Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 01742

 

 

 

 

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2018/01742

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                             

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Х.Дашдэчмаа  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 355.400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, Ц.С, иргэдийн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.11.02-ны өдөр 15 цагийн орчим О газрын Зүүн түгээх төвийн ажилчид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 40 тоот айлд усны тоолуур шинээр тавих гэж халуун хүйтэн ус түр хаасан. Гэвч ажлаа бүрэн дуусгалгүйгээр усаа нээснээс болж 40 тоот айлд их хэмжээний ус алдаж доод айл болох 37 тоотруу  их хэмжээний ус алдаж хана, таац, гэрлийн бүрхүүл дагаж ус орон эд материалын хохирол учруулаад байна. Иймд хариуцлага алдсан сантехникч болон ОСНААУГ-аас манай гэрч учирсан хохирол 322.400 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 33.000 төгрөг, нийт 355.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.11.02-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 37 тоот айлын дээд давхрын айл болох 40 тоотоос ус алдсан нь тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ийн засварчинтай хамааралгүй юм.  Засварчин 40 тоотын айлд дуудлагаар очиж усны тоолуур суурилуулах явцад материал байхгүйн улмаас засварын ажлыг дуусгах боломжгүй болсон учраас 12 цагийн орчимд ажлаа дуусган тухайн 40 тоот айлын цэвэр усны халуун хүйтэн усны аваарийн  вентелээр/тухайн айлын цэвэр усны шугам дээр суурилагдсан хаалт/ усыг хааж 12 дугаар байрны/40 тоотоос бусад айлын/ цэвэр усыг нээсэн байна. Гэтэл тухайн 40 тоот айлын оршин суугч нар усны хаалтыг 15 цаг орчимд нээснээр ус алдуулах шалтгаан үүссэн байна. Засварчин хаагаад гарсан усны хаалтыг нээсэн байсан гэдгийг нэхэмжлэгч Д.Б өөрөө нотлон хэлдэг. Иймд хариуцагчаар татагдсан От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч  От холбогдуулан  гаргасан ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 355.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Бы оршин суух Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 37 тоот айлын дээд давхрын айл болох 40 тоот айлын халуун хүйтэн усны шугамнаас 2017.11.02-ны өдөр 15 цагийн орчим ус алдсаны улмаас нэхэмжлэгч Д.Бы эзэмшлийн орон сууцны тааз, хана, хаалга зэрэг нь норж гэмтэн 355.400 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, Тод үнэлгээ  ХХК-ийн орон сууцны  үнэлгээний тайлан, фото зургууд, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын Техникийн комиссын акт №5 зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б дээрх орон сууцны шударга эзэмшигч байх бөгөөд тэрээр өөрийн эзэмшилд буй хөрөнгөнд учирсан хохирлыг өмчлөгчийн нэгэн адил шаардаж арилгуулах эрхтэй болох нь Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009.07.09-ний өдрийн 384 дүгээр тогтоол, Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын 2018.03.27-ны өдрийн 2 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,  Ээрмэл 12 дугаар байр, 37 тоотод нэхэмжлэгч Д.Б оршин суудаг тухай хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Бы дээд талын 40 тоот айлд сантехникийн шугамын засварын ажил хийх явцдаа орон сууцны босоо шугамыг бүхэлд нь бус дээд талын 40 тоот айлын шугамыг гэр доторх аваарийн/ослын/ хаалт/винтел/-аар хааж орхисон болох нь гэрч Б.Мөнхбатын мэдүүлгээр тогтоогддог.

Хариуцагч тал засвар хийлгэсэн айл болох 40 тоотын гэр доторх винтелээр усыг хааж орхисон ба, оршин суугчид хаалттай байсан винтелийг нээснээс ус алдсан гэж мэтгэлцдэг боловч уг тайлбар нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч О газрын даргын 2015.06.22-ны өдрийн А/83 тоот тушаалаар батлагдсан 4 дүгээр хавсралтын “Байгууллагын үйлчилгээний стандарт”-ын 6.1-д Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах багаж хэрэгслийг бүрэн хангасан байна,

6.2-т Айл өрхөд үйлчилгээ үзүүлэхэд аваарын винтел эсвэл босоо шугамын винтел нь заавал барьдаг байх,

7.1-д Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлэхдээ винтелүүдийг хааж, тэдгээр нь барьж байгаа эсэхийг заавал шалгасны дараа засвар үйлчилгээг эхлэх,

7.2-т Засвар үйлчилгээ хийсний дараа винтелүүдийг нээж, хийсэн үйлчилгээгээ заавал шалгана/ус гоожиж буй эсэх гэх мэт/ гэжээ.

Гэтэл хариуцагч талын засварчин засварын ажлыг хийхдээ 40 тоот айлын оршин суугчийг шаардлагатай шугам солих материалд явуулахдаа тухайн айлын винтелийг хааж, винтел барьж байсан тул босоо шугамын винтелийг нээж бусад айлын усыг нээсэн гэж гэрч Б.Мөнхбат мэдүүлсэн нь дээрх стандартын дагуу ажлыг гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл ажил эхэлсэн хойно 40 тоот айлыг материалд явуулж ажлыг хойшлуулсан нь шаардагдах багаж хэрэгсэл бүрэн хангагдаагүй байхад ажлыг эхэлсэн, мөн аваарийн тухайн айлаас гадна босоо шугамын винтелүүдийг бүрэн хаагаагүйгээс ус алдсан байна.

Мөн  Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын Техникийн комиссын акт №5-д 40 тоот айлд винтел шинээр сольж тавьж өгсөн байгаагаас үзвэл уг винтел бүрэн ажиллагаатай усыг барьж хаадаг байсан гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Бд ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээгээр буюу 322.420 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 33.000 төгрөг, бүгд 355.420 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагч  О газраас гаргуулж  олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О газраас 355.400 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баас төлсөн 11.312 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О газраас 11.312 төгрөг гаргуулж Д.Бд олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                                Х.ДАШДЭЧМАА