Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00453

Улаанбаатар хот

          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ДЦС -ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 25/3-1 тоотод байрлах, МФ ХХК-д холбогдох,

           

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-Э, хариуцагч МФ ХХК-ийн захирал Б.А, түүний өмгөөлөгч Д.Ц, гэрч Б.Г, Д.А, Ц.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ДЦС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани МФ ХХК-тай харилцан тохиролцож компанийн хөрөнгөнд бүртгэлтэй ашиглахгүй байгаа 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшинг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн  өөрийнх нь хүсэлтээр, түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгөөр сарын 582 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг түрээслэгчид актаар хүлээлгэн өгсөн. Гэрээнд түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл МФ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 12 м.кв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгах боломжгүй болсон. Энэ тухайгаа МФ ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч эд хөрөнгийг хүлээлгэн өгөхгүй байна. ДЦС нь 50 мг хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 200 мг хүчин чадалтай үйл ажиллагаа явуулахаар тогтоол шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу ДЦС нь газар дээрээ өргөтгөл хийх станцаа нэмэгдүүлэх учраас газраа өргөжүүлэх болсон учраас зайлшгүй газар чөлөөлүүлэх шаардлагатай болсон. Иймд түрээсийн гэрээний 3.3-т ..зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” гэж заасны дагуу бусдын эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлүүлж, гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл эд хөрөнгө чөлөөлж өгөөгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МФ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Б.А өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2 жилийн хугацаатай цаашид сунгах нөхцөлтэйгээр ДЦС-3 ТӨХК-ийн эзэмшлийн 1990-ээд оноос хойш ашиглагдаагүй бүрэн эвдэрч тоногдсон 8 590 074 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хүлэмж, модон модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслэхээр тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, зөвхөн түрээсийн төлбөрт 21 000  000 төгрөг, ашиглалтын төлбөрт 9 000 000 төгрөг нийт 30 000 000 орчим сая төгрөгийн төлбөрийг тус компанид төлсөн. Хэрэгт авагдсан баримтаас харах юм бол хариуцагч компани нь дулааны цахилгаан станцын төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор түрээслүүлэх зөвшөөрөл олгосны дагуу 2 жилийн хугацаа шилэн хүлэмж болон дулаан цахилгаан станцны хүлэмж модон байшинг түрээслэсэн гэх гэрээ байгуулсан. Гэвч тухайн эд хөрөнгө нь ашиглалтын шаардлага хангахгүй, их хэмжээгээр эвдэрч гэмтсэн байсан тул Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр сэргээн засварлах ашиглах нөхцөлтэй түрээслэхийг зөвшөөрснийг үндэслэн 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шилэн хүлэмж болон модон байшинг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 3 988 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч компаниас тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин оруулсан хөрөнгө болон мөнгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түрээслүүлэгч тал нэг талын  санаачлагаар гэрээг цуцлаад, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш МФ ХХК нь зориулалтын дагуу ашиглаагүй тул түрээсийн төлбөр гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч МФ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбайртаа: Манай компани уг 3х4 хэмжээтэй модон байшинг буулгаагүй бөгөөд яг тэр хэвээр нь арай томсгож, шинэчилж хөрөнгө оруулж засвар хийсэн. Уг засварын ажлыг ДЦС -ийн ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй болно. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 288.2.5-д түрээслэж авсан эд хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн бол гэрээ дууссан дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Иймд ДЦС -ийн өөрийнх нь удирдах дээд байгуулагынх нь зөвшөөрлөөр оруулсан 68 950 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус компани нь МФ ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаатай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба гэрээг жил бүрийн эцэст хоёр тал гэрээг дүгнэж цаашид сунгах эсэх асуудлыг протокол үйлдэж баталгаажуулахаар харилцан тохиролцсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолоор өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах нөхцөлтэйгээр түрээсийн төлбөрийн доод үнэ буюу хамгийн бага төлбөртэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсөн ба сэргээн засварласан төлбөрийг нөхөн гаргуулахаар тохиролцоогүй тул хөрөнгө оруулсан гэх төлбөрийг олгох боломжгүй юм. Мөн түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хийх талаар зөвшөөрөл хүссэн, зардал төсвийн талаар танилцуулсан зүйл байхгүй. Хүлэмжийн сантехникийн бүх шугамыг шинээр угсарч суурилуулах ажлыг манай компанийн Засвар механик цехийн сантехникийн бригадын ажилчид компанийн хөрөнгөөр засварлаж гүйцэтгэсэн тул МФ ХХК нь нэхэмжлэх эрхгүй юм. Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн төлбөрийн доод үнэ үлгэрчилсэн загварыг баримтлан гэрээ байгуулахыг л зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д гэрээнд өөрөөр заагаагүй бол гэж тусгасан, гэтэл гэрээнд өөрөөр заасан, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “...Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж тус тус заасан тул хөрөнгө оруулсан үнийг буцаан авах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлага болох 68 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ДЦС нь хариуцагч МФ ХХК-д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Манай компани МФ ХХК-тай харилцан тохиролцож, ... 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшинг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн  өөрийнх нь хүсэлтээр, түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгөөр сарын 582 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг түрээслэгчид актаар хүлээлгэн өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгах боломжгүй болсон тул хариуцагчийн эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.  

 

Хариуцагч “...Хариуцагч компаниас тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин түрээслүүлэгч тал нэг талын санаачлагаар гэрээг цуцлаад, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш МФ ХХК нь зориулалтын дагуу ашиглаагүй тул түрээсийн төлбөр гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд ДЦС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолыг үндэслэн ДЦС болон МФ ХХК-иудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3-136/16 дугаар “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр түрээслэгч МФ ХХК нь ДЦС -ийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ДЦС К-ийн хашаанд байрлах 100 м.кв талбайтай, 5 172 336 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбайтай, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө модон байшин зэрэг эд хөрөнгийг хүнсний ногоо тарьж ургуулах зориулалтаар, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж ашиглахаар, 1 сарын түрээсийн төлбөрийг 582 400 төгрөг байхаар талууд тус тус харилцан тохиролцжээ.

 

Зохигчид гэрээний дагуу 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшин ашиглаж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж байсан талаар болон гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон талаар маргаагүй зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болохоор тусгасан байх боловч нэхэмжлэгч байгууллага 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр гэрээг дуусгавар болгож, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн гэрээний зүйл болсон эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд түрээсийн гэрээ нэгэнт дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

             Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөлд хамаардаг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч...тухайн эд хөрөнгийг хөлслөгчид буцааж өгнө”, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь түрээслэсэн эд хөрөнгөө шаардах эрхтэй, харин хариуцагч МФ ХХК нь хөлсөлсөн эд хөрөнгийг буцаан өгөх талаар маргаагүй тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.  

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч МФ ХХК нь нэхэмжлэгч ДЦС -д холбогдуулан засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Манай компани уг 3х4 хэмжээтэй модон байшинг буулгаагүй бөгөөд яг тэр хэвээр нь арай томсгож, шинэчилж хөрөнгө оруулж засвар хийсэн. Уг засварын ажлыг ДЦС -ийн ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй ДЦС -ийн өөрийнх нь удирдах дээд байгуулагынх нь зөвшөөрлөөр оруулсан 68 950 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Гэрээний 3.3-т түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан байтал МФ ХХК 12 м.кв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хэрэгт  авагдсан ДЦС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолын 1-д “Компанийн хөрөнгөнд бүртгэлтэй, одоо ашиглахгүй байгаа шилэн хүлэмжийг, түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж, ашиглах нөхцөлтэйгөөр түрээслүүлэхийг зөвшөөрсүгэй”, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3-136/16 дугаар “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 1.1-д “Төрийн өмчийн хороо, түрээслүүлэгч, түрээслэгч нар ... “ДЦС-ийн ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолыг мөрдлөг болгон энэхүү гэрээг байгуулав”, 3.3-т “Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол Түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” гэж тус тус заажээ. 

 

Талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар хариуцагч нь ашиглахгүй байгаа шилэн хүлэмжийг өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж, ашиглах нөхцөлтэйгөөр түрээсийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байхаас гадна тус түрээсийн гэрээг байгуулах үндэслэл болсон 26 дугаар тогтоолоор түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” эрхтэй гэж зааснаар хариуцагч МФ ХХК нь засаж сайжруулахад гарсан зардлаа шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч МФ ХХК-иас түрээсийн гэрээний зүйл болох хүлэмжинд засвар хийж, 12 м.кв талбайтай 1 өрөө  модон байшинг өргөтгөн, сэргээн засварлахад 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь МФ ХХК болон Ж.А нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгүүлэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, хүлэмж болон байшингийн фото зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь уг модон байшинг сэргээн засварлаж, тоосгон байшин болгосон талаар маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...байшинг засварлахад энэ хэмжээний зардал гарахгүй” гэж мэтгэлцсэн боловч 68 950 000 төгрөгийг хөрөнгө оруулсан гэх хариуцагчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй байна. /хх30-33/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч МФ ХХК-ийн хууль бус эзэмшлээс 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 68 950 000 төгрөг гаргуулан МФ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 970.8 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 502 700 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсгийг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн хашаанд байрлах 100 м.кв талбайтай, 5 172 336 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбайтай, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө модон байшин зэрэг эд хөрөнгийг хариуцагч МФ ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, түрээсийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 6 988 800 төгрөгийг МФ ХХК-иас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ДЦС-иас 68 950 000 төгрөг гаргуулж, хариуцагч МФ ХХК-д олгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 970.8 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 502 700 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ