийг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-нийг хүртэлх хугацааны олговор 27 643 242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг ханган Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 31-ний өдрийн тогтоолоор тус тус шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж 27 643 242 төгрөгийн олговор авсан. Иймд хариуцагч ЦЕГ-ындарга нь ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 17 сар 16 өдрийн цалин, хөлстэй тэнцэх олговор 1 сарын цалин 1 256 511 төгрөг, 1 өдрийн цалин 57 110 төгрөгөөр тооцон нийт 22 274 447 төгрөгийг ЦЕГ-аасгаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр ЦЕГ-ындаргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний 526 дугаар тушаалын Н.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Уыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 03 сар 12 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. ЦЕГ-аасЗахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-д заасны дагуу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.996.224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.Ут олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Н.Уыг ажилд томилох асуудлыг судалж, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад Н.У эрүүгийн 201501000144 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 22 274 447 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 269 322 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Уын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Ут ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй талаар дүгнэжээ.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгох зохицуулалттай. Н.Уын Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэг нь ЦЕГ-ындаргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хэрэг байх тул дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түүнийг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Н.Уыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх талаарх лавлагааг авсан боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад баримтыг гаргуулан аваагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т "эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэж заасан бөгөөд шүүх хариуцагчийн "Н.Уын шалгагдаж буй эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх" хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч ЦЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 274 447 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.20-21/

Нэхэмжлэгч Н.У нь ЦЕГ-ындаргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад ЦЕГ-ындаргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн нөхөн олговорт 3 996 224 төгрөгийг хариуцагчаас гаргуулжээ. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 698 дугаар тогтоолоор 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн /хх.5-10/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул дахин нотлох шаардлагагүй.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Н.Уыг ажилд нь эгүүлэн аваагүй үндэслэлээ эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх боловч эрх бүхий байгууллагаас Н.Уыг ажил, албан тушаалаар авахыг хариуцагчид хориглосныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 698 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагаас шаардаагүй байхад гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр ажилд аваагүй байгаа хариуцагчийн үйлдэл хуульд нийцээгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 274 447 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл нь нэхэмжлэгчийн цалин хөлстэй тэнцэх олговор шаардаж буй уг хэрэгтэй хамааралгүй, хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ